Лүндэг эмгэн ганц хүүгийн хамт тарчиг амьдарна. Хүү Зэрэм нь бусдын адил биш, эрэмдэг хэдий ч тарвага, зурамхан гөрөөлөн түүгээрээ амь зогооно. Угаас дуу цөөтэй, нас биед хүрсэн хүүгээ хэрхэн хагсарч явааг эх нь харсан ч яах учраа олохгүй. Санамсаргүй тохиолдлоор Зэрэм Хүрээнд наймаа хийж явах зуураа Номоо гэх солиотой, тэнүүлч хүүхнийг бусдад бузарлуулахаас аврах аж. Ухаан дутуу тэр эм Зэрэмийг дагаж явсаар тэдний гадаа ирж, хэд хоногийг золбин нохой мэт өнгөрөөв. Энэ үед Лүндэг эмгэнд адын гэмээр нэгэн бодол төрсөн нь ганц хүүгийнхээ удмыг таслалгүй авч үлдэхэд Номоог ашиглах байв. Өнгөрсөн сарын 29-нөөс үзэгчдэд хүргэж эхэлсэн “Солиот эх” уран сайхны киноны үйл явдал ийн өрнөнө.
Хятадын зохиолч Ван Хэн Жигийн “Солиот эх” өгүүллэгээс сэдэвлэсэн эл бүтээлийн продюсероор “Х ТҮЦ” продакшны захирал Н.Онон ажиллаж, Гавьяат жүжигчин И.Одончимэг найруулжээ. Уг кино нь уянгын боловч мөн чанартаа хайрын тухай бүтээл юм. Хайр агуу, тэр тусмаа эхийн хайр юу юунаас хүчтэй. Ямар ч хахир хатууг зөөллөж, эргүүлж чадах хүч хайранд л оршдогийг харуулжээ. Эмэгтэй найруулагчийн торгон шийдэл л ийм нандин мэдрэмжийг үзэгчдэд хүргэж чадна. Сэтгэл түгшиж, өр өвтгөм үйл явдал, хурц өрнөл, утга санааны огцом эргэлттэй үзэгдлүүд нь үзэгчдэд дэлгэцнээс хараагаа салгах боломж олгосонгүй.
Тод хөврөх үйл явдлууд дундаас дараа нь хэрхэн үргэлжлэхийг, зангилаа нь хэрхэн тайлагдахыг урьдчилан таамаглах боломжгүй байв. Харин ч “Одоо яах бол. Эвий дээ, яана даа” гэж киноныхоо “дотор орж”, “хүлэгдсээр” 140 минутыг өнгөрөөв. “Энэ хүүхнийг хүүхэдтэй болгочихсон байхад хэн, юу хэлэх вэ дээ” хэмээгээд Лүндэг эмгэн эрс шийдэж, хүүгээ үлдээгээд гэрээсээ гарч буй хэсэг, төрүүлсэн хүүг нь өөрөөс нь харамлан, солиот эхийг золбин нохой шиг хөөж буй үзэгдэл, Номоо нялх хүүхдээ хулгайлан, зах хязгааргүй хүрмэн чулуун дундуур хөл нүцгэн туучин зугтаж, түүний араас Зэрэм хэрхэн нэхэж байгааг, хэдий ухаан дутуу ч хүүгээ харамлан хайрлаж, өлсгөлөн чонын өөдөөс галзууран хашхирч байгаа хэсгийг энд дурдаж болно.
Гол дүр болох солиот эх Номоод Гавьяат жүжигчин И.Одончимэг, Зэрэмд Т.Бархүү, Лүндэг эмгэнд Гавьяат жүжигчин Д.Цэрэндарьзавыг тоглуулсан нь “нүдээ олсон” шийдэл байв. Ардын жүжигчин Б.Дамчаа агсны “Сэрүүн дуганы мөхөл” кинонд тоглон уран бүтээлийн гараагаа эхэлсэн И.Одончимэг өдгөө ч тайз, дэлгэцийн уран бүтээлийг чадмаг хослуулан ажиллаж, Монголын цөөхөн эмэгтэй найруулагчийн нэг болоод буй. Түүний “Солиот эх”-д бүтээсэн дүр нь сэтгэлийн нарийн мэдрэмж, зөрчлийг харуулах, ёстой л жүжигчин хүний шандас сорих дүр байв. Тэрбээр торгон мэдрэмж, эгзэгтэй агшнуудыг элдэв хэтрүүлэггүй, давс хужрыг нь яг тааруулах мэт донжийг нь олж тоглосон нь аргагүй авьяастайнх.
Кинонд Номоогийн эл дүр уянгын халил нэмж байсан бол Зэрэм эсрэгээр хэт уянгалахыг хазаарласан дүр байв. Хүйтэн хөндий, дотоод зөрчилтэй, хөмхий зуусан уг дүр нь кинонд бодитой уур амьсгал бий болгож байлаа. Кинонд хэлгүй Номоо, дуу цөөтэй Зэрэм нарын харилцан яриа бараг гарахгүй. Гагцхүү жүжигчдийн чадварлаг тоглолт л үзэгчдийг кинонд автуулна. Харин зэрвэс харахад харгис гэмээр ч алсын хараатай Лүндэг эмгэнийг Гавьяат жүжигчин Д.Цэрэндарьзав амилуулав. Мөн л тайз, дэлгэцийн олон бүтээлээр үзэгчдийн сэтгэлд дүрээ мөнхөлсөн эл эрхэм далд утгатай, цөөн үгээр өөрийгөө илэрхийлчихдэг, сэтгэлийн хаттай, хатуу ээжийн дүрийг “тултал” гаргажээ. Туслах дүрүүд гол баатрыг улам тодотгож, үйл явдлыг хурцатгах хүндхэн үүрэг хүлээдэг.
Эл кинонд солиот эх Номоогийн төрүүлсэн Бороо хүүгийн бага насанд Г.Тэнүүн-Эрдэнэ, өсвөр насанд Г.Дөлгөөн-Эрдэнэ хэмээх ах дүүс тоглосон байна. Найруулагч, жүжигчин Б.Гарамхандын хөвгүүд мэргэжлийн жүжигчнээс ч дутахгүй сайн ажиллажээ. Тухайлбал, ээж гэдэг хүнийг мэдэхгүй өссөн зургаан настай хүү Бороо “Ээж чинь ирлээ” гэх баяртай мэдээ дуулаад догдлон гүйж иртэл санаанд ч багтамгүй зүстэй, ухаан дутуу эм байхыг хараад “Энэ миний ээж биш” хэмээн гоморхож буй хэсэгт Г.Тэнүүн-Эрдэнэ ямар мундаг тоглоо вэ. Өсвөр насны Бороо солиотой эхээсээ ичиж, бачимдаж, дотроо хайрлавч гаднаа ил гаргаж чадахгүй шаналах сэтгэлийг Г.Дөлгөөн-Эрдэнэ чадварлаг илэрхийлжээ. “Х ТҮЦ” продакшны захирал Н.Онон “Киноны зохиол бэлэн болсны дараа 10-аад найруулагчид уншуулсан юм.
Тэднээс “Таны нүдэнд солиот эхэд хэн тохирохоор харагдаж байна вэ” гэж л асуухад бүгд И.Одончимэг хэмээн хариулсан. И.Одончимэг бид хоёр Д.Цэрэндарьзав эгчийг биширдэг. Анх киноныхоо зохиолыг бичиж байхдаа Лүндэг авгайн дүрд түүнийг л тоглуулна гэж шийдсэн. Завтай байгаасай, битгий л цааргалаасай гэж найдсан. Бидний саналыг хүлээн авч, тоглосонд их баяртай байна” хэмээв. Харин Зэрэмийн дүрд тоглуулахаар хэд хэдэн жүжигчинд санал тавьсан боловч тохиролцож чадаагүй аж. Ингээд Т.Бархүүд санал тавьжээ. Энэ талаар И.Одончимэг “Яагаад ч юм өөр хүмүүсийг л шалгаж, хайсан. Энэ дүрд яг тохирох, санаанд таарах жүжигчин олддоггүй ээ. Ингээд Т.Бархүүг дайчилсан даа. Одоо бодоход энэ сонголт харин ч нүдээ олжээ” хэмээлээ.
2010 онд “Болсон явдал” инээдмийн уран сайхны киног үзэгчдэд хүргэснээс хойш “Х ТҮЦ”-ийнхэн дэлгэцийн уран бүтээл туурвиагүй. Харин энэ удаа ээж хэмээх хариу нэхдэггүй ачтанг харуулах, хайрлуулах, бас амьдад нь баярлуулахыг ухуулсан бүтээл туурвилаа. Кино зохиолч, найруулагч М.Энхдалай “И.Одончимэг эгч эл киногоо арт хаус төрлөөр бүтээх гэж байсан ч багийнхантайгаа ярилцсаны үндсэн дээр энэ төрлөөр туурвисан гэдгээ дурдсан. Надад энэ шийдэл нь их зөв мэт санагдлаа. Кино зохиол, жүжигчдийн ур чадвар маш сайн байлаа. Өөлөх зүйлгүй сайхан бүтээл болжээ” хэмээсэн. Дашрамд дурдахад, зохиолч Ван Хэн Житэй эл өгүүллэгийг нь дэлгэцийн бүтээл болгох албан ёсны гэрээг “Х ТҮЦ-ийнхэн хийж чадсан байна. Н.Онон, И.Одончимэг нар хятад ахуй, хятад хүний тухай өгүүлэх уг зохиолыг 1900-гаад оны Монголын нийгэмд тун аятайхан “буулгажээ”. Сонирхуулахад, уг өгүүллэгээр бүтээл туурвих хүсэлтэй 47 орны уран бүтээлчид Ван Хэн Жид хандсан байдаг аж.
Киноны үйл явдал, зөрчил, өрнөлийг дуу хөгжим улам тодруулж, үзэгчдийг автуулдаг. Тус киноны хөгжмийг “Жонон” хамтлагийн гишүүн Б.Цогбаяр бичжээ. Түүний зохиосон хөгжим, хуурын аяс кинонд гайхалтай зохицож байсныг дурдъя. Мөн кинонд зориулан “Тэнгэр ээж минь өршөө” дуугаа Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ “Увертюра” хамтлагтай шинэчлэн дуулсан нь үзэгчдэд хамгийн их таалагдаж байв. Киноны зураг авах ажлыг “Black zebra” студи хариуцан ажиллажээ. Зургийг Архангай аймгийн Тариат суманд авч, Хоргын тогоо, эртний галт уулын лаваас тогтсон хүрмэн чулууд, Тэрхийн цагаан нуурын сав, Чулуутын хавцал зэрэг Монголын үзэсгэлэнт байгалийн дүрслэлийг дэлгэцнээ буулгасан нь элдэв эффект, график ашиглах шаардлагагүйгээр нүд баясгаж, сэтгэл хөдөлгөж байлаа.
Киноны зураачаар “Movie art” урлангийн зураач Н.Болор-Эрдэнэ ажиллажээ. Тэрбээр 1900-гаад оны аж байдал, хүрээ суурингийн худалдаачид, хөдөөний ядуу өрхийн навсархай оромж, тарвага туулайхнаар бор хоног залгуулах ядуу тарчиг амьдрал, монгол ахуйг тод, чадварлаг дүрсэлсэн байна. Түүнчлэн пост продакшн буюу өнгө шүүлт, дууны найруулгыг дэлхийн жишигт нийцүүлж бүтээжээ. Энэ нь тус киног олон улсын наадамд “сойх”-оор төлөвлөсөнтэй нь холбоотой аж. Киногоо орон нутгийн болоод гадаадад суугаа монголчууддаа үзүүлэх, олон улсын наадамд оролцуулах тухай төлөвлөгөө гаргаж буй тухайгаа продюсер Н.Онон хэлэв.
Хэт их үйл явдлаар сэтгэл “дарахгүй”, үзэгчдийг уйлуулах гэж хүчлээгүй нь найруулагчийн шийдэл болон жүжигчдийн тоглолт, дүрслэл, дүрүүдийн мөн чанарын тэнцвэртэй байдлаас харагдана. Түүнчлэн гол утга санаагаа тоочин ярих бус, дүрс, авианы аргаар илэрхийлэх зарчмыг сайтар баримталж, дүр бүр нь үг хэлээр бус, үйл хөдлөл, биеийн хэлэмжээр санаагаа тод гаргах эл бүтээл кино урлагт шинэ өнгө, утга нэмсэнийг дахин онцолъё. Харин эл киног үзэхдээ Номоогийн намагт шигдэж буй хэсэг болон хадан цохионоос унасан шалтгааныг илүү тод дүрсэлсэн бол, түүний чонотой тэмцэлдэж буйг илүү үзүүлсэн бол үзэгчдэд бүр ч таалагдах байсан даа гэж бодож суув.
Хэдийгээр ганцхан зуны турш зургаа авч, богино хугацаанд бүтээсэн ч киноны багийнхан үзэгчдэд хэлэх санаатай, сэтгэлд хоногшихуйц чанартай дэлгэцийн бүтээл урлаж чаджээ. Нээлтээ хийн, нийтэд хүргэсэн өдрөөс хойш кино театрын үзвэрийн танхим дүүрэн байж, үзэгчид ам сайтай, сэтгэл хангалуун байгаа нь тэдэнд тавьж буй дүн юм. Дашрамд сонирхуулахад, “Х ТҮЦ”-ийнхэн энэ онд уран бүтээлийн арвин олзтой байх аж. Тодруулбал, ирэх гуравдугаар сард “Алтан өндөг” уран сайхны киногоо үзэгчдэд хүргэх юм билээ.