Одоогоос сар гаруйн өмнө “Оффшорын эсрэг” гэх хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн тушаалаар байгуулсан. Уг нь “Оффшорын эсрэг” гэсэн тодорхойлолт л зүүж болохоос бус, ийм нэртэй хууль Монголд байхгүй л дээ.
Тодруулбал, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, нийт таван бүлэг, 30 зүйл бүхий хуулийн “Албан тушаалтанд тавигдах хориглолт, хязгаарлалт” хэмээх гуравдугаар бүлэгт 101 буюу “Оффшор бүсэд банкны данс эзэмших, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хуулийн этгээд байгуулахтай холбогдсон хориглолт” гэх, долоон заалттай зүйлийг энэ оны дөрөвдүгээр сард нэмэлтээр баталсныг ингэж нэрлээд байгаа юм.
Харин найман сарын өмнө нэмэлтээр баталсан дээрх хуульд албан тушаалаа аваад сар ч болоогүй байхдаа Ц.Нямдорж сайд “гар хүрэх” ажлыг ийн эхлүүлсэн нь ямар шалтгаантай юм бол. Мэдээж төрийн албан хаагч оффшор бүсэд хуулийн этгээд байгуулах, данс эзэмших, мөнгөн хөрөнгө байршуулахад хязгаарлалт тогтоосон дээрх зохицуулалтыг сайжруулах зорилготой хэмээн найдна. Гэхдээ гагцхүү юуг, яаж өөрчлөх гэж байна вэ.
Шинэчилсэн найруулгын төсөл боловсруулна гэхийг бодоход нэлээд өөрчлөхөөр буй бололтой. Магадгүй бие даасан хууль байдлаар төсөл боловсруулахыг үгүйсгэхгүй. Учир нь энэ хуулийг хэлэлцэж эхлэх үед Ц.Нямдорж ийм байр суурь илэрхийлж байсан юм. (Хэлэлцүүлгийн үеэр түүний хэлсэн үгийг эшлэв) Ямар сайндаа л Засгийн газарт төслөө татаж ав хэмээн тулгаж, үгүй бол ажлын хэсгийг нь ахлан ажиллая гэж нэг бус удаа хэлээд авсан түүнийг “анхаарал татсан хуулиар шоудах нь” гэх шүүмжлэл дагаад амжсан.
Нөгөө талаас уг хуулийн үйлчлэлд хамаарах төрийн албан хаагчийн тоог цөөлөхөөр төсөлд тусгаж мэдэх юм. Үүнийг ч тэрбээр тухайн үед хөндөж байв. Ерөнхийдөө Франц тэргүүтэй Европын улс оронд хэрэгжүүлдэг Ил тод байдлын хуультай төстэй байдлаар “Оффшорын эсрэг” хуулийг шинэчилбэл гайхах зүйлгүй. Төрийн албан хаагчдыг гуч, дөчин мянгаар нь энэ мэт хуулийн үйлчлэлд хамруулалгүй, зөвхөн тодорхой албан тушаалтнуудыг орлого, зарлагынх нь зөрүүг хянах замаар оффшорын хориглолт хийх саналыг тэрбээр дэмжиж байсан юм.
Юутай ч шинэчилсэн найруулгын төслийг ямар агуулгаар боловсруулж буй талаар илүү тодорхой мэдээлэл авахыг хүссэн ч Хууль зүй, дотоод хэргийн яамны холбогдох албан тушаалтан “Хуулийн төслийн концепц боловсруулж байгаа” гэдэг шалтгаан хэлж, нарийн зүйл ярихаас татгалзсан юм. Тиймээс бага боловч өнгөрсөн хугацаанд энэ хууль хэрхэн үйлчлэв, ямар асуудал тулгарав гэдгийг эргэн сануулъя.
“НАС”-НЫХАА ТАЛЫГ “АМЬГҮЙ” ТУУЛСАН ХУУЛЬ
Уг хуулиас гадна Ерөнхийлөгч Х.Баттулга улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан өнгөрөгч долдугаар сарын 24-ний өдрөөс хойш 49 хоногийн дотор оффшор бүс дэх дансаа хааж, тэнд байршуулсан мөнгөн хөрөнгөө Монголын банкинд оруулж ирэхийг уриалсан. Төрийн тэргүүний уриалгад дурдсан долоон долоо хоногийн хугацаа есдүгээр сарын 11-нд дууссан.
Гэвч манай албан тушаалтнуудын хувьд “оффшор бүс” гэж чухам ямар улс, бүс нутгийг нэрлээд буй нь есдүгээр сарыг хүртэл тодорхойгүй байв. Засгийн газар наймдугаар сарын 31-ний хуралдаанаараа оффшор бүсэд хамаарах 50 гаруй улс, нутаг дэвсгэрийн жагсаалтыг зарласан. Өөрөөр хэлбэл, бараг таван сарын турш “Оффшорын эсрэг” гэх хуулийг ч, Төрийн тэргүүний уриалгыг ч биелүүлэх, эсэх, ер нь хаана данс эзэмшиж, эд хөрөнгө өмчилж болох вэ гэдэг нь ойлгомжгүй байв.
Ингэж байтал эрх баригчид Засгийн газраа огцруулж, аравдугаар сарын сүүлчээр У.Хүрэлсүхийн танхим бүрдсэн. Тэдний нүүдэл, суудал цэгцрээгүй шахам байхад Оффшорын эсрэг УИХ дахь албан бус бүлгээс шинэ Засгийн газрын тэргүүнд шаардлага хүргүүлсэн. Т.Аюурсайхан тэргүүтэй тэдгээр гишүүн олон улсын байгууллагуудын хамгийн түрүүнд нэрлэдэг Хонконг, Макао болон Люксенбург, Ливан, Панам, Малайз, Ирланд, Самао, Ботсван, Куракао, Бруней, Сингапур, Швейцарь, Арабын нэгдсэн эмират улсыг жагсаалтад нэмж, оффшор гэж үзэх үндэслэлгүй 11 орныг хасахыг шаардсан юм.
Үүний дагуу энэ сарын эхээр Засгийн газар оффшор бүсэд хамаарах улс, нутаг дэвсгэрийн жагсаалтад Сингапур, Швейцарь, Хонконгийг нэмээд байна. Эдгээр гурван улсыг жагсаалтад багтаах саналыг Ц.Нямдорж сайдын тушаалаар байгуулсан ажлын хэсэг боловсруулсан юм билээ.
Ийнхүү Монголоос гадна, чухам хаана байгаа хөрөнгө, мөнгөө мэдүүлэх нь вэ гэдэг нь есдүгээр сарын 1 гэхэд тодорхой болсон гэж үзвэл уг хуулийг баталснаас хойших найман сарын талаас илүүд нь “амьгүй” байж.
“ХОНХ НЬ ДУУГАРАХААР ДАМАР НЬ ТАГ” ГЭДЭГ НЬ БИШ БИЗ
Уг нь холбогдох хуулиар тогтоосон болзол, шалгуурын дагуу сонгогддог, томилогддог албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээд нь оффшор бүсэд банкны данс нээлгэсэн, мөнгөн хөрөнгө байршуулсан, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчилсөн, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол гурван сарын дотор холбогдох арга хэмжээ авч, өмчийн байдалд орсон өөрчлөлт, орлогын талаар 30 хоногийн дотор АТГ-т мэдүүлэх ёстой.
Есдүгээр сарын 1-нээс уг хуулийг бүрэн хэрэгжүүлэх нөхцөл бүрдсэн гэж үзвэл ирэх оны нэгдүгээр сарын 1 гэхэд нэлээд зүйл тодорхой болохоор буй юм. Уг хуульд хамаатай 40 мянга орчим албан хаагч, тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүд (Тухайн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр (нөхөр)-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг хэлэх бөгөөд “нэгдмэл сонирхолтой этгээд” гэдэгт тухайн албан тушаалтантай ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбоотой хувь хүн, хуулийн этгээд хамаатай)-ийг тооцвол шүү дээ. Тэгээд ч монголчуудын хилийн гадна нуусан хөрөнгө 1.5 их наяд ам долларт хүрсэн гэх яриаг хэн нэгэн гаргасан байдаг.
Харин “Панамын баримт”-д нэр дурдагдсан НИК-ийн гэгддэг, иргэн Ч.Давааням өнгөрөгч аравдугаар сарын эхээр 4.3 сая ам.доллароо Монголд оруулж ирснийг эс тооцвол зарлах өөр нэр алга, одоогоор. Гэтэл төрийн албанд ажиллаж байсан болон ажиллаж буй, тэдний хамаарал бүхий 23 иргэн оффшор бүсэд данс эзэмшдэг болохыг АТГ-ынхан тогтоочихоод байдаг.
Хамгийн сүүлд буюу арваннэгдүгээр сарын 6-нд задарсан “Диваажингийн баримтууд”-д манай улсын арав гаруй иргэний нэр дурдагдсаны дотор дээрх хуулийн үйлчлэлд хамаарах хүмүүсийн нэр цохиж яваа. Гэвч хуулиар тогтоосон хугацааны дотор оффшор бүс дэх хөрөнгө, мөнгөндөө холбогдох зохицуулалт хийх, эсэхийг нь олон нийт ажиглаж буй. “Хонх нь дуугарахаар дамар нь таг” гэдэг нь энэ үү.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2016 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах төслийн анхны хэлэлцүүлгийн үеэр гишүүн Ц.Нямдорж дараах байр суурь илэрхийлэв.
-Үүнийг бие даасан хуулийн хэлбэрээр оруулж ирэх болов уу гэж горьдож байлаа. Оруулаад ирсэн төсөл, ажлын хэсгийн саналын аль алийг нь харахад энэ хууль урагш явахгүй ээ. Эхлээд оффшор бүс гэдгээ ойлго. Эрүүгийн шинжтэй зүйлийг Монголын хуулийн байгууллага шалгана л гээд байх юм.
Оффшор бүс гэдэг чинь Монголын байтугай хүн төрөлхтний гар хүрэхээргүй газар. Тэндээс мэдээлэл гаргаж авах ямар ч бололцоогүй. Үүгээрээ ч оффшор бүсийнхэн хөлждөг. Монголын хуулийнхны гар Буянт-Ухаа, Замын-Үүд, Алтанбулагт хүрдэг юм. Үүнээс цааш Эрх зүйн туслалцааны гэрээгүй бол ажиллах бололцоогүй. Манайх 15 оронтой л ийм гэрээтэй байх. Оффшор бүстэй улс орнууд угаасаа ийм гэрээ байгуулдаггүй. Та нар эдгээрийг хараагүй байна. 15 их наяд ам.доллар хилийн гадна нууж байна л гэх юм. Ийм хууль гаргаад ямар хэрэгтэй юм. Ажлын хэсэг дахин ажилламаар байна.
Ер нь та нар хэт ерөнхий яриад байна. Оффшортой холбоотой баримт илрээд байгаа нь хүчтэй улсуудын тусгай албадын үйл ажиллагаатай холбоотой болохоос Монголынхтой хамаагүй. Мөн хакердах замаар мэдээллийг ил болгож байгаа. С.Баярцогтын оффшор данс илрэхэд том орнуудын тусгай ажиллагаанд өртөж дээ гэж ойлгож байсан. Монголын нөхцөлд бүх зүйл тодорхой байх хэрэгтэй. Үүнээс гадна Хууль зүйн байнгын хороо уг хууль үйлчлэх хүмүүсийн жагсаалт гаргах нь. Уг жагсаалтаар эрүүгийн хэргийн субъектын харьяалал тогтооно гэж юу яриад байгаа юм. Тийм тийм албан тушаалтнуудад ийм асуудал гарч ирвэл ингэж шийднэ гэж хоёрдмол утгагүй, цогц зүйл оруулж ирэхгүй бол цааш явахгүй. Би хэрэгжүүлэх талаас нь л харж байна. Ер нь төслөө татаж аваад дахин боловсруул. Тал хуудас цаас бариад цааш явахгүй шүү. Энэ бол дэндүү эмзэг, хүнд сэдэв.
Уг хуулийг хойшлуулж, цааргалах гээгүй. Бид ердөө л тал хуудас хууль батлах гээд байна. Ингээд баталчихвал энд ярьсан зүйлс ямар ч хариултгүй үлдэх нь. Тиймээс ажлын хэсэг дахин долоо хоног ажиллаад, ядаж ийм ийм албан тушаалтан оффшор бүсэд хөрөнгө байршуулахыг хориглоно, шинээр томилогдсон албан тушаалтан оффшор дансанд мөнгөтэй бол түүнийгээ мэдүүлж, Монгол руугаа татна гэдгээ батлах хэрэгтэй гэх зэргийг тусгамаар байна. Энэ хуудсанд ийм зүйл ер алга. Жагсаалт батлах шиг амархан зүйл байхгүй. Аймгийн болон агентлагийн даргаас дээш албан тушаалтан, түүний гэр бүлийнхнийг уг хуульд хамруулчих. Өндөр албан тушаалд очих гэж байгаа хүн миний хүүхэд ийм бизнес эрхэлдэг, оффшор дансанд төдий хэмжээний зүйл бий гэдгээ мэдүүлэг л дээ. Одоогийн хуулиар ч бид эхнэр, хүүхдийнхээ хөрөнгө, орлогыг мэдүүлж л байгаа шүү дээ. Тэрнээс ялгаа юу байх вэ. Ажлаасаа буухдаа миний болон гэр бүлийн хөрөнгө ийм боллоо гээд мэдүүлбэл аль алинд нь хохиролгүй. Мөн оффшор данс илрүүлэхэд 40 мянган албан хаагчийн мэдүүлэг хэрэггүй.