Бэлтгэсэн: Х.Уянга, Д.Мягмаржаргал, З.Амгалан
Европын холбооны засаг захиргааны төв Брюссель хотод болсон тус холбооны Cангийн сайд нарын хурлаас манай улсыг татварын мэдээлэл нь ил тод биш, татвараас зайлсхийх боломж олгодог гэсэн шалтгаанаар хар жагсаалтад оруулснаа өнгөрсөн долоо хоногт зарласан. “Европын холбоо Монгол Улсыг оффшор бүс хэмээн зарлажээ”, “Татварын тогтолцоо нь ил тод биш, нуугдаж бултах боломжтой гэж үзсэн тул Европын холбооны хар жагсаалтад багтлаа” гэсэн гарчигтай мэдээллүүд ар араасаа хөвөрч, УИХ, Засгийн газрын гишүүд энэ асуудалд анхаарал хандуулан, Төрийн ордон хөл хөдөлгөөнд орсон ч энэ байдал удаан үргэлжилсэнгүй. Өдгөө шинэ жилийн баярын уур амьсгалд дарагдаад, мартагдах тал руугаа ханджээ.
Долоо хоногийн өмнө ямар учиртай хар жагсаалтад яагаад орчихсоноо төдийлөн сайн ойлгоогүй улстөрчид сэтгүүлчидтэй хамт зогсоод гайхан, халаглаж, илүү тодорхой мэдээлэл олохоор өөр өөрийн шугамаар оролдож байсан бол одоо хар жагсаалтын талаар бодож, санаа тавьж байгаа хүн цөөн байх шиг.
Хар жагсаалтаас гарахын тулд ямар арга хэмжээ авахаар төлөвлөж буй, хуулийн аль заалтуудыг хэрхэн өөрчлөх шаардлагатай, татварын шударга бус орчинтой гэж олон улсад үнэлэгдэхэд юу нөлөөлсөн зэрэг асуултад хариулт авахаар хандахад Татварын ерөнхий газрын дарга “Би энэ талаар юу ч мэдэхгүй” гэсэн хариу өгсөн. Татварын орчин шударга бус, ил тод биш, татвараас зугтах боломж олгодог гэж үзээд улсыг маань хар жагсаалтад оруулчихаад байхад Татварын ерөнхий газрын дарга юу ч мэдэхгүй гээд сууж байх нь хэр зохимжтой юм бол.
УИХ-ын зарим гишүүн хар жагсаалтыг нэг их сүртэй зүйл биш, уг жагсаалтад орсон улсуудтай холбоотой эдийн засгийн болон өөр ямар нэг хориг арга хэмжээ авах талаар одоохондоо албан ёсоор мэдэгдээгүй тул түгшиж, сандрах хэрэггүй гэж байгаа бол УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Дэлхий нийтээр оффшор бүс дэх бохир болон татвараас зугтсан хөрөнгө мөнгө угаах, терроризм, хар тамхи, зэвсгийн, хүний болон бусад хууль бус наймаатай үр дүнтэй тэмцэхийг эрмэлзэж, үүнд хамтын хүчээ нэгтгэж байхад Монгол Улс хамтын ажиллагаанаас ангид гэсэн хар тамга даруулав. Энэ нь Монгол Улсын нэр хүндээс гадна эдийн засагт хохиролтой. Хар жагсаалтад орсноор манай улсын эдийн засгийг эрсдэлд оруулж байна. Европын холбооны Сангийн сайд нар Монгол Улсын гадаад гүйлгээнд нэмэлт татвар ногдуулах болон санхүүгийн бусад хориг арга хэмжээ авахыг санал болгоод байгаа” гэсэн юм.
Сангийн сайдын хэлж буйгаар татвараас зайлсхийх, ашгаа шилжүүлэхийн эсрэг BEPS (Base еrosion and рrofit shifting) хөтөлбөрт нэгдээгүй нь хар дансанд бүртгэгдэх гол шалтгаан болжээ. BEPS нь бага буюу тэг татвартай бүс рүү, өөрөөр хэлбэл, оффшор бүс рүү ашгаа зувчуулах боломж олгодог татварын тогтолцооны хийдэл, алдааг арилгах стратеги хөтөлбөр юм. Их-20-ийн улсуудын Сангийн сайд, Төвбанкны тэргүүн нарын хуралдаанаар BEPS хөтөлбөрийн суурийг тавьж, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD) болон Их-20-ийн улсууд хамтран боловсруулж, баталсан аж.
Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийлэн, амлалт өгөхийг санал болгоход 100 гаруй улс хүлээж авсан байна. Хөтөлбөрийн үзэл санааг хүлээн зөвшөөрч, нэгдвэл арилжааны банкууд дахь гадаадын иргэдийн дансны мэдээлэл, хуулга, тус улсад эзэмшиж буй хөрөнгийн хувь хэмжээтэй холбоотой мэдээллийг Европын холбооны гишүүн улсуудтай солилцох боломжтой.
Өөрөөр хэлбэл, оффшорын эсрэг хамтран ажиллах юм. Харин манай улс бусад 16 орны хамт Европын холбооны хар жагсаалтад нэрээ зоолгоод буйн буруутнаар “Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүрэг хүлээж чадахгүй” гэсэн хариу өгсөн Сангийн яамыг тодруулаад байна.
ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА
Татвараас зугтагчдад ХАРИУЦЛАГА ТООЦНО
Чингэлтэй дүүрэгт 14 319 аж ахуйн нэгж, 2619 төсөвт болон төрийн бус байгууллага бүртгэлтэй байдаг. Тэдгээр байгууллага, аж ахуйн нэгжүүд татвараа бүрэн төлж барагдуулж буй, эсэхийг сурвалжлахаар тус дүүргийн Татварын хэлтсээр орлоо. Саяхан аж ахуйн нэгжийн тооллого болж өнгөрсөн.
Чингэлтэйнхэн тооллогод хэр идэвхтэй оролцсон талаар тус дүүргийн Татварын хэлтсийн Татвар төлөгчтэй харилцах албаны дарга Л.Болормаагаас тодруулахад “Татварын ерөнхий газрын даргын 2017 оны аравдугаар сарын 31-ний тушаалаар аж ахуйн нэгжүүдийг тооллогод хамруулсан. Үүний дагуу ажлын хэсэг байгуулж дүүргийнхээ нутагт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийг тоолсон. Өнөөдрийн байдлаар манай дүүрэгт 6200-гаад байгууллага тогтмол үйл ажиллагаа явуулж байна” гэсэн юм.
Тус дүүрэгт бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 55 хувь нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг бол 30 хувь нь “Х” тайлан гаргадаг аж. Харин үлдсэн нь улирлын чанартай, алдаг оног ажилладаг, хааяа нэг тайлан ирүүлчихээд, ихэвчлэн царцанги байдалд байдаг гэнэ. Тус хэлтсийнхэн энэ оны орлого бүрдүүлэлтээ 103.7 хувьтай гүйцэтгэж, төлөвлөгөөгөө давуулан биелүүлжээ. Тодруулбал, өнгөрсөн сарын эцсийн байдлаар улсын төсвийн орлогын гүйцэтгэл 109.8, аймаг, нийслэлийн төсвийн орлогын гүйцэтгэл 97.2, сум, дүүргийн төсвийн орлогын гүйцэтгэл 104.5 хувьтай гарчээ.
Томоохон татвар төлөгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамж орлого бүрдүүлэлтэд жинтэй хувь эзэлдэг аж. Дээрээс нь аливаа үйл ажиллагаа эрхэлж буй иргэдээс авдаг хувь хүний орлогын албан татвар багагүй нэмэр болно. Гэхдээ иргэд өөрсдөө гүйж ирээд татвараа төлдөггүй. Тун цөөхөн хүн л сайн дураараа төлдөг юм байна. Харин бусадтай нь тус хэлтсийн гурван байцаагч биечлэн уулзаж “гуйдаг” гэнэ. Харин “Х” тайлан гаргадаг, бүр гаргадаггүй, ор сураггүй болсон иргэн, аж ахуйн нэгжүүдтэй Татварын хэлтсийнхэн ойрын үед тулж ажиллахаа мэдэгдлээ.
Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн дагуу татвараас зайлсхийсэн хүмүүс зайлшгүй хариуцлага хүлээх учиртай. Нэг ёсондоо үйл ажиллагаа эхлүүлээд 14 хоносон хэр нь хуулийн дагуу Татварын хэлтэст бүртгүүлж, иргэний үүргээ биелүүлээгүй этгээдүүдээс хариуцлага нэхэж эхлэх нь. Мөн 3-4 жил ажилласан атлаа тайлан мэдээллээ гаргаж, татвар төлөөгүй аж ахуйн нэгж ч цөөнгүй гэнэ. Шинээр батлагдсан хуульд татвараас зайлсхийгчдэд ногдуулах арга хэмжээ хүндэрсэн гэдгийг татварынхан анхаарууллаа.
Тодруулбал, долдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн Зөрчлийн тухай хуульд татвараас бултагсад өндөр хэмжээний торгууль хүлээх зүйл заалт тусгажээ. Тус хэлтсийн 1800-1288 болон 7000 1610 утсанд иргэдээс цөөнгүй гомдол ирдэг аж. Дийлэнх нь “И-баримт өгсөнгүй”, “Татварын талаар мэдээлэл авъя” гэсэн агуулгатай байдаг гэнэ. Биднийг Татварын хэлтэст байх үед иргэн Б.Долгормаа мэдээлэл авахаар ирсэн байв. Тэрбээр “И-баримтаа бүртгүүлэх гэсэн боловч амжилтгүй болоод байна” гэсээр тус хэлтсийн ажилтанд хандсан.
И-баримтад бүртгэлгүй учир илгээсэн мессеж нь амжилтгүй болсныг түүнд хэлж, хэрхэн бүртгүүлэх талаар зөвлөгөө өглөө. Энэ мэтээр цөөнгүй иргэн тайлангаа хэрхэн гаргах, татвараа нөхөн төлье хэмээн зөвлөгөө авахаар тус хэлтсийн Нэг цэгийн үйлчилгээний төвд ирдэг нь ажиглагдав. Энэ жил тус байгууллагад нийт 334 гомдол ирсэн бөгөөд 94 хувийг нь шийдвэрлэсэн байна. Мөн иргэдэд хандсан сургалтыг 10 гаруй удаа зохион байгуулжээ.
ИНФОГРАФИК
БАЙР СУУРЬ
Б.ЭРДЭНЭБАТ (МУИС-ийн багш, доктор):
Хөгжлийн болон бусад санхүүжилт авах боломжгүйд хүрч магадгүй
-Европын холбооны Сангийн сайд нар Панам, Монгол, Макао зэрэг 17 улсыг татвараас зугтаагчдыг орогнуулагч хэмээн өнгөрсөн долоо хоногт зарласан. Олон улсын татварын гэрээ хэлцлийн цоорхойг ашиглан, өөрийнхөө улсаас арай бага татвар ногдуулдаг оронд орлогоо байршуулдаг үйлдлийг хэлж байгаа юм. Олон нийтэд оффшор гэх нэрээр танил болсон сөрөг үзэгдэлтэй тэмцэх зорилгоор Европын холбооноос хэрэгжүүлж буй ажлын эхлэл гэж ойлгож болно. Жилд дунджаар 500 гаруй тэрбум ам.долларын татварын орлогыг “татварын диваажин” буюу бага татвартай улсуудаас болж алдаж байгаа гэсэн тооцоо байдаг. Монгол Улсыг татварын зорилгоор мэдээлэл солилцох, олон улсын ил тод байдлын гэрээнд нэгдээгүй, үүнтэй холбоотой Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын конвенцыг батлаагүй. Мөн оффшор бүс рүү ашгаа зувчуулах боломж олгодог татварын тогтолцооны хийдэл, алдааг арилгах стратеги хөтөлбөрийн минимум стандартыг нэвтрүүлээгүй агаад дээрх асуудлаа ирэх онд багтаан засахаар амлалт өгөөгүй зэрэг үндэслэлээр хар жагсаалтад оруулсан юм билээ. Тэдний мэдэгдэж буйгаар энэхүү үнэлгээний процесс жил орчим үргэлжилсэн бөгөөд манай улсын холбогдох байгууллагуудад явцынх нь талаар удаа дараа тайлагнаж байсан гэдэг. Дээрх холбоо манай улсыг татвараас зугтсан талаар л дийлэнхдээ ярьдаг. “Панамын баримт”-уудад манай зарим томоохон компани, бизнесмэн, улстөрч “татварын диваажин”-д бүртгэлтэй хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр чамгүй цацагдсан. Тиймээс Монгол “татварын диваажин” байх боломжгүй. Европын холбооны хууль, журмын хүрээнд хар жагсаалтаас гартлаа Монгол хөгжлийн болон бусад санхүүжилт авах боломжгүйд хүрч магадгүй. Тэд ямар хориг арга хэмжээ авах талаар энэ долоо хоногт багтаж зарлана гэсэн. Гэхдээ эл хар жагсаалт чамгүй шүүмжлэлд өртөж байгааг хэлэх нь зүйтэй. Оксфам, Татварын шударга ёс зэрэг олон улсын байгууллага тэмдэглэж буйгаар энэхүү жагсаалтад лообий сайтай, томоохон эдийн засагтай улсуудыг үндсэндээ оруулаагүй юм билээ. Мөн өөр нэг зарчмын шүүмжлэл нь тус холбоо “татварын диваажин” гэгддэг Европын Голланд, Брюссель, Люксембург, Ирланд гэх мэт улсыг уг жагсаалтаас гадна үлдээсэн явдал.
Ж.ДЭЛГЭРСАЙХАН (СЭЗИС-ийн багш, Эдийн засагч):
Татвараас зайлсхийх боломж олгодог гэсэн ойлголтыг гадаадынханд төрүүлж байна
-Манай улсын татварын тогтолцоог олон улсын хамтын ажиллагааны хүрээнд нээлттэй бус хэмээн Европын холбооноос онцолсон. Өөрөөр хэлбэл, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын зүгээс тавьдаг наад захын шалгуур хангадаггүй гэсэн үг. Ингэснээр Монгол Улс нь татварын нөхцөл байдлын хувьд эргэлзээтэй, татвараас зайлсхийх боломж, орон зай бий болгодог гэсэн ойлголтыг гадаадынханд төрүүлж байна. Тус холбооноос гаргасан шийдвэрийг би хувьдаа дотоод татварын орчны талаар хийсэн дүгнэлт, татварын хувь хэмжээтэй холбоотой зүйл биш хэмээн үзнэ. 2006-2016 оны төсвийн мэдээллээс харахад манай улсын төсвийн орлогын 80-86 хувийг татварын орлого бүрдүүлжээ. Энэ нь Монголын эдийн засагт татварын орчны нөлөөллийг харуулах үзүүлэлт юм. Тиймээс бид татварын бааз суурийг нэмэгдүүлэх, ил тод, шударга зарчмыг баримтлахад анхаарах нь чухал. Эл холбооны тавьсан шаардлагыг биелүүлэх боломжийг судалж зохих шийдвэрт хүрэх нь зүйтэй.
Б.МӨНХСОЁЛ (Үндэсний стратегийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал):
Хууль, эрх зүйн орчноо ил тод байлгах хэрэгтэй
-Европын холбооноос гаргасан хар жагсаалтад манай улс орсон нь нийгмийн сүлжээнд нэлээд маргаан дагуулж байна. Тиймээс энэ асуудлаар дээрх холбооны төлөөлөгчийн газрын хэргийг түр хамаарагч Марко Фэрритэй уулзсан юм. Түүний хэлж буйгаар Европын холбооноос Монгол Улсад удахгүй албан бичиг ирүүлэх юм байна. Хар жагсаалтаас яаж гарах талаарх зөвлөмж гэсэн. Европын холбоо Монгол Улсыг тус жагсаалтад хүчээр оруулаагүй гэдгийг дуулгалаа. Мөн Манай улс татварын орчноо ил тод байлгаагүй, олон улсын байгууллагад элсээгүй гэсэн зарчмын шаардлагад бүдэрсэн юм байна. Эл холбооны гишүүн орнууд хар жагсаалтад багтаагүй шалтгаан нь сүүлийн гурван жилийн хугацаанд шаардлага хангасан үзүүлэлттэй байсан учраас тэр. Тиймээс татварын тогтолцоогоо сайжруулах хүрээнд анхаарч хууль, эрх зүйн орчноо ил тод болгох хэрэгтэй.
Ч.ОТГОЧУЛУУ (Эдийн засагч):
Үндэстэн дамнасан корпорацуудын ашиг, орлогын урсгалыг хянах тал дээр хаалттай
-Европын холбоо болон Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас улс орнуудад татварын мэдээллээ харилцан солилцдог болъё гэсэн санаачилга дэвшүүлсэн. Уг санаачилгад нэгдэх хүсэл эрмэлзэл байгаа, эсэх талаар мөн манай улсын сангийн яамнаас асуухад нэгдэх боломжгүй хэмээн хариулт өгсөн юм билээ. Тиймээс хар жагсаалтад оруулсан.
Гадаад улсуудын татварын байгууллагуудтай сайн хамтарч ажилладагүй. Монголын татварын орчин дотооддоо нээлттэй юм шиг боловч, тогтвортой болон хөрөнгө оруулалтын гэрээ зэрэг онцгой нөхцөл бий болгоод байдаг. Тиймээс энэ байдлыг эргэж харах шаардлагатай. Мөн үндэстэн дамнасан корпорацуудын ашиг, орлогын урсгалыг хянах тал дээр хаалттай. Манай улсын эдийн засагт татвар чухал нөлөөтэй. Жижиг эдийн засагтай орны хувьд төсвийн оролцоо их. Өөрөөр хэлбэл, татварын орлогын дийлэнхийг цөөн компани бүрдүүлдэг. Ийм үзэгдлийг гажуудсан гэж үздэг. Тэгэхээр тогтолцоо зөв байвал татварын бааз суурь өргөжиж, олон хүн татвар төлдөг болно.
ДЭЛХИЙН ЖИШИГ
Хар жагсаалт нь хууль зөрчүүлэхгүй байхад чиглэдэг
Хүлээсэн үүргээ биелүүлээгүй зэрэг ямар нэг шалтгаанаар болон аль нэг субъекттэй найрсаг бус харилцаатай болсноо хүлээн зөвшөөрч гаргасан нэрсийн дарааллыг хар жагсаалт гэдэг. Өөрөөр хэлбэл, тодорхой эрх эдлэх, үйл ажиллагаа явуулахаас татгалзсан хувь хүн, байгууллага, улсын жагсаалт юм. Үүнийг ямар ч салбарын чиглэлээр гаргаж байна. Тухайлбал, олон улсын шилжилт хөдөлгөөний хувьд хууль зөрчин, хөөгдөн гарсан этгээдүүдийн жагсаалт гаргаснаар тэдэнд дахин виз олгодоггүй.
Интернэт орчинд хэрэглэхийг хориглосон цахим хуудас, групп, чатын жагсаалт гаргадаг. Эдийн засгийн талаар гэвэл итгэл алдсан түншүүдийн жагсаалт гарган, хамтран ажиллахаас татгалзаж, эсвэл илүү хатуу болзол тавьдаг. Хариуцлага алдсан нэгнийг ганцаардуулахын тулд, бусдад сэрэмжлүүлэх зорилгоор хар жагсаалтыг нийтэлдэг аж. Эдийн засгийн чиглэлийн олон байгууллага үйл ажиллагаа явуулдгаас жишээ нь, Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах бүлэг (FATF) өөртэй нь хамтран ажиллахаас татгалзсан, эсвэл олон улсын терроризмыг дэмждэг орнуудын жагсаалт гаргасан байдаг.
Тус байгууллагаас оффшор орнуудын жагсаалт гаргаснаас олонх нь улсынхаа хууль тогтоомжийг олон улсынхтай нийцүүлжээ. Ингэснээр хар жагсаалтаас гарч, оффшор компаниудынхаа эздийн тухай мэдээллийг нуух, банкны нууц данс нээх боломжгүй болсон байна. Манай хойд хөрш Татварын албанаас нь мэдээллээ нуусан 111 орны нэрс бүхий жагсаалтыг өнгөрсөн онд гаргасан аж. Тэдгээр улс хамтран ажиллах талаар хүлээсэн үүргээ зөрчин татварын мэдээллээ илгээгээгүй гэнэ.
Үүний нэг адил Европын холбоотой татварын тайлангийн талаар хамтран ажиллахыг хүсдэггүй орнуудын хар жагсаалт гаргаснаа Сангийн сайд нар нь нийтэлсэнд манайх зэрэг 17 орон багтсан билээ. Хар дансанд орсон орнуудад тус холбооны санд хандах эрхгүй болж магадгүйг анхааруулсан. Чухам ямар арга хэмжээ авахаа Европын холбоо хараахан зарлаагүй байна. Үүний сацуу татварын дүрэм нь Европын холбооны стандартад нийцдэггүй 47 орныг багтаасан саарал жагсаалт гаргасан.
Эдгээр улс Европын эрх баригчидтай холбоотой байдаг бөгөөд зохих хууль дүрмээ боловсронгуй болгосноор уг жагсаалтаас гарах гэнэ. Аль нэг татвар төлөгчийг ялгаварладаггүй шударга хуультай байх, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын ил тод байх шалгуурыг хангасан бол уг жагсаалтад орохгүй юм.
Жагсаалт гаргаж буй нь татвар төлөхөөс зайлсхийдэг асуудлыг шийдэхэд чиглэсэн эхний алхам болохыг Европын холбооны эдийн засаг, нийгмийн асуудал хариуцсан комиссар Пьер Московиси мэдэгдсэн билээ.