Өмнөд хөршийнхнөө байнга муу хэлж суудаг бидэнд хятадуудаас суралцах зүйл үнэхээр их байна. Агаарын бохирдлоороо дэлхийд толгой цохиж, Бээжин хот хамгийн хорт утаатай гэгдэж байсан бол ганц, хоёрхон жилийн дотор шуурхай арга хэмжээ авснаар агаарын чанар нь эрс сайжирсныг өдгөө тэнд очсон хүн бүр хэлэх болов. Гэтэл үүнтэй зэрэгцүүлэн бас нэгэн кампанит ажил тус улсад өрнөсөн нь жорлонгийн хувьсгал. Барууны орнуудаас ирсэн жуулчдын хөтөч тайлбарт Хятадын бие засах газрын талаар урьдчилж сануулдаг байсан цаг саяхных.
Хамгийн бохир ариун цэврийн байгууламжтай хэмээн дэлхий нийтээрээ цоллож байх зуур тэд биднээс хэдийнэ түрүүлээд хөдөлчихөж. Тэр ч байтугай “Жорлон бол улс орны нүүр царай” хэмээн уриа дэвшүүлж, нийтээрээ энэ ажилд санаа нэгдэн тэмцэж эхлэв. Хятад даяар нийтийн бие засах газартаа “хувьсгал” хийгээд эхэлсэн тухай тэнд сурдаг монгол оюутнууд ярьж байна. Тухайлбал, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой “Нийтийн бие засах газрын хувьсгал” санаачилгыг тус улс 2015 оноос хэрэгжүүлэх болсон төдийгүй дахин гурван жилээр энэ кампанит ажлыг үргэлжлүүлэх шийдвэр энэ оны эхэнд гаргажээ.
Тус улс энэ жил жуулчдын бүс нутаг, аялал жуулчлалын цогцолборуудад 33.5 мянган жорлон шинээр барьж, өч төчнөөн ажил хийж буй. Гэхдээ үүнээс ч өмнө Бээжингийн олимпод бэлтгэх нэрийдлээр жорлонгоо өөрчлөх ажлыг эхлүүлсэн аж. 1993 онд тус улсад ариун цэврийн шаардлага хангасан бие засах газар 7.5 хувьтай байсан бол 2014 онд энэ тоо 76.1 хувьд хүрчээ. Харин 2020 он гэхэд 85 хувьд хүргэхээр төлөвлөж буй гэнэ.
Тэгвэл жорлонгийн хувьсгал ганц Хятадад өрнөөд буй хэрэг биш. Дэлхий даяар өдгөө энэ тухай ярьж байна. Европчууд хуучныгаа өөрчилж, байгальд ээлтэй шинэ жорлонтой болоход ихээхэн анхаарч буй бол америкчууд ариун цэврийн байгууламжийн орчин үеийн цоо шинэ технологи гаргахаар өрсөлдөж байна. Энэтхэг улс Ерөнхий сайдынхаа удирдлага доор жорлонгоо өөрчлөх том зорилго тавьж, түүнийхээ төлөө нийтээрээ хөдлөөд буй. Монголчууд тэгвэл энэ давалгааны хаахна яваа бол.
Манай улсын 860 мянган өрхийн 560 мянга гаруй нь ил задгай, нүхэн жорлон ашигладаг гэсэн судалгаа бий. Өөрөөр хэлбэл, олонх нь стандартын шаардлага хангахгүй ариун цэврийн байгууламжтай гэсэн үг.
Соёл, спорт аялал жуулчлалын сайд асан Ц.Оюунгэрэл нэлээд хэдэн жилийн өмнөөс “Жорлонгоо өөрчилье” хэмээн олон нийтийг уриалсан билээ. Тэрбээр ном хүртэл гаргасан төдийгүй төсөл хэрэгжүүлж, “Жорлонгоо өөрчилье” аян өрнүүлээд байгаа юм. Түүнтэй уулзаж, монголчууд яавал богино хугацаанд жорлонгийн хувьсгал хийж болох, үүний тулд ажлаа юунаас эхлэх ёстой талаар тодруулахад “Дэлхий нийт тэр чигээрээ жорлонгийн хувьсгал эхлүүлээд байна. Хятад шиг төр, засгаас нь гаргаж өгөх их мөнгө бидэнд алга. Энэтхэг шиг “Жорлонгоо өөрчилье” гэсэн өмнөө тавьсан том зорилго, хөтөлбөр алга.
Америк шиг технологийн тэсрэлт манайд болохгүй. Европ шиг хотоороо, улсаараа “хуурай” жорлон руу шилжье гэж ярихгүй байна. Гэхдээ Монгол Улс үүнээс хоцорч болохгүй. Бид ядахдаа иргэдийн оролцоотой хийж чадах зүйлээ өөрсдөө хийе. Жорлонгийн хувьсгал маань иргэдийн идэвхээр өрнөсөн өөрчлөлт болох ёстой. Бид төр засгаа хүлээхгүйгээр, мөнгө өгөхийг нь харж суулгүйгээр байгаа технологиудынхаа талаар мэдээлэл авч, үүнийгээ өөрийн болгож дасан зохицоход нь анхааръя. Ямар ч гэсэн дэлхий даяар өрнөж байгаа жорлонгийн хувьсгалаас хоцрохгүй байя.
Хувийн хэвшил, төр, олон нийтийн байгууллага, иргэд бүгд оролцсон, нээлттэй, чөлөөтэй өөрчлөлт болох ёстой. Үүнд иргэний нийгмийн байгууллагууд манлайлагч болж явах ёстой гэж үзэж, энэ асуудалд анхаарал хандуулсан” гэв. Түүний үүсгэн байгуулсан “Нутгийн шийдэл” сангаас “Жорлонгоо өөрчилье” аяны хүрээнд орон даяар сургалтын кампанит ажил өрнүүлж буй аж. Ил задгай, нүхэн жорлонгуудыг өөрчлөхөд нийслэлд болоод орон нутагт ямар ажил зохион байгуулах тухай энэ сургалтаар мэдээлэл өгөх юм байна. Эхний ээлжинд орон нутагт зөвлөхүүд бэлтгэсэн бөгөөд тэднээр дамжуулж тухайн аймаг, сумдад жорлонгоо өөрчлөхийг хүсэж буй иргэд, аж ахуйн нэгжүүдэд түргэн шуурхай мэдээлэл өгөхийг чухалчилжээ.
Сайд болсныхоо дараа аялал жуулчлалыг хөгжүүлэхэд эхний ээлжинд жорлонгоо өөрчилье. Жуулчид, гадаадынхан ирэхэд кэмпүүд, зам дагуух жорлонгоо шинэчилье гэж улсын төсвөөс мөнгө гаргуулахаар хөөцөлдөхөд жорлон гэдэг үг ямар ч хуульд байхгүй учраас мөнгө төсөвлөх боломжгүй байсан. Тэгээд хуульд өөрчлөлт оруулахаар ажилласан. Хог хаягдлын тухай хуулийг санаачлахдаа жорлонгийн асуудлыг оруулж ирсэн. Уг нь бүхэл бүтэн бүлэг байсан. Гэвч бүлгийг нь хасаж, хоёр гуравхан заалт үлдээсэн. Хэд хэдэн Засгийн газар дамжиж, арайхийн жорлонтой холбоотой асуудал хуулиар зохицуулагдахаар болсон” хэмээн Ц.Оюунгэрэл ярив.
Үнэхээр Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгад жорлон гэдэг үг орсон хоёрхон заалт бий. Тухайлбал, “9.3.11-д нутаг дэвсгэрийн хэмжээнд хөрс бохирдуулагч жорлонгийн тоог үе шаттайгаар бууруулах гэсэн бол, 10.3.6-д аж ахуйн нэгж байгууллага нь хөрс бохирдуулагч жорлон барихыг хориглоно” гэж заажээ. Юутай ч хууль эрх зүйн орчин нь бүрдсэн учир үүнийг ажил хэрэг болгоход анхаарах л ажил үлдэж. Гэхдээ тэр нь хэзээ вэ гэдэг асуултад яг таг хариулт бас алга.
Хүн амын талаас илүү хувь нь модон жорлонтой, хэл үггүй хэрэглээд болоод байгаа учраас л энэ асуудалд ард иргэд тэр бүр санаа зовдоггүй аж. Гэтэл хүн бие засахад орчин нөхцөл хэчнээн чухал болохыг, тэндээс үүдэх хор уршиг ямар аюултайг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч, НҮБ-аас жил бүрийн арваннэгдүгээр сарын 19-нийг Дэлхийн жорлонгийн өдөр болгон тэмдэглэдэг болсон гэдэг.
Соёлт хүн төрөлхтөн хөгжил өөд тэмүүлж, өдөр тутмын амьдралдаа аль болох тав тухтай, цэвэрхэн тохилог, хамгийн гол нь эрүүл ахуйн шаардлага хангасан орчин нөхцөл бүрдүүлж байхад бид юуны учир хуучинтайгаа зууралдаж, бохир, муухайтайгаа эвлэрч суух вэ. Нэг, хоёрхон айл жорлонгоо өөрчлөөд байдал дээрдэнэ гэж бодвол эндүүрэл байх. Гудамж, хороогоороо ариун цэврийн шинэ байгууламжтай болж байж л өөрчлөлт жинхэнэ утгаараа мэдрэгдэнэ.
Цаашлаад модон “амбаар”-гүй хороо дүүрэг, аймаг нийслэлтэй болж гэмээнэ жорлонгийн хувьсгалыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлнэ. Тиймээс иргэний нийгмийн байгууллагууд иргэдийг мэдээ, мэдээллээр хангахаас энэ ажлыг эхэлж буй нь зөв гэлтэй. Модон амбаарнуудаасаа эхлээд салчихвал, нийтээрээ цэвэр тохилог жорлон хэрэглэдэг болчихвол улс орны өнгө төрх дагаад бас өөрчлөгдөнө шүү дээ.