Төв цэвэрлэх байгууламж урин дулааны улиралд үнэрээрээ улаанбаатарчуудыг утдаг болоод олон жилийг үдэв. Өчнөөн жил, хэр хэмжээнээсээ хэтэрсэн ачаалалтай ажилласан, “гал алдчихгүй” арайхийн тэсэж буй эл байгууламжийг шинэчлэхээс өөр замгүй гэдгийг өмхий үнэр нь байн байн сануулсаар. Тиймээс УИХ, Засгийн газраас анхаарал хандуулж, арга хэмжээ авч эхлээд байна. “Төв цэвэрлэх байгууламжийн шинэ барилгыг ирэх онд эхлүүлж, дөрвөн жилийн хугацаанд барьж дуусгана” гэж Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан өнгөрсөн сарын дундуур мэдэгдсэн юм.
Үүнтэй зэрэгцэн тус байгууламж ажиллаж эхэлснээс хойш өдий хүртэл хуримтлагдсаар байгаа лагийг хэрхэх тухай ярьж, холбогдох байгууллагынхан шийдэл олохоор ажиллаж эхэлжээ. Нийслэлчүүдийн хамрыг сэтлэх шахдаг өмхий үнэрийн голомт нь байгууламжаас гарсан хур лаг учраас нэн даруй боловсруулах, эсвэл устгах шаардлагатай болоод буй юм.
Төв цэвэрлэх байгууламж анхнаасаа л гаргасан лагаа бүрэн боловсруулах технологийн дамжлагагүй байсаар өдий хүрсэн. Нэгэнт боловсруулж чадахгүй учраас лагаа задгай талбайд ил хатааж буй нь үнэр ялгаруулах гол эх үүсвэр болсоор ирсэн билээ. Дэлхийн олон оронд лаг боловсруулж эрчим хүч, хий гарган авах технологи өдгөө түгээмэл дэлгэрч буй аж. Мөн бордоо болгох, шатааж устгах зэрэг арга ч байдаг гэнэ.
Тэгвэл манайхны 50 гаруй жил нөөцөлсөн лагаа боловсруулах эрэл хайгуул ямар шатанд явааг тодруулав. “Хуримтлагдсан лаг нэлээд том талбай эзэлж байгаа. Булах уу, ашиглах уу гэдэг шийдлийг хайж буй. 50-60 жил овоолсон лагийг зөөх маш хэцүү” гэж Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү мэдээлсэн юм.
“Өмхий үнэр хэрээс хэтэрлээ” гэх гомдол тус байгууллагынханд байнга ирдэг тул тэд 44 картанд байгаа лагийг хатаах, үнэрийг дарах ажлыг өмнө нь өөрийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн туршлагатай. Арай дөнгүүр үр дүнтэй нь лагийн талбайд модны үртэс цацан, ургамал тарьж ч үзжээ. Гэсэн ч төдийлөн үр дүнд хүрэхгүй, хур тунадас унахаар арай гэж хатаж байсан лаг норж, дахиад л лагийн үнэр хотоор нэг дэгдэж эхэлдэг юм байна. Тиймээс хур лагийг битүү саванд хадгалах юм уу, бүрэн боловсруулж ашиглах, устгах арга хэмжээ авах шаардлагатайг тус байгууллагын мэргэжилтнүүд санууллаа.
2016 онд болсон АСЕМ-ын үеэр гадаадын төлөөлөгчид ирэхэд нүүр улайхааргүй угтахын тулд Засгийн газраас Төв цэвэрлэх байгууламжийн лагийн үнэрийг дарах үүрэг холбогдох байгууллагынханд өгч байлаа. Үүний дагуу ШУА-ийн Физик технологи, Хими, химийн технологийн хүрээлэнгийн судлаач эрдэмтэд лагийг цэвэршүүлж, үнэрийг нь дарах биобэлдмэл гарган авсан байдаг. Биобэлдмэлийг Төв цэвэрлэх байгууламжийн 15 га талбайд цацсан нь нэлээд үр дүнтэй байж, хэсэгтээ л үнэр арилсныг иргэд санаж буй биз ээ.
Харамсалтай нь, АСЕМ дуусаад яваад төд удалгүй өнөөх “дайсан” буцан ирж, улаанбаатарчуудыг айлгаж эхэлсэн. Эрдэмтдийн гарган авсан уг бэлдмэлийг 2016 оны долдугаар сар хүртэл ашигласан бөгөөд түүнээс хойш санхүүжилт байхгүй гэдэг шалтгаанаар авахаа больсон учир үнэр дахин сэргэжээ. Эл ажил нь лагийн үнэрийг арилгахад чиглэсэн хамгийн томоохон бөгөөд үр дүнтэй алхам байв. Түүнээс өмнө болон хойш, өдийг хүртэл өөр гайгүй арга сэдээгүй. Манайхны лагтайгаа “тэмцсэн” түүх үүгээр л хязгаарлагддаг.
Тэгвэл өдгөө өмнөхөөсөө давсан, 600 000 шоо метр болтлоо “баяжсан” лагаа хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй байна. Уг асуудлыг шийдэх үүрэг бүхий ажлын хэсгийг Барилга, хот байгуулалтын яамнаас гаргажээ. Ажлын хэсгийнхэн шийдэл олох зорилгоор лагийг бүрэн боловсруулах арга чарга эрэн сурвалжилсаар байгаа гэнэ. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн сарын дундуур энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийж буй эрдэмтэн судлаач, холбогдох аж ахуйн нэгжүүдийг урьж, зөвлөлдөх уулзалт зохион байгуулжээ. Энэ үеэр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагынхан цөөнгүй санал, санаачилга танилцуулсан.
Тухайлбал, өмнө нь лагийн өмхий үнэрийг дарах санаачилга гаргаж байсан эрдэмтэд нэгдэн, бүтээгдэхүүнээ улам сайжруулжээ. Уг бэлдмэлийг гарган авсан эрдэмтэн Ж.Дугаржав “Бидний боловсруулсан энэхүү технологийг өнөөгийн цэвэрлэх байгууламжийн лагийг боловсруулахад ашиглан, шимт хөрс, бордоо гарган авч болно. Түүнийгээ газар тариалангийн салбарт болон ногоон байгууламж, цөлжсөн хөрсийг бордоход ашиглах боломжтой. Мөн шинэ байгууламж барьсны дараа ч дэвшилт технологийн, харьцангуй хямд, монгол эрдэмтдийн ур ухаанаар гаргаж авсан бэлдмэлийг хэрэглэж яагаад болохгүй гэж.
Учир нь биобэлдмэл зөвхөн үнэр дараад зогсохгүй, лагийн найрлага дахь хорт бодисуудыг устгадаг нь дотоодын болон олон улсын лабораториудын дүгнэлтээр нотлогдсон” гэв. Төв цэвэрлэх байгууламжийн хур лагийг байгальд булшилж хаяхгүйн тулд биобэлдмэлээр ариутган, цэвэршүүлээд, шимт хөрс үйлдвэрлэх зах зээл бийг ч тэрбээр тэмдэглэсэн юм. Үйлдвэрлэсэн хөрсөө хотын ногоон байгууламж, уул уурхайн нөхөн сэргээлт болон цөлжилтийн эсрэг тэмцэхэд ч ашиглах бололцоотой гэнэ.
Энэ мэтээр цэвэрлэх байгууламжийн хаягдлыг баялаг болгох цөөнгүй санал гарсан бөгөөд шууд шатааж устгана гэсэн санаачилга ч гарсан байна. Дотроо химийн янз бүрийн хорт бодис, олон янзын нян агуулдаг учраас лаг нь аюултай хог хаягдалд тооцогддог. Тиймээс байгаль орчинд, иргэдийн эрүүл мэндэд үзүүлэх хор нөлөөллийг арилгах хамгийн зөв санал, арга олох нь чухлыг ажлын хэсгийнхэн онцолно лээ. Шийдэл бий, эсэхийг, Улаанбаатарыг утаж буй хур лагийг цаашид хэрхэх шийдэлд хүрснийг БХБЯ-ныхан Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтнүүдээс тодруулахад “Ажлын хэсгийнхэн хэлэлцэж, ажиллаж байна. Урьдчилсан байдлаар хур лагийг дахин боловсруулж ашиглах боломжгүй, шатаах тухай ярьж байгаа. Гэхдээ эцсийн шийд одоохондоо гараагүй” гэсэн юм.