Дагтаршсан цасыг буталж, авто замын нуух (бордюр) орчмынхыг хамж, цэвэрлэх зориулалт бүхий боломжийн хүчин чадалтай механизмыг хоёр сая төгрөгөөр авч болно гэх. Шатахуунаар ажилладаг, боломжийн хүчин чадалтай тул ийм механизмаар цагт дунджаар гурван км замын цас, мөсийг өлхөн цэвэрлэдэг гэсэн.
Яг ийм төхөөрөмжийг Орхон аймгийн ЗДТГ-ынхан Хот тохижуулах газартаа авч өгчээ. Нийт 10 төхөөрөмж авахдаа орон нутгийн төсвийн хөрөнгөөс 20 сая төгрөг зарцуулсан байгаа юм. Үр дүнд нь тус аймгийн зам, талбайн үйлчлэгч нарын ажлын ачаалал 30 хувиар багасаж, дүн өвлийн хүйтэнд царилаар мөс бутлан, шүүрдэж зогсохоо больжээ.
Харин Улаанбаатар хотын зам, талбайн үйлчлэгч нар өнөө л царил, хүрз, сүх, шүүртэй нөхөрлөсөн хэвээр. Нэг хүн 0.5-1.2 км авто зам цэвэрлэдэг гэдэг нь ч бодит байдалтай нийцэхгүй. Баянхошуу, 21 дүгээр хороолол, Таваншар гээд алслагдсан хэсгүүдэд нэг хүнд 2-3 км зам ногдох нь бий. Уг нь зам талбайн үйлчлэгчдийг цас цэвэрлэх механизмтай болгочихвол нийслэл бүхэлдээ мөсөн гулгуурын талбай шиг байхаа больж, хүмүүс ч явганаас унаж бэртэхгүй биз.
Нийслэлийн Хот тохижилтын газар 700 ажилчинтай, тэдний тал нь зам, талбай цэвэрлэдэг аж. Нийслэлийг цэвэр цэмцгэр байлгах чухал үүрэгтэй тус газар ердөө 90 гаруй машин, механизмтай гэнэ. Тодруулбал, авто замын нуухны цасыг шүүрдэж, цэвэрлэдэг машин 19, хаягдал зөөдөг болон давс, бодис цацдаг 40 орчим машин байдаг ажээ. Харин үлдсэн нь явган хүний замын цасыг арилгах зориулалттай шүүрдэж, үлээдэг механизм аж. Харамсалтай нь, эдгээр техникүүд нь цас орсон даруйд л цэвэрлэгээнд гаргахад тохиромжтой болохоос дагтаршсан цасыг хуулах ямар ч чадамжгүй гэнэ.
Өнгөрсөн онд Хот тохижилтын газар 400 сая төгрөгөөр техник авчээ. 350 сая төгрөгийн өртөгтэй цас цэвэрлэх машиныг нийслэлийн төсвийн хөрөнгөөр авч өгсөн гэнэ. Харин Хот тохижилтын газрынхан өөрийн хөрөнгөөс 50 сая төгрөг гаргаж, БНХАУ-аас 18 ширхэг механизм захиалж авсан байгаа юм. Нэг бүр нь 2.7 сая төгрөгийн өртөгтэй гэсэн үг. Тэдний дөрөв нь цас үлээх, үлдсэн нь шүүрдэх зориулалттай гэнэ. Гэвч эдгээр төхөөрөмж ямар ч хэрэгцээгүй гэдгийг тохижилтын үйлчилгээний ажилтнууд хэлэв.
Тэдний хэлж буйгаар хотын төв болон шулуун замуудад цэвэрлэгээ хийдэг машин авто замын нуухны цасыг л цэвэрлэх чадамжтай гэнэ. Сүхбаатарын талбай дээгүүр “эргэлддэг” эл машиныг нийслэлийн иргэд цөм харсан биз. Харин өнөөх 50 сая төгрөгөөр авсан механизмууд нь эхнээсээ эвдрээд, хог болж байгаа аж. “Өмнөх дарга Д.Энхсайханы үед авсан цас үлээдэг төхөөрөмж манай газарт байдаг. Цас орсон даруйд түүгээр үлээлгэвэл бидний ажил бага зэрэг хөнгөрдөг.
Харин өнгөрсөн онд авсан 18 механизм ямар ч хэрэггүй. Удирдлагууд явган хүний замын цасыг цэвэрлэх зорилгоор худалдаж авсан юм билээ. Түүгээр цэвэрлэгээ хийхээр цас, хогоо хаа сайгүй цацчихдаг юм. Араас нь заавал хүн явж шүүрдэх болдог. Бас багагүй шатахуун зарцуулна. Шатахууных нь савыг дүүргэсэн ч сайндаа л нэг км зам цэвэрлэдэг. Хүн гишгэсэн цасыг шүүрдэж дийлдэггүй. Тэр нь эхнээсээ эвдрээд нэг бригад нөгөөгийнхөө төхөөрөмжийг гуйж хэрэглэдэг.
Сонсох нь ээ, сэлбэг нь ч байхгүй учраас засах боломжгүй гэсэн. Ажилчид ч тэднийг ашиглахгүй удаж байгаа. Харин нуухны цэвэрлээ хийх зориулалттай шүүртэй машин тэднээсээ хавьгүй дээр. Уг нь тэр машин зуны улиралд л зам, талбайн хог шүүрдэж, угаах зориулалттай юм билээ. Ер нь манайд дагтаршсан цас хуулах зориулалттай машин, механизм байхгүй. Үйлчлэгчид хүрзээр л цэвэрлэдэг шүү дээ” хэмээн Хот тохижилтын газрын эх сурвалж ярьсан юм.
Харин тус газрын орлогч дарга Н.Пүрэвжаваас эдгээр төхөөрөмжийг яагаад цэвэрлэгээнд ашиглахгүй байгааг лавлахад “Бага оврын цэвэрлэгээний механизмыг тууш замын цасыг цэвэрлэхэд ашигладаг. Өөрөөр хэлбэл, хотын зах хэсгийн цэвэрлэгээг ийм төхөөрөмжөөр хийдэг гэсэн үг. Хотынхоо төв хэсгээр шүүрдэж, соруулдаг машин явуулдаг юм. Эдгээр төхөөрөмж цөм шатахуунаар ажилладаг. Бид бригад тус бүрт шатахууны карт нээгээд өгчихсөн. Удахгүй цэвэрлэгээнд ашиглана.
Ер нь техник, хэрэгсэл эвдэрч л байдаг шүү дээ. Бид засаад ажиллагаанд оруулдаг. Энэ бол байдаг л зүйл. Бид хотын гудамжийг халтиргаагүй байлгахын тулд бүх хүчээ л дайчлан ажиллаж байна. Цас орсон даруйд цэвэрлэгээ хийчихээд давс, бодисоо цацдаг болчихсон. Иймэрхүү зүйлийг улстөржүүлэхээ больмоор юм” гэсэн бүрхэг тайлбар хэллээ. Эдгээр төхөөрөмжийг Хот тохижилтын газрын удирдлагууд сонгон шалгаруулалт зарлалгүй, дур мэдэн худалдаж авчээ. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхан “Бид энэ талаар мэдэхгүй. Хот тохижилтын газрынхан өөрсдөө шийдээд авчихсан юм байна лээ” гэхээс өөр хариулт хэлсэнгүй.
Шүүр, хүрзийг орлож, хүний хүч шаардахгүйгээр цас арилгах шинэ төхөөрөмжтэй болсноо өнгөрсөн онд тус газрыхан их л сүртэй “рекламдаж” байсан. Яг тэр үеэр нь нэгэн залуу дагтаршсан цасыг ховлох тэргэнцэр бүтээснээ хотын даргад танилцуулж, нэг бүрийг нь 150 000 төгрөгөөр нийлүүлэх боломжтой хэмээн хэлж байлаа.
Гэвч Хот тохижилтын газрынхан түүнийг нь голж, худалдан авах ажиллагаа явуулахдаа судалгаа, шинжилгээгүй, адаглаад Монгол орныхоо эрс тэс уур амьсгалтай цаг агаарын байдлыг ч бодолцолгүй ашиггүй төхөөрөмжүүд худалдан авчээ. Тиймээс оруулж ирсэн цас цэвэрлэгч машинууд нь өвлийн улиралд ашиглах боломжгүй болж, хэрэглээнээс хасагдах болсон гэнэ. Үүнд хариуцлага тооцох ёстой хүмүүс нь нүдэн балай, чихэн дүлий “Мэдэхгүй” хэмээн мэлзэж сууна.