Хүн өдөрт дунджаар найман цагийг ажлын байрандаа өнгөрүүлдэг. Тиймээс ажлын хамт олны уур амьсгал дулаан, ажилчдын сэтгэл санаа өөдрөг байх нь чухал юм. Харамсалтай нь, ихэнх хүний хувьд ажлын байр нь тайван амгалан, ажиллаж бүтээх орчин гэхээсээ илүү стресстэй газар болж хувирдаг байна. Өнгөрсөн оны судалгаагаар ажил хийдэг хүмүүсийн 40 хувь нь ажлаа хэт стресстэй гэж тодорхойлсон дүн гарчээ.
Ажлаас үүдэлтэй стресс нь толгой өвдөх, нойргүйдэх, депресст орох, даралт ихсэх, хоолны дуршил буурах зэрэг олон шинж тэмдэг дагуулдаг. Түүнчлэн зүрх, судасны үйл ажиллагаанд муугаар нөлөөлдөг нь бас нэгэн судалгаагаар тогтоогджээ. Тодруулбал, ажлын ачаалал ихтэй байдаг эмэгтэй хүний зүрхний шигдээс тусах магадлал зав чөлөө ихтэй бүсгүйчүүдээс 67, зүрх, судасны өвчин тусах нь 38 хувиар өндөр байдаг ажээ.
Тухайн байгууллагын бүтэц, зохион байгуулалт, ажил үүргийн оновчгүй хуваарилалт, үүрэг хариуцлагын зөрчилдөөн, ажиллах орчин нөхцөл таагүй байх (хэт халуун, дуу чимээтэй, орон зай бага гэх мэт), удирдлагын арга барил (тодорхойгүй шаардлага, гэнэтийн тулгалт), ажлын ачаалал хамт олны буруу төлөвшил, таагүй уур амьсгал, цалингийнхаа хэмжээнд сэтгэл хангалуун бус байх, хийсэн ажил болон амжилтыг нь шударгаар үнэлэхгүй байгаа мэт сэтгэгдэл төрөх зэрэг нь стресст орох шалтгаан болдог.
“MPC Мандал” компанийн сэтгэл судлаач Г.Мандухай “Стресс үүсэх шалтгаан, онцлог хэлбэрийг таньж, тухай бүр шийдвэрлэх арга замыг сонгоход ажил мэргэжлийнхээ онцлогийг харгалзан үзэх нь чухал ач холбогдолтой. Хувь хүний зүгээс өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлэх, өөрийн хүслээр сонголт хийж, нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, давхар ажил эрхэлж орлого олох, үүндээ зориулж сурч боловсрох, хөгжих нөхцөлд нь тодорхой хориг саад болдгоос оногдсон ажлаа л гүйцэтгэж, ямарваа идэвх зүтгэл, бүтээлч байдал гаргадаггүй, хойрго ханддаг, гэр бүлийнхэн болон олон нийттэй харилцахдаа үл ойлголцож бухимдах, стресст орох нөхцөл болдог.
Түүнчлэн харилцааны хувьд хязгаарлагдмал, захиран тушаасан шинжтэй болж, зохиомол эрх мэдэл буюу ингэх ёстой гэсэн хандлага суудгаас дээрэнгүй, үл тоосон байдал гаргадаг. Олны хараанд байнга өртөж шүүмжлэл сонсдог бол биеэ хянамтгай, хэт болгоомжилсон, хардамтгай зан “суулгаж”, улмаар ажилдаа дургүй болж, залхдаг” гэв. Мөн түүнчлэн хувь хүний сэтгэл зүйн онцлог, сэтгэл санаа, эрүүл мэндийн байдал зэрэг хүчин зүйл стресст ороход нөлөөлдөг байна. Өөртөө итгэлтэй, өөдрөг хүмүүс стрессээс хурдан гарч чаддаг бол гутранги, аливааг хүндээр хүлээж авдаг, гомдомтгой хүмүүс стрессийг давах чадвар багатай байдаг гэнэ.
Ажлын байрны стрессээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ. Юун түрүүнд байгууллагын зүгээс удирдлагын зохион байгуулалтын бүтцийг тодорхой болгох, ажилтнуудынхаа ажлын үр дүн, гүйцэтгэлийг хянах, дүгнэх боловсронгуй механизмыг сонгон хэрэгжүүлэх, ажлын байрны нөхцөлийг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх сургалт байнга зохион байгуулах, амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх нөхцөлөөр хангахад анхаарах хэрэгтэй аж.
Харин хувь хүн стрессийн тухай тодорхой ойлголттой байх, ачааллаа зөв зохицуулж сурах, зөв хооллож, эрүүл хүнс хэрэглэх, тогтмол цагт нойрсох, биеийн тамирын дасгал хийх, сэтгэл хөдлөлөө хянаж, зохицуулах арга барилд суралцах, мэргэжлийн хүмүүс болон нийгмийн дэмжлэг, тусламж авах, бясалгал буюу алжаал тайлах аргад суралцах, аминдэм тогтмол хэрэглэх, архи, тамхинаас татгалзах хэрэгтэйг Харвардын их сургуулийн мэргэжилтнүүд зөвлөж байна.
АНУ-н компаниудын талаас илүү хувь нь стресс менежментийн сургалт болон ажилчдыг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлдэг ба эдгээр нь ажлын хүнд хэцүү нөхцөл байдлуудыг даван туулахад туслах зорилготой аж. Стресс менежментийн хөтөлбөрүүд нь стрессийн эх сурвалж, мөн чанар, түүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө, хувь хүн өөрөө хэрхэн стрессийг шийдвэрлэх тухай, цагийн зохион байгуулалт болон тайвшрах дасгалуудыг заадаг байна.
Сонирхуулахад, АНУ-ын эрдэмтэд эмч, сэтгэл судлаач, нарийн бичиг, зөвлөх, нийгмийн ажилтан, эдийн засагч гэх зэрэг янз бүрийн мэргэжилтэй хүмүүсийг судалгаанд хамруулан ажлын байрны стрессийг инээдээр бууруулж болох туршилт явуулсан байна. Тэднээр 14 хоногийн турш өдөр бүр 10 минут инээх дасгал хийлгэжээ. Үр дүнг нь өдөр бүр тооцож байсан ба судалгаанд оролцогсдын стресс мэдэгдэхүйц буурч, ажлын бүтээмж нэмэгдэн, харилцааны чадвар нь дээшилсэн байна.
Үүнээс үзэхэд, хүмүүс ажлын байрандаа инээх дасгалыг тогтмол хийснээр стрессээ бууруулан, бүтээмжээ дээшлүүлэх боломжтой болох нь. Түүнчлэн ажлын байран дээрх стресс болон зүрх, судасны өвчний талаар судалгаагаар мэргэшсэн, Бостоны Брихамын эмэгтэйчүүдийн эмнэлгийн эмч, доктор Мишэль Алберт “Өөрт тохиолдсон хэцүү зүйлээ ярьж, гадагш гаргах нь ямар ч төрлийн стрессийг хөнгөлдөг. Тиймээс сэтгэл тавгүй үедээ хэн нэгэнтэй ярилцаж, цагийг хамт өнгөрүүлэх нь хамгийн ашигтай арга” хэмээжээ.