Монголбанкны хараат бус, бие даасан байдлыг хангах, хамтын удирдлагын зарчим нэвтрүүлэх, засаглалын бүтэц, зохион байгуулалтыг олон улсын жишигт нийцүүлэх, мөнгөний бодлогын хэрэгжилтийг сайжруулах, Монголбанкны үйл ажиллагаанд гарсан алдаа дутагдлыг давтахгүй байх, олон улсын санхүүгийн байгууллагаас өгсөн зөвлөмжийг үндэслэсэн Монголбанкны хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байна. Гэвч өмнөх хуулиасаа дордуулж, Монголбанкны үндсэн зорилтоос гажсан, орхигдуулсан зүйл заалтууд нэмэгджээ.
Хуульд 4 үндсэн чиглэлээр холбогдох зохицуулалтыг хуульчлахаар тусгасан боловч үндсэн зорилгодоо нийцэхгүй байгааг дараах үндэслэлээр дүгнэж байна. Үүнд: Нэгдүгээрт, Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг дунд хугацаагаар батлуулах, мөнгөний бодлогын шийдвэр гаргах үйл ажиллагаанд хамтын удирдлагын зарчим нэвтрүүлэх, төвбанкны бие даасан, хараат бус байдлыг нэмэгдүүлэх, арилжааны банкинд тавих хяналт шалгалтыг мэргэшсэн бүтэц бүхий хороо олонхийн саналаар шийдвэрлэхээр тусгажээ.
Монголбанкийг Улсын Их Хурлаас томилогдсон Ерөнхийлөгч толгойлох бөгөөд үйл ажиллагаагаа Улсын Их Хурлын өмнө хариуцан тайлагнадаг. Монголбанкны Ерөнхийлөгч нь Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч нарыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлснээр томилдог.
Хуулийн нэмэлт өөрчлөлтөд мөнгөний бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх шийдвэр гаргах Мөнгөний бодлогын хорооны гишүүд, банкны үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүрэг бүхий Банкны хяналт шалгалтын хорооны бүрэлдэхүүнийг Монголбанкны Ерөнхийлөгч томилох заалт шинээр нэмэгдсэн. Энэ нь аливаа бодлогын шийдвэр, хяналт зөвхөн нэг хүний гарт төвлөрч, Монголбанкны Ерөнхийлөгчөөс хараат болсныг харуулж байна. Ийнхүү улс орны эдийн засаг, нийгэмд нөлөөлөх чухал шийдвэрийг “хамтын шийдвэр” нэрийн дор Монголбанкны Ерөнхийлөгчийн томилсон албан тушаалтнууд гаргах мөртөө гаргасан шийдвэрийн хариуцлагыг хэн хүлээх нь тодорхойгүй, бүдгэрч зөвлөл, хороо болон замхарсан нь харамсалтай байна.
Хоёрдугаарт, Төвбанкны үйл ажиллагаанд төдийлөн хамаарахгүй төсвийн шинжтэй аливаа төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхийг хориглох зарчмыг баримталсан хоёр заалт шинээр нэмжээ. Тус хуулийн 31 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Засгийн газраас Монголбанкинд зөвлөмж, чиглэл өгөхийг хориглоно” гэж оруулжээ.
Энэ нь Үндсэн хуулийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Засгийн газар нь гүйцэтгэх эрх мэдлийн дээд байгууллага бөгөөд Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авч хэрэгжүүлдэг заалттай шууд харшилж байна. Харин тус хуулийн 31 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7-д төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлох Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхтэй зөрчилдөж байна.
Ер нь Засгийн газарт шууд болон шууд бусаар зээл олгох, Засгийн газрын үнэт цаасыг худалдан авахыг хориглосон нь аливаа улсын эдийн засгийн хямралын үед Монголбанк болон Засгийн газрын хамтын ажиллагааг үгүйсгэж, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд саад учруулж болохоор уршигтай байна.
Гуравдугаарт, шинэ хуулиар эрсдэлд суурилсан хяналт, шалгалт нэвтрүүлж, зөрчлөөс урьдчилан сэргийлнэ хэмээн тайлбарлаж байна. Гэтэл Монголбанкны хяналт шалгалтыг хариуцаж байсан төрийн албан тушаалтан хамтын удирдлагын тогтолцоо, шийдвэр гаргах эрх мэдлийн талаар олон нийтэд андуу ташаа мэдээлэл өгч, тодорхой түвшинд гаргасан хамтын шийдвэрийг бусдадаа нялзаах зэрэг ёс зүйгүй хандлага анзаарагдах боллоо.
Дөрөвдүгээрт, УИХ-аас тодорхойлж, Монголбанкнаас хэрэгжүүлж ирсэн мөнгөний бодлогын зорилтыг үнийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангах гэж тодорхойлж, үйл ажиллагааны чиглэл, мөнгөний бодлогын хэрэгслийг нэмэгдүүлэх гэж тодорхойлсон боловч, тус хуулийн “Мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх хэрэгсэл”-д өмнөх хуульд заасан таван заалтын утга агуулга хэвээр хадгалагдан үлджээ. Тиймээс “Мөнгөний бодлогыг бусад хэрэгсэл” гэж нэмж оруулах, өөрөөр хэлбэл, санхүүгийн уламжлалт бус аргыг орхигдуулж хэрхэвч болохгүй гэдгийг анхааруулж байна.
Монголын эдийн засагт ирээдүйд хэний ч тааварлаагүй нөхцөл байдал үүсэж болно. Өнөөг хүртэл давамгайлж ирсэн онол баримтлал нь эдийн засаг болон хөгжлийг зах зээл өөрөө, түүний “үл үзэгдэх гар” эрэлт, нийлүүлэлтийн механизмаараа дамжуулан зохицуулагдах тул төрийн оролцоо, зохицуулалт бага байх ёстой гэсэн либерал тулгуур үзэл байсан. Гэвч санхүүгийн хямралын үед эдийн засгийг аврах найдлага гол хүч нь засаг, захиргаа болж хувираад байгааг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч байна.
Мөн Төвбанк (Монголбанк)-ны тухай хуульд нэмэлт өөрчлөлтийн зарим заалтууд Монгол Улсын Улсын Их Хурлын тухай хуулийн 19.2-ын 19.2.319.2.6-т заасан Байнгын хорооны (Эдийн засгийн байнгын хороо) хэрэгжүүлэх нийтлэг бүрэн эрхийг үгүйсгэх, 20 дугаар зүйлийн 20.8.1, 20.8.4, 20.8.5-д заасан Байнгын хорооны (Эдийн засгийн байнгын хороо) эрхлэх асуудлын хүрээг хумих зэргээр УИХ-ын бүрэн эрхэд халдсан байна. Төвбанкны хууль нь Монгол Улсын хэмжээнд төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх, санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах, үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлэх эрх зүйн чухал баримт бичиг байх ёстой.
Тиймээс валютын ханш, инфляц, зээлийн хүүгийн зохицуулалттай холбоотой эдийн засгийн макро бодлогод нөлөөлөх чухал заалтууд үгүйлэгдсэн хууль батлагдлаа. Гэвч намын даалгавар өвөрлөсөн Монголбанкны Ерөнхийлөгчид улс орны мөнгө, санхүүгийн бодлогыг хэрэгжүүлэх онцгой шийдвэр гаргах хороодын бүх эрх мэдэл төвлөрснөөр улстөржсөн алдаатай, буруу шийдвэр гаргах эрхийг өгсөн төдийгүй хэрэв хариуцлагын асуудал яригдвал “хамтын шийдвэр” хэмээн бусдын ард нуугдан сугарч үлдэх онцгой эрх эдлэхээр болжээ. Энэ нь Монгол Улсын эдийн засаг, нийгэм, хууль эрхзүйн хувьд сөрөг үр дагавар гарах магадлал өндөр байгааг Ардчилсан нам анхааруулж, засаж залруулахыг шаардаж байна.