- Шатахууны үнэ нэмэгдэнэ –
“Чингис” бондын өрийн эхний төлбөрийг шилжүүлэх сүржин ёслолынхоо үеэр Ерөнхий сайд сүрхий мэдэгдэл хийсэн нь даржин хүлээлт үүсгэв. Тэрбээр Засгийн газар шатахуун импортлогчдод “Үнээ бүү нэм” гэж хэлж чадахгүй гэлээ. Уг нь шатахууны үнэ гэнэт өсөх нь эдийн засагт ямар аюултайг харуулсан 2012 оны гашуун туршлагаас хойш Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг хуралдаж байж шатахууны үнийг нэмэх эсэх, ингэхдээ хэдэн төгрөгөөр өсгөхийг тогтоодог болсон.
Гэтэл хоёр талын “тулаан” дуусах нь байтугай эхлээ ч үгүй байхад уг мэдэгдлийг хийснээрээ Засгийн газар шатахуун импортлогчдод санасан тоогоороо үнээ нэмэх эрхийг өгчих шиг боллоо. Уг нь хурлын үеэр шатахуун импортлогчид үнээ ахиухан өсгөхийг бодож, Засгийн газар ард иргэдийн нуруунд ачаа үүрүүлэхгүйн тулд бага хэмжээгээр нэмүүлэх гэсэн тохиролцоо явах ёстой. Монгол шиг хуйвалдааны аргаар үнэ тогтооход хялбар улсад шатахууны үнийг тогтворжуулж, эдийн засагт савалгаа үүсгэхгүй байх нь Засгийн газрын иргэдийн өмнө хүлээсэн үүрэг юм. Бидний авсан мэдээллээр ажлын хэсэг өчигдөр хуралдах байсан ч Сангийн яамныхны саналаар хойшилжээ.
Шатахууны үнэ нэмэгдэх сургаар худалдаа, үйлчилгээний төвүүдээс эхлээд жижиг мухлаг, цайны газар хүртэл үнэ, хөлсөө нэмдэг нь гэм биш, зан. Эдийн засгийн суурь ханш болдог шатахууны өсөлтийг дагаад тэдний үнэ мөн нэмэгдэх нь зөв. Гэхдээ Засгийн газрын шийдвэрийг далимдуулан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ үнийг үндэслэлгүй, хэт өндөр дүнгээр нэмсээр ирсэн нь нууц биш.
Жишээ нь, хос хөдөлгүүрт буюу приус машины импортоос огт татвар хураадаггүй байсан бол өнгөрсөн онд таван хувийн онцгой албан татвар авахаар болсон. Найман сая төгрөгийн үнэтэй машин импортолбол татвар нь 400 мянгаар нэмэгдэнэ гэсэн үг. Тэгвэл ченжүүд татвар хурааж эхлэхээс өмнө хос хөдөлгүүрт машины үнийг 1-2 сая төгрөгөөр нэмж, 2017 оныг үдэв. Зүй нь үнээ 400 мянган төгрөгөөр л нэмэх учиртай байсан. Ерөнхий сайдын мэдэгдлийн дараа юуны үнэ хэр нэмэгдсэн нь тодорхойгүй байгаа ч зөөлөн олбог дэвсчихсэн нь ойлгомжтой.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх тооцоололд үндэслэсэн тодорхой шийдвэр гарсны дараа уг мэдэгдлийг хийх ёстой байсан. Мөн уг нэмэгдлийг даган бараа бүтээгдэхүүний үнэ хэр хэмжээгээр өсөх магадлалтайг тооцоолсон мэдээллийг иргэд, аж ахуйн нэгжүүдэд өгсөн бол улам хөөрөгдсөн хүлээлт, айдас бус баримжаа болох байлаа. Тэр түргэн түүхий мэдэгдэл хийснээс болж, эдийн засгаа сөхрүүлэхээ шахсан анхны “гавьяатан” биш. Н.Баяртсайхан 2016 онд Монголбанкны ерөнхийлөгчөөр томилогдонгуутаа “Монгол Улсын валютын нөөц дууссан” гэж мэдэгдсэн.
Үүнийх нь “ачаар” ам.долларын ханш хоёр сарын хугацаанд 500 төгрөгөөр огцом өсөж, 2500-д хүрснийх нь гайг бид өнөө хүртэл үүрч явна. Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдах уу, эсвэл өөр зээл олох уу гэж ид ярьж байх үед алсын хараагүй Засгийн газар улс төрийн ашиг сонирхлоор эдийн засаг сүйрч байна гэж иргэдэд итгүүлсэн мэдэгдэл хийлгэж, ОУВС-гаас өөр сонголтгүй болгосон гэх хардлага ч бий.
Сульдаж уначихаад босох гэж ядаж байгаа эдийн засгаа түшдэггүй юм гэхэд амнаасаа унагасан хийгээрээ өшиглөж, сөхрүүлэхээ болиоч ээ. Амны зоргоороо ярьж сурсан Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Монголбанкны ерөнхийлөгч нарын үг эдийн засагт хүлээлт үүсгэн, иргэд, хөрөнгө оруулагчдын шийдвэрт шууд нөлөөлдөг учраас хариуцлагатай байх хэрэгтэй. Иргэдийн худалдан авах чадвар эрс унан, хоёр жилийн өмнө нэг өрхийг тэжээдэг байсан 1.5 сая төгрөгийн цалин өнөөдөр дундаж давхаргыг ч илэрхийлж чадахгүй байгаад сэтгэл хөдлөлд автсан мэдэгдлүүд буруутай. Ерөнхий сайд У.Хүрэлсүх та өнөө маргаашийн улс төрийн ашиг сонирхлоо харж, эдийн засгаараа тоглосон удаах мэдэгдэл хийчихлээ.