Бэлтгэсэн: А.Халиун, Ж.Сувдмаа
Бусдын орон байр, эд хөрөнгийг дээрэмдэн, тоносон урт гартнуудыг илрүүлэн шалгаж, шийтгэл ногдуулсан тухай байсхийгээд л дуулддаг болов. Бараг өдөр бүр шахам ийм хэрэг гардаг гэхэд хилсдэхгүй. Хууль хяналтынхан ч хулгайч нартай тэмцэх аргаа улам бүр нарийсган, дрон, камер зэргээр нийслэлийг “өвч тоноглож”, олон нийтийн цагдаа, хөршийн хяналтыг идэвхжүүлээд буй.
Гэтэл эдгээр аргуудыг хэрэглээд ч хүчрэгдэхгүй, нэг төрлийн хулгай Монголд газар авсныг мэргэжлийн байгууллагын хүмүүсээс эхлээд жирийн иргэд хүртэл хэлэх болжээ. Энэ бол оюуны өмчийн хулгай, тэр дундаа зохиогчийн эрхтэй холбоотой зөрчил юм.
Манай улс Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийг 2006 онд баталсан. Эл хуульд зохиогч буюу оюуны бүтээл туурвигчдын эрх, үүрэг, үүнээс үүдэлтэй аливаа харилцааг хэрхэн зохицуулах талаар дэлгэрэнгүй, ойлгомжтой тусгажээ. Мэргэжлийн хүмүүс ч үүнийг “Боловсронгуй, сайн хууль” гэж үнэлдэг юм билээ. Гэвч зохиогчийн эрхэнд халдах урт гартан олширсоор байгааг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Зохиолчийн эрхийн хэлтсийнхэн хэллээ.
Тус хэлтсийн ахлах байцаагч Ч.Эрдэнэбаяр “Манай байгууллага өнгөрсөн жил иргэд, аж ахуйн нэгжээс ирүүлсэн 185 өргөдлийн дагуу шалгаж, зохиогчийн эрхтэй холбоотой 428 зөрчил илрүүлсэн. Бусдын бүтээлийг зөвшөөрөлгүй, хулгайгаар түгээдэг 192 сайтыг хаасан. Харин он гарснаас хойш иргэдээс 115 өргөдөл хүлээж авч, 52 удаа төлөвлөгөөт шалгалт зохион байгууллаа. Мөн зөвшөөрөлгүй 172 сайтыг хаасан. Оюуны өмчтэй холбоотой нийт зөрчлийн 63-65 хувь нь зохиогчийн эрхтэй хамааралтай байна” гэсэн юм.
Танд хэн нэгний хөлөглөсөн машин, амьдарч буй сууц таалагдлаа гэж бодъё. Тэглээ гээд та хэнээс ч хамааралгүй тэдгээрийг өөрийнх болгож, эдэлж хэрэглэж болох уу. Үгүй шүү дээ. Учир нь бусдын өмчид хэн ч дураараа халдах эрхгүй. Эзэн нь зөвшөөрсөн тохиолдолд л энэ бүхэн боломжтой.
Оюуны өмчийн тухайд ч ийм л хууль үйлчлэх учиртай. Зохиогч нь зөвшөөрсөн тохиолдолд тухайн бүтээлийг ашиглан, түгээх эрх нээгддэг. Гэтэл манайд урлаг, утга зохиол, шинжлэх ухааны ямар ч бүтээлийг хэн дуртай нь ашигладаг, хүсвэл “өөрийнх болгодог” үзэгдэл гаарав. Энэ нь магадгүй Монголд зохиолчдын хөдөлмөрийг үнэлэх, хүндэтгэх соёл төлөвшөөгүйтэй холбоотой биз.
ҮҮСМЭЛ БҮТЭЭЛЭЭС ҮҮСЭЛТЭЙ ХУЛГАЙ
Оюуны өмчтэй холбоотой зөрчлийн зонхилох хувийг үүсмэл бүтээлийнх эзэлдэг аж. Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуульд “Үүсмэл бүтээл гэж өмнө нь эх бүтээлд тулгуурлан, түүнийг оюуны бүтээлч хөдөлмөрөөр засварлах, найруулах, орчуулах, хөрвүүлэх, хураангуйлах, эмхтгэх болон бусад хэлбэрээр өөрчилж, шинээр бий болгосныг хэлнэ” гэжээ. Энэ нь хуулбарлахаас тэс ондоо зүйл юм.
Үүсмэл бүтээлийн эрх нь тухайн зохиолч “Үүнийг би туурвисан” гэж нийтэд зарлаж, албан ёсоор баримтжуулснаас үл хамааран шууд үүсдэг гэнэ. Өөрөөр хэлбэл, зохиогч үүсмэл бүтээлээ албан ёсоор бүртгүүлж, холбогдох баримт бичиг аваагүй байлаа ч эзэмших эрх нь түүнийх. Манайхан үүнийг мэддэггүй юү, эсвэл хэрэгсдэггүйгээс болдог уу, орчуулгын бүтээлийг дураараа ашиглах, кино, жүжиг найруулах тохиолдол байнга гарч байгааг мэргэжилтнүүд онцолсон.
Хамгийн сүүлд гэхэд л Зян Руны “Чонон сүлд” романыг эх хэлнээ хөрвүүлсэн Д.Болдбаатарын орчуулсан “Солиот эх” өгүүллэгийг хошин урлагийн нэгэн хамтлаг хулгайлжээ. Тэрбээр нүүр номдоо “Миний орчуулсан өгүүллэгээр “Х ТҮЦ”-ийнхэн уран сайхны кино бүтээгээд, удахгүй нээх гэж байгаа аж. Тэд өмнө нь ч миний орчуулсан “Сэрүүн хасын нууц” жүжгийг найруулан тавьсан, “Хөхөмдөг үүлт тэнгэр” романаас сэдэвлэн “Танхай тээгч” кино хийснийг сүүлд мэдсэн. Тэд киногоо албан ёсны онцгой эрхтэйгээр олон түмэнд хүргэнэ гэж байгаа ч орчуулгын бүтээлд үүсмэл бүтээлийн тусгай эрх нээгддэгийг мэддэггүй бололтой” хэмээн бухимдангуй бичжээ. Энэ бол захын нэг жишээ юм.
Түүнчлэн хэн нэгний номыг зөвшөөрөлгүйгээр хэвлэн олшруулах зөрчил цөөнгүй аж. Бас нэг баримт. Зохиолч, сэтгүүлч Б.Сарантуяагийн “Самар хатан” роман өнгөрсөн гуравдугаар сард хэвлэгдсэн даруйдаа 2000 ширхэг борлогдож, нийгэмд эрэлт үүссэн байна. Үүнийг анзаарсан овжин нэг нь түүний номыг хэвлэн олшруулж, номын худалдааны дэлгүүрүүдэд “шахсан” талаар тэрбээр цахим хуудсаараа дамжуулан мэдээлж байлаа. Зохиолч гэмтнийг илрүүлэхээр шүүхэд хандаад буйгаа дуулгасан ч тэгсхийгээд намжсан юм. Яг ийм зөрчил өнгөрсөн онд 30 бүртгэгдсэн аж. Гэхдээ зөвхөн бүртгэгдсэн нь энэ.
Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Зохиогчийн эрхийн хэлтсийнхэнтэй уулзахаар очиход ч улсын байцаагчийнх нь өрөөнд гурван сая гаруй төгрөгийн ном хураасан байлаа. Хэн нэг “том толгойт” орчуулгын бүтээлийг зөвшөөрөлгүй олшруулаад, баригдсан нь тэр гэнэ. Бусдын хөдөлмөрийг үнэгүйдүүлдэг энэ мэт хулгайчдыг илчлэхгүй л бол идэж цаддаггүй, барьж цаддаг чоно аятай олон хүнийг хохироох эрсдэлтэй.
ДӨНГӨЖ Л ХӨНДӨЖ БАЙНА
Саяхан фэйсбүүк хуудсаар “тэнэж” яваад найруулагч Б.Чингүүний “Хайр” хэмээх киног байршуулсан линк байхтай таарав. Тайлбар нь “Устахаас нь өмнө татаад аваарай”. Тус хуудасны эзэн өмнө нь олон ч уран бүтээлчийн киног ингэж хуулбарлан, тарааж байсан аж. “Бусдын уран бүтээлийг дураараа хуулбарлан тараах нь гэмт хэрэг шүү” хэмээн сануулсан нэгэнд “Зохиогч нь өөрөө гомдол гаргаагүй бол гэмт хэрэг гэж үздэггүй юм” хэмээн томрох аж.
Харин тус цахим хуудсыг дагагчид нь түүнийг дэмжин, “Зохиогчийн эрх бол хэнд ч хэрэггүй. Бидний кино үзэх эрхийг хаасан зүйл” гэх мэтээр бичсэн байлаа. Уг нь Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 12 дугаар зүйл, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцуудыг зөрчсөн нь илт. Хууль бус ийм үйлдлүүд нь илчлэгдээгүй, хариуцлага шийтгэл хүлээгээгүй болохоор тэд улам л “амташсаар”.
Кино театрын дэлгэцнээ гаргаад удаагүй бүтээлийг нь ийн хуулбарлах явдал газар авч байгаа нь уран бүтээлчдийн хувьд “шүдний өвчин” болоод буй. Киночдын бүтээлийг хувилж, олшруулсан чанар муутай DVD буюу бүтээлийнх нь хулгайлагдсан хуулбарыг хаа сайгүй худалддаг. “Фантастик” продакшны ээлжит бүтээл “Зүрхний хилэн” киног дэлгэцэнд гаргаад удаагүй байхад нь нэгэн үзэгч нууцаар бичлэг хийж байхдаа баригдсан тухай тус продакшны жүжигчин Ж.Алтаншагай мэдэгдэж байсан.
Зохиогчийн эрхийн шинжээч Б.Тунгалаг “Бид хяналт тавиад, гомдлын дагуу төлөвлөгөөт шалгалт явуулдаг. Хаана эрх нь зөрчигдөж байгааг хянах боломжгүй. Хяналтыг манайхтай хамтарч ажиллаж буй хамтын удирдлагын байгууллага болон төрийн бус байгууллага тавих ёстой. Бид энэ асуудалтай олон жил тууштай тэмцэж байна. Таван жилийн өмнөхтэй харьцуулахад кино урлагийн бүтээлийн зөрчил харьцангуй багассан.
Саяхан бид АНУ-ын ЭСЯ-тай хамтран “Нарантуул” худалдааны төв болон бусад захад CD, DVD борлуулдаг худалдагч нарыг сургал тад хамруулсан. Саяхан байгуулагдсан кино уран бүтээлийг хамгаалах байгууллагатай хамтарч, ямар нэгэн зөвшөөрөл, лицензтэйгээр хамтран ашиглая гэсэн нэгдсэн шийдэлд хүрэхээр ажиллаж байна” гэсэн юм. Энэ талаар Соёлын гавьяат зүтгэлтэн, найруулагч Г.Золжаргал “Төр, засгийн хэмжээнд одоо л залуу үеийн киночдыг дахин сургалтад хамруулах, хууль, эрх зүйн орчин бүрдүүлэх, киног хэрхэн борлуулах, түгээх, зохиогчийн эрхийг хамгаалах талаар дөнгөж хөндөж байна. Кино урлагийн салбарт эрх зүйн орчин нэн тулгамдсан асуудал. Кино театруудад тодорхой хэмжээний мөнгө эргэлдэж байна. Зохиогчийн эрх зөрчигдөж бүтээл хулгайд алдагдах явдал ч гарч буй. Өөр хэсэг бүлэг хүн бүтээлийг олшруулж дамлах зэргээр ашиг олоход ч хууль, эрх зүйн орчин үгүйлэгдэж байна” хэмээсэн юм.
Нэгдсэн бодлогогүй, оюуны өмч, зохиогчийн эрхийг хамгаалж хүчрэхгүй байгаа энэ үед ТББ, уран бүтээлчид нэгдэж л “хулгайчид”-ын эсрэг тэмцэж буй аж. Үүний нэг жишээ нь, “Miye” интернэт кино театрыг уран бүтээлч залуус үүсгэн байгуулжээ. Тэд гадаадад ажиллаж, амьдарч буй монголчуудад зориулан www.miye.mn сайтыг үүсгэн, бага хэмжээний төлбөртэйгөөр Монгол кино болон бусад видео бүтээлийг албан ёсны зөвшөөрөлтэйгөөр үзүүлж байгаа аж. Уг контентуудыг үзэхдээ хийсэн төлбөр нь уран бүтээлчдэд хувь болон очихоос гадна Монголын кино болон бусад урлагийг хөгжүүлэхэд дэм болох аж.
“ГАДААДУУД Ч ХУЛГАЙЛЖ ЭХЭЛЖЭЭ”
Дуу, бичлэг бүтээгчдийн оюуны өмчөөр “хөлжиж” байгаа хүмүүсийн талаар мөн л олон жишээ дурдаж болно. Монголын дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төв, Монголын хөгжмийн зохиолчдын эрхийг хамгаалах төв холбоо, Хөгжмийн зохиолч, яруу найрагч, дуучны эрхийг хамгаалах Монголын үндэсний нийгэмлэг гээд олон байгууллага үүний эсрэг ажиллаж буй ч одоо болтол нэгдсэн бодлогод зангидагдаагүй л байна.
Дуучин, хөгжмийн зохиолч, яруу найрагчид “Бид нэг дуу, уран бүтээл гаргахад ихээхэн цаг хугацаа, хүч хөдөлмөр зарцуулдаг. Гэтэл дуу бичлэгийн студи, сайтууд энэхүү бүтээлийг богино хугацаанд хуулбарлан, байрлуулж бүтээлийг үнэгүйдүүлдэг. Уран бүтээлийг үнэгүйдүүлдэг бас нэгэн газар бол караоке. Биднээс зөвшөөрөл авалгүйгээр уран бүтээлийг маань ашигладаг. Уг нь үүрэн телефоны операторууд бидний уран бүтээлийг ашигласныхаа төлбөрийг тодорхой хэмжээгээр төлдөг. Гэхдээ бодит тооцоон дээр тулгуурлан өгч байгаа, эсэх нь эргэлзээтэй” хэмээн тулгамдаж буй асуудлуудаа тоочдог.
Түүнчлэн шүүхийн байгууллагад “Миний оюуны бүтээлийг хулгайлчихлаа” хэмээн хандахад “Та Оюуны өмчийн газар энэ бүтээлээ бүртгүүлээгүй л бол нэхэмжлэлийг чинь хүлээж авах боломжгүй” гэж хэлдэг аж. Гэтэл хүмүүс үүнийг гэрчилгээ авснаар зохиогчийн эрх үүсдэг юм байна гэж буруу ойлгодог. Ийм биш. Аль эрт үүссэн зохиогчийн эрхийг нь зөвхөн баталгаажуулж өгч буй хэрэг юм. Тодруулбал, оюуны шинэ бүтээл туурвисан хэн боловч уг бүтээлээ хулгайлагдахаас хамгаалуулах эрхтэй. Зохиогчийн эрхээ хамгаалуулахын тулд уг бүтээлээ заавал патентжуулах, эсвэл оюуны өмчийн байгууллагад бүртгүүлэх ёстой гэж ойлгодог. Гэвч энэ нь буруу ойлголт аж.
Оюуны бүтээлийн хувьд заавал Оюуны өмчийн газар хандаж, гэрчилгээ авах шаардлагагүй. Энэ тухай Монгол Улсын Зохиогчийн эрхийн тухай хууль, Зохиогчийн эрхийн салбарын Бернийн конвенц зэрэгт заасан байдаг. Тухайн бүтээлийг зохиосон үеэс эхлэн зохиогчийн эрх хамгаалагдана гэж дурдсан байдаг аж.
Монголын дуу, бичлэг бүтээгчдийн үндэсний төвийн тэргүүн Б.Лхагвасүрэн “Уран бүтээлчдийн байгуулсан холбоо, нийгэмлэг олон бий. Иймд нийгэмлэг, холбоодын төлөөллөөс бүрдсэн удирдах зөвлөл байгуулж, тэр нь Олон улсын Оюуны өмчийн байгууллагад нэгдэн орж, уран бүтээлчдийнхээ эрх ашгийг хамгаалахыг зорьж байна. Бид дотооддоо бүтээлээ алдаад зогсохгүй сүүлийн үед гадаадад Монголын уран бүтээлчдийн бүтээл туурвилыг өөрийн юм шиг ашиглаж эхэлсэн. Хүмүүсийн сайн мэдэх жишээ гэхэд л “Харанга” хамтлагийн ахлагч Ц.Чулуунбатын “Үгүйлэн санана” дууг Хятадын дуучин Лао Ву гэгч өөрийн хэв маягаар дуулан, дүрсжүүлжээ. Тэрбээр ямар ч зөвшөөрөлгүйгээр уг дууны нэрийг “Чамайг санана” хэмээн өөрчилж, үг, аяыг нь өөрөө зохиосон хэмээн зарласан. Энэ мэт явдал олон давтагдаж байгаа. Үүнийг цэгцлэх хэрэгтэй. 2016 оны гуравдугаар сард нийслэлийн ИТХ-ын 36 дугаар тогтоол гарсан. Уг тогтоолд нийслэлийн хэмжээнд соёл, урлагийн арга хэмжээ зохион байгуулж буй хэн боловч уран бүтээлчдээс зөвшөөрөл авч, хувь хүртээнэ гэж заасан. Энэ мэтчилэн тулгарч буй асуудлуудыг шат дараатай шийдэхээр ажиллаж байна” хэмээв.
Дэлхийн оюуны өмчийг хамгаалахад тус дөхөм үзүүлэх, олон улс болон оюуны өмчийн байгууллагуудын хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө 1967 онд Шведийн нийслэл Стокгольмд “Дэлхийн оюуны өмчийн байгууллага” байгуулсан байна. Монгол Улсын хувьд Дэлхийн оюуны өмчийн байгууллагад 1976 онд элссэн. Харин 1998 онд Венийн конвенцод нэгдсэн байдаг. Энд 160 гаруй орон багтдаг ажээ.
Гишүүн болсноор конвенцод нэгдсэн аль ч оронд тухайн уран бүтээлчийн эрх хамгаалагдана гэсэн үг. Гэтэл манайд одоог хүртэл дээр дурдсан зохиогчийн эрхийг хамгаалах тогтолцоо бүрэн төлөвшиж чадаагүй, бүтээлчид оюуны өмчөө хамгаалахын тулд өөрсдөө тэмцдэг хэвээрээ л байна. Энэ байдлыг өөрчлөхгүй бол уран бүтээлчид амташсан хулгайч нарт элэг бариулж, дээрэмдүүлсээр дуусах нь.