Монголчууд бид хоолойн өвчнийг төдийлөн авч хэлэлцдэггүй. “Хоолой өвдлөө” гээд л янз бүрийн хүлхдэг эм эсвэл давстай ус, царвангаар зайлаад л аргалаад өнгөрөөдөг. Гэтэл хоолойн өвчин нь манай орон төдийгүй дэлхий нийтэд чих, хамар, хоолойн өвчлөлийн өндөр давтамжтай эмгэгт зүй ёсоор ордог гэнэ. Нян болон вирусийн үүсгэгч хоолойд орсноор залгиур хоолой үрэвсэх эхлэл болдог бөгөөд хүйтэн сэрүүний улиралд даарах, дархлаа муудах, хувийн ариун цэвэр муу, шүдний эрүүл ахуй алдагдах зэрэг нь эрсдэлт хүчин зүйл болдог байна.
Залгиур хоолойн хэсэг нь хоол боловсруулах болон амьсгалах үйл явцын эхлэл болдогтой холбоотой олон булчирхайт бүтцийг агуулж, гаднаас орж ирэх хоол хүнс болон агаарын урсгалын бохирдлыг устгаж, халдваргүйтгэх, шүүрэл ялгаруулах үүрэг гүйцэтгэдэг онцлогтой эрхтэн. Гэтэл дархлааны тогтолцоо муу эсвэл дээр ам залгиурын үрэвсэлт өвчний үүсгэгчээр халдварлагдсан бол эмгэг цочмог явцаас архаг түвшинд хүргэх аюултай аж. Халдвар гаднаас ч биеийн дотроос ч орох боломжтой юм. Эхний тохиолдолд өвчний үүсвэр нь өвчтэй хүн байдаг аж. Ханиаж найтаахад өвчин үүсгэгч зүг зүгт цацагдаж, эрүүл хүнд халдвар тараадаг байна.
Мөн халдвар нь өвчтэй хүнтэй ойр байгаа алчуур, сав суулга, цагаан хэрэглэл зэрэгт наалддаг гэнэ. Харин дотоод эх үүсвэр нь цоорсон шүд, өвчтэй буйл, архаг ханиад. Эдгээрт буй нянгууд “шинэ газар нүүн очвол” гүйлсэн булчирхай үрэвсдэг байна. Манай улсын эрс тэс уур амьсгал хоолойн өвчлөлийг сэдрээх нөхцөл болдог ч хүн амын эрүүл мэндийн болон хувийн ариун цэврийн талаарх боловсрол сул байгаа нь залгиур хоолойн өвчлөлийг ихэсгэх, архагшуулах шалтгаан болдгийг эмч нар хэлж буй. Бусад өндөр хөгжилтэй улсад залгиур хоолойн өвчлөлийн үзүүлэлт манай оронтой ижил байдаг ч орчин, ариун цэвэр, иргэдийн эрүүл мэндийн боловсрол нь өндөр учраас өвчнөө хүндрүүлдэггүй бага дээр нь эмчилж чаддаг байна.
Манайхан гүйлсэн булчирхайн үрэвслийг ангин гэж нэрлэдэг. Ангин гэдэг нь латин хэлний боох, базах гэсэн утгатай “ango” гэсэн үгнээс гаралтай аж. Харин манай улсад ангины тархалт ямар байгааг судалсан нарийн тооцоолол байдаггүй, насны ангилал болон эрсдэлт бүлэг, албан байгууллагын дунд л хийсэн судалгаанууд бий гэнэ. Гэхдээ нийт хүн амын 80-90 хувь нь залгиурын өвчлөлд өртдөг ч цаашид архагшин даамжирч буй хэчнээн хүн байгааг нарийн судлаагүй аж. Залгиурын цочмог үрэвсэл туссан хүн бүрийг ангинтай гэж хэлэхгүйг эмч сануулж буй.
Тус эмгэгээр удаан хугацааны турш олон дахин өвчилсний улмаас бусад эрхтэн систем ялангуяа үе мөч, зүрх, бөөр, холбогч эд өөрчлөлтөд орсон тохиолдолд л ангинтай гэж тодорхойлдог аж. Тиймээс чих, хамар, хоолойн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, шинжилгээгээр оношлуулсны дараа л ямар эмчилгээ хийхээ мэдэх боломжтой гэнэ. Ханиад, томууны энэ улиралд хоолой өвдөх нь түгээмэл. Гэрийн нөхцөлд хэрхэн эмчлэх талаар ЭМЖЖ эмнэлгийн чих, хамар, хоолой, тэнцвэрийн эмч М.Байгалаас тодруулахад “Ханиад, томуу, агаарын бохирдол, уур амьсгалтай холбоотойгоор хоолой эмзэглэж, сэрвэгнэж, загатнах зовиурыг хөнгөн гэлтгүй эмчид үзүүлж, зөвлөгөө авах хэрэгтэй.
Энэ нь тухайн өөрчлөлтийг архагшуулахгүй байх сайн талтай. Зарим тохиолдолд давстай болон ургамлын хандаар зайлснаар эмчлэх, сэргийлэх биш, салстыг хатаах хатангиршуулах шалтгаан ч болдог. Тиймээс хоолой зайлах элдэв уусмал, эмийг зөвлөх хэрэггүй байх. Өвчилсөн бол мэргэжлийн эмчид хандаж үүсгэгч бүрт нь тохирсон эмийн эмчилгээг нарийн дэглэмийн дагуу хийлгэх нь зөв юм” гэлээ. Тэрбээр мөн “Залгиурын өвчлөл олон үүсгэгчтэй ч голчлон цус задлагч бета стрептококк гэх нян өндөр хувьтай байдаг.
Үүсгэгч нян цусанд орсноор хүний биеийн хамгаалах механизмын нөлөөнд нянгийн эсрэг дархлааны урвал явагдаж, үрэвсэл эхэлдэг. Дутуу эмчлэх болон олон давтамжтай өвдөх нь өөрийн дархлааны механизмын үйл ажиллагааг алдагдуулан, биеийн холбогч эдийн эсрэг үүсэх эмгэг үйлийг сэдээдэг. Тиймээс өвдсөн даруйдаа нарийн мэргэжлийн эмчид хандахгүй явах, дур мэдэн эм уух нь өвчнийг эдгээх биш, архагшуулан хүндрүүлж, зүрх, бөөр, үе мөчид эмгэг үүсгэдэг. Түүгээр ч зогсохгүй цочмог идээт үрэвслийн хүндрэл нь залгиур орчмын буглааг цээжний голтын эрхтэнд халдварлуулж, үхэлд хүргэх аюултай. Ийм тохиолдол манай улсын хүн амын дунд өндөр хувьтай байгаа юм. Өвчилсөн даруйд эмчид хандаж, оновчтой эмчилгээ хийлгээрэй” гэж зөвлөв.
Бага насны хүүхдүүдэд ч хоолойн өвчин хамгийн том “дайсан” нь. Тэдний залгиур орчмын гүйлсэн булчирхайн үйл ажиллагаа томчуудтай харьцуулахад идэвхтэй, дархлаа нь сул байдгаас хоолой нь олон удаа өвдөх тусам ам залгиурын булчирхай томорч, амьсгал бөглөрөх шалтгаан болдог байна. Энэ нь хүүхдийн өсөлтөд зайлшгүй шаардлагатай хүчилтөрөгчийн дутагдалд оруулснаар хичээл номдоо муудах, зан ааш тогтворгүй болох, хурхирч, амаа ангайж унтах, хамар байнга битүүрэх, цаашлаад эрүү нүүрний гажиг гэх мэт олон уршиг дагуулдаг гэнэ.
Хоолой өвчилсөн тохиолдолд гэрийн нөхцөлд авах арга хэмжээ цөөнгүй байдаг ч эмгэгийн явц, үе шат, хавсарсан архаг өвчлөлөөс нь хамаарч эмийн болон мэс заслын аргыг физик эмчилгээтэй хавсран хийдэг аж. Залгиур хоолойд байрлах хамгийн том булчирхай болох гүйлсэн булчирхай, нармайн булчирхай томорсон тохиолдолд мэс засал хийдэг гэнэ. Харин хүүхдийн хоолойн махыг авах, эсэх нь хэмжээний том жижгээс бус, хэр өвддөг, эсэхээс хамаардаг юм байна. Жилд хэдэн удаа яаж өвддөг зэргээс хамаарч, хоолойн мах авах эмчилгээний заалт байдаг гэнэ.
Хүүхдийн хоолойн мах угийн том хэмжээтэй байдаг учраас энэ бүхэнд айж сандралгүй, эмчтэйгээ сайн зөвлөлдөх хэрэгтэй гэнэ шүү. Үл үзэгдэгч нян гүйлсэн булчирхайд “тухалснаар” үхэлд хүргэх аюултай учраас залгиур хоолойн өвчин үүссэн хойно нь биш, өвдөхөөсөө өмнө урьдчилан сэргийлж, энэ талаарх мэдлэгтэй болох нь чухал юм байна. Тухайлбал, хүнсний бүтээгдэхүүнийг зөв цэвэрлэж боловсруулах, хоол идэхээсээ өмнө гараа угаах, өөрийн гэсэн аяга, халбага хэрэглэх, хүүхдийг амнаас ам дамжуулан хооллохгүй байх, цаг агаартаа тохируулан хувцаслах, шүдээ эрүүл байлгах гэх мэт энгийн боловч чухал зүйлийг амьдралдаа хэвшил болгохыг мэргэжлийн эмч нар зөвлөнө лээ.