Гуч дахь Ерөнхий сайд томилогдоод 100 хоног өнгөрч байна. Төр, засгийн тэргүүн албаа авснаас хойших 100 хоногтоо хэрхэн ажилласнаар нь тухайн Засгийн газар хэр ажил хэрэгч, зоримог байхыг урьдчилан дүгнэдэг жишиг дэлхий нийтэд бий. Бодлого, зорилт нь бүрэн тодорхой болж, түүндээ хүрэх эхлэлээ тавьж, зарим ажлынх нь үр дүн гарахад хангалттай хугацаа гэж үздэг тул цаашид уг Засгийн газраас юу хүлээхээ баримжаалдаг ч гэж болно.
Төр, засгийн тэргүүний ажлын эхний 100 хоногийг тоолон, үр дүнг нь тооцох эхлэлийг ажилгүйдэл нь 25 хувьд хүрч, ядуурал зах замбараагаа алдан, эдийн засаг нь туйлдаа хүртэл хямарсан 1933 онд АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Франклин Рузвельт тавьсан гэж үздэг.
Гэхдээ тэр тухайн үед өөрөө ч үүнийгээ мэдээгүй гэдэг. Нүүрлэсэн хямралыг давахын тулд бүх боломжоо дайчлан ажиллаж, богино хугацаанд 15 чухал хууль санаачлан батлуулж, иргэдээ ажилтай, орлоготой болгох зоримог арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсэн нь АНУ-ын ирээдүй гэрэлтэх эхлэл тавьсныг, энэ бүх ажлыг 100 хоногийн дотор л амжуулсныг хойч үе нь хожим нь дурсаж, Франклин Рузвельтийн нэр түүхэнд мөнхөрсөн талаар уншиж байв. Ингээд л дэлхийн олон орны төр, засгийн тэргүүнүүд 100 хоногт юу хийж, ямар ажил эхлүүлж чадахаа сорьдог жишиг тогтжээ.
Манайхан харьцангуй хожуу буюу энэ зууны эхээр үүнийг нэвтрүүлсэн. Манай богино настай Засгийн газруудаас хамгийн үр бүтээлтэй ажилласан нь гээд хэлчихэд хэтийдэхгүй Н.Алтанхуягийн Засгийн газар 100 хоногийн дотор бодлогын гол гол ажлуудаа эхлүүлж, тэр нь чамлахааргүй амжилт дагуулсан байдаг. 21 аймгийг Улаанбаатартай хатуу хучилттай замаар холбох, нийслэлийн түгжрэлийг багасгах, замын зорчих урсгалыг нэмэгдүүлэх, нийслэлийн зам харгуйг сайжруулах “Гудамж” төсөл хэрэгжүүлэх, Улаанбаатар болон аймгуудад 1000 айлын орон сууцыг барих бодлогоо иргэдэд танилцуулж, шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлсэн байж.
Сайн, муугаар хэлэгддэг ч эдгээр нь ойрын жилүүдэд Монгол Улсад хийсэн хамгийн дорвитой бодит ажил болж үлдсэн юм. Мөн Н.Алтанхуягийн Засгийн газар 100 хоногтоо нүд, чихээ нээж, иргэдээс мэдээлэл аван, санал гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг эргээд мэдэгдэх “11-11” төв ажиллуулж, яамд болон орон нутгийн удирдлага, гадаадад ажиллаж буй Элчин сайд нартай “Хяналт, хариуцлага, хэрэгжилт” цахим хурлыг тогтмол хийдэг болсон байв.
100 хоног нь ажил хийе гэсэн хүнд бага хугацаа биш гэдгийг батлах гэж дээрхийг дурдаад буй хэрэг. Харин 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүх томилогдсоноос хойших 100 хоногтоо юу хийж амжуулав. Энэ хугацаанд Монгол Улсад юу өөрчлөгдсөн бол. Цаг хугацааны дарааллаар харвал Отгонтэнгэрт уулчид осолдож, улс маань Европын холбооны хар жагсаалтад бүртгэгдсэн, төсвийн орлого бүрдүүлэх гол эх үүсвэр болох нүүрсний экспорт гацаанд орж, утаа, татварын асуудал боссон гээд таагүй үйл явдлууд шинэ Ерөнхий сайдыг сорьсон. Дурлаж авсан албанаасаа халширч зугтаалтай биш, энэ бүхний ард гарч, чадаж гэмээнэ хамгийн сайнаар шийдэхийн тулд тэр зүтгэж л байгаа байх. Гэвч одоогоор энэ гээд хэлчих тодорхой үр дүн гарч эхэлсэн ажил ховор.
Өмнөх Засгийн газар улс орноо хямралаас гаргаж, эдийн засгаа өөд татах тодорхой бодлогогүй гэсэн шүүмжлэл сонссоор огцорсон. Энэ удаагийнхад ч тэр бодлого нь байгаа, эсэхэд эргэлзмээр санагдана.
Өнгөрсөн оны аравдугаар сарын 4-нд Ерөнхий сайдаар томилогдоод хэлсэн үгэндээ У.Хүрэлсүх “Би эдийн засгаа хямралаас гаргаж сэргээсэн, ард түмнийхээ амьдралыг дээшлүүлсэн, сахилга дэг журмыг тогтоосон, авлига, хээл хахуультай хатуу тэмцсэн, буруутанд хариуцлага тооцож чаддаг Ерөнхий сайд байх болно. Манай Засгийн газар нийгмийн шударга ёсыг сэргээнэ.
Мэргэшсэн төрийн албыг жинхэнэ утгаар нь бэхжүүлнэ. Сахилга хариуцлагыг чангатгаж, дэг журмыг тогтооно. Энэ цаг мөчөөс эхлэн Засгийн газрын бүх түвшинд, төрийн албаны бүх шатанд зөвхөн хууль дээдлэх зарчим, өндөр ёс суртахуун баримталж ажиллахыг би хатуу шаардана.
Газрын доорх баялаг Монголын ард түмний өмч байх ёстой. Энэ баялгаас Монголын ард түмэн бүгд хүртэх учиртай. Газрын доорх баялгаа газрын дээрх баялаг болгохын төлөө ажиллана. Бид уул уурхайн салбараа хөгжүүлэхийн зэрэгцээ хөдөө аж ахуй, газар тариалан, эрчим хүч, аялал жуулчлал, мэдээллийн технологи зэрэг эдийн засгийн тэргүүлэх салбараа зоригтой гаргаж ирэх цаг болсон. Тэр тусмаа хүн ардаа эрүүл, аюулгүй хүнсээр бүрэн хангаж, цаашид хүнс экспортлогч орон болохын төлөө ажиллана.
Хөгжлийн гарцад түүчээлсэн аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдээ дэмжинэ. Бизнесийн орчноо ээлтэй болгоно. Хийж бүтээе гэж зүтгэж байгаа хэнийг ч болов төрийн аливаа хууль бус дарамт шахалтаас миний бие өмгөөлөн хамгаалах болно” гэсэн. Энэ нь түүний дэвшүүлж буй зорилго болов уу гэж таамаглавал эдгээрээс алийг нь ч ажил хэрэг болгох алхмыг 100 хоногт хийсэнгүй. Гэхдээ энэ нь өнгөрсөн хугацаанд юу ч хийхгүй гар хумхисан гэсэн үг биш шүү.
БҮХ НИЙТЭЭР УТААТАЙ ТЭМЦЭХИЙГ УРИАЛЛАА
Ерөнхий сайд гэр хороололд гурвантаа ажиллаж, утаатай танилцсан бөгөөд бүх нийтээрээ утаатай тэмцэхийг уриалав. Жил бүрийн өвөл, Засгийн газар болгоны ярьдаг агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрээд буйг хүн бүр эд эсээрээ мэдэрч буй энэ үед түүний ажил зарим нэгэнд тун цагаа олсон мэт, заримд нь огт хэрэггүй мэт санагдсан биз. Түүнээс өмнө олон хүн утаатай танилцаж, энэ нийтийн дайсантай бүх нийтээрээ тэмцэхийг уриалсан шүү дээ. Тиймээс шинэ Ерөнхий сайд шууд л ажилдаа ороход болох байв.
Утаатай тэмцэх ажлын хүрээнд Засгийн газраас сургууль, цэцэрлэгүүдэд агаар шүүгч суурилуулах, нийслэлд ирэх шилжилт хөдөлгөөнийг 2020 он хүртэл зогсоох, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг амраах зэрэг шийдвэр гаргаж, утаа бууруулах технологийн үзэсгэлэн Төрийн ордонд дэлгэв. Энэ бүхний эцэст утаатай тэмцэх технологийн шийдэл дундаа нөгөө л “утаагүй” зуухаа оруулсаар байгаа нь урам хугалж буй. Танхимын сайд нь “Өмнө тараасан зуухнууд манай орны онцлогт тохироогүй” гэж яриад сууж буйгаас харвал энэ Засгийн газрын утаатай хийх дайнд “утаагүй” зуух “манай орны онцлогт тохирсон” гэх тодотголтойгоор оролцох нь.
ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙГ ШИНЭЧЛЭХЭЭР ХАНЦУЙ ШАМЛАВ
Олон жил ярьж, нийслэлчүүдийн ужгирсан асуудал болоод буй Төв цэвэрлэх байгууламжийн асуудлыг бүрэн эрхийнхээ хугацаанд шийдвэрлэхээ мэдэгдэв. Үүний дагуу Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих асуудлыг судалж, саналаа танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханаар ахлуулан байгуулсан. Ажлын хэсгийн боловсруулсан саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр Төв цэвэрлэх байгууламжийн шинэ барилгын ажлыг энэ оны хоёрдугаар улиралд багтаан эхлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шинэ цэвэрлэх байгууламжтай болсноор Улаанбаатар хотод амьдарч байгаа сая гаруй хүний ажиллаж, амьдрах таатай нөхцөл бүрдэж, хүрээлэн буй орчны бохирдол буурах юм. Нийслэлчүүдийн хувьд нэн тулгамдсан асуудал болоод буй цэвэрлэх байгууламжийг шинэчлэх санхүүжилтийг шийдсэн тул ажил хэрэг болох нь цаг хугацааны асуудал биз ээ.
“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”, “МОНГОЛРОСЦВЕТМЕТ” ХХК-ИЙН 49 ХУВИЙГ ТӨРИЙН МЭДЭЛД АВЛАА
ОХУ-ын Засгийн газрын эзэмшлээс “Монголын зэс” ХХК-д шилжсэн “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид буцааж авах шийдвэр гаргалаа. 49 хувийг эзэмшиж байсан талд 400.27 сая ам.доллар төлснийг УИХ-ын 23 дугаар тогтоолын дагуу харилцан суутгал хийж шийдвэрлэхээр болсон тухай Сангийн сайд мэдэгдсэн.
Дээд шүүхийн шийдвэрийг үл хэрэгсэн гаргасан Засгийн газрын энэ шийдвэрийн зөв, бурууг олон улсын шүүх тогтооно. Засгийн газар, хувийн хэвшлийн хооронд хоёр жил үргэлжилсэн маргаан хаана хүрч дуусахыг таашгүй.
У.Хүрэлсүхийн Засгийн газрын өнөө цагт өрнүүлж буй арай бодитой ажлууд нь энэ.
Өнгөрсөн хугацаанд Засгийн газраас олон шийдвэр гарчээ. Тэдгээрийн олонх нь олон нийтийн анхаарлын төвд байгаа, хүлээлт үүсгэсэн асуудлаар, цаг зуурын шинжтэй, тухайн үедээ л “Болоо ш дээ” гэгдээд өнгөрөөхөөр зүйл байх аж. Тусгай дуут гэрлэн дохионы хэрэглээг цэгцлэх, Шүүх эмнэлгийн шинжилгээний журамд өөрчлөлт оруулж, хүүхдээс төлбөр авахыг болиулах, тусгай зөвшөөрөл, лиценз олгох ажлыг ил, тод нээлттэй болгох зэргийг Засгийн газар шийдсэн нь сайн хэрэг. Гэхдээ эндээс У.Хүрэлсүхийн бодлого гээд хэлчихээр даацтай, далайцтай, монголчуудын хүсэн хүлээж буй хөгжил дэвшилд түлхэц өгөх зүйл харагдахгүй. Түүний Засгийн газарт бодлого бий гэхэд эргэлзмээр гэсний учир энэ.