Нэр нь танил бус нэгэн гишүүнийг нуудгайтай нь холбоотой яриа “од” болголоо. Ичимдэг эрхтнээ эгээ ил гаргаагүй ч өрөөлийн гэрт хоног төөрүүлж явахдаа таагүй хэрэгт холбогдоод буй залуу гишүүний паянг нөхөр Д.Муратынх нам дарлаа. Бас болоогүй ээ, нэр бүхий гишүүд “хам хэрэгтэн” болов. Одоо хэнийх нь гэх секс бичлэг бидэнд “сюрприз” барих бол гэж айх ч шиг. Ямар ч баримт байлаа гээд түүнийг нь “эвлүүлэг” гэж өөрийгөө хамгаалж тайлбарлах тэднээс ой гутаж байна, үнэндээ. Энэ мэт үйлдэл нь эрхэм гишүүдийг эгүүлэн татаж болохуйц үндэслэл байхаар хуульчилбал яасан юм бэ, ер нь. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүд, цаашлаад төрийн өндөр албан тушаалтнуудын ёс зүйг дүрэм бус, хуульд даатгаад үзье л дээ.
Энэ нь аргаа барсан ард түмний хүсэл байж ч мэднэ. Өдрөөс өдөрт унаж буй УИХ-ын нэр хүндийг аварч үлдэх, тэнд тэднийг сонгосныхоо төлөө хариуцлага үүрэх гэсэн иргэд, сонгогчдын шаардлага гэлтэй. “Овоо босгоогүй бол шаазгай хаана суух билээ” гэдэгчлэн “парламентыг тараах” үзэл санааг үйлдлээрээ газар авахуулж, өөрөө өөрсдийгөө булшилж буй гишүүдтэй дүрмээр бус, тов тодорхой хуулиар ёс зүйн хариуцлага нэхэх цаг болжээ.
УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг 2009 онд баталсан. 2000 оноос эхлэн хоёр, гурван парламент дамжуулан ярьж байж баталсан уг дүрмийн араас тухайн үед нэлээд хөөцөлдөж, хүчин чармайлт гаргасан гишүүн бол Су.Батболд (одоо нийслэлийн Засаг дарга). Тэрбээр “Ёс зүйн дүрэмтэй болно гэдэг парламент төлөвшиж байгаагийн шинж. УИХ төрийн бусад өндөр албан тушаалтан болон иргэддээ үлгэр жишээ үзүүлж байх учиртай. Энэ нь эргээд төр ариун байх нөхцөлийг хангана. Мөн төр, иргэний хоорондын харилцаа бат бөх байхад зайлшгүй хамааралтай” хэмээн дүрэмтэй болоход онцгой үүрэг гүйцэтгэсэн хүний хувьд бахархангуй ярьж байлаа.
...Тэгсэн хэдий ч чанарын ахиц гарсангүй. Ёс зүйн дүрэмтэй болох гэж 10, түүнийгээ батлаад даруй 10 жил өнгөрч буй атал түшээд нь улам бүр ёс зүйгүй болж байна. Нөгөө “Сахил хүртээд шал дордов” гээч нь л энэ байх. Үнэндээ парламентаас парламентад ёс зүйгээ гээж буй гишүүдийг гадаадынхантай жишиж, харьцуулах ч хэрэг алга...
Үнэхээр ч Монгол төрийн эрх барих дээд байгууллагад түмэн олныг төлөөлж, шилэгдэж очсон гишүүдийн үг яриа, үйл хөдлөл, бодлого шийдвэрээ үлгэр жишээ байх ёстой. Иргэд нь төрдөө итгэх шалтгаан болох учиртай. Харин Ёс зүйн дэд хороо үүнээс өмнө ажиллаж л байсан. Өнөөдөр ч гишүүдэд дүрмийг нь мөрдүүлэх, тэднийг ёс зүйтэй байлгахын төлөө ажиллаж л буй гэж ойлгож байгаа. Харамсалтай нь, Су.Батболд даргын тэртээд хүсэж, мөрөөдөж байсанчлан манай парламент төлөвшсөн үү. УИХ-ын гишүүд нь үлгэж жишээ үзүүлж чадаж байна уу. Төр нь ариун, түмэн олонтойгоо бат бөх харилцаа тогтоов уу.
Өдгөө гишүүдийн гаргаж буй авир, биеэ авч яваа байдал хийгээд Ёс зүйн дэд хорооны өнгөрсөн хугацаанд ажилласныг нь харвал яавч өөдтэй хариулт олдохгүй ээ. Өмнөх парламентын үед гишүүн С.Дэмбэрэл хуралдаан нь хэдийнэ эхэлсэн атал танхим руу яарамгүйхэн зүглэх зуурт хоцорсон шалтгааныг нь асуусан сэтгүүлчид “Би хоцорсон гэж үү, угаасаа л хоцордог шүү дээ. Хоцрох ёсгүй л дээ. Гэхдээ л би хоцордог юм” гэж хэнэггүйтэж байсныг өнгөрсөнд ч, өнөөдөр ч ажилдаа бараг ирдэггүй гишүүн Б.Наранхүүтэй харьцуулбал уучилж болмоор санагдана. Хуралдаа согтуу ирчихээд шогтож, даргадаа зад загнуулж явсан экс гишүүдийг эрүүлдээ бие бие рүүгээ агсамнан дайрч, нас, нэр төр, үр хүүхдийг нь доромжилж, булайгаа дэлгэх өнөөгийн түшээдтэй
харьцуулах ёстой, эсэхээ ч мэдэхгүй юм. Өнгөрөгч сонгуульд өвдөг шороодсоноосоо хойш эх орноо тойрч буй М.Зоригт УИХ-ын гишүүн байхдаа нийгмийн сүлжээгээр нүцгэн хүүхний зураг түгээж, бүр түүгээрээ өөрийн гэсэн дүр төрх хэдийнэ бүтээсэн нь өнөөгийн парламентын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын холбогдсон хэргийн дэргэд харин юу ч биш байжээ. Оффшор данстай хүн нь ганц С.Баярцогт байхаа ч болив бололтой.
Байдал ийм дээрээ тулсан атал Монголын парламент хууль тогтоогчдынхоо ёс зүйг хөндсөн нь түүхэнд тун цөөн. Дүрэмтэй болсноос хойших гурван жилийн хугацаанд Ёс зүйн дэд хороо ердөө гуравхан удаа хуралдсан талаар өнгөрөгч парламентын үед тус дэд хороог даргалсан М.Батчимэг шогширч байсан удаатай. Харин өмнөх парламентын үед гишүүн Н.Номтойбаяр “Мунзуй” Нямдорж гэгчтэй хутга, шөвгөндөө тулсныхаа дараа өөрөө Ёс зүйн дэд хороонд хандаж байсан ч хуулийн байгууллага шалгаж буй хэргийг тус хороо хэлэлцэхээс татгалзсан. Мөн оффшор данстай нь холбогдуулан С.Баярцогтын ёс зүйн асуудлыг хэд хэдэн гишүүний санаачилгаар хэлэлцэж, улмаар тэрбээр дэд даргын албан тушаалаасаа татгалзсан түүхтэй.
Хуралдааны танхимд заамдалцсан Г.Баярсайхан, У.Хүрэлсүх хоёрын хэргийн талаар хэн ч гомдол гаргаагүй учраас хэлэлцээгүй өнгөрсөн юм даг. Хамгийн сүүлд Д.Гантулга гишүүнтэй холбоотой асуудлаар хуралдаж, тус дэд хороонд хохирогч болон түүний өмгөөлөгчөөс хоёр өөр гомдол, хүсэлт ирүүлснийг хэлэлцсэн. Улмаар уг хэргийг хуулийн байгууллага шалгаж байгаа гэдэг үндэслэлээр хохирогчийн гомдлыг хэлэлцэхээс татгалзаж, өмгөөлөгч “Веритас партнерс” фирмийнхийг л авч үзсэн. Өмгөөлөгч талын зүгээс “Гишүүн Д.Гантулга үүссэн асуудалтай холбоотойгоор Төрийн ордонд мэдээлэл хийсэн нь ёс зүйгүй үйлдэл” гэх агуулга бүхий гомдол гаргасан бөгөөд энэ талаар гишүүнээс өөрөөс нь тайлбар авахаар хаалттай хуралдаанаас шийдвэрлэсэн.
Харин Д.Гантулга гишүүн Ёс зүйн дэд хороонд “2017 оны долдугаар сарын 6-нд (Д.Гантулга гишүүн холбогдсон хэргийнхээ талаар Төрийн ордонд мэдээлэл хийсэн) сэтгүүлчдийн асуултад хариулсан нь хуулиар хориглосон, ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн үйл ажиллагаа биш” хэмээн тайлбар ирүүлсэн бөгөөд үүний мөрөөр ямар ч арга хэмжээ аваагүй. Энэ мэтчилэн гишүүдийн ирц, идэвх, биеэ авч яваа байдлаас авахуулаад бие биенээ хэл амаар доромжлох, нударга зөрүүлэх, илт ашиг сонирхлын зөрчил гаргах, Төрийн ордон, хуралдааны танхимд архидан согтуурах, агсам тавих зэрэгт хөндлөнгөөс хэвлэл, олон нийт шүүмжлээд өнгөрөхөөс цаашгүй хэрэг, явдал цөөнгүй ч хэлэлцэж, шийдвэрлэсэн нь бараг үгүй.
Уг нь УИХ-ын гишүүд өөрсдөө болон иргэд гомдол гаргасан, хяналт шалгалтын явцад хэлэлцэх шаардлага гарсан тохиолдолд тухайн гишүүний ёс зүйн асуудлыг хэлэлцдэг байсныг өнгөрөгч парламентын үед шинэчилж, Ёс зүйн дэд хорооны гишүүд шаардлагатай гэж үзвэл авч үздэг болоод буй. Тэгсэн хэдий ч чанарын ахиц гарсангүй. Ёс зүйн дүрэмтэй болох гэж 10, түүнийгээ батлаад даруй 10 жил өнгөрч буй атал түшээд нь улам бүр ёс зүйгүй болж байна. Нөгөө “Сахил хүртээд шал дордов” гээч нь л энэ байх. Үнэндээ парламентаас парламентад ёс зүйгээ гээж буй гишүүдийг гадаадынхантай жишиж, харьцуулах ч хэрэг алга.
УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн хүрээнд түшээдийн албан ажлын ёс зүйг илүүтэй хангуулахыг зорьдог гэдэг. Гэхдээ албан ажлын байтугай хувь хүний ёс суртахуун, хүмүүжлийн хувьд доголдолтой хүмүүс энэ парламентад цөөнгүй буй нь асуудал. Анх Ёс зүйн дүрэм батлах гэж бөөн юм болж байхад тухайн үеийн гишүүдээс “Ард түмнээс мандатаа аваад ирсэн гишүүнийг ёс зүйн асуудлаар өөнтөглөх гэлээ” хэмээн эсэргүүцэх хүн цөөнгүй байсан гэдэг.
Угаас нийтээрээ ёс зүйн хэм хэмжүүрээ улам бүр алдаж буй Монголын нийгмийн тусгал парламент болж байх талтай. Тиймээс гишүүд нь дургүйдээ хүчгүй болгож буй дүрмийнх нь оронд хууль баталж албадахаас өөр арга алга. “Номыг нь сурахгүй бол номхныг нь сур” гэдэг. Номхон байж чадахгүй байгаа гишүүдэд ёс зүйн хувьд хийж болохгүй, хориглох зүйлсийг нь нэгбүрчлэн хуульчлаад өгвөл таарна. Ёс зүйгээ хувь хүний ухамсар, зөнгөөрөө зохицуулж чадахгүй бол хууль тогтоогчдыг хуулиар хүмүүжүүлэх гээд үзье.