Улаанбаатар хотын өмнөх болон одоогийн Засаг даргын эсрэг, тэсрэг царайны хувирлыг өчигдөр та бүхэн анзаарав уу. “Хоёр Бат”-ын нэг нь сэтгэл хангалуун мишээсэн байдалтай, 15 иргэнд орон сууцны түлхүүр гардуулж байхад нөгөө нь “Тэд Бат-Үүлийг харлуулах гэтэл гэр хорооллын иргэдээ хорлочихсон” хэмээн их л бухимдангуй байдалтай сэтгүүлчид ярилцлага өгсөн байв. Хоёр өөр газарт, хоёр өөр цаг хугацаанд өрнөсөн энэхүү үйл явдлын гогцоо нь гэр хорооллын айлуудыг орон сууцжуулах гэдэг нэг цэг дээр төвлөрсөнд учир нь байгаа юм.
Агаар, хөрсний бохирдолдоо “идэгдэж” гүйцсэн Улаанбаатарын гэр хорооллыг цэгцлэх хамгийн оновчтой арга бол айл өрхүүдийг олноор нь орон сууцанд оруулах явдал гэдгийг хотын дарга нар байтугай бага ангийн сурагч ч мэдэхээр хугацаа өнгөрсөн. Улаанбаатар хэмээх их айлыг гэрийн эзний ёсоор өнгөтэй өөдтэй авч явах гэсэн хүсэл, зорилго нь адилхан ч түүнийгээ гүйцэлдүүлэх арга барил нь нийслэлийн Засаг дарга болгоных өөр байв.
Тухайлбал, 2012-2016 онд хотыг удирдсан Э.Бат-Үүл болон түүний багийнхан нийслэлийн гэр хорооллыг 24 байршилд дахин төлөвлөж, барилгажуулах ажил эхлүүлж, төсөл хэрэгжүүлэгч 34 компани 7000 гаруй иргэнтэй хоёр болон гурван талт гэрээ хийн, ёстой л “бужигнуулж” өгсөн. “Улаанбаатарын гэр хорооллыг дахин төлөвлөж, барилгажуулна” гэсэн итгэлийн бамбар асааж, олон хүний анхаарлыг өөрсөд дээрээ татаж чадсандаа “эрдэн”, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 78 мянга гаруй айлын орон сууц барихаар төлөвлөж, энд тэндгүй хэдэн зэрэг бүтээн байгуулалт эхлүүлсэн нь үнэндээ хүчин чадлаа сайтар тооцоогүй хэтийдсэн амбийц байсан.
Гэхдээ Э.Бат-Үүлдээ ч гол нь бус, 2008 оноос ярьсан хэрнээ ер урагшилж өгдөггүй, ярвигтай, яршигтай ч гэж хэлж болох энэ ажлыг хэн нэгэн зоригтойгоор эхлүүлэх шаардлага үнэндээ байсан билээ. 2016 оны II улирал гэхэд 5253 айлын орон сууцыг ашиглалтад оруулж, 2562 өрх гэр хорооллоос байранд нүүж ороод байв. Гэр хорооллын дахин төлөвлөлт хэмээх галт тэрэг байрнаасаа нэгэнт хөдөлчихсөн тул дараа дараагийн сонгуулиар аль намын хэнбугай ялалт байгуулан, нийслэлийг удирдаж, засгийн эрх барихаас үл хамааран энэ ажил урагшлах учиртай.
Харин өмнөх даргыг “Романтик” хэмээн цоллосон С.Батболд гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажилд сэтгэл хөдлөлөөр бус, нэлээд нухацтай хандаж буй бололтой. “Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-гаар дамжуулан агаарын бохирдлын I, II бүсэд амьдарч буй оршин суугчдаас шаардлага хангасан иргэдэд ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийг нь санхүүжүүлэх санаачилга түүнийх. Одоогоор тус сангаас урьдчилгаа төлбөрийн санхүүжилт авч, найман хувийн хүүтэй зээлд хамрагдан, байрныхаа түлхүүрийг гардан авсан 40 гаруй айл байна.
Өөр “автор”-той болохоор нь гэр хорооллын дахин төлөвлөлтийг анхны эрчээр нь цааш үргэлжлүүлэхийг тэр хүсээгүй юү, ямартай ч нийслэлийн 2018 оны төсвийг батлахдаа энэ төсөлд ердөө 10 тэрбум төгрөг төсөвлөжээ. Яаж ч бодсон тэдний багийн ажил арай л аажуу тайвуу яваад байх шиг. Хотын өмнөх удирдлага дахин төлөвлөлтийн хүрээнд инженерийн шугам сүлжээ татах, дэд бүтцийн ажилд 104 тэрбум төгрөг зарцуулсныг “Үргүй зардал байсан. Хэрхэн, юунд зарцуулсныг нь шалгуулна” гэж мэдэгдсэн учраас өөрсдөө хариуцлагатай, хянуур хөдлөхийг хичээж буйг ойлгож байна. Гэвч энэ хурдаараа явбал Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрх жилд хэдээр буурна гэж найдах вэ.
“Энэ 104 тэрбум төгрөгөөр 10 мянган айлын орон сууцны урьдчилгаа төлбөрийг өгч болох байсан” гэж халагладаг тэд өдгөө ярьж байсан зарчмаараа буюу иргэдэд урьдчилгаа төлбөрийн санхүүжилт бэлнээр олгож буй. Хүссэн болгонд “май” гээд бэлэн өгөөд байх мөнгө хомс учраас гэр хорооллыг орон сууцжуулах ажил удаашрах нь дамжиггүй. Тиймээс өөрсдийн нөөц боломж, хүчин чадлаа тооцоололгүй дахин төлөвлөлтийн төсөлд оролцсон гэж адлагдаж буй үндэсний компаниудынхаа сэтгэл, зүтгэлийг бодоод, эхлүүлсэн ажлыг нь урагшлуулахад давхар анхаарах ёстой мэт. Өдгөө 18 компанийн ажил таг зогсчихоод байгаа юм билээ.
“Дахин төлөвлөлтөөс болж хохирон, орон гэргүй яваа 400 гаруй иргэний асуудлыг шийднэ” гэж өнгөрсөн хугацаанд тэд багагүй ярьсан. Энэ хүрээнд Сүхбаатар дүүргийн VII хороо буюу “Хангай” хотхоны ард 156 айлын орон сууц барих хөрөнгийг шийдэж, “Баярс констракшн” компанитай гэрээ байгуулсан.
Баянзүрх дүүргийн II, IV хороо Мамбадацан хийд орчмын В хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгч “Их өргөө” ХХК-тай гэрээ байгуулж, газраа чөлөөлсөн боловч орон сууц нь ашиглалтад ороогүйгээс хохирсон 64 иргэнийг дээрх дамжин өнгөрөх түр орон сууцанд амьдруулах батламж хүртэл гардуулсан. Гэхдээ энэ нь хохирсон иргэдийг түр зуур толгой хоргодуулах орон байртай л болгож буй хэрэг болохоос асуудал бүрэн шийдэгдсэн гэсэн үг биш. Үнэхээр ажил хийе гэвэл, ард түмнээ гэсэн сэтгэлтэй бол “дахин төлөвлөлтийн хохирогчид” хэмээн тэднийг цоллон тавлахын оронд бүтэн жил гаруйн хугацаанд 400 айлын асуудлыг шийдэж дөнгөмөөр сөн.
Барилга угсралт нь эхэлчихээд хүлээгдэж байсан 4889 айлын орон сууцнаас өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд хэчнээн нь ашиглалтад оров, хэдэн айл эсгий гэр, модон жорлонгоос паартай байшин, паалантай жорлонд тухалсан бэ гэдэг асуултад тодорхой хариу өгөх хүн алга. Учир нь Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатарыг саяхан ажлаас нь чөлөөлжээ.
Салах эхнэрт үнээ, тугал нийлэх хамаагүй гэдэг шиг өмнөх дарга нь “Би юу ярих вэ. Шинэ даргаас л мэдээлэл ав” хэмээн өөрөөсөө бултуулсан бол шинэ дарга нь мөн л “Ажлаа аваад удаагүй болохоор...” гэсэн урагшгүй тайлбар хэлэв. Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын асуудал эрхэлсэн орлогч П.Баярхүү “2014 онд 588, 2015 онд 1656, 2016 онд 638 айлын орон сууц ашиглалтад оруулсан” гэж ярьснаас тооцоолж үзвэл өнгөрсөн жилийн тоон үзүүлэлтийн 200 орчим нь тэдэнд “ногдох” бололтой. Гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой П.Баярхүү даргын ярианд ирээдүйд хэрхэх тухай бус, өнгөрсөн цаг дээрх ажил хамгийн их жин дарсан байв.
Хотын экс дарга Э.Бат-Үүл “Өнөөгийн Улаанбаатар хотыг хүндрэлтэй байдлаас нь гаргая гэвэл гэр хорооллын дахин төлөвлөлтийг л эрчимжүүлэх учиртай. Тийм ч учраас би өнгөрсөн жил хотын даргын ажлаа өгөхдөө 40 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг гэр хорооллын дахин төлөвлөлтөд зориулж, нийслэлийн төсвийн тодотголд суулгуулаад гарсан. Энэ мөнгө 2016 оны долоогоос арваннэгдүгээр сарын хооронд зарцуулагдахаар төлөвлөгдсөн байв. Гэр хорооллын дахин төлөвлөлтөд оролцож байсан компаниудад уг мөнгийг холбогдох хуулийн дагуу олгочихсон бол 3500 айлын орон сууц ашиглалтад орох байлаа.
Байршил нь яг гэр хорооллын талбарт хамаарч байсан. Гэтэл шинэ эрх баригчид гарч ирэнгүүтээ хамгийн түрүүнд үүнийг зогсоочихсон. Ингэснээр ард иргэд хохирсон, төсөл хэрэгжүүлэгч компаниуд санхүүгийн эх үүсвэрийн хомсдолд орж, ажил нь гацчихсан. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үр өгөөж, ач холбогдлыг ойлгохгүйдээ сэтгэл гаргахгүй байгаа юм уу” хэмээн бухимдав. Ингэхэд дахин төлөвлөлтийг ад үзэх шалтгаан байна уу. Наанадаж орон сууцанд орно гээд газраа чөлөөлж өгсөн иргэдийн итгэл, цаашлаад төсөлд оролцсон аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө, ажилчдын хөлс хүч, тэдний ард ангалзаж буй гэр бүлийнхэн нь яах вэ.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүтээн байгуулалт хот, улсын эдийн засгийн өсөлтөд ч ихээхэн хувь нэмэртэй гэдэг. Гэвч манайд нэг дарга нь гарч ирэхээрээ нэг юм ярина, жигтэйхэн итгэл үнэмшилтэйгээр өнөөхөө хийж эхэлнэ. Харин дараагийнх нь өмнөх хүнийхээ хийснийг баллуурдаж, өөрөө шинэ тоглоомын дүрэм зохиох гэдэг. Энэ олон амбийцын дунд эгэл жирийн иргэд л хохироод үлддэг. Нэгнээ дэгээдэж унагах гэсэн улстөрчдийн башир тоглоомын золиос нь хэдий болтол иргэд байсаар байх вэ.