Олимпын аварга болох мөрөөдөлтэй олон хүүхэд спортоор хичээллэж, хөлсөө дуслуулж яваа. Тэд бүгдээрээ олимпын аварга болохгүй, цөөхөн нь амжилтад хүрч, зарим нь багш, дасгалжуулагч, спортын зүтгэлтэн, үлдсэн нь маш сайн үзэгч, сонирхогч болж үлдэнэ. Манай сурвалжилгын баатар аль нь ч байж мэднэ.
Өрсөлдөөн дундаас үнэхээр авьяас чадвар, хүч чадалтай нь л тодорч гарна. Спортод үнэн сэтгэлээсээ дурлан хичээллэж буй мянга мянган хүүхдийн төлөөлөл болсон Мөнхбатын Пүрэвтунгалаг охин, түүгээр дамжуулаад XXI зууны Монголын хөдөөд хүүхдүүд хэрхэн өсөж торнин, сурч хүмүүжиж буй, тэдний хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүлэл ямархан байгааг харуулахаар “Медальд хүрэх зам” реалити сурвалжилгаа эхлүүлээд байна. Гол баатар маань Баянхонгор аймгийн “Эрдэм” ахлах сургуулийн 12а ангид сурдаг бөгөөд чөлөөт бөхөөр хичээллэдэг. Цуврал сурвалжилгын гурав дахийг таалан болгооно уу.
АЖИЛСАГ, АЧЛАЛТАЙ ОХИН
Эгч нь оюутан болоод нийслэл рүү явсан, гэртээ үлдсэн хүүхдүүдийн том нь болохоор М.Пүрэвтунгалаг дүү нартаа санаа тавьж, аав, ээждээ туслах гол хүн. Хичээл нь өглөө орно. Өвлийн улиралд 08.00 цагт үүр бүрэн цайгаагүй байх хэдий ч хоёр охин дүүтэйгээ хамт хичээлдээ явдаг учраас гудамжны ноход, үүрийн үнэгэн харанхуй тэднийг айлгаж чадахгүй. Хичээлээ тарж ирээд ус, түлш бэлтгэх, гал хөс түлэх, дүү нарынхаа хувцас хунарыг угааж, цэвэрлэх, хоол унд зэхэх гэх мэтийн гэрийн ажлаа амжуулаад бэлтгэлдээ явна. Түүний хувьд ихэнх өдөр ийм хэмнэлтэй өнгөрдөг.
Харин охин өдөр тутмын завгүй хэмнэлийнхээ завсар зайгаар гэр бүлийнхээ санхүүд нэмэр тус болох арга чарга сүвэгчилсэн нь нэг биш. Сар бүр 70 мянган төгрөгийн тэтгэлэг авахын тулд арван жилийн хичээл, чөлөөт бөхийн бэлтгэлийнхээ хажуугаар Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцаж, хувцас, хэрэгслийнхээ мөнгийг олдог байсан тухай нь цуврал сурвалжилгынхаа эхэнд өгүүлсэн. Хуруун чинээ охин нь арай л их ачаалал үүрч буйг мэдсэн даруйдаа аав, ээж нь болиулсан гэнэ. Харин одоо Пүрэвтунгалаг улирлын амралтаар ч юм уу, ачаалал бага үедээ цайны газарт туслах ажил хийдэг аж.
Зах, худалдааны төвүүдийн хөл хөдөлгөөн ердийнхөөсөө хэд дахин ихэсдэг баярын өмнөх өдрүүдэд Пүрэвтунгалагт ажлын байр бий болно. Эдгээр өдөрт ямар ажил хийдгийг нь сониучирхсан биднийг тэрбээр дунд захын (Аймгийнхан худалдааны төвүүдээ дунд, доод зах хэмээн ялгадаг) “Дурсамж” зоогийн газарт урив. Заасан газарт нь 11.00 цаг өнгөрөөгөөд очиход Пүрэвтунгалаг аль хэдийнэ ажилдаа орчихсон байлаа.
Арваад ширээтэй уг хоолны газрыг гол баатрын маань нагац эгчийнх нь бэр ажиллуулдаг. Олны хөлийн газарт байрладаг болохоор ч тэр үү, орон нутагт тэр бүр тааралддаггүй ачаалалтай, үйлчлүүлэгчдийн хөл тасардаггүй газар аж. Захын худалдаачид, үйлчлүүлэгчид, хот, хөдөөгийн аянчид өдрийн хоолоо идэхээр орж ирцгээнэ. Хүн орж ирэхэд захиалга авах, хоол, цайг нь зөөх, бохир аяга, тавгийг хурааж, угаах, төмс, ногоо арилгаж, хоол бэлтгэхэд туслах гээд Пүрэвтунгалагт ажил мундахгүй. Цай чинь дуусчихаж, халуун сав хоосон байна, цэвэр халбага, сэрээ алга, амны алчуур, шүдний чигчлүүр дөхүүлээд өгөөч гэх үйлчлүүлэгчид түүнд амсхийх чөлөө өгөхгүй.
Дунд захад лангуу түрээслэгчид бөөндөө ажлын байрандаа хооллохоор шийдсэн бололтой, 12 хүний хоол савлуулж авах захиалга ирэхэд Пүрэвтунгалаг порцны тогоочийн үүрэг гүйцэтгэв. Нэг удаа хэрэглэдэг цагаан саванд хачир, махыг тэнцүүлэн хийхдээ тун ч эвлэг, шалмаг хөдөлж, ахлах тогоочоос зэм сонсолгүй ажлаа дуусгаж буйгаас харвал тэр энэ ажилд зэгсэн даджээ.
“Дурсамж” зоогийн газарт хүн хүч дутсан, ачаалал ихтэй үед нь ийнхүү туслаад өдөрт 10 мянган төгрөгийн цалин авдаг гэнэ. Энэ мөнгөөр өөртөө хэрэгтэй зүйлийг авч, тэмцээн уралдаанд явахдаа зардалдаа нэмэрлэдэг бөгөөд заримдаа ээж, аавдаа өгдөг аж. Хүүхдүүдээ мөр бүтэн, гэдэс цатгалан явуулж, хүний зэрэгт хүргэх, амьдралаа өөрсдийн хүчээр болгох гэж чадлынхаа хэрээр зүтгэж байгаа ээж, аавдаа бага ч болов нэмэр болох нь охины хувьд том үйлс бүтээж буй мэт санагддаг биз ээ. Тэр ядарч түүртсэн шинжгүй ажлынхаа ард гарлаа.
ТЭДНИЙ ХӨЛС МЕДАЛЬ БОЛНО
С.Мөнхдуулдах багш “Амралтын өдөр тул бэлтгэлээ эрт эхлүүлнэ” гэсний дагуу 14.00 цагт ягаан зааланд очлоо. Өнөөдөр гүйлтийн бэлтгэлтэй аж. Хөдөө орон нутагт бүү хэл, нийслэл Улаанбаатарт ч гүйхэд тохиромжтой зам, талбай нүдний гэм билээ. Баянхонгор аймгийн чөлөөт бөхийн шигшээ багийнхан хүн, машины хөдөлгөөнөөс зайдуу, өөрсдөө хүнд саад болохгүй, хүн ч өөрсдөд нь саад болохгүй байхыг нь бодолцон аймгийн зах руу гарч, гүйлтийн бэлтгэлээ хийдэг аж.
Урин дулаан цагт, тэмцээний бэлтгэлээ эрчимжүүлсэн үедээ Номгон хайрхан өөд гүйдэг гэнэ. Говь, хангайн зааг дахь аймгийн төвийн урд дүнхийх эгц цавчим, хад асга ихтэй Номгон хайрхан бараа сүрээрээ ч, хэлбэр галбираараа ч эргэн тойрныхоо нэгэн жигд намхан уулсаас тод ялгарч харагдана. Нутгийнхан “Хэвтэж буй охин барын дүртэй” хэмээн тахиж шүтдэг, далайн түвшнээс дээш 2044 метр өндөрт өргөгдсөн уг уулын оройд чөлөөт бөхийн шигшээ багийн хүүхдүүд хэдхэн минутын дотор гүйгээд гарчихдаг гэж багш нь ярьсан.
Цас, мөстэй өвлийн улиралд аюулгүй байдлаа бодолцоод нам дор газар, Түйн гол дагуу гүйлгэдэг аж. С.Мөнхдуулдах багш хүүхдүүдээ жагсааж, гүйх команд өгөөд өөрөө машинаараа дагахаар болов. Байнга хүүхдүүдтэйгээ хамт бэлтгэл хийдэг дасгалжуулагч энэ удаа яавч хүүхдүүдийн хөл гүйцэхээргүй харагдах гэрэл зурагчин, бид хоёрыг бодоод ийм шийдвэр гаргасан биз. Харахад нэг их хурдлаагүй мэт боловч нэгэн хэмээр тасралтгүй гүйх хүүхдүүдийг бид мэтийн суугаа ажилд чөдөрлүүлж, хөдөлгөөний дутагдалд орсон хөшингө нөхөд бараадахгүй нь тодорхой.
Гүйж буй хүүхдүүдийн аясаар машинаа гэлдрүүлэх багш шавь нараа нэг бүрчлэн магтана. Тэр дундаа гараанаас бариа хүртэл цувааг толгойлсон хоёр охиныг онцгойлон “Манай Хонгорзул, Пүрэвсүрэн хоёр юм дуулгана даа. Охидоосоо энэ хоёрт их найдлага тавьж байгаа” гээд “Манай багийнхан бүгд хичээл зүтгэлтэй, сайн хүүхдүүд. Клуб байгуулагдаад зургаан жил болоход нэг ч өдөр бэлтгэл тасалж үзээгүй хүүхэд ч бий. Спортоор хичээллэж байгаа хүүхдүүдийн олонх нь амьдралын боломж тааруу байдаг. Ээж, аав нь салж, тусдаа амьдрал зохиогоод явчихсан, өөрөө энд айлд амьдарч, сар бүрийн 20 мянган төгрөгөөрөө амьжиргаагаа залгуулдаг хүүхэд ч манайд бий” хэмээн хуучиллаа. Харин манай сурвалжилгын гол баатрыг элэг бүтэн, ар гэр нь амин зуулгатай, санаа зовоох зүйлгүй хүүхдийн нэг гэж тодорхойлно билээ.
Хүүхдүүд Түйн голын зах даган гүйсээр эргэх цэгтээ хүрээд буцахад хөлс нь урсаж, уур цан савсуулан байв. 5-6 км орчим гүйгээд бэлтгэлийн байрандаа ирэхэд хүүхдүүдийн хөлс арчаад дийлдэхгүй урсаж, хөвөнтэй хүрэм нь нэвт норсон байлаа. Хүүхдүүд хурдаа өчүүхэн ч сааруулалгүйгээр бэлтгэлийн танхим руугаа гүйн орцгооно. Говь нутагт хангайнх шиг жавар тачигнахгүй ч өвөл цаг л болсон хойно жиндүүхэн байгаа тул хүүхдүүд нэвт норсон хувцсаа бушуухан солихоор яарах нь аргагүй. Бэлтгэлийн танхимд ороход түрүүчийн хүүхдүүд аль хэдийнэ хувцсаа солиод, норсныг нь хатаахаар пааран дээгүүр эгнүүлэн тавьсан байв. Танхим хөлсний үнэрээр дүүрчээ.
Тус баг одоо гуравдугаар сард болох залуучуудын, дөрөвдүгээр сард товлогдсон өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнийхээ бэлтгэлд ороод буй. Сурагчдыг нэг сар амраах шийдвэр гарсан, хүүхдүүд чөлөөтэй байгаа тул өдөрт хоёр удаа эрчимжүүлсэн бэлтгэл хийж буй аж.
ХУУЧИН ОНОО АМЖИЛТ ДҮҮРЭН ҮДЛЭЭ
Улирч одсон 2017 онд Баянхонгор аймгийн чөлөөт бөхийн шигшээ багийнхан чамлахааргүй амжилт гаргажээ. Улс, олон улсын томоохон тэмцээнээс багийн 13 хүүхэд медаль хүртсэн байна. Оны босгон дээр аймгийн Засаг дарга аймаг, орныхоо нэрийг улс болон тив, дэлхийн тавцанд дуудуулсан тамирчдад талархал илэрхийлж, урамшуулсны дотор Пүрэвтунгалаг маань багтжээ.
Тэр өнгөрсөн онд өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн юм. Багийн мотор, чирэгч болох С.Мөнхдуулдах багш нь салбарынхаа тэргүүний ажилтан цолоор шагнуулж, аймгийн шилдэг дасгалжуулагч, биеийн тамир, спортын шилдэг ажилтнаар шалгарсанд шавь нар нь баярлаж буйгаа илэрхийлсэн.