“Эмнэлэг өвчин үйлдвэрлэсээр байх уу” нэртэй нийтлэлээ оны өмнөхөн уншигч та бүхэнд хүргэснийг санаж буй биз ээ. Хагалгааны үеэр халдвар авч, хэнд хандаж, хэрхэн хохирлоо барагдуулахаа мэдэхгүй яваа хэд хэдэн хүний талаар баримт болгон уг нийтлэлдээ дурдсан билээ. Ийм тохиолдол эмнэлэг бүрт нэгээр тогтохгүй гарч буйг эмч нар нь хүлээн зөвшөөрдөг. Гол нь эмнэлгийн дотоод халдвар буюу тусламж, үйлчилгээтэй холбоотой халдварын талаарх мэдээлэл эмзэг асуудал учраас тэр бүр олон нийтэд ил болгодоггүй.
Аль эмнэлэгт ямар халдвар их гарч буйг мэдээлснээр тэдэнд итгэх иргэдийн итгэл алдарч, эмч, өвчтөнтэйгөө хамтран өвчинтэй тэмцэх бус, хоорондоо хэмлэлдэнэ гэсэн үг. Тиймдээ ч энэ талаарх мэдээлэл амар олдохгүй. Гэхдээ эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой халдварын нөхцөл байдал бусад улстай харьцуулахад Монголд ямар байгааг бид мэдэх эрхтэй. Алдаагаа ухаарснаар засаж залруулдгийн адил манай улсад ийм халдвар хэр хэмжээнд байна, хэрхэн бууруулах вэ гэдэг нь хамгийн чухал болохыг энэ талаар судалсан эмч нар хэлж байна. “Эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой халдвар нь олон хүчин зүйлийн нөлөөгөөр үүсэх бөгөөд эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааны чанар, аюулгүй байдлын хамгийн чухал хэсэг.
Эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой халдварын дотор цусаар дамжих болон бөөр, шээсний зам, мэс заслын шарх, эмнэлгээс шалтгаалах, зохиомол амьсгалтай холбоотой хатгалгаа гэсэн дөрвөн төрөл зонхилж байна” хэмээн АШУҮИС-ийн Яаралтай тусламж, мэдээгүйжүүлэлтийн тэнхимийн багш, анагаах ухааны доктор М.Наранпүрэв ярив.
Эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой халдвар нь ганц манай улсын бус, дэлхийн бүхий л орны эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлын нэг. Тиймдээ ч Аргентинд төвтэй, Олон улсын эмнэлгээс шалтгаалах халдвартай тэмцэх байгууллагад дэлхийн олон орон хамрагдаж, халдварын талаарх мэдээллээ явуулж, улс бүр өөрийн тандалт судалгаагаа хийж, бодлого боловсруулагчидтай хамтран зөвлөмж гаргадаг аж. Тус байгууллага олон улсын зөвлөмж гаргасан бөгөөд үүнийг нь манай улс дагаж мөрдөх хэрэгтэйг энэ салбарын судлаачид хэлэв.
Уг байгууллагаас гаргасан судалгаагаар судсанд тавьсан гуурстай холбоотой цусаар түгсэн халдвар манай улсад 19.72, олон улсад 4.9 хувь байна. Зохиомол амьсгалын аппараттай холбоотой халдвар буюу уушгины хатгалгаа манайд 43.69 хувь байхад олон улсад 16.5 хувь байх жишээтэй. Мөн түгээмэл тохиолддог давсганд тавьдаг гуурстай холбоотой бөөр, шээсний замын халдвар Монголд 15.71, олон улсад 5.3 хувь байх юм. Эндээс харахад эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой халдвар бусад оронтой харьцуулахад манай улсад харьцангуй өндөр гэсэн үг. Гэтэл албаны хүмүүс нь Монгол Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлэгчдийн 0.01-3 хувь нь ийм халдварт өртдөг гэв.
“Ийм үзүүлэлт аль ч улсад байхгүй. Манай улс тандалт судалгаа сайн хийж, бүрэн гүйцэд мэдээлэл гаргаж чадахгүй байна” гэж энэ халдварын талаар судалсан цөөн мэргэжилтний нэг, “Интермед” эмнэлгийн Чанар, аюулгүй байдал эрхэлсэн захирал И.Бат-Эрдэнэ ярьсан юм. Энэ удаа мэргэжлийн хүмүүс эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой халдварын талаар ямар байр суурьтай байгааг бид хүргэхийг зорив. ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны тархвар судлаач эмч Б.Соёлмаа болон “Интермед” эмнэлгийн эмч И.Бат-Эрдэнэ ийн ярьж байна.
Б.СОЁЛМАА: ХАЛДВАРЫН ИЛРҮҮЛЭЛТ НЭМЭГДЭЖ БАЙГАА
-Эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой халдвар манай улсад хэр бүртгэгддэг вэ?
-Эрүүл мэндийн байгууллагын барилга байгууламжийн засвар үйлчилгээ, агааржуулалт, орчны эрүүл мэнд, гарын эрүүл ахуй, антибиотикийн зохисгүй хэрэглээ, эмнэлгийн ажилтны мэдлэг, иргэдийн эрүүл мэндийн боловсрол дутмаг зэрэг маш олон хүчин зүйл эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой халдвар гарахад нөлөөлдөг.
Халдвараас сэргийлэх, хяналтын үйл ажиллагаа алдагдсаны улмаас ийм халдвар гарах нөхцөл бүрдэж байна. Манай улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлэгчдийн 0.01-3 хувь нь энэ халдварт өртдөг гэсэн судалгаа бий.
-Бусад улсад ийм халдварын түвшин ямар байдаг бол?
-Судалгаанаас харахад улс орон бүрт энэ үзүүлэлт харилцан адилгүй. Тухайлбал, АНУ-д жил бүр хоёр сая орчим тохиолдол бүртгэгддэг бол Европын холбооны орнуудад нийт хэвтэн эмчлүүлэгчийн 7.1 хувь нь энэ төрлийн халдварт өртөж байна. Харин өндөр хөгжилтэй орнуудад харьцангуй бага буюу 2-4, хөгжиж буй орнуудад 11.6 хувьтай бүртгэгддэг.
Дэлхийд дунджаар хэвтэн эмчлүүлэгсдийн 5-10 хувь нь эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой халдварт өртдөг гэсэн судалгааны дүн бий. Эдгээрийн дийлэнх хувийг шээсний замын халдвар болон зохиомол амьсгалын аппараттай холбоотой уушгины хатгалгаа эзэлдэг.
-Энэ халдварыг илрүүлэх, тандах, сэргийлэх чиглэлээр бодлогын түвшинд ямар арга хэмжээ авч байна вэ?
-Улсын хэмжээнд эрүүл мэндийн байгууллагууд халдвараас сэргийлэх, хяналтын чиглэлээр мөрдөж ажиллах Эрүүл мэндийн сайдын тушаал, заавар, журам, стандарт бий. ЭМЯ-ны дэргэд энэ асуудлыг хариуцсан зохицуулах зөвлөл, ХӨСҮТ-д ажлын алба мөн аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газарт салбар зөвлөл, бүх шатны эрүүл мэндийн байгууллагад хариуцсан мэргэжилтэн, баг ажиллаж байгаа.
Манай улс 1998 оноос эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой халдварыг албан ёсоор бүртгэх болсон нь үүнээс сэргийлэх арга хэмжээнд ахиц гарсан. Энэ халдварыг илрүүлэхэд лаборатори, хүний нөөц, чадавх, ажлын байрны тогтвор суурьшил, хөрөнгө санхүү зэрэг олон хүчин зүйл шаардлагатай. Азийн хөгжлийн банкны “Эрүүл мэндийн салбарын хөгжлийн
хөтөлбөр-5” төслийн хүрээнд халдвараас сэргийлэх, хяналтыг сайжруулах ажил хийж байна. Шээсний замын халдвар болон зохиомол амьсгалын аппараттай холбоотой уушгины хатгалгаа, мэс заслын дараах шархны халдвар, олон эмэнд тэсвэртэй нянгийн халдварыг илрүүлэх чиглэлээр тандалт судалгааг сайжруулах зорилгоор журам, зааврыг шинэчлэн боловсруулж, эмнэлгүүдэд үе шаттайгаар нэвтрүүлсний дүнд илрүүлэлт нэмэгдэж байгаа.
-Олон улсын эмнэлгээс шалтгаалах халдвартай тэмцэх байгууллагаас гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлэх боломжтой юу?
-ДЭМБ болон бусад байгууллагаас гаргаж буй заавар, зөвлөмжийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхээс гадна олон улсын зөвлөх мэргэжилтэнтэй хамтран ажилладаг. Бид энэ халдвараас сэргийлэх бүрэн боломжтой. Үүний тулд дээр дурдсан олон хүчин зүйлийг бууруулахад чиглэсэн арга хэмжээ авч ажиллах ёстой. Жишээлбэл, төсөв хүрэлцээтэй байх, барилга байгууламжийг зөв төлөвлөх хэрэгтэй.
Хамгийн наад зах нь бүх шатны эрүүл мэндийн байгууллагуудад гарын эрүүл ахуй сахих нөхцөл бүрдүүлэх нь чухал. Иргэдийн зүгээс эмнэлгийн дотоод журам, хувийн ариун цэврийг сахих, антибиотикийг эмчийн заавраар хэрэглэх, эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлэх шаардлагатай.
И.БАТ-ЭРДЭНЭ: МАНАЙ УЛС ХАЛДВАРЫН ТООГОО БУРУУ ГАРГАДАГ
-Эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой халдварын тандалт судалгааны дүн буруу гардаг гэх юм билээ. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Манай улс ОХУ-тай адил эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой халдвар огт гарах ёсгүй гэж үздэг. Харин барууны орнууд ийм халдвар гарч болох бөгөөд хэрхэн бууруулах вэ гэдэгт анхаарч ажилладаг юм. Манайхан энэ халдварыг ноцтой зөрчил гэж үздэг учраас эмнэлгийн дарга, эмч, сувилагч нарт арга хэмжээ авсаар ирсэн. Эмнэлгийн байгууллагуудтай Эрүүл мэндийн сайд жил бүр үр дүнгийн гэрээ байгуулахдаа дотоод халдвар гарсан байвал даргыг нь ажлаас халах хүртэл арга хэмжээ авдаг байсан.
Ийм хатуу чанга байдлаас болж, эмнэлгүүд халдварын тохиолдлоо бүртгэхээ больсон. ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаныхан улсын хэмжээнд гарсан эмнэлгийн дотоод халдварыг хянаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах ёстой. Гэтэл тэнд цугларч буй мэдээлэл нь маш цөөн. Зүйрлэвэл, 10 халдварын нэгийг нь илрүүлэн бүртгэж байна. Эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой халдвар хөгжиж буй орнуудад 10-20, хөгжил дорой улсад 30-40, манайх шиг оронд 10-15 хувьтай байдаг. Гэтэл манайх 0.01-3 хувьтай гарчээ.
Энэ бол дэлхийн хаана ч байхгүй тоо. Яг үнэндээ эмнэлгийн байгууллагынхан айгаад халдварын тоогоо бүртгүүлэхгүй байгаа юм. 2010 оноос эмнэлгийн халдварын тоон мэдээллийг жилийн эцсийн үнэлгээнд оруулахаа больсон. Гэсэн ч эмнэлгийн байгууллагынхны айдас нь хэвээрээ байгаа учраас мэдээллээ гүйцэд өгөхгүй байна. Манай эмч нар хагалгааны явцын үед болон дараа нь халдвар гарах вий гэсэн айдастай байдгаас шинж тэмдэг илрэнгүүт антибиотик өгчихдөг. Цаашид ийм байдалтай байвал халдвар гарахад хэрэглэх эмгүй болох аюултай.
Төрийн хяналт суларсан, эмнэлгүүд энэ асуудлаа бие даан шийдэх чадавх, боломж байхгүй байна. Манай улс 1990-ээд оноос идэвхгүй тандалт хийж байгаа. Энэ нь нүдэнд ил харагдаж буй тохиолдлыг бүртгэхээс, өвчтөн нэг бүрийн мэс заслын шархыг үздэггүй гэсэн үг. Тиймээс халдварын бодит тоог гаргаж чаддаггүй. Харин идэвхтэй тандалт нь өдөр болгон өвчтөн нэг бүрийг үзэж, бүртгэдэг. Ийм тандалт хийхийн тулд нарийн мэргэжлийн хүн, дэд бүтэц шаардлагатай. Эмч нар халдварын тохиолдлоо цахимаар бүртгэдэг систем чухал.
-Олон улсын эмнэлгээс шалтгаалах халдвартай тэмцэх байгууллагад манай улсын гурван эмнэлэг л халдварын тоон мэдээллээ явуулдаг юм билээ. Үүний давуу тал юу вэ?
-Анх Өмнөд Америкийн хэдэн улс нэгдэн, бие биедээ туслах, мэдээллээ солилцох үүднээс тус байгууллагыг нээсэн нь өргөжсөөр өдгөө дэлхийн 70 гаруй улс мэдээллээ өгч, удирдамж, зөвлөмж авдаг болжээ. Тус байгууллага бидний өгсөн мэдээллийг бусад улсынхтай харьцуулж, түвшнийг нь гаргаж, ямар арга хэмжээ авах талаар удирдамжаар хангадаг.
Одоогийн байдлаар тус байгууллага руу манайх болон УНТЭ, УХТЭ халдвартай холбоотой мэдээллээ явуулж байгаа. Манай эмнэлэгт өнгөрсөн жилүүдэд мэр сэр халдвар гарч байсан. Тус байгууллагад мэдээллээ явуулж, зөвлөмжийнх нь дагуу ажилласнаар өнгөрсөн онд ганц ч халдвар гараагүй.
-Ийм халдварыг бууруулах ямар арга байна?
-Эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой халдвар бүр эмч, сувилагчийн буруугаас байдаггүй. Гарч буй халдварын 70 хувь нь эмнэлгээс, үлдсэн нь тухайн өвчтөний биеийн онцлогоос шалтгаалдаг. Биеийн эсэргүүцэл сулрах, өвдөхөд хүний бие дэх нян идэвхжиж, шарх сорвийг идээлүүлэх нь бий. Шархны халдвар болгоныг эмчийн буруугаас гэж ойлгож болохгүй. Эмнэлгийн ажилтнууд ч өөрсдөө өвчтөнөөс элэгний В, С вирусээс эхлээд элдэв халдвар авч байна.
Тиймээс малгай, амны хаалт зэрэг нэг удаагийн хувцас хэрэглэл хангалттай байх, Олон улсын эмнэлгээс шалтгаалах халдвартай тэмцэх байгууллагаас гаргасан хөтөлбөр, удирдамжийг хэрэгжүүлэх нь чухал. Өндөр хөгжилтэй орнууд манай энэ нөхцөл байдлыг 20-30 жилийн өмнө туулаад гарсан. Тэдний туршлагаас суралцаж, бэлэн удирдамжийг нь хөрсөндөө буулгаж болно шүү дээ.