-Ким Кардашьяны үнэт эдлэл Европ дахь хууль бус ажиллагааг илчлэв-
Дээрэмчид 2016 оны аравдугаар сард Америкийн телевизийн од Ким Кардашьяныг Парист цөлмөжээ. Түүний 10 сая еврогийн зүүлт чимгийг тэд авчээ. Гэмт этгээдүүдийг баривчилсан ч очир эрдэнэсийнх нь дийлэнх хэсэг сураггүй болсон гэнэ. Тэдгээрийг Бельгийн Антверпен хот дахь үнэт эдлэлийн нууц зах руу илгээж амжжээ. Тэндхийн нууц үйл ажиллагаа, хулгайлагдсан эд зүйлс хаашаа урсдаг болон дэлхий даяар хууль бус наймаа хэрхэн цэцэглэсэн байдаг бол.
Антверпен дэх Дэлхийн алмаасны төв аюулгүй байдалдаа ихээхэн хөрөнгө зарцуулдаг. Дэлхийн удирдагчдын өргөөнөөс дутахааргүй хамгаалалттайд тооцогддог. Гэвч энэ нь урт гартнуудыг хазаарласангүй. Тэд хамгаалагчдыг давж, таашгүй кодтой электрон цоожийг эвдэн, оржээ. Чичирхийлэл илрүүлэгч, радар, хэт ягаан туяа, соронзон мэдрэгчүүд нь ажилласангүй.
Олон жилийн дараа л хэдэн давхар хамгаалалтыг хэрхэн давснаа дээрэмчид дэлгэх биз. Хүчтэй дэлбэрэлтийг тэсэх чадалтай хүнд хаалганы цаана хэдэн зуун сая долларын үнэт эдлэл хадгалагдаж байдаг. Бүгд мэдээж хууль, дүрмийн дагуу тийшээ ороогүй.
Антверпен бараг таван зууны өмнөх, Европын очир эрдэнэсийн нийслэлүүдийн нэг. Урьд нэгэн цагт энэ хотод Энэтхэгийн эрдэнэсийг борлуулж байсан бол колоничлогчид Африк, Өмнөд Америкаас үнэт чулуу авчирдаг байжээ. ХХ зуун гэхэд Антверпен дэлхийн алмаасны зах зээлийн төв болсонтой хэн ч маргахгүй. Өдгөө Бельгийн энэ хотоор дэлхийд олборлосон, засаагүй бүх алмаасны 70-90 хувь нь дамжин өнгөрдөг. Албан ёсны мэдээгээр 2016 онд тэнд 202 сая карат алмаас, 46 тэрбум ам.долларын очир эрдэнэ худалджээ. Тэдгээр гэрээний олонх нь албан ёсны бус учир үнэн хэрэгтээ илүү их борлуулалт хийсэн байх.
Антверпений алмаасны биржүүдийн нэг
Милийн квадрат гэгддэг төмөр замын буудлын ойролцоох долоон гудамжийг алмаасны зах зээлийн голт зүрх гэдэг. Дундад зууны үеэс энэ хороололд еврейчүүд суурьшжээ. Антверпений еврейчүүдийн олонх нь урьдын адил ямар нэг хэмжээгээр үнэт эдлэлийн бизнестэй холбоотой байдаг. Бямба гариг бүрт алмаасны биржүүд ажиллахгүй. Энэ нь еврейн шашны зан үйлтэй холбоотой. Тэд өдрийг ажил хийхгүй, зөвхөн гэр бүлдээ л зориулдаг.
1980-аад оны эхээр алмаасны хороолол энэтхэгчүүдийн дайралтад өртжээ. Эхлээд тэд Антверпений хуучин оршин суугчдын сонирхдоггүй, Африкийн жижиг чулуунуудыг худалдан авч, Энэтхэг дэх төрөл төрөгсөд рүүгээ илгээж байв. Тэдгээрийг тэнд засдаг нь Европынхоос хямд тусаж байсан аж. Зассан очир эрдэнийг Европ, АНУ-д борлуулжээ. Яваандаа энэтхэгчүүд еврей хэл сурч, одоо Антверпений үнэт эдлэлийн зах зээлийн нэлээд хувийг хяналтдаа авсан байна.
Үнэт эдлэлийн жижиг дэлгүүрүүд Милийн квадратаас гадна жишээлбэл, Пеликаанстраат гудамжинд байдаг. Тэдгээрийг Орос, Гүржийн цагаачид 1990-ээд онд чемодан доллартой очин нээсэн гэнэ. Алмаасны хорооллынхон Пеликаанстраатыг нэр хүнд унагадаг гэдэг. Тэнд мөнгө угааж, хуурамч үнэт эдлэл худалддаг аж. Шөнийн цагаар эрүүгийн хэрэг гарах нь ч бий.
Антверпений алмаасны бизнесийн дөрвөн биржид хэдэн зуун шинжээч олон сая долларын үнэтэй чулууг нарийвчлан судалж, ангилан ялгадаг. Тийшээ зүгээр яваад орчихдоггүй. Нэвтэрсэн хүн бүрийн хурууны хээг авч, цагдаагийн мэдээллийн баазаар дамжуулан шалгана. Сэжигтэй зочныг хэв журам сахиулагчид тэр дор нь л аваад явдаг.
Гэхдээ өөр бас нэг Антверпен бий. Энд хууль бусаар хил давуулсан, эсвэл хулгайлснаа борлуулах гэж янз бүрийн орноос зорьж ирдэг. Ким Кардашьяныг дээрэмдсэн, Францын гэмт этгээдүүдийг ч энд сайн танина.
Албан ёсны бизнес эрхлэгчид хууль бус наймаатай өчүүхэн ч холбоогүй гэдэг. Үнэндээ тийм биш. “Цагаан, саарал, хар зах хоорондын зах хязгаар тэр бүр анзаарагддаггүй” гэж олон жил алмаасны зах зээлийг мөшгөж буй, хүн судлаач Дина Сигель тэмдэглэжээ.
Сьерра-Леоны алт олборлогчид
ЦУСТ АЛМААС
Милийн квадратын наймаачид Африкаас засаагүй алмаастай ирэх хүмүүсийг хүлээж байдаг. Тэд хажуугаар өнгөрөх хүмүүст бараагаа санал болгоно. “Жинхэнэ чулуу шүү, харваас андашгүй” гэх африкчуудын хажуугаар хүмүүс зогсохгүй өнгөрнө.
Африкийн хууль бус жижиг наймаачид тийм худалдаа хийх хууль байдаггүй орнуудаас үнэт чулуунууд оруулж ирдэг. “Үнэ нь заримдаа их боломжийн байдаг ч алмаасны наймаачид тийм бараанаас зайлсхийдэг. Нэр хүндээ унагахаас айна. Хэнбугай ч Африкийн хууль бус наймаачидтай бизнес хийхдээ тултал доош орсон гэж яриулахыг хүсдэггүй” гэж Д.Сигель тайлбарлажээ.
Африкийн хууль бус наймаа харьцангуй саяхнаас эхэлсэн аж. 2001 онд алмаас олборлодог томоохон орнууд, зарим арилжааны бус байгууллагын төлөөлөгчид Өмнөд Африкийн Кимберли хотод цуглаж, хэлэлцээ хийжээ. Цус урсгаж буй үйлдлийг санхүүжүүлэхэд оролцохгүйн тулд иргэний дайнд нэрвэгдсэн Конго, Либери, Сьерра-Леон болон бусад улсаас Европын холбоо руу бараа тээвэрлэхгүй байхаар тэд зөвшилцсөн аж.
Засаагүй алмаасыг экспортолж, импортлохдоо тусгай тэмдэглэгээтэй чингэлэг ашиглаж, гарал үүслийг нь тодруулсан гэрчилгээ дагуулах болов. Хууль бус зэвсэгт бүлэглэлүүдийн хяналтан дор олборлодог улсуудад тийм баримт бичиг үйлдэж өгөхгүй гэнэ.
Хориотой орнуудад дэлхийн алмаас олборлолтын дөрөв хүрэхгүй хувь ногддог. Энэ их мөнгийг хэн ч алдахыг хүсэхгүй. Антверпений наймаачид хууль бус худалдаа хийх гэсэн хүмүүсийг шиншилдэг ч, далд наймаа гурав дахин их хүчтэй хийгдэж буй.
“Эцсийн дүнд Кимберли бидний амьдралыг хялбаршуулсан. Одоо хуурамч гэрчилгээ үйлдээд л шинэ алмаас бэлэн” гэж Зүүн Европын хууль бус наймаачдын нэг “Guardian” сонинд ярьжээ. Хаанаас нотолгоо авч, хулгайч, босогч, эсвэл террорист мөнгө авч буй нь чухал биш. Хамгийн гол нь цаасан дээр л бүгд цэвэр байх ёстой.
НОТАБАРТОЛОГИЙН НУУЦ
Дэлхийн алмаасны төвийг дээрэмдсэн хэргээр ял эдэлсэн Леонардо Нотабартоло хэдэн жилийн өмнө Америкийн “Wired” сэтгүүлийн сурвалжлагчтай уулзаж, болсон явдлын талаарх өөрийн хувилбарыг ярьжээ. Түүний нотолж буйгаар агуулахыг дээрэмдэх бодол өөрт нь байгаагүй гэнэ. Бүтэлгүйтнэ гэдэгт тэрбээр бат итгэлтэй байв. Дэлхийн алмаасны төвийн байр түүнд өөр асуудлаар хэрэгтэй болсон аж. Л.Нотабартоло Италиас хулгайлсан үнэт эдлэлээ борлуулахын тулд Антверпенийг зорьжээ. Танил наймаачид байсан учир тэдэндээ найдаж байлаа. Тэд алмаасны төвд уулзаж, бараагаа үзээд, гар барилцаад, салжээ.
Гэвч уулзалт огт өөрөөр эргэсэн аж. “Дээрэм хийхэд би чамайг хөлсөлмөөр байна. Том дээрэм шүү” гэж Антверпений нэг түнш нь Нотабартолод хэлжээ. Төлөвлөгөөгөө ч үзүүлж. Бүтэшгүй санаа гэдэгт итгэлтэй байсан ч наймаачин агуулахын тухай мэдээлэл цуглуулсны төлөө мөнгө амласан байна. Нотабартоло Дэлхийн алмаасны төвийн газар доорх давхарт хүрч, цоож, дохиоллыг нь анхааралтай судалжээ. Албан тасалгаа нь тус төвд оршдог, нэвтрэх эрх нь байсан учир хамгаалалтынхан түүнийг анзаараагүй гэнэ.
Захиалагч мэдээллийг нь 100 мянган еврогоор үнэлжээ. Дахиад л нөгөө наймаачин холбоо барьж, Антверпений захын агуулахад уулзахаар болов. Дотор заслыг нь Дэлхийн алмаасны төвийн агуулахын хуулбар болгожээ. Цоож, төмөр шүүгээ, дохиолол бүгд яг адил байв. “Бэлтгэцгээ” гэж наймаачин хэлсэн гэнэ.
Хамгаалалтын түвшин бүрт эмзэг сул тал байв. Дээрэм хийхээс хоёр хоногийн өмнө Л.Нотабартоло агуулах руу бууж, хүний үсний лаакны дулаан, хөдөлгөөний мэдрэгчийг аюулгүй болгожээ. Ням гаригийн шөнө тэрбээр хамсаатантайгаа хэргээ гүйцэтгэхээр эргэж ирсэн байна. Хэт ягаан туяаны мэдрэгчийг ажиллагаагүй болгохын тулд дээрэмчид гялгар уут углажээ. Ингэснээр соронзон мэдрэгчид гэмт этгээдүүдийг чөлөөтэй нэвтрүүлэв.
Олон төмөр шүүгээ хоосон байсан гэж Нотабартоло нотлон ярьжээ. Түүний хэлснээр авсан нь 20 сая доллар хэтрээгүй гэнэ. Цуураад байсан 100, бүр 400 сая байгаагүй аж. Даатгал авахын тулд уг дээрмийг зохион байгуулсан хэмээн тэрбээр сэжиглэж байна. Түүнд итгэх, эсэх нь том асуудал. Тэгээд ч нууц захиалагчийг өнөө болтол олоогүй байгаа.