Дээд боловсролын болон нийгмийн асуудлыг цогцоор нь шийдэх арга зам, гарц байгааг АШУҮИС-ийн хэрэгжүүлж буй бодлого харуулж байгааг сайшаан тэмдэглэх хэрэгтэй болжээ. Тус сургууль 2020 он гэхэд хотын захад буюу Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт бүрэн төвлөрсөн кампус сургууль болох гэж байна.
Бүрэн гэдгийг 10-аад мянган оюутан, 700- 800 багш, ажилчин гэж ойлгох юм. Анагаах ухааны, уламжлалт анагаахын, сувилахуйн, эм зүйн, нүүр ам судлалын зэрэг бүхий л чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг сургууль нь бүгд нэг дор очиж, сулрах долоон байрыг бүрэн бүтнээр нь төрд хүлээлгэж өгөх юм байна. Өдгөө босгож буй, 2016 оны наймдугаар сарын 1-нд барьж эхэлсэн сургуулийн байрны эхний хоёр барилгын гүйцэтгэл 95 хувьтай байгаа аж. Сургалтын эмнэлэг барих ажлыг мөн оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлсэн, өдгөө гүйцэтгэл 70 хувьтай явна. Ирэх долдугаар сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй. Энэ нь орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон эмнэлэг байх нь. Мөн манай улсад эмнэлгийн зориулалтаар барьж буй орчин цагийн анхны барилга гэдгээрээ онцлог. Эдгээрийн нийт өртөг 175 тэрбум төгрөг бөгөөд Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар санхүүжүүлж буй.
Кампуст оюутны байр барьж 2019 оны зургадугаар сард ашиглалтад оруулахад Арслантай гүүрний зүүн талын, тус бүрт нь 400 оюутан амьдардаг хоёр байр суларна. Сургуулийн байрыг бүрэн барьж ашиглалтад оруулснаар Улсын III төв эмнэлгийн ард байрлах Сувилахуйн сургуулийн 5300 ам метр талбай бүхий, дунд сургуулийн барилгын загвараар барьсан байрыг төрд тушаана. Түүний арын, 2800 ам метр талбайтай Эм зүйн сургуулийн байр, хажууханд нь байдаг “Цөм” лаборатори, бас Сүхбаатар дүүргийн 32-ын тойрог дахь 2800 ам метр талбай бүхий Эм зүйн сургууль, мөн 1600 ам метр талбайтай Шүд, эрүү нүүрний эмнэлгийн гэсэн долоон объектыг төрд өгнө. Энэ бүхний нийт талбайн хэмжээ 20 900 ам метр. Төр эдгээр байрыг хүлээж аваад сургууль, цэцэрлэг зэрэг шаардлагатай зориулалтаар ашиглах боломжтой.
АШУҮИС-иа дэлхийн их сургуулиудын адил хөгжүүлье, Азийн шилдэг сургууль болгоё, цөөн оюутныг чанартай сургаж, чадварлаг эмч мэргэжилтэн болгон төгсгөж байя, дипломыг Азид, улмаар дэлхийд хүлээн зөвшөөрдөг болтол сургалтаа сайжруулъя гэсэн зорилго, зорилтын хүрээнд шийдвэрлэн хэрэгжүүлж байгаа томоохон төсөл нь энэ бөгөөд амжилттай урагшилж буйд тус хамт олон урамтай байх болжээ.
Кампусын төслийг тус сургуулийн захирал, доктор, профессор Г.Батбаатар 2015 онд санаачилсан байна. Тэрбээр АШУҮИС-ийн нэр дээр нийслэлийн ИТХ-аас олгосон найман га газарт их сургуулийн цогцолбор байгуулъя, сургууль, эмнэлэг, оюутны байр, багш, ажилчдын орон сууц барьж, Монгол дахь их сургуулийн анхны кампусын загвар болгон бүтээн байгуулъя гэхэд сургуулийн Удирдах зөвлөл дэмжжээ. Шат шатанд багш, оюутнуудаар хэлэлцүүлсээр эцэслэн шийдвэрлэсэн нь ийнхүү хэрэгжиж буй юм байна.
Шинэ он гарснаар нийслэлийн замын түгжрэл харьцангуй багассаныг хэн хүнгүй хэлэх байх. Энэ нь их, дээд болон ерөнхий боловсролын сургуулиудын улирлын амралт эхэлсэнтэй холбоотой. Зам сэлүүхэн, хаашаа ч явсан хэдхэн минутад давхиад хүрчихээр ажил амжих нь хурдан, сэтгэл санаа өөдрөг байхад бухимдах юмгүй. Улаанбаатар хотын төвд МУИС, ШУТИС, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, АШУҮИС зэрэг хамгийн том, олон оюутантай сургууль байршдаг нь замын ачаалалд ихээр нөлөөлдөг талаар жил бүр ярьсаар, шүүмжилсээр ирсэн билээ. Тэгвэл бусад их, дээд сургууль АШУҮИС шиг нийслэлийн зах руу шилжих санаачилга гаргаж, түүнийг нь төрийн зүгээс дэмжиж, ажил хэрэг болгосоор байх аваас их хотын замын түгжрэл аажим саарч, утаа багасахад ч нэмэртэй байх нь. “Анагаах”-ын жишгээр их, дээд сургуулиудыг кампус хэлбэрээр зохион байгуулбал дээд боловсролын чанарыг сайжруулах асуудлыг шийдэх үйл явцыг нийслэлийн замын түгжрэл, утаа, агаарын бохирдол зэрэг нийгмийн асуудалтай хавсарган цогцоор шийдэх гарц болох бус уу.
АШУҮИС-ийн захирал Г.Батбаатараас кампусын дараагийн бүтээн байгуулалтуудыг хэрхэн хийх талаар сонирхож асуусан юм. Тэрбээр “Сургуулийн барилгын дараагийн хэсгүүдийг барих мөнгө хайж байгаа. Улсын төсвөөс өгнө гэж байгаа ч эдийн засаг, санхүүгийн хүндрэлээс болоод энэ удаа төсөвт олигтой хөрөнгө суулгасангүй. Ирэх есдүгээр сарын 1-нээс кампуст хичээл эхлүүлэх учраас оюутны байрыг яаралтай барих хэрэгтэй байгаа юм. Хөрөнгө хөөцөлдөж байна. Нийт 1200 оюутан, резидент амьдрах 24 давхар барилгын архитектур төлөвлөлтийн даалгаврыг аваад зургийг нь хийлгэсэн. Барилгын ажлыг энэ оны дөрөвдүгээр сараас эхлүүлэхээр болж байна. Оюутны байрыг өрөө бүрт бие засах газартай, шүршүүртэй, 40 хүүхэд нийлж хичээл хийх өрөөтэй байхаар төлөвлөсөн. Ер нь бид судалгаа маш сайн хийсэн л дээ. Саад гарахгүй, энэ эрчээрээ яваад байвал кампусыг бүхэлд нь 2020 оны эхний хагас гэхэд улсад бүрэн хүлээлгэж өгнө. Багш, ажилчдын байрыг оролцуулахгүйгээр 240 орчим тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт болох юм.
Энэ оны тав, зургадугаар сар гэхэд АШУҮИС-ийн 3000-аад оюутан хотын зах руу явдаг болно гэсэн үг. 2020 оны эхний хагаст кампусыг бүрэн ашиглалтад оруулбал ойролцоогоор 10-аад мянган оюутан, эмч нар, 700-800-гаад багш, ажилчин цогцолборт ажиллах орчин бүрдэнэ. Энэ хэмжээгээр хотын төвлөрөл саарна. Бид яагаад заавал 240 багш, ажилчны байр барих гээд байгаа юм бэ гэвэл нэгдүгээрт тэдэнд орон сууц хэрэгтэй. Хоёрдугаарт, хотын утаа гамшгийн хэмжээнд хүрээд байгаа энэ үед бид утаа үйлдвэрлэгч яндангуудаас 240-ийг хасмаар байна. Багш, ажилчид хашаан дотроос гарахаа байхаар машинаас үүдэлтэй хотын агаарын бохирдол тэр хэрээр багасна. Манай Нүүр ам судлалын сургууль саяхан болтол нүүрс түлдэг байлаа. Зориуд судалгаа хийлгэхэд тэр байр 30 айл гал түлэхтэй адил утаа гаргадаг болох нь тогтоогдсон. Бид энэ тухай мэдмэгцээ Захирлын зөвлөлөөр хэлэлцээд цахилгаан халаагууртай болголоо. Шинэ оны эхний өдрөөс цахилгаанаар халааж эхэлсэн, сайхан дулаан байна лээ. Ингээд манай нэг сургууль утаа “үйлдвэрлэгч” байхаа больсон. Энэ мэтчилэн нийслэлийн иргэн бүр, байгууллага болгон замын түгжрэлийг багасгаж, утаа бууруулах ямар санаачилга гаргаж болох вэ гэдэг дээр санаа оноо уралдуулж, хэрэгжүүлж байвал хамтын хүчээр үр дүнд хүрнэ. Түүнээс зуух тараагаад нэмэргүй. Айлууд утаа гаргахгүйгээр халаалтаа шийдэж болно. Наад зах нь нарны панель тавь л даа. Эрчим хүчний эко хэрэглээтэй байя” хэмээн ярьж, уриалж байна.
Доктор, профессор Г.Батбаатар энэ сургуульд оюутан, багш, тэнхимийн эрхлэгч, салбар сургуулийн захирал байсан бүхий л он жилүүдэд сургуулиа дэлхийн томоохон сургуулиуд шиг болтол хөгжүүлэх сэн гэж бодож явжээ. Хүрд эргүүлэх боломж олдсон гээд хэлчихэд буруудахгүй байх, 2013 онд их сургуулийн захирлын ажил хүлээж авснаас хойш хоёр хоногийн дараа Япон улсаас манай улсад сууж байсан Элчин сайд Такэнори Шимизүтэй уулзаж “Анагаахын сургуулийг шинэчлэх хүслээ биелүүлмээр байна. Төсөл бичье, санхүүжилт олох талд дэмжинэ үү” гэж хэлснээс хойш нэг ч өдөр алгасалгүй хөөцөлдсөөр, замд нь санаагаа өргөжүүлж тэлсээр өнөөдөртэй золгожээ. Санаж явахад бүтнэ гэдэг энэ буюу.
Улсын том их сургуулиудын нэг АШУҮИС-ийн хамт олон бүтэц бүрэлдэхүүн нүсэр, ажил их гэж зүрхшээлгүй, сайхан ирээдүйн төлөө зоригтой, тууштай ажиллаж байгаа талаар мэдээллээ. Бусад их, дээд сургууль эднийхээс үлгэр авч, дээд боловсролын чанарыг сайжруулах ажлыг нийгмийн асуудлыг шийдэхтэй хослуулан зүтгүүлээд байвал мөдхөн дэлхийн жишгийн хэд хэдэн кампус сургуультай, хотын зам түгжрэлгүй, утаа тортог бага, иргэд бухимдалгүй, жинхэнэ утгаараа мөрөөдлийн нийслэлтэй болмоор санагдав.