Амжилт, бахархал, баяр гуниг, үйл явдлаар дүүрэн “Аавын эзгүйд” реалити сурвалжилгаа “Өнөөдөр” сонин өндөрлүүлж, “Медальд хүрэх зам” хэмээх дараагийнхыг нь эхлүүлж байна. Энэ сурвалжилгын гол дүр ямар хүн байх талаар редакцдаа нэлээд ярилцаад, амжилт гаргаж, олонд танигдаагүй ч спортод бүхнээ зориулан хичээллэж байгаа хүүхэд сонгоё гэж тохирсон юм.
Олимпын аварга болох мөрөөдөлтэй олон хүүхэд спортоор хичээллэж, хөлсөө дуслуулж яваа. Тэд бүгдээрээ олимпын аварга болохгүй, цөөхөн нь амжилтад хүрч, зарим нь багш, дасгалжуулагч, спортын зүтгэлтэн, үлдсэн нь маш сайн үзэгч, сонирхогч болж үлдэнэ.
Манай сурвалжилгын баатар аль нь ч байж мэднэ. Өрсөлдөөн дундаас үнэхээр авьяас чадвар, хүч чадалтай нь л тодорч гарна. Спортод үнэн сэтгэлээсээ дурлан хичээллэж буй мянга мянган хүүхдийн төлөөлөл болсон Мөнхбатын Пүрэвтунгалаг охин, түүгээр дамжуулаад XXI зууны Монголын хөдөөд хүүхдүүд хэрхэн өсөж торнин, сурч хүмүүжиж буй, тэдний хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүлэл ямархан байгааг харуулах нь манай сурвалжилгын зорилго.
Бид реалити сурвалжилгаа эхлүүлэхээр Баянхонгорыг зорьж, гол баатрынхаа ээж, аав, багш нартай нь уулзаж, хэрэг зоригоо тайлбарлан, зөвшөөрөл аваад ирлээ. “Медальд хүрэх зам” реалити сурвалжилга маань цувралаар хүрэх болно.
СУУРИН СОЁЛД ХӨЛӨӨ ОЛОХООР ЗҮТГЭЖ БУЙ МӨНХБАТЫНХ
Баянхонгор аймгийн гуравдугаар багийн нутаг, Хөхтолгойн шилд орших дөрөвдүгээр арван жилийн сургуулиар орж, М.Пүрэвтунгалагийг хичээлийнх нь сүүлчийн цагаас чөлөө авахуулаад гэр рүү нь хамт явлаа. Тэднийх аймгийн хойд захад, нутгийнхан “Арван мянгат” гэж нэрлэдэг гэр хорооллын нүүрний гудамжинд байдаг. Хашааны хаалгаар ороход шавар, шохой нь халцарсан хуучин жижиг байшингийн үүдэнд тэрсхэн хоёр охин 40 литрийн бидонтой ус өргөх гэж хэрэндээ л их хүч гаргаж зогсоно. М.Пүрэвтунгалаг бидонтой усыг сэвхийтэл өргөөд, биднийг дагуулан гэртээ орлоо.
Гэрийн эзнийг С.Мөнхбат гэдэг, Тамир давуулсан (Архангай аймгийн нутаг руу оторлуулахаа ийн хэлэх аж) малаа эргэнгээ өвлийн идшээ төхөөрч ирэхээр явсан тул эзгүй байж таарав. Охиныг нь сурвалжлахаар хотоос сонины хүмүүс ирсэн сургаар эзэгтэй С.Наранчимэг гэр орноо цэвэрлэж, шал шавхайгаа угаагаад ид ажилтай сууж байлаа.
Цөөхөн бог, саалийн хэдэн үнээтэй, мал даган амьдарч байсан С.Мөнхбатынх хүүхдүүдээ сургууль соёлын мөр хөөлгөх гэж аймгийн төв бараадаад арваад жилийн нүүр үзэж буй гэнэ. Өнгөрсөн хугацаанд С.Мөнхбат, С.Наранчимэг хоёр суурин газарт хөлөө олох гэж юм юм л хийж үзжээ. Хүмүүстэй нийлэн зайрмагны цех ажиллуулж, машин авч, жолооны дамжаанд гэрээгээр багшлахаас эхлээд мөнгө олох олон ажил хийсэн ч хүн цөөнтэй, зах зээл багатай орон нутагт тэр болгон санаан зоргоор бүтэлтэй болдоггүйн гачлан тэднийг тойрсонгүй.
Одоо тэднийх тодорхой орлогогүй, жолооны дамжаанд суралцагсдын дадлагын хичээлд ашиглах гэж авсан машинаараа таксинд явж, ойр зуурын хэрэглээний мөнгөө олдог аж. Орон нутагт хөлсний тэргээр хотынх шиг км-ээр тооцож явдаггүй, хямд тарифаар үйлчилдэг. Баянхонгорт такси үйлчилгээ эрхлэгчид засмал зам дагуу хэдэн км явсан ч 500, замаас гарч гэрт нь хүргэвэл 1000 төгрөг авдаг аж.
Амьжиргааг нь залгуулдаг гол эх үүсвэр болох машин нь эвдэрчихээд, түүнийгээ засуулах гээд нэлээд хэд хоног хүлээж буй тухайгаа гэрийн эзэгтэй хуучлав. Гурван настай хүү нь хүртэл “Самбал ах манай машиныг засаж өгөхгүй байгаа” хэмээн хошуугаа цорвойлгож ирээд бидэнд ховлосноос харвал машинаа засуулах нь энэ гэр бүлийн хамгийн тулгамдсан асуудал болоод буй бололтой.
Суурин амьдралд нэг л эвээ олохгүй байгаа С.Мөнхбатынх хүүхдүүдийнхээ зуны амралтаар хөдөө гардаг аж. Хэдийгээр шавар байшинд амьдарч буй ч тавилга хогшил нь хөдөөгийнхөөрөө энэ айлын эзэгтэй идээ ундаагаар ховор зэвэрхэн суугаадаа санаа зовсон бололтой босож суун дэгэлзэж, байн байн “Зун, идээ цагаа дэлгэрсэн үед ирэхгүй дээ” хэмээнэ. Дассан газрын даавуу зөөлөн гэж. Хэдэн малынхаа дэргэд эдний магнай тэнийж, сэтгэл дүүрдэг аж.
ӨНӨР БҮЛИЙН ОЛИМПЫН НАЙДВАР
С.Мөнхбатынх зургаан хүүхэдтэй. Ууган охин М.Пүрэвсүрэн нь оюутан болоод хот руу явсан ч сургалтын төлбөргүйн улмаас жилийн чөлөө аваад ажил хийж байгаа гэнэ. Удаах охин М.Пүрэвтунгалаг нь манай реалити сурвалжилгын гол баатар.
Баянхонгор аймгийн “Эрдэм” ахлах сургуулийн 12а ангийн сурагч тэрбээр чөлөөт бөхөөр хичээллэдэг. Түүний ихэр дүү М.Анужин, М.Анударь нар аравдугаар ангид сурдаг бөгөөд М.Анужин нь багаасаа хурдан морь унаж, “Шилдэг унаач” цол авч байжээ. М.Анужин өнгөрсөн жилээс хурдан моринд томдож, дүү М.Насанбилэг нь эгчийнхээ халааг аван, унаач болсон гэнэ.
Таван эгчийн хайр, халамжинд хөлбөрөхөөр төрсөн ганц хүүдээ аав нь М.Мөнх-Удам гэдэг нэр хайрлажээ. Удмаа мөнхлөх үүрэг хүлээж, аав, ээжээ баярлуулан мэндэлсэн одонгийн хүү одоо гурван настай. “Битгий намайг уйлуулаад бай” хэмээн эгч нараа командалж, бүхнийг өөрийнхөөрөө хийх гэж зүтгэх өхөөрдөм хүү энэ гэрт хамгийн дархан эрхтэй нь.
“Ээж, аав хоёр хүүгээ шоглуулчихна гээд цэцэрлэгт явуулдаггүй” гэж М.Пүрэвтунгалаг хэлсэн. Харин гол баатар маань энэ гэр бүлийн олимпын найдвар. Түүнийг амжилт гаргана, алдартай тамирчин болно гэдэгт гэрийнхэн нь итгэдэг.
ЭЭЖИЙН ДУРСАМЖ
Охиныг нь сурвалжлахаар 640 км зам туулж, өдөр тутмын сонины сурвалжлагч ирсэн дээр нь өхөөрдөм, бахархам дурсамж бүхнээ ярих хэрэгтэй гэж С.Наранчимэг бодсон нь илт. Энэ тэрийг хүүрнэж суусан гэрийн эзэгтэй гол баатрын маань тухай ийн ярив.
“Пүрэвтунгалаг багаасаа л борог өссөн. Хоёр ой дөнгөж хүрч байхдаа ихэр дүүтэй болж, ээжийн өврөөс гарсан. Тэгэхэд манайх хөдөө байлаа. Аав нь мал хуй гээд гэрт байхаасаа байхгүй нь их, би ихэртээ түүртээд түүнд анхаарал тавьж чадахгүй болохоор охин маань айлын хүүхдүүд дагаад гүйж явдаг болсон.
Нэг өдөр гэртээ орж ирэхгүй, гадаа дуу нь сонсогдохгүй нэлээд удахаар нь айлаас сураглатал хамт явсан хүүхдүүд нь гэртээ ирчихсэн, охин маань байдаггүй. Тэдний хаана тоглосныг заалгаад очтол манай хүн голын эрэг тэгнэчихсэн унтаж байдаг байгаа. Хүүхдүүдтэй хамт гол руу очоод, буцахад нь эрэг өөд гарч чадахгүй, уйлж хэвтэж байгаад унтчихсан юм билээ.
Манай нутагт алтны уурхай нээгдэж, тэндхийн ажилчид “танкийн хар” гэгддэг зузаан хөвөнтэй, ажлын хувцастай хэрнээ бээрч байхад манай охин цасан дээр нүцгэн зогсож, нүдийг нь орой дээр нь гаргана. Зун наранд халсан чулуун дээр тоох ч үгүй суучихна.
Манай нутаг тарвага ихтэй. Зун айл бүр тарваганы мах иднэ. Пүрэвтунгалагийн нүүр, ам тарваганы тосонд халтартчихсан, өтгөн хар үсэнд нь тарваганы өөх наалдчихсан явах энүүхэнд. Нутгийнхан охиныг маань “Улаанаагийн онгорхой хар”, “Совингийн савдаг” (2000-аад оны үед гарч байсан киноны дүрийн нэр аж) гэх мэтээр хочилж, өхөөрддөг байж билээ. Ингэж борог өссөн болохоор бие нь чанга, хэрийн юманд янгуучилж, шантардаггүй болж өссөн”.
ХҮНЭЭС ГУЙХГҮЙ ШАЗРУУН ОХИН
Хэний хэн бэ, хаана, юу хийдэг, ямар зан чанартай вэ гэдгийг нь мэдэхгүйгээр эгэл амьдралтай айл, энгийн нэг хүүхэд сонгоно гэдэг ярвигтай ажил юм билээ. Эгэл гэвэл хүүхэд бүр эгэл. Эгэл бус гэвэл бүгд л эгэл бус. Спортоор хичээллэж буй мянга мянган хүүхдээс нэгийг нь онцлохын тулд түүнийг бусдаас ялгах өчүүхэн хөшүүрэг хэрэгтэй байв. Тэр нь бусдад бус, надад л хэрэгтэй байсан хэрэг. М.Пүрэвтунгалагийг реалити сурвалжилгынхаа гол дүрээр сонгоход доор өгүүлэх бяцхан түүх хөшүүрэг болсон юм. Хүн бүрт онцгой чанар, сонирхол татам түүх бий.
Аавынхаа хоригоос зөрөн тамирчин болохоор шийдсэн М.Пүрэвтунгалаг чөлөөт бөхийн секцэнд орсноо аав, ээждээ хэлэлгүй хэдэн сар болжээ. Энэ хугацаанд бэлтгэл хийхэд шаардлагатай хэрэглээний мөнгөө олохын тулд есдүгээр ангийн хичээлийнхээ хажуугаар Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв (МСҮТ)-д элссэн байна. МСҮТ-ийн суралцагчдад сар бүр өгдөг 70 мянган төгрөгийн тэтгэлгийг авах гэж тэр шүү дээ.
14 настай охин аймгийн баруун хойд зах дахь гэрээсээ өглөө 07.30 цагт гарч, хичээлдээ очоод, 12.30 цагт аймгийн зүүн хойд захад орших “Өлзийт” МСҮТ рүү гүйж, тэндээс элбэг 4-5 км явж хүрэх бэлтгэлийн танхимдаа 16.00 цагт бэлэн зогсоно гэдэг амар зүйл биш. Энэ нь өдөр бүр давтагдана. Мал ахуйгаа эргэж тойрох, амьжиргаагаа залгуулах аж ахуйн элдэв ажил хийх гэсээр хүүхдүүдээ анхаарах зав багатай байсных биз, аав, ээж нь түүнийг ингэж явааг хэсэгтээ л мэдээгүй гэдэг.
М.Пүрэвтунгалагаас тэр үеийнх нь талаар сонирхоход “Бөхийн спортоор хичээллэмээр санагдаад сургуулийн тэмцээнд орохдоо аавыг дагуулан очиж, үзүүлсэн юм. Гэтэл тэр тэмцээнд эхний барилдаандаа ялагдчихав. Аав “Чи барилдаж чадахгүй юм байна. Тэгээд ч эмэгтэй хүүхдэд бөхийн спорт дэмий. Наад бодлоо орхи” хэмээн эрс хориглосон. Үүний дараа аав, ээжид хэлэлгүй өөр нэг тэмцээнд оролцож, ялагдчихаад зогсож байтал С.Мөнхдуулдах багш намайг дуудаж, “Хэрвээ чөлөөт бөхөөр тууштай хичээллэх сонирхолтой бол манай секцэнд ирээрэй” гэсэнд хагартлаа баярласан.
Өмнө нь байнгын бэлтгэлгүй, сургууль дээр тэмцээн болохоор сонирхлоороо оролцдог байсан бол С.Мөнхдуулдах багшийн шавь болсноор байнгын, зөв бэлтгэл хийх, бөхийн мэх, техникийг мэргэжлийн хүнээр заалгах, томоохон тэмцээн, уралдаанд оролцох гээд тухайн үед мөрөөдөж ч байгаагүй боломжууд нээгдсэн.
Үүнийг дагаад илүү том асуудал тулгарсан. Надад бэлтгэл хийхэд тохиромжтой хувцас, тэмцээнд оролцохдоо өмсөх өмсгөлийн аль аль нь байсангүй. Трико, борцовк үнэтэй, ээж, аавын олдог мөнгө өдрийн хэрэглээндээ хүрэлцэхгүй шахам байдгийг мэддэг учраас тэдэнд хэлэх зүрх хүрээгүй. Аав бөхөөр хичээллэхээ боль гэснийг ч хэлэх үү. Тийм үед надад ийм үнэтэй хувцас хэрэгтэй байна гэвэл бүр ч бүтэхгүй. Бэлтгэл хийхэд нэн тэргүүнд борцовк хэрэгтэй учраас хамт хичээллэдэг хүүхдээсээ хуучныг нь зээлээд авчихсан.
Нөгөө хүүхдийнхээ мөнгийг яаж өгнө дөө гэж өдрийн бодол, шөнийн зүүд болж байхдаа “Өлзийт” гэдэг МСҮТ нээгдсэн, тэнд сурдаг хүүхдүүдэд сар бүр 70 мянган төгрөгийн тэтгэлэг өгдөг тухай сонссон юм. Миний нас, хичээлийн цаг гээд бүх зүйл тохирч байсан учраас тэнд суръя, яаж ч байсан амжуулах ёстой гээд зүтгэчихсэн. Тэтгэлгийн 70 мянгаа аваад хамгийн түрүүнд хүүхдээс зээлсэн борцовкныхоо мөнгийг өгсөн” хэмээн хуучилсан.
Ийнхүү гол баатартайгаа, гэр бүлийнхэнтэй нь яриа дэлгэн, илүү дотно танилцаж байтал Пүрэвтунгалагийн бэлтгэлдээ явах цаг боллоо.