Таны бэлэглэсэн цус гурван хүнд амьдрал бэлэглэдгийг мэдэх үү. Хүний хорвоогоос цагаасаа өмнө буцах гэж буй нэгнийг “аргамжиж” үлдээх, хайртай, дотнын хүмүүст нь аз жаргал авчрах буянтай үйлийн эзэн болох хүсэлтэй хүмүүс сүүлийн жилүүдэд харьцангуй нэмэгдсэн гэнэ. Тэгвэл амьдрал бэлэглэгчдэд “элч” болж, буянт үйлийг нь зуучилдаг хүмүүс бол яах аргагүй Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн эмч, ажилтнууд билээ.
Өнгөрсөн пүрэв гаригт “Өнөөдөр” сонин тус төвийн Цус цуглуулах явуулын багийн нэг өдрийг сурвалжиллаа. ЦССҮТ эмнэлгүүдийг донорын цус, цусан бүтээгдэхүүнээр хангадаг улсын хэмжээний цорын ганц байгууллага бөгөөд нийслэлд гурав, хөдөө орон нутагт 26 салбар төвтэй. Цус цуглуулах явуулын баг ганц байдаг нь ЦССҮТ-ийн төв байр буюу Улсын хоёрдугаар төв эмнэлгийн зүүн хойно байрлах “Баянзүрх” цус цуглуулах төвд харьяалагддаг юм билээ.
“Баянзүрх”, “Сүхбаатар”, “Баянгол” цус цуглуулах төвд донорууд сайн дураараа очиж цусаа хандивладаг бол явуулын багийнхан Монголын Улаан загалмай нийгэмлэгтэй хамтран олон нийтийн газар, албан байгууллага, их, дээд сургуулиудад очиж, “Цус хандивлах өдөрлөг” зохион байгуулдаг аж.
08.30 цаг. Цус цуглуулах явуулын багийнхан ажил явуулахад шаардлагатай бүх багаж хэрэгслийг урд өдөр нь бэлтгэчихдэг юм байна. Тухайлбал, шинжилгээний сорьц авах хуруу шилнүүд, цус авах 350, 400 гр-ын хүүдийнүүд, эмнэлгийн багаж хэрэгслүүд, доноруудаа урамшуулах бүтээгдэхүүн зэргийг 5-6 том хайрцагт хийж тавьжээ. Мөн бүртгэл хийх хоёр зөөврийн компьютер, доноруудаа дайлах цай, цэвэршүүлсэн ус, ус буцалгагчаа хүртэл авч явдаг юм байна.
08.45 цаг. Тэд түргэн тусламжийн тэрэгтэй ижилхэн, эмнэлгийн зориулалтын унаатай юм билээ. 08.45 цагт ажлын байрнаасаа хөдөлж, тухайн албан байгууллагад очсон байх ёстой аж. Энэ өдрийн явуулын багийн ахлагчаар ЦССҮТ-ийн Донор зохион байгуулалтын тасгийн технологич эмч Д.Наранхүү ажилласан бол Ц.Батцэцэг, Б.Өнөрцэцэг, Д.Одмаа, Н.Батцэрэн нарын дөрвөн сувилагч, лаборант Б.Оюунгэрэл, жолооч Д.Батхүү нарын долоон хүний бүрэлдэхүүнтэй явсан юм.
Бидний очих газар Баянзүрх дүүргийн Улаанхуаранд байрлах “Өнөр бүл” хүүхдийн төв. Тус байгууллага 100 гаруй багш, ажилтантай гэнэ. Донорын тухай хуулиар 17-60 хүртэлх насны хүн донор болох боломжтой. Ер нь 60-аас дээш ажилтантай байгууллагад явуулын багийнхан урьдчилан тохирсны дагуу очдог бөгөөд дор хаяж 14 хоногийн өмнө өдөрлөг зохион байгуулах талаар удирдлагад нь дуулгадаг юм байна.
Ямар хүн донор болдог, цусаа өгөхийн тулд юу юу бэлтгэх ёстой зэрэг мэдээллийг тараах материал юм уу, эсвэл өдөрлөгийг хамтран зохион байгуулагч тухайн дүүргийн Улаан загалмай хорооны арга зүйч нар урьдчилан сурталчилгаа, танилцуулга хийдэг ажээ. Баянзүрх дүүргийн Улаан загалмай хорооны ажилтнууд биднийг “Өнөр бүл” төвд очиход хэдийнэ ирчихсэн хүлээж байсан юм.
09.10 цаг. “Өнөр” бүл хүүхдийн төвийг уншигчид маань сайн мэдэх байх. Хуучнаар Хүүхэд асран хүмүүжүүлэх төв нэртэй байсан. Өдгөө тус төвд 2-18 насны 160 орчим хүүхэд хүмүүжиж буй юм. Биднийг очиход удирдлагууд нь эзгүй байсан бөгөөд ахлах нийгмийн ажилтан бүсгүй гурван давхрын хурлын өрөөг зааж өгч, эмч, сувилагч нар ширээ сандлыг нь зайчлан, яах ийхийн зуургүй эмнэлгийн хэрэгсэл багаж төхөөрөмжөө дэлгэж, ажлаа эхлэхэд бэлэн болов.
Нэг сувилагч бүртгэл хийхээр компьютерын өмнө суусан байсан бол үлдсэн гурав нь зүү, тариураа зэхэн, доноруудаас цус авахад бэлтгэн нэг буланд байраа эзэлжээ. Энэ өдрийн эхний үйлчлүүлэгч нь “Өнөр бүл” төвийн номын санч Буянтөгс ах байв. Д.Наранхүү эмч “Цусаа өгөх үйл явц сайн дурынх байдаг. Ямар нэгэн албадан шахалт байхгүй. Цусаа бэлэглэхийг хүссэн хүн болгон өгч болно. Гагцхүү донорын сонгон шалгаруулалтыг хангасан хүн л цусаа өгнө. Бид эхлээд Донорын эрүүл мэндийн карт бөглүүлдэг. Картан дээр ийм ийм шалгуур хангавал та донор болж болно гэдэг асуултуудыг бичсэн байгаа. Жишээ нь элэгний B, C вирустэй хүн амьдралынхаа турш цусаа өгч болохгүй” гэв.
10.00 цаг. “Өнөр бүл” хүүхдийн төвийн нийгмийн ажилтан эмэгтэй цусаа өгөхийг багш, ажилтнууддаа уриалж, утсаар хэлж байх нь дуулдав. Хүмүүс нэг хоёроороо уван цуван ирж карт бөглөхөөр суусан ч нэлээд нь “Тэнцсэнгүй” гээд буцаж байв. Өдөрлөг зохион байгуулж буй өрөөний үүдэн дэх зурагт хуудсанд бичсэнээр цусаа бэлэглэж, донор болох гэж буй хүн урд орой нь архи дарс, өөх тос ихтэй хоол идээгүй, шөнө нь маш сайн унтаж амарсан байх шаардлагатай гэнэ.
Мөн шивээс хийлгэсэн, чихээ цоолсон, хагалгаа хийлгэсэн, антибиотик эмчилгээ хийлгэсэн, халдварт өвчнөөр өвчилсөн, хөхүүл болон жирэмсэн бол цусаа өгөх хориотой юм байна. Тус өдөрлөгийг сурвалжлахаар очсон сэтгүүлч миний бие, гэрэл зурагчны хамт цусаа хандивлахыг хүсэхэд эмч, сувилагч нар уриалгахан хүлээн авсан. Бидний хувьд анх удаа цусаа өгсөн бөгөөд бусдад буян болж, амьдрал бэлэглэхээр өдөрлөгт сайн дураараа нэгдсэн юм. Хамгийн түрүүнд Донорын эрүүл мэндийн карт авч бөглөлөө.
Өнөөдөр танд ямар нэгэн зовиур илэрч байна уу гэсэн асуултаас өгсүүлээд ямар зорилгоор цусаа өгч буй, урд шөнө хэдэн цаг унтсан, ямар хоол идсэн, согтууруулах ундаа хэрэглэсэн, B, C вирустэй, мэс ажилбар хийлгэсэн, шүдээ авахуулсан эсэх, жирэмсэн хөхүүл, 0-2 насны хүүхэдтэй юү, санамсаргүй байдлаар зүүнд хатгуулж байсан уу, сүүлийн нэг жилийн хугацаанд урьдчилан сэргийлэх тарилга хийлгэсэн үү гэхчилэн нийт 33 асуултад хариулж, гарын үсгээ зурж баталгаажуулсан юм. Тэгээд бүртгэл хийж буй сувилагчид бүртгүүлсний дараа эмч даралт үзэж, ганцаарчилсан ярилцлага хийв.
Хувь хүний болоод эрүүл мэндийн нууцлалын үүднээс аль болох гаднын нөлөөлөл багатай орчинд эмч донортой ганцаарчлан ярилцлага хийж, цус өгөхөд тэнцэх, эсэхийг лавладаг юм билээ. Үүний дараа лаборант бүсгүй өндөгнөөс цусны шинжилгээ авав. Үүгээр цус багадалт, мөн ямар бүлгийн цустай болохыг тодорхойлдог. “Та цус багадалтгүй. Ховорт тооцогдох дөрөвдүгээр бүлгийн цустай хүн байна” гэлээ. Үнэхээр энэ бүлгийн цустай хүн Монголын хүн амын долоохон хувийг эзэлдэг аж. Өөрөөр хэлбэл, 14 хүн тутмын нэг нь дөрөвдүгээр бүлгийн цустай гэсэн үг. Үүний дараа нь хоёрдугаар бүлгийн цус эрэлттэй бөгөөд нийт хүн амын 20 хувийг эзэлдэг бол хамгийн нийтлэг нь нэгдүгээр бүлгийн цус гэнэ. Энэ нь хүн амын 40 хувийг эзэлдэг юм байна.
Өндөгний цусны шинжилгээ өгсний дараа цусаа өгөхөөр суулаа. Сувилагч Ц.Батцэцэг хэрэглэж буй зүү, уут, хэрэгсэл нэг удаагийнх гэдгийг танилцуулаад цусаа бэлэглэснээр ямар нэгэн халдвар авах эрсдэл байхгүй гэж тайлбарлав. Анх удаа цусаа өгч буй хүмүүс айдастай байдаг уу гэж түүнээс асуухад “Манай доноруудын ихэнх хувийг 17-25 насны залуус эзэлдэг. Анх удаа цусаа өгч буй хүн зүүнээс айх айдастай орж ирдэг. Айдсыг даван туулахад нь туслахын тулд зөвлөгөө өгч, ямар ч аюулгүй, нэг удаагийн хэрэгсэл, халдвар авах эрсдэлгүй гэдгийг хэлдэг. Манай зүүний диаметр тарилгын зүүнээс арай бүдүүн. Сорьц авдаг зүүнүүд нарийн инчтэй, жижиг байдаг. Тийм болохоор аль болох зүүгээ харуулахгүй хатгахыг хичээдэг. Зүү харсан тохиолдолд 17-18-тай хүүхдүүд айх тохиолдол бий. Айхаар судасны хана нарийсаж, улмаар заасан хэмжээндээ хүрэхгүй цус авах, донор хямрах тохиолдол гардаг” гэлээ. Донороос цус авахдаа тухайн хүнээс дөрвөн төрлийн шинжилгээг хуруу шилэнд авдаг аж.
Эхнийх нь цусаар дамждаг дөрвөн гол халдвар болох В, С вирус, ДОХ, тэмбүүгийн шинжилгээ бол хоёр дахь нь далд халдварыг илрүүлэх зорилготой сорьц аж. Үлдсэн хоёрынх нь тухайд нэг нь цусны бүлгийг үнэн зөв тодорхойлсон, эсэхийг лавшруулж шинжилж буй бол нөгөөх нь Ийлдсийн мэдээллийн санд таны цусны дээжийг архивлан хадгалахад зориулагджээ. Өөрөөр хэлбэл, 10 жил хүртэл хугацаанд хэдийд ч очсон таны цусны талаарх мэдээлэл ЦССҮТ-д хадгалагдах юм.
Эмчийн хэлснээр 350 мл цус өгсний дараа сувилагч “72 цагийн дотор хэвийн хэмжээнээс илүү шингэн уух ёстой. Өгсөн цусныхаа эзлэхүүнийг уусан шингэнээрээ нөхөх учиртай. Зүү хатгасан ормон дээрх боолтыг 3-4 цагийн дараа аваарай. Тухайн өдөр саунд орох болон фитнесс, биеийн хүчний дасгал хөдөлгөөн хийхийг хориглоно” гэж зөвлөсөн юм. Ингээд бид зургаан хүний амь аврах буянтай үйлийг 20 гаруйхан минутын хугацаанд хийв. Шинжилгээний хариу долоо хоногийн дараа гардаг бөгөөд өөрийн биеэр ЦССҮТ-өөс очиж авч болохоос гадна 14 хоногийн дараа и-мэйлээр илгээдэг юм байна. Харин шинжилгээний хариу өөрчлөлттэй гарвал и-мэйл явуулдаггүй гэсэн шүү.
10.30 цаг. “Өнөр бүл” хүүхдийн төвд болсон “Цус хандивлах өдөрлөг”-т тус төвийн ажилтнууд ихээхэн хойрго хандаж байх шиг санагдсан. “Танай дарга нар ирэх үү” гэж асуухад нэг ажилтан нь “Манайхан хуралдаад завгүй байгаа. Ирж амжихгүй байж магадгүй” гэснээс өөр хариу хэлсэнгүй. Тус төвийн багачуудыг баярлуулж буян үйлдэхээр баяр ёслол, тэмдэглэлт ой гэхчилэн жилийн аль ч үед хүмүүс олноороо зорьж очдог билээ.
Тухайн байгууллагын ажилтан, албан хаагчид бусдад амьдрал бэлэглэхээр сайн үйлсэд нэгдэж байхад цусаа хандивлахгүй ч дарга нь ирсэн бол өдөрлөгийг зохион байгуулж буй хүмүүс болоод, ажлаа хийхээр очсон эмч, сувилагчдад сайхан санагдах байсан нь лавтай. Харин энэ өдөр тус төвийн үйл ажиллагаатай танилцахаар очсон АШУҮИС-ийн нийгмийн ажилтны ангийн оюутнууд өдөрлөг болж буйг мэдээд сайн дураараа цусаа өгөхөөр хэсэг бужигнав.
Донорын эрүүл мэндийн карт бөглүүлэхээс өмнө Д.Наранхүү эмч тэдэнд яриа, танилцуулга хийсэн юм. Оюутнуудын шалгалт шүүлэг эхэлчихсэн учраас олонх нь урд шөнө нь нойр багатай хоносон шалтгаанаар донорт тэнцсэнгүй. 20 орчим оюутан багшийн хамт тэнд очсоноос хоёр нь л цусаа өгнө лээ.
11.30 цаг. Цусаа хандивласан хүмүүсээс сэтгэгдлийг нь сонсох гэсэн боловч олонх нь дургүйцсэн. “Өнөр бүл” хүүхдийн төвд хүмүүжиж буй 18 настай хүү “Анх удаа цусаа өгч үзлээ. Нэг их айдас төрсөнгүй. Харин өнөөдөр заал авах гэж байсан юм. Цусаа өгсөн бол биеийн тамирын дасгал хийж болохгүй гэж байна. Тиймээс больдог юм уу гэж бодож байна” гэлээ. Түүнтэй адил насны хүүхэд тус төвд цөөнгүй ч хичээлийн цаг нь таарсан тул ирж амжаагүй байх магадлалтай аж.
Цусны өдөрлөгийг хамтран зохион байгуулагч Баянзүрх дүүргийн Улаан загалмай хорооны арга зүйч Э.Нандинцэцэг “МУЗН 78 жилийн түүхтэй. Эрүүл мэндийн яам, МУЗН-тэй хамтарсан гэрээний үндсэн дээр цусны донорын үйл ажиллагааг олон жилийн турш тогтмол явуулж ирсэн. Монголын анхны таван донор МУЗН-ийн сайн дурын идэвхтэн. МУЗН дунд шатны 33 хороотой. Эрүүл мэндийн хөтөлбөрийнхөө дагуу цусны донорын өдөрлөгийг дунд шатны хороод сард 2-3 удаа тухайн нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд, төрийн болон төрийн бус байгууллага, их, дээд сургуульд зохион байгуулдаг.
Өнөөдөр “Өнөр бүл” хүүхдийн төвд энэ өдөрлөг маань болж байна. Өдөрлөгийг дунд шатны хорооны арга зүйч нараас гадна МУЗН-ийн залуучуудын байгууллагын гишүүд зохион байгуулдаг. Цусны донорын тухай, цус өгснөөрөө ямар ач холбогдолтой, ямар хүмүүсийн амь насыг авардаг, хэн цусаа өгч болдог, болдоггүй гэсэн шалгуур нөхцөлүүдийн талаар сурталчлах яриа таниулгыг энэ залуус маань хийдэг. Өнөөдрийн арга хэмжээг Эрүүл мэндийн хөтөлбөрийн анхны сургагч багшаар бэлтгэгдсэн, Баянзүрх дүүргийн Улаан загалмай хорооны залуучуудын төлөөлөл Г.Баттуяа, н.Шинэбаяр зохион байгуулж байна” гэв.
Сайн дураараа цусаа өгсөн доноруудад урамшуулал болгож, аминдэмийн ундаа, шоколад, кофе өгдөг юм байна. Д.Наранхүү эмч “Дээхнэ үед цусаа хандивласан хүмүүст мөнгө, хоолны талон өгдөг байсан. Одоо бол “Сайн дурын авлагагүй донор” гэдэг нэршилтэй болсон учраас цусаа бэлэглэснээрээ авлага нэхэхгүй гэдэг зарчим үйлчилдэг. Ер нь сүүлийн жилүүдэд доноруудын тоо өсөж буй нь тэднийг алдаршуулж, урамшуулж буйтай холбоотой. МУЗН-ээс 35-аас дээш удаа цусаа өгсөн хүнийг “Хүндэт донор”-оор өргөмжилдөг.
Жилд 50 орчим “Хүндэт донор” төрдөг. Ийм цолтой хүн 1200 гаруй бий. Хүндэт донор болчихвол нийгмийн халамж, үйлчилгээнд хамрагддаг. Хамгийн наад зах нь автобусанд үнэ төлбөргүй зорчино. Нийслэлийн ИТХ-аас “Цусны хүндэт доноруудыг нийтийн тээврээр өдөрт хоёр удаа үнэ төлбөргүй зорчуулна” гэж захирамж гаргасан. Чих, хамар, хоолойн мэс засал, гэмтлийг жилд нэг удаа үнэ төлбөргүй эмчлүүлнэ. Улсын чанартай рашаан сувилалд үнэ төлбөргүй амарна.
Мөн ахмад “Хүндэт донор”-уудад жилд нэг удаа түлээ түлшний 140 мянган төгрөг өгдөг. Манай ЦССҮТ алт, мөнгө, хүрэл донор гэж алдаршуулдаг болсон. Алтан донор гэж 150-иас дээш удаа цусаа өгсөн хүнийг хэлнэ. Тийм хүн гурав бий. Хамгийн дээд тал нь 210 удаа цусаа өгсөн хүн байдаг. Мөнгөн донор нь 100-149, хүрэл донор нь 70-99 удаа цус өгсөн байх шалгууртай. Ер нь хүний амь аварч буй нь хамгийн том буян шүү дээ” гэв.
12.00 цаг. Донороос цус авах үйл ажиллагааг ихэвчлэн үдээс өмнө зохион байгуулдаг юм байна. Яагаад гэвэл үдээс хойш хүний цусан дахь саахар, өөх тос ихэсдэг аж. Гэхдээ Цус цуглуулах явуулын багийнхны хувьд тухайн байгууллагын ажилтны тоо, цус өгөхөөр хандсан хүмүүсээс хамаарч зарим тохиолдолд 14.00 цаг хүртэл ажилладаг гэнэ. Энэ өдрийн тухайд харьцангуй ачаалал багатай байв.
Цус өгснөөрөө ямар давуу талтайг эмч “Цусаа өгч байгаа бол тэр чинээгээр цус төлжинө. Шинэ залуу эсүүд үүснэ. Тухайн хүний бодисын солилцоо сайжирна. Эрүүл мэндийн талаасаа их сайн. Ер нь сүүлийн жилүүдэд нийт хүн ам цусаа бэлэглэхийн ач тусыг ойлгож эхэлсэн. Нийгмийн хариуцлагаа ухамсарладаг болсон. Оюутнууд цусаа бэлэглэхээр дугаарладаг. Нийслэлийн хэмжээнд жилд давхардсан тоогоор 25 мянган донороос бид цус цуглуулж байна. Орон нутгийн доноруудыг оролцуулбал 32 мянга болно.
Энэ үзүүлэлт жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Эрэгтэй хүн жилд зургаан удаа, эмэгтэй хүн улирал тутам цусаа өгөх боломжтой. Хавдрын өвчнүүд, төрөхийн хүндрэл, гэмтэл, ослоос шалтгаалж цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээ их байна. Хүн амын 50-иас илүү хувь нь Улаанбаатарт суурьшсан. Өвчлөл их байгаагийн хэрээр цус, цусан бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ дагаад өсөж байна” гэв.
12.30 цаг. Цус цуглуулах явуулын багийн ажил үндсэндээ шувтрав. Энэ өдөр цусаа өгөхөөр 21 хүн хандаж, эрүүл мэндийн карт бөглөснөөс 10 нь л тэнцэж, цусаа өгсөн юм. Их, дээд сургуулиудад өдөрлөг зохион байгуулахад багадаа 60-70 оюутан цусаа өгдөг, залуус идэвхтэй оролцдог хэмээн сувилагч нар хэлэв. Өдөрлөг өндөрлөж, эмч, сувилагч нар багаж хэрэгслээ хураан машиндаа ачаад ЦССҮТ-ийн зүг хөдөлцгөөсөн юм. Цус цуглуулах явуулын багийнхан үдээс хойш нь төв дээрээ тус тусын хуваарьт ажлаа гүйцэтгэдэг аж.
Иргэдийг сайн дураараа цусаа өгөхийг уриалдаг, эмнэлгүүдийг цус цусан бүтээгдэхүүнээр хангадаг ЦССҮТ-ийнхөн цэвэрлэгчээсээ эхлээд, захирал нь хүртэл идэвхтэн донор гэвэл та итгэх үү. Эмч, сувилагч нарынх нь дунд “Хүндэт донор”-ууд цөөнгүй гэсэн шүү. Цус цуглуулах явуулын багийг ахалж яваа эмч Д.Наранхүү л гэхэд 28 удаа цусаа өгсөн буянтан гэнэ. Долоон хүнтэй багийн бүрэлдэхүүний хоёроос бусад нь донор гэхээр үнэхээр бахархмаар санагдсаныг нуух юун.
13.30 цаг. Манай сурвалжлах баг ЦССҮТ-ийн төв байранд ажилласан юм. Иргэдээс цуглуулсан цусыг хэрхэн боловсруулж, хэчнээн бүтээгдэхүүн хийдэг, хэрхэн хадгалдгийг сонирхов. Тус төвийн Технологийн тасгийн эрхлэгч Н.Халиун биднийг хүлээн авч уулзан дараах мэдээллийг өгөв. “Явуулын болон суурин цус цуглуулах төвийн тухайн өдөр доноруудаас авсан бүх цус манайд төвлөрдөг. Цахим бүртгэлийн программтай. Өчигдөр 100 цус цугларсан. Өнөөдөр 30 цус ирснээс 10-ыг нь явуулын багийнхан авчирчээ. Бид цусаар 20 гаруй төрлийн бүтээгдэхүүн хийдэг. Нэг хүний өгсөн цусаар гурван хүний амь аварна гэж ярьдаг нь улаан эс, сийвэн, эсийн гэсэн гурван төрлийн бүтээгдэхүүн гаргаж авдагтай холбоотой. Ирсэн цусыг аппаратанд хийж эргүүлээд улаан эс, сийвэн, эсийн бүтээгдэхүүнийг нь хамгийн түрүүнд ялгаж авна. Шинжилгээний хариу гарах болоогүй учраас тэр болтол тохирох нөхцөлд нь хадгалчихдаг.
Долоо хоногт бид нийт 1000 гаруй нэгж бүтээгдэхүүнийг эмнэлгүүдэд олгодог. Улаан эс, хөлдөөсөн шинэ сийвэн гэсэн бүтээгдэхүүн нийт захиалгын дийлэнхийг эзэлдэг. Яг захиалгын дагуу хийдэг бүтээгдэхүүн бол ялтаст эс. Хадгалалтын хугацаа богино буюу тавхан хоног амьдрах чадвартай. Бэлэн бүтээгдэхүүнийг эмнэлгүүд онлайнаар захиалж авдаг. Нөөцийн бүтээгдэхүүн хангалттай бий. 16-17 мянган нэгж бүтээгдэхүүн нөөцөнд хадгалж байгаа.
Эмнэлгүүдэд 24 цагаар бүтээгдэхүүн олгодог. Хэдийд ч ирж авах боломжтой. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр зөвхөн манай төв гэлтгүй 26 салбар маань орчин үеийн шаардлагатай бүх тоног төхөөрөмжөөр хангагдсан. Шинэ тоног төхөөрөмжтэй болсноор хадгалалтын хүчин чадал 3-5 дахин нэмэгдсэн” гэв.