Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооноос оны шилдэг гэрэл зураг шалгаруулах "Монголын Гэрэл Зураг-2017" уралдааныг албан ёсоор гишүүд, дэмжигч гэрэл зураг сонирхогч нарын дунд зохион байгууллаа. Уралдаанд "Монголын гэрэл зураг-2017" оны шилдэг бүтээлийн уралдаанд 80 гаруй гэрэл зурагчдын, 450 гаруй бүтээл иржээ.
Үүнээс шилдэг 100 бүтээлээр үзэсгэлэнгээ дэлгэн үзүүлж байна. Үзэсгэлэнд ирсэн бүтээлийг мэргэжлийн гэрэл зурагчид шүүхээс гадна зочин шүүгчдийг урьж оны шилдгийг тодруулсан нь онцлог байлаа.
Шилдгийн шилдэг Гран-При бүтээлийн эзнээр "Гашуун сухайт" авто замыг сурвалжилсан "Нүүрс тээвэрлэлтийн зам" цуврал бүтээл ирүүлсэн Гамма агентлагийн гэрэл зурагчин, олон улсын Ройтерс агентлагийн Монгол дахь фото сурвалжлагч Рэнцэндоржийн бүтээл 2017 оны Гран При эзнээр тодорчээ.
Фотосэтгүүлзүйн, баримтат гэрэл зураг төрөлд Спортын гэрэл зурагчин Ч.Ганбатын " Аваа өгөө", Монцамэ агентлагийн Б.Чадраабалын "Хүрэлсүхийн цаг", Б.Рэнцэндоржийн "Нүүрс тээвэрлэлтийн зам" цуврал бүтээл, Өнөөдөр сонины гэрэл зурагчин Э.Харцагын "Ширүүн тулаан" бүтээлүүд шалгарч, Ч.Ганбатын "Аваа өгөө" бүтээл оны шилдэг баримтат гэрэл зургаар шалгарлаа.
Оны шилдэг Хүрээлэн буй орчин, аяллын гэрэл зургийн төрлийн энэ оны шилдгээр Л.Жаргал "Их нартын байгалийн нөөц газар- Үнэг" бүтээл шилдгээр шалгарлаа.
Энэ зураг нэг агшин номинацад хамгийн олон буюу 40 гаруй зураг шилэгдэн дэлгэгдлээ. Шилдэг бүтээлд Өвөрхангай аймгийн гэрэл зурагчин С.Чинбатын " Бүгд цагаар ирэхээр шороо" , Өдрийн сонины гэрэл зурагчин Г.Базаррагчаа "Айдасгүй зоог", Хэнтий гэрэл зурагчин Г.Баясгалантөгс "Сайхны өмнө харц буруугүй", Гэрэл зургийн танхимын уран бүтээлч Г.Мөнх-Од "Хойч үе" бүтээлүүд сонгогдсоноос оны шилдэг агшин төрөлд "Айдасгүй зоог" зургаар Өдрийн сонины залуу уран бүтээлч Г.Базаррагчаа шалгарчээ.
Модерн фото арт чиглэлээр номинацид Г.Мөнх-Од "Урсан одох цаг хугацаа" цуврал бүтээл, С.Чинбатын "Агшинг сүүдэрлэхүй",Ч.Анхныбаяр "Хэм тэгш" бүтээлүүд нэр дэвшсэн байна. Модерн фото арт төрөлд Оны шилдгээр "Агшинг сүүдэрлэхүй" бүтээлээр Өвөрхангай аймгийн гэрэл зурагчин С.Чинбат шалгарлаа.
Бүтээлүүдийг уран сэтгэмж ба зурагчны авьяас чадвар, гэрэл зургийн чанар болон техникийн бусад үзүүлэлт, бүтээлийн агуулга нэр, тэдгээрийн харилцан шүтэлцээ зэргийг харгалзан шалгаруулалт хийсэн.