“Улаан ном” гэдэг сайхан өнгө будагтай, хавтастай, гоё бүтээл мэт харагдаж байна уу. Үнэндээ улаан гэрэл асах нь “Зогс-аюултай” гэсэн дохио биз дээ. Үүнтэй адил тус номд бүртгэгдэх нь “Агнахаа зогс-устаж мөхнө” гэсэн аюулын харанга юм шүү. Монгол баданга хүдэр ховордож буй шалтгаан нь тодорхой ч нарийн судалгаатай мэдээлэл байдаггүй. Би хөвч хангайд өссөн хүн. Эцэг, өвгөд минь малчин болохоос анчин байсангүй.
Бидний багад Бүрэнгийн нуруу, Бүтээлийн нуруу, Хантай, Хайлантай, Харцай, Харлаг, Тариахтай, Эвэртий гээд төрөлх нутгаар минь энэ амьтан хаа сайгүй шахуу тааралддаг байлаа. Одоо энэ хавиар хэчнээн яваад ч олж харж чадахгүй байна. Энэ бол тоо толгой нь цөөрснийг гэрчлэх хамгийн энгийн баримт. Хагас жарны өмнө (1984 онд) 44 000 гэж тоологдож байсан хүдэр 2012 онд улсын хэмжээнд 500-хан болтлоо цөөрсөн тухай уншиж байсан. Одоо энэ тооцооллыг шинээр гаргах үүргийг бид хүлээж байна” хэмээн “Ховор амьтдыг хамгаалах монгол хүдэр” нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, хүдэр судлалаар докторын зэрэг горилж буй Н.Батжаргал ярив.
Тэрбээр баданга хүдэр судлаач, доктор Д.Дэлэгням, хүдрийн хоол тэжээлээр эрдмийн зэрэг хамгаалсан Д.Гүрбазар болон ХААИС-ийн багш эрдэмтэдтэй хамтран тус нийгэмлэгийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн “Сэлэнгэ” амралтын баазыг түшиглэн байгуулжээ. Тус амралтын бааз сүүлийн зургаан жил дараалан халиун буганы 10 илий барьж нутагшуулан тэжээж буй аж. Тэдгээр янзага нь өсөж томроод үр төлөө өгч эхэлжээ. Мөн хэд хэдэн газар тарвага нүүлгэн шилжүүлсэн гэнэ. Өнгөрсөн онд Өмнөговь аймгийн Гурван-сайханы салбар ууланд дөрвөн буга, найман согоо аваачиж нутагшуулсан байна. Харин өнгөрсөн хавраас дэлхийд нэн ховордсон, “Улаан ном”, Дэлхийн байгаль хамгаалах холбооны “Улаан данс”-нд бичигдсэн, устаж мөхөх аюулд орсон монгол хүдэрт “санаа тавьж” эхэлжээ.
“ХЭЛМЭГДСЭН” НЬ
Манай оронд 130 гаруй зүйлийн хөхтөн амьтан нутагладгаас байгалийн гоо сайхныг бүрдүүлэгч, экологид хамгаас ээлтэй амьдардаг, улирлаар зүс нь хувирдаг хүдэр хэмээх амьтан олны анхаарлын төвд байсаар ирсэн. Гирээ буюу эр хүдрээс ялгардаг хар хүрэн өнгийн цавуу шиг бодисыг тансаг үнэрт заар гэдэг. XIII зууны үед заарыг эмчилгээ болон гоо сайханд хэрэглэдэг байсныг тэмдэглэсэн нь бий. Тансаг үнэрт заарныхаа “ачаар” тоо толгой нь өдрөөс өдөрт цөөрсөөр өдрийн од шиг болсон дархан цаазтай, нэн ховор амьтны тоонд багтдаг хүдрийг хамгаалах, идэш тэжээлийг нь судалж, бэлтгэх, нөхөн үржихүйн үйл ажиллагааг нь нарийн чанад хянах зайлшгүй шаардлага тулгарч буй юм.
1990 оны зах зээлийн үед зарим хүн ой мод, дагалдах баялаг, тэр ч бүү хэл нэн ховордсон амьтдаа хүртэл агнаж, ашиг олсны төлөөсөнд хүдэр ч ялгаагүй “хэлмэгджээ”. Тухайн үед хэвлэлээр 30-40 мянган хүдрийг заарыг нь авах зорилгоор амийг нь бусниулсан тухай тэмдэглэсэн байдаг аж. Тиймээс “Ховор амьтдыг хамгаалах монгол хүдэр” нийгэмлэгийнхэн хуулийн дагуу зөвшөөрөл авч, судалгааны станц байгуулах, байгаль дээр нь тандан судалгаа хийх, өсгөн үржүүлж сэлгээн нутагшуулах гол зорилготой гэнэ.
Мөн нэн ховор бусад амьтныг ч хамгаалах ажлыг шат дараатай хийхээр төлөвлөжээ. Тэднээс хамгийн эхэнд хүдрийг сонгосон шалтгааныг тус нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Н.Батжаргалаас тодруулахад “Нэн ховор ангилалд багтдаг, дархан цаазтай амьтан хэрнээ хамгийн их “хэлмэгдэн” цөөрсөн нь хүдэр. Энэ хэвээрээ байвал Монголын хүдэр байгальдаа арван жилийн насгүй болчихжээ. Хүмүүс арьсандаа асар их хайртай мөртлөө амьдралд ямар хайргүй болсны илрэл нь эх дэлхий рүүгээ хайр найргүй довтолж буйгаар илэрч байна. Хулгайн анчид ой хөвчид дөрвөн улиралд амьдарч, дураараа сэлгүүцэн хүдрийг хяддаг гэсэн мэдээлэл бий.
Хэдэн жилийн өмнө Хустайн нуруунд хулгайн анчид арав гаруй буга буудаж, авах юмаа авчихаад зугтсаныг тус цогцолбор газрын тухайн үеийн дарга Н.Банди цагдаад мэдэгдэж, мөрдөн байцаалт явуулж, сүр дуулиан болж байв. Одоо ямар ч хулгайч Хустайн нурууны бугын сүрэг рүү эргэж зүглэхгүй. Учир нь тэнд харж хандах эзэн бий. Үүний адил баданга хүдрийг намнаж буй хулгайн анчдыг айлгах хүч яаралтай хэрэгтэй байна.
Монголд хүдэр гэдэг амьтан “Улаан ном”-д л үлдчихвэл эргээд хаа нэг орны амьтны хүрээлэнгээс тахь шиг онгоцоор авчирч, нутагшуулах уу. Харамсалтай нь, хүдрийг өсгөж үржүүлээд, байдгаа барсан орон руу нь буцаан тээвэрлэх хэмжээний сүрэгтэй болчихсон амьтны хүрээлэн дэлхийд байдаггүй юм билээ. Харин манай “Сэлэнгэ” амралтын орчимд хүйсийн харьцаа алдагдах аюулд тулсан ч цөөн хэдэн гирэгчин бий шүү” гэв.
ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДСАНААС ТОО ТОЛГОЙ НЬ ЦӨӨРЧЭЭ
Эрэгчин буюу гирээ хүдрээс ялгардаг заар нь хулгайн анчдын гол олз. Тиймээс хүдрийн хүйсийн харьцаа хаа сайгүй алдагджээ. Энэ нь өсөж үржих нөхцөлийг үгүй болгож, тоо толгой нь цөөрөхөд гол нөлөө үзүүлж буй. Хүнээс гадна өөр олон дайсан хүдэрт бий. Чоно, нохой зээх, шилүүс, бүргэд, үр төлд нь үнэг, хярс, дорго, үен, солонго, өмхий хүрэн, харцага, шонхроос авахуулаад дайсан мундахгүй. Нийслэлийн Баянзүрх дүүргийн ХХ хорооны нутаг дэвсгэрт Хүдрийн эрдэм шинжилгээний станц байрладаг ч үйл ажиллагаа нь төдийлөн өргөжөөгүй гэдэг юм билээ.
Энэ тухай Н.Батжаргал “Өнгөрсөн өвөл би тус газарт очиж үзсэн. Харуул хамгаалалтынх нь ажилчин хашаанд ойртох, зураг авахыг зөвшөөрөөгүй ч тэнд “өрх толгойлсон” ганц хоёр гирэгчин харагдсанаас эрэгчин ер үзэгдээгүй. Нэгэнт судалгаа шинжилгээний ажил хийж буй учраас дахин гирээ барьж, үйл ажиллагаа нь хэвийн явагдаж л байгаа болов уу. Харин бид арай өөрөөр ажиллах бодолтой байгаа. Хүдэр тодорхой хэмжээний нутаг дэвсгэрийг эзэмшин амьдарч, эдлэн газраа эргэж тойрч, гэр бүлээ бусад хүдрээс хамгаалан тэмцдэг. Өөр хүдэр ч бусдын эзэмшил рүү орсноо мэдмэгц үтэр түргэн гарч оддог онцлогтой.
Тиймээс бид юун түрүүнд бүлийн эзэмшил нутаг дэвсгэрийн хэмжээнд анхаарна. Амьтнаа барьж авчраад гаршуулан тэжээж, аж ахуй байгуулах сонирхол одоогоор алга. Байгаль дээр нь алсаас тандаж, дүрс бичлэг хийх аргаар судлах, тоо толгой өсөлтийг хяналтдаа байлгах, нүдлэн хамгаалах л бидний нэн түрүүний ажил болоод байна” гэж ярив. Харин Д.Дэлэгням “Аргаль, янгир, халиун буга, цаа буга, бор гөрөөс, цагаан зээр, бөхөн, хулан, тахь, мазаалай, ирвэс, цөөвөр чоно, шонхор шувууны талаар хэвлэл мэдээллээр их гаргадаг. Энэ нь сайн хэрэг. Монгол Улсад тахь нутагшуулсны 25 жилийн ой саяхан боллоо.
Харин бусад амьтнаас онцлог ялгаатай, хүн төрөлхтөнд ашиг тустай, анагаах ухаан, биологийн ач холбогдолтой хүдэр хэмээх амьтны тухай бараг дуулддаггүй. Улаанбаатар хотын цэцэрлэгт хүрээлэнд нэн ховор амьтдын цогцолбор хөшөө бий болгохсон. Манай улс нэгэнтээ амьтны хүрээлэн байгуулж чадахгүй бол шинжлэх ухаан, танин мэдэхүйн ач холбогдолтой хөшөө, дурсгал барьж болно шүү дээ. Харин “Ховор амьтдыг хамгаалах монгол хүдэр” нийгэмлэгийнхэн “Монгол Улсын биологийн олон янз байдлын 2025 он хүртэлх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд Зэд-Хантай нурууны дархан цаазат газар, Дух, Нарст, Бүтээл болон Бүрэнгийн нурууны бүс нутгийн экологи, экосистемийн онцлог, тэндхийн хүдрийг хамгаалан үржүүлэх, устаж мөхөхөөс сэргийлэх, хээрийн шинжилгээ, судалгааны ажил явуулахаар зорьж байна” гэв.
Хүдэр хэмээх өвөрмөц энэ амьтан аврагдсанаар заар нь юун түрүүнд эрүүл мэнд үнэртэн, гоо сайхны асар их ач холбогдолтой. Харин аминд нь хүрэлгүй, заарыг нь авах боломж бий. Энэ бүхнийг уялдуулан нэгтгэж, ажиллах нь чухал байгаа юм. Тиймээс “Ховор амьтдыг хамгаалах монгол хүдэр” нийгэмлэгийнхэн Амьтны тухай хуульд заасны дагуу хүдрийг нутагшуулах, өсгөн үржүүлэх, барих зөвшөөрлийг БОАЖЯ-наас авах гэнэ. Тэд багаа бүрдүүлж, эрдмийн зөвлөл байгуулан, байгаль-экологийн танхим нээж амжжээ. Мөхлийн ирмэгт ирсэн хүдрийг судлах, цаашлаад өсгөх, хамгаалах энэ ажлыг холбогдох яамныхан нь эс зөвшөөрвөл хулгайн анчдыг өөгшүүлэгч, ан амьтны гаралтай түүхий эдийг хууль бусаар хилээр гаргаж наймаалахыг хөхиүлэн дэмжигчид гэж үзнэ гэдгээ ч тус нийгэмлэгийнхэн хэлнэ лээ.