Сувилагч хаалгаар шагайгаад “Эмч ээ, шинэ хүн ирлээ” гэхэд надтай ярилцаж суусан бүсгүй “Манай эмнэлгийнхэн шинэ хүнээ бүгдээрээ угтаж авдаг уламжлалтай юм” хэмээгээд өрөөнөөс гарав. Би ч түүнийг дагалаа. Тухайн өдөр ээлжтэй ажиллаж буй асрагч, сувилагч нар хэдийнэ үүдний танхимд цугларчээ. Турж эцэн хамрынх нь самсаа хавчийсан, 40 нас ч хүрээгүй болов уу гэмээр залуу, бас нэг бүсгүй үүдний сандал дээр зэрэгцэн сууна. Сандал дээр арайхийн тогтож байна уу гэмээр хүчилсэн, ядранги царайгаар нь залууг “шинэ хүн” байх нь хэмээн таамаглаж байтал асрагч түрдэг тэрэг авчран түүнийг суулгав.
Эмч бүсгүй өвчтөн болон хүргэж авчирсан хүмүүстэй найрсгаар мэндлээд “Бид ирсэн хүмүүстээ дуу дуулж өгдөг юм” хэмээн тайлбарлаж дуусахад тэнд байсан эмнэлгийн ажилтнууд дуулж эхэллээ. Ертөнцийн эзэн хайр ивээлдээ бүхнийг багтаах тухай магтан дуу аж. Өвчин шаналалдаа юу, сүсэг бишрэлдээ юү, залуу нүдээ анин суусаар дууг дуусгав. Ингээд тэр эмнэлэгт нэвтрэх эрхтэй болов бололтой. Түүнийг түрсээр “Найдвар” гэсэн өрөөнд орууллаа.
Захын хорооллын гудамжин дундах нэг давхар хуучин барилгыг засаж, тохижуулсан уг эмнэлэг өрөөнүүддээ дугаар тавихын оронд “Итгэл”, “Найдвар” гэх мэтээр христийн сургаалд олонтаа дурдагддаг үгсээр нэрлэх аж. Энд эмнэлгийн ажилтнууд шинэ хүний төлөө залбирал үйлдэв. Хоёр гарын алгаа дэлгэн, нүдээ аньж зогсоод Ертөнцийн эзний хайр, ивээлд орохоор шинэ хүн ирснийг “аав”-д дуулгаж, түүний биеийг тэнхрүүлэн, эм тарианых нь үйлчлэлийг сайжруулахад туслахыг гуйсан залбирал гурван минут хэртэй үргэлжилсэн.
Энэ бол “Грийн хоум” хосписын өдөр тутмын ажлын нэгээхэн хэсэг. Хөнгөвчлөх эмчилгээ гээч зүйлийн талаар монголчууд мэддэггүй шахам байсан 2001 онд БНСУ-ын хоёр иргэн христийн шашны сайн мэдээ тараах үүрэгтэй элч болон Монголд ирээд анхны хосписыг байгуулсан нь “Грийн хоум”. Өдгөө түүнтэй ижил төстэй хэд хэдэн хоспис байгуулагдсан ч “Грийн хоум” Монголд хамгийн удаан ажилласан, амьдралынхаа сүүлчийн хоногуудыг өнгөрүүлж байгаа хүмүүсийг хэвтүүлэн эмчилж өвчин шаналал багасгах, гэрээр нь эргэж, асарч сувилах, ар гэрийнхэнд нь болон өвчтөнд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх зэрэг цогц үйлчилгээ үзүүлдгээрээ онцлог гэнэ.
Эрүүл саруул хүмүүст бол хөнгөвчлөх эмчилгээний эмнэлэг зүглээд байхаар газар биш. Өвчин нь хүндэрч эцсийн шатандаа орсон, эмчилгээгүй гээд жирийн эмнэлгээс “хөөгдсөн”, биеийн болоод сэтгэлийн зовиур шаналгаа нь туйлдаа хүрсэн хүмүүс ийшээ ирдэг. Ингэж хэлэхэд эвгүй ч, хосписын үйлчилгээг авахаар орж буй хүн дараа төрөл рүүгээ явах хүлээлгийн танхимд хөл тавилаа гэсэн үг. Хатуу ч гэсэн үнэн нь энэ. Эмчлэгдэх найдваргүй болсон хүмүүс өвчин шаналал бага мэдэрч, бага зовж амьдралынхаа сүүлчийн өдрүүдийг үдэхээр хосписыг зорьдог.
Хамгийн эмгэнэлтэй нь, манайд энэ төрлийн эмнэлгийн ачаалал жил ирэх тусам ихсэж, дараалал нь уртсаж байна. Жил бүр 5000 гаруй хүн хорт хавдар хэмээх аймшигт өвчин туссан гэсэн онош сонсдог, тэдний 70 гаруй хувь нь эмчлэгдэхээсээ нэгэнт өнгөрсөн хойно буюу эцсийн шатанд орсон үедээ үүнийгээ мэддэг. Тэд тухайн жилдээ нас бардаг гэсэн зүрх зүсэм тоог эмч нар хэлдэг болоод удаж байна. 3000-4000 хүний ар гэрийнхэн хайртай дотнын нэгнээ аварч үлдэхийн тулд өөрт байгаа бүхнээ зориулж, эдийн засгийн эрсдэлд орж зүтгээд ч тусыг эс олдог гэсэн үг. Энэ бол аймшигтай тоо.
Энэ тооны ард хэн бүхний анзаараад байдаггүй өөр нэг асуудал бий. Амьдрах хоногийн тоо нь дуусаж буйгаа сонсож, сүүлчийн өдрөө хүлээх төсөөлөхөөс ч халширам тавилантай нүүр тулсан хүнийг нааш гэх газар Монголын эрүүл мэндийн системд байхгүй. “Өвчин эцсийн шатандаа орсон” гэсэн онош тавингуутаа тэднийг шууд л хүний тооноос хасаж, амьдаар нь оршуулж орхидог гэж болно. Хавдар судлалын үндэсний төвийнхөн “Нутаг ус, гэр орноо бараад” гээд гаргачихна. Хөнгөвчлөх эмчилгээний тасагт нь хэвтье гэвэл наад зах нь бүтэн сар хүлээх урт дараалал үүсчихсэн.
Монгол Улсын 21 аймаг, 315 сум, нийслэлийн есөн дүүргийн иргэдэд үйлчлэх үүрэгтэй ганц эмнэлгийн хөнгөвчлөх эмчилгээний тасаг нь арав гаруйхан ортой. Гэтэл жилд 3000-4000 мянган хүн хорт хавдар нь эцсийн шатанд орсон гэсэн онош сонсож байгаа юм чинь 1-2 сар хүлээх ачаалал үүсэхээс яах билээ. 30 хоног гэдэг энэ хүмүүст дэндүү урт хугацаа. Дараалал нь болох өдрийг үзэж чадаагүй хэчнээн хүн өвчиндөө шаналж, цусандаа хутгалдаж, өтгөн, шингэнээ гаргаж чадахгүй, нойр хоолгүй тарчилсаар хорвоог орхиж буйг хэн ч мэдэхгүй.
Монголын хүн ам 1.5 сая байхад, 40 шахам жилийн өмнө оросууд Хавдар судлалын үндэсний төвийн барилгыг барьж өгсөн. Түүнээс хойш хүн амын тоо хоёр дахин өссөн. Хүн өсөхийн хэрээр өвчлөл ихсэх нь мэдээж. Тэр тусмаа хавдрын өвчлөл сүүлийн арваад жилд огцом нэмэгдсэн тухай эмч нар хэлж буй. Тиймээс хавдар судлалын ганц эмнэлэг ачааллаа дийлэхгүй байгааг буруутгах аргагүй. Харин өнгөрсөн 40 шахам жилд ганц ч томоохон эмнэлэг барьж чадаагүй төр, засагт хэлэх муу үг ч олдохгүй байна.
Ингэхэд юуны төлөө төр байдаг вэ. Төрийн түшээ гэж өөрийгөө нэрлэсэн хэдэн “гахай”-г тэжээхийн тулд уу, түмэн олноо сайхан амьдруулж, асуудлыг нь шийдэхийн тулд уу. Төр шиг төртэй улс ямар байдгийг харуулсан ганц жишээ дурдъя. БНСУ-ын нийслэл Сөүл хотод агаарын бохирдол иргэдийнх нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхүйц хэмжээнд хүрчээ. Гэхдээ тэр нь Улаанбаатарын утааны дэргэд инээдмийн л юм билээ.
Тоос, тоосонцор, автомашинаас ялгарсан хорт хий зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн тул иргэдээ хувийн машинаараа бус, нийтийн тээврээр уриалж, нийтийн тээврийн хэрэгслийг ажил цуглах, тарах цагаар үнэ төлбөргүй явуулахаар болсон байна билээ. Жижиг гэлтгүй тулгарсан асуудал бүрт тохирсон менежмент хийж, иргэдийнхээ сайн сайхны төлөө ажилладаг төртэй улсын жишээ энэ.
Харин манай төр 40 шахам жилийн өмнө оросуудаар хэдэн эмнэлэг бариулаад, түүнээс хойш хүн ам хоёр, өвчлөл түүнээс ч олон дахин өсчихөөд байхад ганц ч эмнэлэг нэмж барьж чадаагүй сууна. Боломжгүйдээ биш, сэтгэлгүйдээ тэр. Өнгөрсөн жилүүдэд Монголд худалдаа үйлчилгээ, зочид буудал, оффисын олон барилга баригдсан. Өндөр хөгжилтэй аль ч орноос дутахааргүй гоё ганган, үнэтэй тансаг нь ч бий. Үүнийг хувийн хэвшлийнхэн хийсэн. Харин эрүүл мэндийн тусламж үйлчилгээ л социализмын үеийнхээс ч дордчихоод байгаа. “Чингис”, “Самурай” бонд гаргаж, хэдэн үеэрээ төлөх өр тавьчихаад, баруун солгойгүй мөнгө цацаж суух үед нь ч эрүүл мэндийн салбар асуудлаар дүүрэн байсан. Дарга нар Монголын эмнэлгээр үйлчлүүлдэггүй болохоороо энэ салбарт огт анхаарал тавиагүй хэрэг биз.
Эрүүл мэндийн салбарыг үнсэнд хаясан шалз шиг орхисны сүүдэр өнөөдөр олон зүйлд илэрдгийн нэг нь дээр дурдсан хөнгөвчлөх эмчилгээ. Жилд зөвхөн хавдраар гэхэд л 3000-4000 хүн зовж, тарчилсаар нас барж байхад төр, засаг хялам ч хийхгүй байна гэдэг дэндүү хүнлэг бус, харгис явдал билээ. Ийм хоосон орон зайг шашны байгууллагууд анзаарч, хоспис нээн, төрдөө хаягдсан хөөрхий хүмүүсийн зарим хэсэгт ч болов хөнгөвчлөх эмчилгээ хийж, сүүлчийн өдрүүдийг нь амар тайван өнгөрүүлж байгааг бурхны ивээл гэхээс өөр юу гэх вэ.
“Грийн хоум” эмнэлгийн эмч “Манай эмнэлэг хандсан бүх хүнийг авахыг хичээдэг. Сүүлийн жилүүдэд ачаалал ихсэж, дараалал үүсээд байгаа. 11-хэн ортой болохоор хандсан бүхнийг хэвтүүлж эмчилж чадахгүй учраас биеийн байдал нь арай гайгүй хүмүүсийг гэрт нь байлгаж эргэж тойрон, зөвлөгөө өгч, шаардлагатай эмчилгээг нь хийдэг. Манай хяналтад одоогоор 100 шахам хүн байгаа. Хяналтад байсан хүмүүсийн маань биеийн байдал хүндэрвэл эмнэлэгтээ хэвтүүлнэ, гайгүй болохоор нь буцааж хүргэж өгнө.
14-30 хоногийн өмнө оношлогдсон гэсэн хүн олон ирдэг. Ийм өвчин туссанаа огт мэдэхгүй явж байгаад эмнэлэгт үзүүлтэл “Та эмчилгээгүй. Хоспист ханд” гэсэн хариу авах ямар байх вэ. Тэдэнд болон ар гэрийнхэнд нь сэтгэл зүйн дэмжлэг асар хэрэгтэй байдаг. Тэд хэзээ үхчих бол, шөнийг яаж давна аа гэсэн түгшүүртэй, бөмбөгнөтөл айсан байдаг. Бид хүмүүсийн сэтгэл зүйг засаж, итгэл найдвар төрүүлдэг. “Энэ амьдралаар бүх зүйл дуусаж байгаа юм биш. Үхлээс айх хэрэггүй. Есүст итгэснээр сүнс тань аврагдаж, та диваажинд дахин амьдрах боломжтой” гэдгийг манай нийгмийн ажилтан тайлбарлаж, сүнсийг нь аврах ажил хийдэг. Ингээд амьдралынх нь сүүлчийн мөчид очих газарт нь очуулаарай гэж залбирч, дуулж өгөөд үддэг. Хүний сонсгол хамгийн сүүлд үгүй болдог учраас бид хамт байгаагаа мэдрүүлж, хайраар үдэж байгаагаа мэдрүүлдэг. Монгол дахь хосписууд ерөнхийдөө христийн шашинд суурилсан байдаг” гэсэн.
Гэр бүлийн хүнээ асарч, жил гаруй эмнэлэг сахисан З.Чулуундорж гуай “Хавдар судлалын үндэсний төвийнхөн манай хөгшнийг 15 хоногийн настай, одоо гэртээ гаргаж ав гэсэн. Тэдний хөнгөвчлөх тасагт хэвтүүлэх гэтэл сар гаруйн дараа ир гэсэн. Тэнд нь хэвтэхээр хэдэн эм, тариа хийгээд л гаргачихдаг юм билээ. Тэгээд энд жил гаруй болсон. Эдний эмч, сувилагч нар сайхан шүү. Аль болох сэтгэл санаагаар дэмжээд, дотор онгойлгож, сэтгэл хөнгөрүүлчихдэг юм.
Тийм болохоор хөгшин маань эднийд байх дуртай байсан. Хөөрхий муу хөгшин маань их сүсэг бишрэлтэй, насаараа бурхны шашин шүтсэн юм. Эндхийн эмч, сувилагч нар христийн залбирал үйлдэж, сүмийн дуугаа дуулахад инээгээд л суудаг байсан” хэмээсэн.
Эмээ минь “Хүнийг амьсгал хураахад номын дуу сонсгож, бурхан шүтээнийг нь харуулбал сүнс нь төөрч будилахгүй зүгээ олдог юм гэнэ билээ” гэж байнга ярьдаг, үүнийгээ биелүүлэхийг захидаг байж билээ. Насаараа шүтсэн бурхан шүтээнтэй хөгшинд ч бас тийм хүсэл байсан болов уу. Христийн залбирал сонсож байхдаа юу бодож суугаа бол гэсэн бодол сэтгэл эмзэглүүлсэн. Гэвч өвчний өмнө хүчгүйдсэн хөгшин зовиур шаналлыг нь хугаслан гар сунгасан ганц ачтандаа “Би наад шашныг чинь шүтдэггүй” гэж хэлж чадахгүй нь ойлгомжтой. Тэгээд амьдралаас христийн залбирлаар үдүүлжээ. Өөр сонголт түүнд байсангүй.
Үүгээрээ христийн шашныг үгүйсгэх гэсэнгүй. Монгол төрийн гаргаагүй сэтгэлийг гаргаж, хийж чадаагүй буянтай ажлыг хийж буй христэд итгэгчдэд талархах ёстой. Харин иргэдээ ийм байдалд амьдруулж, өөрийнхөө хүслээр амьдралтай салах ёс хийх ч боломжгүй байлгаж байгааг нь төрд сануулах гэсэн юм. Христийн эмнэлэгт очиж, сүмийн магтан дуугаар үдүүлэх үү, улсынхаа эмнэлэгт, бурхны шашны номын дуугаар үдүүлэх үү гэдгээ өөрөө шийдэх боломж, сонголтыг бий болгоод өгчихдөг төртэй ч болоосой гэх бодол цээж давчдуулаад байна. Монгол хүн төрийнхөө үйлчилгээг авч байгаад амьдралынхаа сүүлчийн хоногуудыг өнгөрөөх эрхтэй билээ.
Эрүүл мэндийн салбарт ийм том хоосон орон зай үүсээд удаж буйг төр, засаг олж харахгүй байна гэж баймааргүй. Төр дангаараа чадал нь хүрдэггүй юм гэхэд хувийн хэвшлээ хааж боолгүй, ийм тулгамдсан асуудал дээр хувийн хэвшлийнхээ туслалцааг авч, тэднээ дэмжээд явах ч гарц баймаар.
Хавдар хэмээх өвчлөл нийгмийн том асуудал болжээ гэдгийг олж харсан нэгэн компани 300 ортой хавдрын эмнэлэг барихаар 2011 оноос хойш зүтгэсэн ч төрийн албан хаагчдын чөдөр тушаанд ороод өнөө хүртэл дуусгаж чадаагүй тохиолдол ч байна. Ийм бэлэн төслүүдийг дэмждэггүй юм гэхэд саад болохгүй бол гадаад руу явж эмчлүүлж чадахгүй, Хавдар судлалын үндэсний төвийн дарааллыг хүлээх хугацаагүй олон хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломж нээгдэх сэн.