Хэл, түүх археологи өгүүлсэн нийтлэл №15
Манай зорилго түүх өөрчлөхөд оршихгүй, түүхийг харж буй сэтгэлгээгээ өөрчлөхөд оршиж байна. Бүх зүйлс цэгцрэх учиртай. С. Сэргэлэн.
Сэргэлэн Интернашионал Экспидишион Нууц товчоог судлаж байна. Хүннү-Монгол бичгээ тайлсан, Диван Лугатаар толио баяжуулсан бидний судалгаа урьд өмнөх бүх судалгаанаас оронгоор илүү үр дүнтэй байна. Нууц товчоог долоон зуун жилийн дээрээс эх бичгээрээ, хоёр зуун жилийн дээрээс Диван Лугатын толиор, найман зуун жилийн дороос өнөөгийн нүдээр харах анхны боломж бидэнд олдов. Ингэснээр Нууц товчоо монгол хүн бүрт ойрхон, ойлгомжтой болох жамтай.
Өнөөдөр монголчуудын дунд Нууц товчоог “хэн сайн мэдэх вэ?” гэдэг асуулт хариултын тэмцээн хийвэл олон хүн өөрсөдийгөө сайн мэдлэгтэй гэж тооцон оролцох байх. Тэд Ц.Дамдинсүрэн болон Ш.Чоймоо нар Нууц Товчоог яаж ойлгосноор асуулж хариулна. Тэгвэл Ц.Дамдинсүрэн, Ш.Чоймоо нар Нууц Товчоог зөв тайлсан уу? гэвэл мань үгүй гэж хариулна, уншигч танд үүнийгээ батална. Учир нь тэд дүрэм импортлогч нар. Тэд эх бичиг, эх хэлээ үл мэднэ. Нууц Товчоо гэж байна, мөн Дамдинсүрэн товчоо гэж байна. Энэ хоёр шал өөр зүйл гэдгийг уншигч та өөрөө билирнэ. Гэрийн хэлээр үндсэн хэлийг хэмжихгүй, гэрийн хэлтэй Ц.Дамдинсүрэн, Ш.Чоймоо нар үндсэн хэлээр бичигдсэн Нууц Товчоог сэргээж чадсангүй, чадаагүй.
Нууц товчооны давуу тал: Нууц товчоо нь мал ахуйтны түүхийг өгүүлсэн, цаасан дээр буулгасан, өнөөгийн монголчууд бидэнд үлдсэн хамгийн эртний ном гэдгээр дэлхийд үнэ цэнэтэй. XIII зуунд мал ахуйтныг дахин хүчирхэг болгосон Чингис хаанд зориулан бичсэн уг ном дэлгэр агуулагатай тул хэл, түүх, ёс заншлаа сэргээхэд монголчуудад өндөр ач холбогдолтой.
Нууц товчооны сул тал: Нууц товчоог ханзаар бичсэн гэдгийг монгол хүн болгон үл мэдэх байх. Монгол хэлний дуудлагыг хөгөөр дууддаг ханз үсгээр тэмдэглэхэд уг дуудлага эвдэгдэнэ. Хүннү-Монгол хэлээр бичигдсэн хадны бичгийн үг бүрийн из буюу үндэс танигдана. Нууц товчоонд ийм боломж үгүй. Өгүүлбэрийн утганаас үгийг танина. Харь тэмдэгтээр бичигдсэн Нууц Товчоо ийм сул талтай.
Нууц товчоог Дундад улсын хэлийг мэддэг олон хүн латин галиг руу буулгасан. Манайхаас Т. Дашцэдэн, Б. Сумъяабаатар, Өвөрмонголын Баяр, австралийн Igor de Rachewiltz гэх мэт олон судлаачийн буулгасан галигийг хооронд нь харьцуулахад бага сага зөрүү байгаа ч ерөнхийдөө адил байна. Ханзаас Латин галигт буулгах нь техник ажил, буулгасныг танин сэргээх нь хамгийн гол ажил юм. Нууц товчооны эх уйгаржин тэмдэгтээр бичигдсэн байх ёстой гэдгийг судлаачид хүлээн зөвшөөрсөн. Миний бие галигийг судлахад хадны бичээстэй адил дүрмээр бичигдсэн буюу изгүрсэн (үгний үндсийг хооронд нь гүрсэн) байна. Эх уйгуржин бичиг эх бичигтэйгээ адил дүрэмтэй байжээ. Өнөөгийн хожуу уйгуржин бичигтэй хүн үгнийхээ изийг олохгүй. Нууц товчоонд үндсэн бичээсийн зэрэгцээ хан хэлээр, ханз тэмдэгтээр бичсэн түлхүүр орчуулгыг бичиж үлдээжээ. Энэ нь уг номыг сэргээхэд баримжаа болог гэж бичсэн болов уу. Хөрвүүлэг хийсэн хүмүүс хан хэл сайтай, монгол хэлэндээ маруухан нэгэн байжээ.
Нууц товчоог хэн бичив? Энэ асуултад өдгөө хариулах хүн үгүй болов уу. Харин хэн Нууц товчоог зассан гэдэгт надад хариулт байна. Нууц товчоо олон хүний гараар бичигдсэн нь манийг цочоов. Хүний хурууны хээ давтагдашгүй шиг хүн болгоны бичлэг давтагдашгүй нь өгүүлбэрийн бүтэц, хэрэглэж буй үгсийн сангаар илэрнэ. Нэг нь эхлээд нөгөө нь дуусгадаг номууд байна. Нууц товчоо тийм биш, сөөлжилсөн буюу Өгөөдэй хааныг өгүүлсэн хэсэг өөрөөр бичигдсэн. Өгөөдэй бага насандаа аав шигээ адил сужаасаараа харвуулж, ах нар нь тулаанд орсныг дурдаагүй байхад Өгөөдэйг дурдсан гэх мэт (энэ тухай хожим нийтлэн уншигч танд хүргэнэ). Өгөөдэй хаан хожим засвар оруулсан.
Нууц товчоо Юаны хан түшмэлүүдийн сурах бичиг үү? Өдгөө дэлхий нийтээр Нууц Товчоог Юань гүрний хан үндэстэй төр хаших түшмэлүүдэд зориулсан сурах бичиг гэж үздэг. Монгол өгүүлбэрийн дуудлагыг ханзаар тэмдэглэж, хажууд нь хан хэлээр ханзан орчуулга тавьж сурах бичиг гаргаж байсан гэдэг нь ойлгомжтой. Тэгэхдээ хаадынхаа түүхийг нууцалж байсан баримт байна. “Зуун зуунаар [монголчууд болон түргүүдийн] үнэн түүхийг монгол хэлээр монгол бичгээр бичсэн тэмдэглэлүүд нь, нэгтгэн цэгцлэгдээгүй, салангид хэсэг байдалтай [хааны] хөмрөгт [хадгалагдаж] байсан. Гаднын хүмүүсээс болон [ өөрийнхөөсөө хүртэл] сайн хүмүүсээс хаалттай далд байлгадаг. Гэнэт [ уншигч ] [бичигдсэн үйл явдлуудын тухай] мэдээлэл мэдлэгтэй болно гээд [ имээн] хэнд ч итгэж үзүүлдэггүй.” Судрын чуулган. Рашид-ад-адин. Дээрх эх сурвалж Нууц товчоог сурах бичиг биш гэсэн дүгнэлтэд хүргэж байна. Рашид ганц түүхэн номын тухай биш, ганц цаг хугацааны тухай биш зуун зуунаар түүхээ бичиж үлдээдэг уламжлалтай байсан тухай өгүүлсэн байна. Монголчуудад маш олон түүхийн баримт байсан тухай өгүүлжээ. Өвөг дээдэс минь өнөөгийн монголчууд шиг тасарсан ой санамжтай байгаагүй байжээ.
Яагаад Нууц товчоо гэж нэрлэв? Далдлах нуух гэдэг хоёр үйл үг өөр утгатай. Далдлах гэдэг нь байршил тодорхой боловч хаалттай гэсэн утгатай. Нуух гэдэг нь байршил тодорхойгүй гэсэн утгатай. Дундад улсын төрийн бодлого олон үндэстнийг хурааж нэг хүчирхэг улс болгоход оршино. Үүнийг манай түрэг Билгэ хаан маш сайн билирч байсан тул хадны бичээсэнд бидэнд ингэж бичиж үлдээв:
.хурлаг табилгин табхач биетэн Табхач гэж Тан улсыг хэлнэ. Табилган буюу табилан (жийргэвч г авч болно). Хурлаг буюу хураадаг гэсэн үг. Тан улсын табилан буюу мөн чанар бусдыг хураахад оршино буюу хурлаг гэж сануулагыг хадан дээр бидэнд сийлэн үлдээв. Дундад улсын удирдагч Мао 1949 онд Шинжаныг, 1950 онд Түвдийг хураасныг бид мэднэ. Олон үндэстнийг хураах бодлого НТӨ III зуун буюу Циньшихуандигаас эхэлсэн. Күнзийн сургаал Дунд улсын үе үеийн үндсэн баримтлал болсоор ирлээ. Уг бодлоготой харш ном хэвлэлүүд устгалд орсон. Өмнөд хөршийнхөө төрийн ухааныг нь хамгийн сайн мэддэг манай дээдэс хөхөө шувууны аргыг хэрэглэн өөрийнхөө өндгийг бусдын үүрэнд хийв. Дунд улсын ханз тэмдэгтээр Их хааныхаа түүхийг хөрвүүлж өөрөөр нь хадгалуулав. Өөрийх нь ханзаар тэмдэглэсэн, уншаад ойлгохгүй номыг тэд хэзээ ч устгахгүй. Нуусан номоо Нууц товчоо гэж нэрлэсэн учир ийм болов уу. Ийм ухаан гаргаагүй байсан бол уг ном бусад номын адил газрын хөрснөөс арчигдаж бидэнд ирэхгүй байсан.
Мань гурван бүлэг нийтлэлийг яаж хүргэх вэ? Нууц товчоонд байгаа бидний мэдэх, мэдэхгүй бүх үг Хүннү-Монгол хэлээр тэмдэглэгдсэн хадны бичээсэнд болон Диван Лугатад байна. Энэ гурван эх сурвалжийн өгүүлбэрийн бүтэц хүртэл адил болно. Эх бичиг, эх хэлээр тэмдэглэгдсэн хадны бичээс, хамгийн дэлгэр тайлбар толь Диван Лугат, Монголын нууц товчоо энэ гурав манай түүх, хэл шинжлэлийн тулгуур гурван эх сурвалж болохыг уншигч та гэрчилнэ. Нууц товчоонд байгаа буруу тайлбарласан, огт тайлаагүй оромдсон үг, өгүүлбэр, агуулга буюу контентийг бусад хоёр эх сурвалжаар тайлбарлан хүргэх болно. 630 оноос 1238 он хүртэл хэл яаж өөрчлөгдсөн, яаж өөрчлөгдөөгүй тухай нийтлэл судлаач, сонирхогч та нарт сонирхолтой байх болов уу гэж найдаж байна.
Хурган овогтой Сэрээнэндагвын Сэргэлэн. Page-Sergelen International Expedition.
Дараагийн дугаарт: Монголын Нууц Товчоог тайлбарлан хүргэнэ.