Улаанбаатар хотоос 300, Хэнтий аймгийн Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрээс 18 км зайд орших Баргилтын төмрийн хүдрийн ил уурхайг бид оны өмнөхөн зорьсон юм. Тус уурхай 2011 онд байгуулагдаж, зөвхөн хүдэр олборлож байсан бол 2014 оны хавраас хүдрийн баяжмал гаргадаг болжээ. 2017 онд нэг сая 880 мянган тн хүдэр олборлох төлөвлөгөөгөө тэд 100 хувь биелүүлсэн амжилттайгаар биднийг угтав.
“Техникийг амрааж болохгүй, хүнийг амраах ёстой” гэсэн уриатай хүдэр олборлогчдын нэг өдрийг сурвалжиллаа. Нэг хүний бус, нэг ээлжийн буюу тус үйлдвэрийн уулын хэсгийн 40, хуурай соронзон баяжуулах хэсгийн 15 ажилчныг сурвалжилснаараа энэ удаагийн “Нэг өдөр” онцлог юм.
06.00 цаг. Уурхайчдын ажил үүр хаяараагүй байхаас эхэлж, гэгээ тасарсны дараа л дуусдаг аж. Энэ цагт уурхайчид гэрээсээ гарч, 06.30-д ажилчдын автобусанд суугаад, Уулын баяжуулах үйлдвэрийн төв байранд очдог юм байна. Тэндээ хувцсаа сольж, 07.00 цагт Баргилтын уурхай хүрэх автобусандаа суув. Ажлын байрандаа хүрэхэд 20-иод км зам туулах учир зарим нь дугхийчихнэ.
Сайжруулсан замаар сүнгэнэх зуур бид уулын мастер А.Энх-Амгалантай танилцаж амжлаа. Тэрбээр уурхайтай амьдралаа холбоод 14 жил болсон бөгөөд Баргилтын уурхайд хоёр дахь жилдээ ажиллаж буй гэнэ. А.Энх-Амгалан мастер бидний сурвалжлах өглөөний ээлжийг ахлах бөгөөд энгийнээр бол тухайн өдрийн босс.
07.30 цаг. Уул мэт овоолсон шороо, 50 тн-ын даацтай “Хово” машинуудын гэрэл харанхуйд гялалзаж харагдах нь сүрдэм. Шөнийн ээлжнийхэн ажлаа хүлээлгэж өгөөд бидний ирсэн автобусаар Бор-Өндөр сумын төв рүү буцацгаав. А.Энх-Амгалан мастер уурхайчдыг нэгбүрчлэн бүртгэж, ажлыг нь хуваарилж, аюулгүй ажиллагааны зааварт гарын үсэг зуруулснаар тэдний нэг өдөр эхэллээ.
Баргилтын төмрийн ил уурхай хуурай соронзон аргаар 52, нойтон соронзон аргаар 65 хувийн агуулгатай баяжмал үйлдвэрлэж экспортолдог. Ингэхдээ эндээ хуурай соронзон аргаар, Уулын баяжуулах үйлдвэрийн төв байран дахь фабрикт нойтон аргаар баяжуулдаг аж. “Өрөмдлөг, тэсэлгээ, хөрс хуулалт, гадаад овоолго, авто тээвэр бүхий ашиглалтын систем манайд бий” гэж мастер онцлон ярив. Энэ систем нь дөрвөн үйл явцаас бүрддэг байна.
Уулын чулуулгийг ухахад бэлтгэх буюу өрөмдлөг тэсэлгээ хийх, тэсэлсэн чулуулгаа экскаватор ашиглаж ухаад, тодорхой зайд шилжүүлэн автосамосвалын тэвшинд ачих, шороогоо тээвэрлэж, хүдэр болон хөрсийг ялган овоолго руу зөөдөг юм байна. Нэг техник дээр дөрвөн хүн өдөр, шөнө ээлжлэн 12 цагаар ажиллана. Тэд ашиглалтын лицензтэй 132 га талбайд ажиллаж, хүдрээ баяжуулан нэмүү өртөг шингээн экспортолдог юм.
09.00 цаг. Шинэ оны өмнөх өдөр тус уурхайд очсон учир тэдний ажил ерөнхийдөө шувтарч, төлөвлөгөөт засвар нь эхэлжээ. Тэр дундаа төлөвлөгөөгөө давуулан биелүүлж, шагнуулсан учир он гартал ажилдаа санаа зовохгүй гэцгээж байв. Гэсэн ч А.Энх-Амгалан мастер хуваарилсан ажлаа шалгахын зэрэгцээ биднийг өрөмдлөг, хөрс хуулах, зөөх, хуурай соронзон баяжуулах хэсгийн ажилтай танилцуулсан юм. Оны өмнөх өдрүүдэд цасаар шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байсан. Үнэхээр л жавар тачигнаж, хүйтэн агаар нэвт үлээсэн жиндүү өдөр таарав.
“Уурхай орчимд сумын төвөөс илүү хүйтэн байдаг юм. Энд тэндгүй төмөртэй учраас аргагүй биз. Төмрөөр хайрч байгаа мэт болно шүү дээ. Чих, хуруугаа хөлдөөх нь энүүхэнд” гэж мастер хэлэв. Бид “Өрөм-3” буюу “СБШ-250-32 МНА” гэх өрөмдлөгийн машинд ажиллаж буй машинч Н.Насанбат, туслах машинч Э.Эрдэнэбаатар нарын ажлыг “тагнав”.
Энэ зуур А.Энх-Амгалан мастер “Төмрийн агуулгатай чулууг хүдэр гэнэ. Чулуулгаас төмрийг ялган, чулууг нь хаяснаар төмрийн агуулгыг нь ихэсгэж байна гэсэн үг. Металлургийн үйлдвэрт төмрийн баяжмалаас ширмээ гарган авч, боловсруулан ган болгож байна. Хангайн бүсэд шимт хөрсний үеийн зузаан их байдаг бол тал, хээрийн бүсэд бага, говийн бүсэд бүр бага байдаг. Үүнийг геологийн судалгаагаар тодорхойлдог. Манай уурхай цаашид найман жил ажиллах нөөцтэй гэдэг. Уурхайгаа бүрэн ухаж дууссаны дараа л нөхөн сэргээлт хийнэ дээ” хэмээн энгийнээр тайлбарлаж өгөв.
Мөн уурхайн эргэн тойронд өндөр даралттай хийнүүд бий учир аливаа тоног төхөөрөмжид дур мэдэн хүрэхгүй байхыг анхааруулсан юм.
10.00 цаг. Музейд хадгалуулмаар хуучирч элэгдсэн “УАЗ-469” машиныг чирч асаасны ачаар бид хөл дүүжлэх унаатай боллоо. Бүрэн хүчин чадлаараа ажиллаж буй үед уурхайн ойр орчимд цемент мэт нарийн ширхэгтэй тоос шороо бужигнаад хүн явахын эцэсгүй гэнэ. Гэсэн ч уурхайчид хүйтэн, халуун, тоостой шороотой бүхий л нөхцөлд ажиллахгүй гэх эрхгүй.
“Өрөм-3”-ын машинч Н.Насанбат тус уурхайд ес дэх жилдээ ажиллаж буй аж. “Өрөмдлөгийн үед гарч буй тоосыг усаар дардаг учраас хүйтэнд ус хөлдөхөөс эхлээд бэрхшээл мундахгүй” гэж тэрбээр ярив. Он гарангуут (2018) татвар нэмнэ гэсэн нь тэдэнд мөн дарамт болж байгааг ч дуулгана лээ. Түүний туслах Э.Эрдэнэбаатар уурхайд зургаан жил ажиллаж буй бөгөөд машинчтайгаа хамтран энэ өдөр 120 метр газар өрөмдөх даалгавартай. Одоогоор 30 гаруй метр гүн өрөмдсөн байв. Өрөмдөх явцад чичиргээ үүсдэг. Ийм нөхцөлд олон жил ажиллахад тулгуур эрхтэн болон сонсголд муугаар нөлөөлдөг гэнэ.
Мөн өрөмдлөгийн явцад үүссэн тоосжилтоос болж амьсгалын замын өвчтэй болдог аж. Ийм асуудал аль ч улсын ил уурхайд байсаар буйг тэд хэлсэн. Барууны өндөр хөгжилтэй орнууд ч өрөмдлөгийн машины чичиргээ, тоосжилтоос ажилчдаа 100 хувь хамгаалж чаддаггүй гэнэ. Уурхайдаа гүнийн худагтай бөгөөд хоногт хоёр тн ус хэрэглэдэг аж. Үүнийгээ усны тэргээр зөөвөрлөдөг юм билээ.
11.30 цаг. “Өнгөтэй шинэхэн байхдаа
Өргөний уурхайд ажиллаж
Жилдээ саяыг ачиж
Жинхэнэ шижигнүүлж явлаа
Баргилтын уурхайн хүдрийг
Барахгүй юм байна аа
Бригад, Баганууц хоёртоо
Баахан их, дасаж дээ
Техникийн консервацад очихоос минь өмнө
Тэтгэвэртээ гараад явчихав аа” хэмээн тус уурхайн даргын бичсэн шүлгийг “ЭКГ-5А” хоёрдугаар экскаваторын машинч, тэргүүний уурхайчин Д.Энхбаатар уншиж сонирхуулав. Тэрбээр энэ уурхайн хамгийн ахмад нь бөгөөд түүний барьж буй экскаваторт зориулсан дээрх шүлэгт дуртай гэнэ. Хамт олондоо “Бригад” хэмээн танигдсан тэрбээр 1995 оноос Бор-Өндөрийн уурхайд тасралтгүй ажиллаж буй аж.
“Шижигнэсэн залуустай ажиллаж байгаадаа бахархдаг. Уурхайчны хөдөлмөр хэдийгээр хүнд хэцүү ч сайн техник хэрэгсэл, сайхан хамт олонтой байхад алзахгүй. Хүйтэн, халууныг ажралгүй, баяр ёслолоор ч ажиллах нь уурхайчин бидний үүрэг юм даа” гэв. Зургийн аппарат царцаж, “УАЗ-469” машинаас бууж, суухад хүртэл голд хүйт орж буй ийм нөхцөлд ч тэд ажилласаар л. Түүний туслах Ө.Жамбалшанав хүйтнийг ч ажралгүй, биднийг ч тоолгүй экскаваторынхаа шүдийг гагнаад тун завгүй байв. Гагнуурын ажил дуусахаар ачилт хийх гэнэ.
13.00 цаг. Энэ уурхайд 60 хүрсэн ахмадаас эхлээд 18 настай “хүүхэд” хүртэл хүчин зүтгэх аж. Уурхайчид 12.00 цагт үдийн хоолондоо орох ёстой ч цайны газрынхан нь баярын амралтаа авчээ. Өмнөх өдөр нь цайны газар ажиллахгүйг сануулсан учир олонх нь гэрээсээ хоол авчирсан байв. Гэвч ээлж солилцох байранд л богино долгионы ганц зуухтай учир зарим нь царцсан хоолоо халуун цайгаар даруулаад идэхээс өөр аргагүй юм билээ.
Бид өрөмдлөгийн хоёр машины үйл ажиллагаатай танилцсаны дараа ээлж солилцох байранд ирэв. А.Энх-Амгалан мастер гэрээсээ авчирсан, үхрийн чанасан мах халаагаад, аяга халуун кофе уув. Голдоо хүйт ортлоо даарсан би халуун кофены ачаар амь орох шиг болсныг нуух юун. Гэтэл уурхайчид 24 цагийн ихэнхэд нь гадаа ажиллахын зэрэгцээ эвдэрсэн машин техникээ засаж сэлбэдэг аж.
Эднийх долоо хоногт нэг удаа тэсэлгээ хийдэг гэнэ. Энгийн найрлагатай тэсрэх бодисыг эндээ үйлдвэрлэчихдэг аж. Харин тэсэлгээний хэрэгслээ импортолдог юм билээ. Техник хэрэгслээ бол ихэнхдээ өөрсдөө засдаг гэсэн. Гагнуурыг Ш.Ганзориг хариуцдаг бөгөөд хаана гэмтэл гарна, тэнд бэлэн байх шаардлагатай нэг ёсны түргэн тусламжийн эмч шиг л шуурхай ажилладаг. Зайлшгүй тохиолдолд Улаанбаатар хотоос засвар, үйлчилгээний баг дууддаг гэнэ.
15.00 цаг. Уурхайн гол ажлын нэг нь яалт ч үгүй өрөмдлөг. Тиймдээ ч энэ уурхайд өрөмдлөгийн машин хэд хэд бий. Түүний нэг нь гар аргаар ажилладаг, уурхайчдын “нарийн мужаан”. Өрөмдлөгийн том машин орж чадахгүй газраар энэ авсаархан төхөөрөмж багтаж, их ажил амжуулдаг учир ийн нэрлэжээ. Гэтэл уг машины амин зүрх болох хийн шахуурга нь эвдэрчихэж.
Дээр хэлсэнчлэн уг уурхайнхны төлөвлөгөөт засварын ажил эхэлж, хүдэр баяжуулах үйл явц зогссон байсныг дахин сануулахад илүүдэхгүй биз. “Нарийн мужаан” хамгийн овор багатайн дээр бүтэц нь энгийн учир мэргэжлийн засварчид шаардлагагүй, өөрсдөө “эмчилчихдэг” юм байна. Харин төлөвлөгөөт бус завсарын үед мэргэжлийн баг хүч нэмдэг аж. Уг уурхайнхан сар бүрийн сүүлчээр ингэж бүх л техник хэрэгслээ “эрүүл мэндийн үзлэгт” оруулдаг.
16.10 цаг. 2015 онд авсан 50 тн-ын даацтай “Хово” машинууд нэгэн цуваанд орж хүдэр зөөж байлаа. Тэд 19.30 цаг хүртэл ажиллах юм байна. Бидний хамгийн эхэнд очсон “Өрөм-3” даалгавраа амжилттай гүйцэтгэжээ. Мөн нэлээд хуучирсан ч шинэхэн техникээс дутахгүй ажиллаж байсан “Өрөм-1”-ийн засварын ажил дуусаж, өрөмдлөгөө хийгээд эхэлжээ. Энэ үед гадаа ид хүйтэрсэн ч, тэд ажилласаар л байв. Уурхайчид өрөмдлөг, ачилт зэргээр өөрт ногдсон ажлаа дор бүрнээ гүйцэтгэх учир нэг биш, нэгэн ээлжийнхний ажлыг сурвалжлахад амаргүй байв.
Хэн нэгнийх нь ажлыг орхигдуулах ч гэмтэй. Энэ уурхайн бас нэг чухал албыг гүйцэтгэж буй, ээлжийнхэн дотроос ганц эмэгтэй нь Б.Энхтуул. Тэрбээр уурхайд хөл тавих болон гарах бүхий л машиныг жинлэж, даац хэтрүүлсэн нэгэнтэй нь хариуцлага тооцох ажилтай. “Манай жинлүүр дээр хоногт давхардсан тоогоор 200-300 машин гардаг. Ачаалал ихтэй өдөр үүнээс ч олширно. Дотоод журмын дагуу ачаа хэтрүүлэхгүй, дохио дуугарсны дараа орж, гарах ёстой” гэж тав дахь жилдээ ажиллаж буй жинлэгч оператор Б.Энхтуул ярив.
17.00 цаг. Хуурай соронзон баяжуулах цехэд очлоо. Тэд төлөвлөгөөгөө биелүүлсэн учир мөн л засвар, үйлчилгээ хийж байв. Ирэх оноо ажралгүй давахын тулд ингэж шамдан ажиллаж буй. Цехийн ээлжийн мастер А.Мөнх-Өрнөх, Ч.Од-Эрдэнэ нар “Манай цех ид ажиллаж байхад ирэхгүй. Бид хугацаанаас өмнө ажлаа дуусгаад төлөвлөгөөт зогсолт хийчихсэн байна” гэсээр угтав. Нургисан их цагаан шороон дундуур “туучсаар” тус цехийн ажилчдын байранд орлоо. Харин гадна талбайд хэсэг залуус төмөртэй “ноцолдсоор” байв.
Хацарт болон конусан зэрэг бутлуураар дамжиж, соронзтой хэсэг нь үлдэх маягаар олон үйлдлийн дараа хүдрийн баяжмалыг ялгадаг юм байна. Тус цехэд гурав дахь жилдээ ажиллаж буй А.Мөнх-Өрнөх “Дараагийн үйл ажиллагааг таслахгүйн тулд сар бүрийн эцэст төлөвлөгөөт засвар байнга хийдэг. Уурхайн хэсгээс гарсан хүдрийг боловсруулан эцсийн бүтээгдэхүүн болгон экспортолж байна. Хоногт 2000-2500 тн хүдэр боловсруулдаг. Одоо засварын ажилд хоёр ээлжийн 15 хүн ажиллаж байна. Хацарт бутлуурын хуяг элэгдсэнийг сольж байгаа. Манай цех 2017 онд төлөвлөгөөндөө хүрч ажилласандаа баяртай байна” гэв.
Харин Ч.Од-Эрдэнэ мастер “Хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагаа их чухал. Хувь хүний өөрийн анхаарал болгоомж ч үүнд нөлөөлнө. Ажиллаж байхад амны хаалт, нүдний шил тогтмол зүүдэг. Төмрийн хүдрийн үртэс жоншноос ч илүү хортой гэдэг юм билээ. Тиймээс бид шүүлтүүртэй амны хаалт зүүж байгаа” гэж ярив. Хор тайлах зориулалтаар тэдэнд чага мөөгний цай өгдөг гэнэ.
19.30 цаг. Шөнийн ээлжийн ажилчдын автобус ирэв. Өдрийн ээлжийнхэн машин техникээ арчиж, цэвэрлэн, хүлээлгэж өгсөөр 20.00 цаг хүргэлээ. Үүний дараа автобусандаа сууж, гэртээ 21.00 цаг өнгөрөөж харьсан юм. Тус уурхай анх жилд 150 мянган тн хүдэр олборлодог байсан бол 2017 оноос 1.9 сая тн болж огцом өссөн нь тэнд ажиллаж буй хүн бүрийн хүчин чармайлтын үр дүн.
Хүдэр хэмээх зүйлийг чулуулгаас ялгахад соронз чухал. А.Энх-Амгалан мастер нэгэн жижигхэн соронз авч чулуунд хүргэхэд тас хийтэл наалдав. Ингэж чулуу, хүдрийг хооронд нь ялгах бодит туршилт амжилттай болов. Хүдрийн чулуулаг харахад овор багатай хэрнээ барихад нэлээн хүнд юм билээ. Үүнтэй адил эл уурхайн татах хүч нь эндхийн ажилчид. Тэд байгалийн ямар ч нөхцөлд тушаал авсан цэрэг шиг л ажиллаж байна. Хэчнээн техник хэрэгсэл байлаа ч уул ухаж, ус цалгиасан уурхайчдын хөдөлмөрийг юутай ч зүйрлэшгүй.