-Далд баялгаа ашиглахдаа ил тод байя-
Газрын баялгаасаа болоод асуудалд унаж байгааг баялгийн хараал гэдэг юм бол түүндээ тулгуурлан хөгжилд хүрч чадвал тэр нь баялгийн ерөөл болох нь дамжиггүй. Уул уурхайгаас их, бага хамааралтай 183 улс бийг Уул уурхай, металлургийн олон улсын консул хэмээх байгууллагын тайланд тэмдэглэжээ. Түүн дотроо хэт их хамааралтай хэмээх бүлэгт нь Монгол Улс багтсан байх юм. Улс орнуудын хөгжлийн түүхээс харахад энэ салбартай холбоотой асуудлуудаас зугтаж, зайлсхийсэн нь биш, харин нүүр тулж, шийдвэрлэж чадсан нь хожиж байжээ.
Нэгэн цагт манайх шиг эрдсийн баялгийн олборлолтоос хэт хамааралтай эдийн засагтай гэгдэж асан Чили, Норвеги, Канад зэрэг орон уул уурхайн орлогодоо тулгуурлан боловсрол, эрүүл мэнд зэрэг бусад салбараа хөгжүүлж чадсан. Тууштай зүтгэсний дүнд бусад салбар нь өндийж, эдийн засагтаа жин дарах болж, уул уурхайн хамаарлаа бууруулж байжээ. Товчхондоо, шавхагдах нөөцдөө тулгуурлан “шавхагдахгүй” баялгийг бүтээдэг салбаруудтай болж, баялгийн хараалаас зугтааж, баялгаа ерөөл болгожээ.
БАЙГАЛИЙН БАЯЛГИЙН ЗАСАГЛАЛ
Сайн засаглалтай орнууд засаглалын үзүүлэлтүүдээ хангаж чадаагүй улсуудаас урт хугацаанд 300 хувийн өгөөж илүү хүртдэг гэсэн судалгаа байдгийг “Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн” олон улсын ТББ-ын Монгол дахь менежер Н.Дорждарь хэлж байв. Өөрөөр хэлбэл, сайн засаглалтай улс нэг хүнд ногдох орлогоо гурав дахин өсгөж чадсан байдаг бөгөөд нялхсын эндэгдлийг гуравны нэгээр бууруулж, бичиг үсэгт тайлагдсан байдал нь нэмэгдсэн дүн бий аж.
Байгалийн баялгийн тунхаглал хэмээх бичиг баримт боловсруулан, түүнийгээ түгээн дэлгэрүүлэх чиглэлээр сүүлийн жилүүдэд идэвхтэй ажиллаж буй тус олон улсын байгууллага 2013 онд баялгийн засаглалын индекс хэмээх үзүүлэлт гарган, дэлхийн улс орнуудад үнэлгээ өгөхөд Монгол 100 онооноос 51-ийг авч, 58 орноос 26 дугаарт жагсаж байв. Тэр үед төрийн өмчит хамгийн том компани “Эрдэнэс Монгол”-ын үзүүлэлт Монголын оноог доош нь ихээхэн татсан гэдэг.
Цахим хуудас нь бүтэн жил ажиллаагүй, судлаач очиж тодорхой мэдээлэл авах гэхэд асуултад нь хариулдаггүй байсан гэнэ лээ. Цаашид 2-3 жилд нэг удаа гаргахаар төлөвлөж буй уг индексийн хоёр дахийг энэ онд танилцуулсан юм. 2017 онд манай улс 100 онооноос 64-ийг авчээ. Ингэснээр судалгаанд хамрагдсан 89 орноос 15 дугаарт эрэмбэлэгдсэн нь бас ч гэж чамлахааргүй мэт. Гэвч “Эрдэнэс Монгол”-ын санхүүгийн тайлан ил тод бус нь анхаарал татаж буйг дээрх хүрээлэнгийнхэн сануулсан.
Төрийн өмчит компанийн засаглалын хувьд манай улс 100 онооноос ердөө 40-ийг авсан (Монгол Улсын хамгийн муу, доош татсан үзүүлэлт) нь индексийн үнэлгээнд орсон Евразийн есөн улсаас хойноосоо гуравт орох үзүүлэлт юм. Тус компани санхүүгийн тайлан, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, борлуулалттай холбоотой голлох мэдээллийг нийтэлдэггүй зэргээр ил тод байдал хангах тал дээр дутагдалтай байсан нь үүнд нөлөөлжээ. Үүнээс гадна УИХ-аас ийм мэдээ, тайланг хянаж үздэггүй учир компанийн үйл ажиллагаанд тавих олон нийтийн хяналтад цоорхой гарсан аж. Гэхдээ тус компани саяхан хагас жилийн тайлангаа цахим хуудсандаа байршуулж, анх удаа ахиц дэвшил гаргасныг дурдах хэрэгтэй.
Үүнээс гадна Төсвийн тогтворжуулалтын сан хангалтгүй буюу 100-гаас 42 оноо авчээ. Улмаар үнэлгээ өгсөн 34 сангаас 18 дугаарт бичигдсэн агаад ил тод байдлыг хангах зэрэг хэд хэдэн үзүүлэлт хангалтгүй байсан нь үүнд нөлөөлжээ. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд орлогын зарцуулалт, Засгийн газрын авч болох өр, алдагдлыг хязгаарласан ч хэрэгжилт нь сул байгаа аж.
Парламентын хяналт сул байгаа нь дээрх сангийн засаглалд сөрөг нөлөөтэйг мөн дурдсаныг санууштай. Уг индекст хамгийн өндөр оноо авсан нь Норвеги, Чили, Их Британи, Канад. Өөрөөр хэлбэл, тэд байгалийн баялгийн өгөөжөө хүртэж чаддаг гэсэн үг. 2013 оноос бидний сонсож эхэлсэн, зарим улс сайжруулчихаад байхад бидний хараахан чадахгүй, магадгүй гүйцэд ойлгож амжаагүй байгаа баялгийн засаглал гээч чухам юу юм бэ?
ӨРӨӨН ДОТОРХ ЗААН-УУЛ УУРХАЙ
“Уул уурхай эрхлэх үү, эсвэл баялгаа хав дараад суух уу гэж асуух шугамаа бид аль хэдийнэ давж, харин уул уурхайн үр өгөөжийг хэрхэн өндөр байлгах вэ гэдэгт тархиа гашилгаж, ухаанаа уралдуулах цаг иржээ” хэмээн “Монголын геологи, уул уурхайн мэргэжлийн институт” ТББ-ын ерөнхийлөгчийн сонгуульт алба хашиж буй, энэ салбарт зөвлөх үйлчилгээний чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг QMC компанийг үүсгэн байгуулагч М.Дагва ярив.
Тэрбээр “Өрөөн дотор заан байна” гэх хэллэг англи хэлтэн ард түмэнд байдаг. Үүнийг нүднээ ил байгаа зүйлийг яагаад үл анзаараад байгаа юм бэ, наад хамгийн том асуудлаа барьж авцгаагаач ээ гэсэн утгаар хэлдэг. Өдгөө уул уурхай анзаарахгүй байхын аргагүй том салбар болсны дээр үүнийг засаглаж чадахгүй байгаа нь монголчуудын өрөөн доторх заан нь болчихоод байна. Уул уурхай эрхлэхэд олон талын эрх ашиг хөндөгддөг бөгөөд бүх талын сонирхлын тэнцвэрийг хангасан, бүгд win-win (хожих) болох бодлого, тогтолцоо бүрдүүлэх нь баялгийн засаглал бөгөөд үүнийг салбарын яам дангаар хийж чадахгүй, харин улсаараа хөдөлж байж түүнийг бүрдүүлнэ” гэсэн нь анхаарал татаж байгаа юм.
Энэ сарын 8-нд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас зохион байгуулж, Засгийн газар, УИХ-ын гишүүд, уул уурхайнхнаас гадна бусад салбар, аймгуудын төлөөлөл оролцсон бодлогын зөвлөгөөн дээр баялгийн засаглалын асуудал мөн л хөндөгдсөн. Энэ үеэр “Уул уурхайн салбарт хуримтлагдаад буй асуудлуудыг шийдвэрлэхийн тулд нэгдүгээрт, засаглал, тогтолцоог, хоёрдугаарт, хууль, эрх зүйн орчныг сайжруулах ёстой.
Үүний зэрэгцээ дэд бүтэц, байгаль орчин, орон нутгийн асуудлуудыг шийдвэрлэх цогц хөтөлбөр боловсруулж ажиллана” хэмээн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар дүгнэж хэлсэн. Томилогдоод удаагүй байхдаа лиценз олголттой холбоотой цочмог шийдвэр гарган шүүмжлэлд өртсөн тэрбээр говийн болон баруун бүсэд хэлэлцүүлэг зохион байгуулж, салбарын үйл ажиллагаатай газар дээр нь танилцсаныхаа дараа уг бодлогын зөвлөгөөнийг өөрөө удирдаж, сайдын хувьд нэгэн шинэ жишиг тогтоолоо хэмээн сошиал ертөнцөд шуугиулж бяцхан пиар хийгээд авсныхаа дараа олон нийтэд өгсөн мессеж нь мөн л баялгийн засаглал, тогтолцоог үндэсний хэмжээний асуудал болгож, бусад сайд, яамтай хамтран сайжруулах тухай байлаа.
“Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн”-гийн тунхагт заасан арав гаруй багц асуудал нь яамдын эрхлэх ажлын хүрээнийх бөгөөд олон хууль тогтоомжоор зохицуулагддаг. Одоогоор эдгээр олон талыг нэгэн зэрэг нэг тийш харуулж, нэг бодлогын төлөө хөдөлгөх, хууль тогтоомжуудыг хооронд нь уялдуулах амаргүй сорилт тулгарч буй. Энэ ажилд хамжилцахад бэлэн буйгаа ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар дээрх зөвлөгөөний нээлтийн үеэр хэлсэн үгэндээ дурдаж байсан юм.
Том ордуудыг хайн олдог, судалж ашиглахад бэлтгэдэг тогтолцоо бий болгож, энэ чиглэлээр мөнгөний урсгал татах өрсөлдөөнд ялагдахгүй байх нөхцөл бүрдүүлэх нь баялгийн засаглалын хүрээн дэх нэг том зорилт юм байна. Дэлхийд тэргүүлэх томоохон эдийн засагтай АНУ, БНХАУ ч геологийн салбартаа гадаадын хөрөнгө оруулагчдыг татахыг хичээдэг. Хайгуулд хөрөнгө зарахад бэлэн бизнес эрхлэгч, компаниуд мөнгөөрөө хаана “бороо” оруулахаа судалж байж шийдэх нь тодорхой.
Хаана ч орж мэдэх “үүлэн” доторх тэр мөнгөнөөс манайд ногдох хувь багассаар. 2011 онд барууны биржээс мөнгө босгон, Монголд хайгуул хийдэг 20 гаруй компани байв. Тэдгээр компани жилд дунджаар 200 сая ам.долларыг эдийн засагт оруулж, монгол ажилчдын цалин, татвар, түрээс, үйлчилгээний зардал төлж, ханган нийлүүлэгчдээс бүтээгдэхүүн худалдан авдаг байсан. Харин одоо “Erdene resource development”, “Xanadu mines” гээд цөөн компани хайгуул хийж буй.
Хөрөнгө оруулагчид Монголоос залхаж, зугтаж буйн жишээ энэ. Нөгөөтэйгүүр, сүүлийн зургаан жил Ашигт малтмалын тухай хуульд 250 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагчдад хууль, эрх зүйн орчин тогтвортой биш гэсэн мессеж өгч буй. Энэ нь тэдэнд Монголд очвол үйлээ үздэг гэсэн ойлголт төрүүлж буй биз. “Anglo American”, “Vale”, “Peabody” тэргүүтэй дэлхийд томд тооцогдох компани гарч явсныг Та санаж буй байх. Ганц баялагтай нь Монгол биш шүү дээ. Иймээс гоё гэхээсээ илүүтэй гол нь тогтвортой бодлого хэрэгжүүлэх нь чухал.
Үүний дараагаар ашиглахад бэлэн болж буй төслүүдээс улсдаа нааж авах зүйлээ ахиухан байлгах буюу татвар, орон нутгийн хөгжил зэргийг анхаарахгүй өнгөрч болохгүй. Энэ хүрээнд төрийн өмчит уул уурхайн компанийн чадавх хөндөгдөх аж. М.Дагва “Бид олон улсын уул уурхайн корпорацууд, дотоодын хувийн ба төрийн өмчит компанийг бүгдийг зөвшөөрдөг нь баялгийн засаглалыг сайжруулахад улам түвэгтэй болгож байгаа юм. Ерөнхийдөө төрөл бүрийн ашигт малтмал дээр төрийн өмчийн оролцоо хаа сайгүй байдаг юм байна. Гэхдээ газрын тосны салбарын жишээнээс харвал төрийн өмчит компаниуд бүтээмж муутай, дунджаар хоёр дахин олон хүн ажиллуулдаг.
Үр ашгийн хувьд ч төрийн өмчит компаниуд арай муу байдаг. Иймээс үе шаттайгаар олон нийтийнх болгон, хяналт тогтоох зэрэг асуудал яригддаг” гэв. Монголын төрийн өмчит компаниудад техник, технологио бэхжүүлэх зэрэгт нь зориулж их хэмжээний хөрөнгө оруулж, хэдэн зуун сая долларын зээл өгдөг. Үр дүнд нь ямар чадал чансаатай компани босож ирэхийг хэн ч хэлдэггүй. Төрийн өмчит компанид хөнгөлөлттэй, давуу тал өгч байж өрсөлдөх чадвартай болгодог жишиг бас бий.
Дэлхийд зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч Чили улс гэхэд бага татвар тогтоож, улсдаа авах орлогоо 20 гаруй жил тодорхой хэмжээнд алдаж байж төрийн өмчит, зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг “Codelco” компаниа дэлхийд “тоглох” чансаатай болгосон гэдэг. Манайхтай адил зэсийн нөөцтэй ч Монголынхоос хоёр дахин бага газар нутагтай Чилийн нийгэм, эдийн засаг хэдийнэ үсрэнгүй хөгжсөн. Гэтэл манайд төрийн өмчит компаниудын захирлыг сольчихдог, өндөр үнэтэй бараа бүтээгдэхүүн шахдаг гэх мэт шүүмжлэл ёс мэт дагадаг.
Уул уурхайгаас олсон орлогыг хуваарилах нь баялгийн засаглалын хүрээнд шийдвэрлэх гарцаагүй асуудал бөгөөд үүнийг зөв зохицуулж чадахгүй бол энэ салбараа буцаагаад татан унагадаг нь Монгол Улсад нүүрлэхэд тун ойрхон байгаа аж. Ашигт малтмал олборлосны төлбөрөөс хувь хүртэж чадахгүй байгаа тул орон нутгийн иргэд бидний үйл ажиллагааг эсэргүүцэж, дэмжихээ болилоо гэж уул уурхайн компаниуд гомдоллож, татварыг нь хамж аваад, орон нутагт хуваарилдаггүй хэмээн Сангийн яамыг шүүмжилдэг.
Нөгөөтэйгүүр, ашигт малтмалын ханш өндөр үед олсон орлогыг даган төсвийн зардлаа нэмж, үнэ унасан үед түүнийгээ буцаан танаж чадахгүй сандрах эрх баригч хүчин, түүнийг тойрсон улстөржилтийг дурдах ёстой. Баялгийн засаглалдаа анхааръя гэвэл уул уурхайн төслийн мөчлөгийг анзаарах нь зүйтэй аж. Тодруулбал, хайгуулын судалгаанаас уурхайн бүтээн байгуулалтын болон ашиглалтад оруулсан үед мөнгө ихээр орж ирдэг. Хаах үед орлого огцом байхгүй болдог циклийг ойлгож, улс татвараа хэрхэн зөв авах вэ гэдэгт менежмент хийх нь чухал гэнэ. Өнөөдөр татвар авсандаа онгирох бус, уурхайн “амьдрал”-ын явцад буюу бүх шатанд татвараа хамгийн оновчтой авч чадвал засаглал сайн байгаа хэрэг.
Орлогоосоо хуримтлал үүсгэдэг тогтолцоо бүрдүүлснээр уул уурхайн засаглал тэгширдэг гэнэ. Олон хүний анхааралд өртөөд байдаггүй, нийгэмд тэр бүр яригдаагүй хууль бий нь Ирээдүйн өв сангийн тухай. Үүгээр байгалийн баялгийн орлогын илүүдлийг хуримтлуулах сантай холбоотой асуудлыг зохицуулах учиртай. Сангийн яамныхны хэлж буйгаар уг сан ойрын хэдэн жилд улс төрийн амлалттай холбоотой үүсгэсэн өрүүдийг дараад, 2020 оноос л хуримтлал үүсгэж эхлэх бололтой.
Эдгээрээс гадна баялгийн засаглалын эрэг шураг болдог зарим тогтолцоо сох дутсан, хэт нялхаараа байгааг мартаж болохгүй. Өмнө нь дурдсан мэргэшсэн институт болон хөрөнгийн бирж хамтран үр дүнтэй ажиллаж чадвал төслүүдийн санхүүжилтийг шийдэхээс гадна олон нийт уул уурхайд хөрөнгө оруулах боломжтой гэж харж эхэлнэ. Мөн мэдээлэл, судалгаатайгаар шийдвэр гаргадаг болохын тулд энэ салбарт судалгааны хүчирхэг байгууллагуудыг бий болгож байж засаглал нь сайжирна.
Авлигын эсрэг хяналт, ил тод байдалгүйгээр баялгийн засаглалыг төсөөлшгүй. Ялангуяа төрийн өмчит компаниар “тоглоё” гэвэл авлигыг “авладаг” байх нь чухал. “Transparency international” олон улсын байгууллагаас гаргасан “Авлигын төсөөллийн индекс” судалгаанд дурдсанаар Монгол Улс 2016 онд авлигын индексээр 176 орноос 87 дугаарт (38 оноо) эрэмбэлэгдсэн. Гэтэл засаглал муу, авлига ихтэй улсад төрийн өмчит байтугай хувийн уул уурхайн компаниудын хувьд хүртэл байгалийн баялгаас улсад үлдэх өгөөж нь муу байдгийг санууштай.
БАЯЛГИЙГ ЕРӨӨЛ БОЛГОЖ ЧАДАХ УУ
Уул уурхайнхны өмнө тулгамдаж буй бэрхшээл цөөнгүй. Нүүрсний тээврийн түгжрэл, дэд бүтэц, боловсон хүчин гэх мэт. Салбарын сайд ч өдөр тутмын ажилтайгаа “байлдаад” завгүй. Үүнийхээ хажуугаар тэрбээр байгалийн баялгийн засаглал хэмээх суурь асуудлыг, урт хугацааны хөгжлийн сэжүүрийг сөхөөд орхилоо. Тэр үүнийгээ цааш үргэлжлүүлж чадах болов уу. Ерөнхий сайд, Засгийн газар, УИХ-ын гишүүд, уул уурхайн компаниуд, мэргэжилтнүүдийнхээ, олон нийтийн дэмжлэгийг авч чадах уу. Хийчихээсэй, чадаасай гэж хүсэж байна. Учир нь зах зээл дэх тавааруудын үнэ өсөж, буурдаг циклтэй бөгөөд ашигт малтмалын орлого нь 15 хувь буурахад Чилийн ДНБ дөрөвхөн хувь хумигджээ.
Харин ОХУ-ын баялгаас олох орлого долоон хувь багасахад ДНБ нь арван хэдэн хувь доошоо “шидэгдэж” байсан аж. Мөчлөг сөрсөн бодлого хэрэгжүүлж байгаа, эдийн засгаа солонгоруулж чадсан, эсэхээс улс орнуудын эдийн засаг ийн хамаардаг зүй тогтол байна. Мөн супер цикл дуусахыг дагаад дэлхий даяар ашигт малтмалын хайгуулд зарцуулсан хөрөнгө буурдаг жишиг бий. Баялгийг шинээр нээн илрүүлэлгүй олсон жаахан юмаа “идээд” дуусчихвал орлого, засаглал “тасарчих” эрсдэлтэй.
Нэгэн эрхэм “Яг үнэндээ Монголд шууд хөрөнгө оруулчих уул уурхайн бэлэн төсөл байхгүйтэй адил байна” гэсэн үг унагана лээ. Нөгөөтэйгүүр, манайхан эдийн засгаа солонгоруулъя гэж ярьдаг. Улс орнуудын жишгээс харвал уул уурхайн салбараа түшиглээд эдийн засгаа төрөлжүүлэхэд бараг 100 жил шаардлагатай гэх. Тиймээс солонгоруулах гэж яарахаасаа өмнө уул уурхайгаас орж ирж буй мөнгийг улсдаа зөв “аргамжаад” авчихдаг засаглал хэрэгтэй.