“Монгол ньюс” компани энэ онд Монголын хэвлэл мэдээллийн салбарын шилдгийн шилдэг байгууллагаар тодорсныг манай уншигчид санаж буй биз ээ. Мөн “Өнөөдөр” сонины Х.Уянга Монгол Улсын 2017 оны шилдгийн шилдэг сэтгүүлч, Г.Аргуужин шилдгийн шилдэг гэрэл зурагчнаар шалгарсан. Хэвлэл мэдээллийн салбартаа үргэлж түүчээлж ирсэн “Өнөөдөр”-ийн хамт олон энэ жил өдөр тутмын сонины түүхэнд анх удаа 68 нүүр сонин эрхлэн гаргасан амжилтаар хуучин оноо үдэх гэж буй.
Түүнчлэн БАЛДОРЖ шагналын шилдэгт манай дөрвөн сэтгүүлч шалгарсан зэргээр дурдаад байвал нэлээд олон амжилтыг “Монгол ньюс”-ийнхэн 2017 онд бүтээсэн билээ. “Өнөөдөр”, “The UB Post” сонин, Unuudur.mn вэб сайт, “Монгол ньюс дюти фрий”, “Монгол ньюс хөтөч” компанийг эгнээндээ нэгтгэсэн “Монгол ньюс”-ийнхэн улирч буй оны амжилт, ололтоо дүгнэж цэгнэн, шилдгүүдээ тодруулахаар өнгөрсөн бямба гаригт “Улаанбаатар” ресторанд халуун ам бүлээрээ шинэ жилийн баяраа нижгэр тэмдэглэлээ. Энэ оныхоо эдгээр амжилтыг ирэх онд бататгаад зогсохгүй, давуулан биелүүлнэ хэмээн “Өнөөдөр” сонины ерөнхий эрхлэгч Б.Нандинтүшиг, нэгдүгээр орлогч эрхлэгч Б.Номинтүшиг нар баярын цэнгүүний нээлтийн үеэр онцолсон.
2017 онд манай хамт олон ард түмнийхээ үгийг эрх баригчдад хүргэх, төр, засгийн шийдвэрийг олон нийтэд уламжлах үүрэг, зорилгынхоо дагуу нийгэмд тулгамдаж буй олон асуудлыг хөндөж, өдөр бүр даацтай, шинэ нийтлэлүүдээрээ уншигч тантай уулзаж байсан. Ингэхдээ тухайн асуудлыг зүгээр нэг дурдаад өнгөрөх бус, түүнийгээ холбогдох байгууллага, албан тушаалтны сонорт хүргэж, шийдүүлэхийн тулд тууштай, шуурхай, шударгаар ажиллаж ирсэн. Тэр хэрээр бидний үг шийдвэр гаргах түвшнийхэнд хүрч, олон амжилтын суурийг тавьсан он байв.
Тухайлбал, “Өнөөдөр” сонины сэтгүүлч Х.Уянгын бичсэн, уул уурхайг дагасан сөрөг үзэгдлүүдийг газар дээрээс нь сурвалжилсан “Бөөнцагаан нуурын бөөн эмгэнэл” цуврал сурвалжилга бодит байдлыг бодлого тодорхойлогчдод хүргэн шийдвэр гаргуулж, уншигчдын талархал хүлээсэн. Уг сурвалжилгын мөрөөр холбогдох байгууллагынхан, орон нутгийнхан арга хэмжээ авч, уул уурхайнхны шунаж, “олзолсон” газрыг тусгай хамгаалалтад авсан билээ.
Мөн манай сэтгүүлч Ч.Болортуяа эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлыг хөндөн “Хамелеон эмнэлэг буюу А.Цогцэцэг сайдын хаялга”, “Элэгний вирус тоолох нэрээр таван тэрбумыг салхинд хийсгэжээ” зэрэг шилдэг нийтлэл туурвисан нь олны талархлыг хүлээсэн. Уг нийтлэлийн ачаар иргэд өдгөө хүссэн лабораторидоо очиж, элэгний вирусээ тоолуулах боломж бүрдсэн. Барьж авсан сэдвээ хаялгүй, тууштай хөдөлмөрлөж, үр дүнд хүргэхийн төлөө ажилласан, түүнийгээ ч биелүүлж чадсан дээрх хоёр сэтгүүлч “Өнөөдөр” сонины 2017 оны “Шилдэг бичлэгийн шагнал” хүртсэн юм.
“Өнөөдөр” сонины хамт олон Ц.Балдорж эрхлэгчдээ хүндэтгэл үзүүлж, энэ сарын 15-нд Монголд анх удаа 11 секц бүхий 68 нүүр сонин хэвлүүлсэн билээ. Уг сониныг эрхлэн гаргахад цөөнгүй хүний хүч хөдөлмөр шингэсэн бөгөөд бид нийтлэл, сурвалжилгаа бэлтгэхэд нэг сар орчмын хугацаа зарцуулсан. Амаргүй, том эл ажлыг удирдан зохион байгуулж, амжилттай ажилласан “Өнөөдөр” сонины орлогч эрхлэгч Г.Өлзийсайхан, Дизайнеруудын албаны дарга Н.Уламбаяр, Гэрэл зургийн албаны дарга Э.Харцага, Хэвлэх үйлдвэрийн дарга Д.Цэрэндаш нар энэ жил Ерөнхий эрхлэгчийн нэрэмжит шагналын эзэн боллоо.
Мөн байгаль орчны салбарт тулгамдаж буй асуудлыг хөндөн бичиж, эх дэлхийгээ хамгаалах үзлийг уншигчдад төлөвшүүлэх сониныхоо зорилгын төлөө тууштай ажиллаж, “Хүдрийг самарчид самарч байна” тэргүүтэй нийтлэл туурвисан “Өнөөдөр” сонины сэтгүүлч Ж.Сувдмаа ч мөн уг шагналыг хүртлээ.
Сэтгүүлчийн хөдөлмөр, авьяас чадвараас гадна эр зориг ихээхэн шаарддаг эрэн сурвалжлах чиглэлээр амжилттай ажилласан, Г.Цолмон даргатай Эрэн сурвалжлах, экологийн мэдээллийн албаны хамт олныг “Өнөөдөр” сонины 2017 оны “Шилдэг алба”-аар өргөмжлөв. Тус албаныхан Монголын нийгмийн өдөр тутмын амьдрал, түүнийг тойрон өрнөсөн үйл явдлын мэдээ мэдээллийг чанарын өндөр түвшинд бэлтгэн, экологийн өмнө тулгамдаж буй ээдрээтэй асуудлуудын араас эрэн сурвалжилж, бодит байдлыг газар дээрээс нь илчлэн бичиж, сонирхолтой, дуулиантай, шилдэг нийтлэлүүд бичиж, зүтгэл чармайлттай ажиллаж байна.
Уншигч та бүхэнд өглөө бүр хүрч буй оюуны “талх” цөөнгүй хүний хөдөлмөрөөр бий болдог. Тэр дундаа сэтгүүлчийн нийтлэлийг “амилуулдаг” гэрэл зурагчин, дизайнеруудгүйгээр сониныг төсөөлшгүй. Энэ чухал үүргийг биелүүлдэг “Өнөөдөр” сонины Гэрэл зураг, Дизайнерийн албаны шилдэг ажилтнаар гэрэл зургийн сурвалжлагч Э.Харцага тодорсон юм.
Өдөр тутмын үйл явдлын мэдээллийг Монгол дахь англи хэлтнүүд болон гадаадын уншигчдад “The UB Post” сониныхон шуурхай, бодитой хүргэж ажилладгийг манай уншигчид мэдэх биз ээ. Уг үүргээ биелүүлэхийн төлөө зүтгэл чармайлттай, бүтээлч санаачилгатай ажиллан, хамт олноо манлайлсан, тус сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн оны шилдэг ажилтнаар тодорлоо.
Түүнчлэн “Монгол ньюс хөтөч” компанийн 2017 оны шилдэг ажилтнаар Б.Баярмагнай, “Өнөөдөр” сонины Олон нийттэй харилцах албаны шилдгээр Б.Батцэцэг, “Монгол ньюс” компанийн Санхүү, аж ахуйн албаны шилдэг ажилтнаар Б.Нямдаваа нар шалгарав. Хэвлэх үйлдвэрийн 2017 оны шилдэг ажилтнаар Х.Ганхуягийг, Unuudur.mn сайтын 2017 оны шилдэг ажилтнаар тус сайтын эрхлэгч Ц.Хашзаяаг өргөмжлөв. “Монгол ньюс дюти фрий” компанийн шилдэг ажилтнаар Б.Хосбаяр тодорлоо.
Ийн бид шинэ оны босгон дээр шилдгүүдээ тодруулав. Манай хамт олны хувьд амжилт бүтээл дүүрэн нэгэн он улирч байна. Ирэх жил бид илүү шинэлэг, чанартай нийтлэл бүхий сониныхоо хуудсаар дамжуулан өдөр бүр уншигч тантай уулзах болно.