Сонгуулийн хуульд дахиад л өөрчлөлт оруулах сураг дуулдаж эхэллээ. 1992-2008 онд харьцангуй “яс амар” байсан Сонгуулийн тухай хууль сүүлийн хэдэн жилд хэчнээн ч “зовлон” үзэв. Монголчууд 1992-2008 оны хооронд болсон УИХ-ын таван удаагийн сонгуулийг мажоритар системээр явуулсан бол 2012 оныхыг холимог тогтолцоогоор зохион байгуулсан. Нэг намд давуу байдал олгож, сонгогчдын саналын багахан зөрүүг УИХ-д олон суудал болгодог сул талтай гэсэн шүүмжлэл хүлээдэг мажоритар системийг өөрчлөхийн тулд 2008-2012 онд бүрэн эрхээ хэрэгжүүлсэн парламент багагүй саад бэрхшээл туулж, урт хугацааны хэлэлцүүлэг өрнүүлэн байж холимог тогтолцоог хуульчилсан.
Энэ нь жижиг намуудад ашгаа өгч, өнгөрсөн дөрвөн жилд үнэмлэхүй олонхгүй, хүчний харилцаа ойролцоо, олон намын төлөөллийг оролцуулсан парламент бүрдсэн юм. Энэ нь том намуудад таалагдаагүй тул холимог тогтолцооноос ухарч, мажоритар тогтолцоогоо буцаан хэрэглэсэн. Ингэхийн тулд сонгууль болохоос хагас жилийн өмнө Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг хориглосон заалтыг санаатайгаар “мартаж” байгаад, УИХ-ын сонгуулиас сар хүрэхгүй хугацааны өмнө хуулиа бужигнуулж, тогтолцоогоо өөрчлөн, Монгол Улсыг 76 жижиг тойрогт хувааж, гишүүд өөртөө зориулан тойрог зурж суусан билээ. Үүний үр дүнд өдгөө МАН-ын 65 гишүүн УИХ-д сууж буй.
Энэ мэтээр улстөрчдийн хатуу гараар орж, сонгууль бүрийн өмнө “өвчин намдаагчгүй мэс засал”-д ордог Сонгуулийн тухай хууль дахин “мэс заслын орон дээр хэвтэх нь”.
Харин энэ удаа ямар болж гарч ирэх бол. Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх талаар маш тодорхой саналыг Сонгуулийн ерөнхий хороо саяхан УИХ-д хүргүүлсэн байна. Сонгуулиа маргаан, эргэлзээгүй, шударгаар зохион байгуулах нь СЕХ-ны үүрэг. Харин Сонгуулийн тухай хууль амьдралд нийцэхгүй, ажлаа хийхэд хүндрэл үүсгэж буй талаар тус байгууллагынхан нэг бус удаа хэлж байсан. Байнга хардлага, сэрдлэг, хэл амны бай болдог энэ байгууллагынхан өөрсдөдөө тулгардаг асуудлууд, сонгууль зохион байгуулсан туршлагадаа тулгуурлан хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал гаргасан нь энэ. Сонгуулийн төв байгууллагын санал хуульд тэр чигээрээ биш юм гэхэд ихэнх нь тусдаг билээ. 2020 оны УИХ-ын сонгууль ямархуу болох урьдчилсан дүр зураг эндээс харагдах болов уу.
20-ИОД НАСТНУУДЫН “ЭРХИЙГ ХАСАЖ”, ИРЦИЙН БОСГЫГ ҮГҮЙ БОЛГОХ САНАЛ
Сонгуулийн нэгдсэн хуулийг задалж, УИХ, орон нутгийн сонгуулийн хуулийг салган, УИХ-ын сонгуулийн хуулийг бие даасан болгох нь тэдний нэн тэргүүний, хамгийн том зорилго. УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага, орон даяар сонгууль нь явагддаг, орон нутгийн сонгууль бол орон нутгийн чанартай, тухайн аймаг, сумын асуудал. Энэ хоёрыг нэгтгэж зохион байгуулах нь багагүй хүндрэл дагуулдаг учраас тус тусын онцлогийг тусгасан бие даасан хууль батлуулахаар СЕХ саналдаа дурджээ.
Сонгуулийн байгууллагын ажилд хүндрэл учруулж, хардлага сэрдлэгийн бай болгож буй гол асуудлуудыг таслан зогсоохын тулд шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, тухайлбал, сонгогч өөрийн байнга оршин суудаг хаягтаа хамаарах тойрогт санал өгдөг байх, УИХ-ын сонгуулийн саналын хуудсыг сонгуулийн хэсгийн хороонд хүргүүлэхээс санал авах өдөр дуусталх хугацаанд сонгогч албан томилолт болон эрүүл мэндийн байгууллагын албан ёсны тодорхойлолтоор түр шилжин явах болбол зөвхөн тухайн сонгуулийн хэсгийн хороондоо саналаа урьдчилан өгөх, УИХ-ын сонгуульд нэр дэвшигч тодорхой хэмжээний мөнгийг дэнчин хэлбэрээр дансанд байршуулах, хэрэв нэр дэвшигч сонгогдсон, сонгогдоогүй боловч сурталчилгааны хугацаанд хууль бус сурталчилгаа явуулж, зөрчил гаргаагүй бол дэнчинг буцаан олгох, бусад тохиолдолд дэнчинг улсын орлого болгох гэх мэтийн сонирхол татах зохицуулалтыг хуульд зайлшгүй тусгах шаардлагатай гэж үзэж буйгаа СЕХ-ны ажлын хэсэг УИХ-д хүргүүлсэн саналаараа уламжилсан байна. Мөн УИХ-ын гишүүнээр гучин нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий Монгол Улсын иргэнийг сонгох, сурталчилгааны хугацаанд интернэт орчинд хувийн сэтгэгдэл бичихийг хориглох, бусадтай хуваалцах, сэтгэгдэл бичих боломжгүй тохиргоотойгоор олон нийтийн сүлжээгээр сонгуулийн сурталчилгаа хийх зэрэг зохицуулалт хуульд зайлшгүй тусгах шаардлагатай гэжээ.
Өөр нэг анхаарал татахуйц санал нь УИХ-ын сонгуульд сонгогчдод ирцийн босго тавихгүй, сонгогчдын олонхын саналаар ялагчийг тодруулдаг болох тухай байна. Жилээс жилд сонгогчдын идэвх суларч, ирц бүрдүүлэхэд хүндрэл учирч буйн буруутан нь СЕХ болдог учраас ийн шийдсэн бололтой.
Өмнөх парламентаар Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахдаа “мартаж” орхисон “Ээлжит сонгууль явуулахын өмнөх зургаан сарын хугацаанд уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, шинээр батлахыг хориглоно” гэсэн заалтыг энэ удаагийн өөрчлөлтөөр сэргээхийг СЕХ хүсэж буй аж.
СОНГУУЛИЙН ТОГТОЛЦООГ ӨӨРЧЛӨХ, ЭСЭХ НЬ УИХ-ЫН МЭДЭЛД ҮЛДЭНЭ
Хэвлэлийнхний сонирхлыг татахуйц нэг санал энд бий. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй хуульд нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааг зөвхөн өргөн нэвтрүүлгийн радио, телевизээр явуулна хэмээн хязгаарласан. Энэ санал хуульд тусвал сонгуулийн сурталчилгааг бүх радио, телевизээр явуулах боломж хуулиар нээгдэж мэднэ.
Мөнгө, санхүүтэй холбоотой хэд хэдэн өөрчлөлт хуульд оруулах хүсэлтээ илэрхийлжээ. Тухайлбал, саналын нууцлалыг хангах зориулалт бүхий хавтасны зардал, саналын хуудсыг устгах зардал, сонгогчид хууль бусаар мөнгө, эд зүйл тараасан зөрчлийг мэдээлсэн иргэнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгох зэрэг зардлыг хуульд тусгахыг хүссэн байна. Мөн сонгуулийн зардлын зарцуулалтын зэрэгцээ сонгуулийн зардлын төлөвлөлтөд төрийн аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулах, нэр дэвшигчийн хөрөнгө орлогын мэдүүлгийг СЕХ-нд ирүүлдэг байсныг шууд АТГ-т гаргадаг болох, өр төлбөртэй, эсэх тодорхойлолтыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас авдаг байсныг шүүхээс авдаг болгохоор тусгасан гэнэ.
Түүнчлэн ээлжит сонгууль товлон зарлах болон санал авах өдрийг тогтоох процесс тусдаа байсныг нэгтгэж, сонгуулийн жилийн хоёрдугаар сарын 1-нээс өмнө УИХ-аас хамтад нь тогтоодог байх, улсын бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авах байранд хүргүүлсэн өдрөөс эхлэн түүнийг хариуцан хэсгийн хорооны дэргэд ажиллах, хэсгийн хороонд ажиллах сонгуулийн байгууллагын болон иргэний бүртгэлийн байгууллагын ажилтан, мэдээллийн технологийн даамал зэрэг хүн тухайн хэсгийн хороонд шилжин ирж саналаа өгөх зэрэг техникийн шинжтэй зохицуулалт хийх хэрэгтэйг ч сануулсан байна.
Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар нэр дэвшигч үнэмлэхээ авснаас таван өдрийн дараа сурталчилгаагаа эхлүүлэхээр байгаа. Энэ хооронд нэр дэвшигчид сурталчилгаагаа ил, далдаар хийж, хууль зөрчих нөхцөл бүрдээд буй тул нэр дэвшигчдэд үнэмлэхээ авсны дараа өдрөөс сурталчилгаагаа эхлүүлэх боломж олгох, сонгуулийн сурталчилгаанд ашиглах тээврийн хэрэгслийн тоог тогтоох нь зөв гэж үзжээ. Өмнөх хуулиар уг асуудлыг зохицуулаагүй учраас хэдэн ч тээврийн хэрэгсэл ашиглах боломжтой, энэ нь эргээд хяналт тавихад бэрхшээл үүсгэж байсан аж.
Сонгуулийн төв байгууллага УИХ-д Сонгуулийн тухай хуулийг өөрчлөхтэй холбоотой ийм саналууд хүргүүлсэн байна. Харин үүнийг УИХ-аар шийдэх, гишүүд ямар санал гаргах нь одоогоор тодорхойгүй. Эдгээр саналыг хэрхэн шийдэж ямар хууль болгох, сонгуулийн тогтолцоог өөрчлөх, эсэх нь УИХ-ын мэдэлд үлдэж буй юм. УИХ-аас тун удахгүй парламентад суудалтай хоёр намыг оролцуулсан ажлын хэсэг байгуулахаар ярьж буйгаас харвал Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажил ойрын үед эхлэх биз ээ.