“Бид бол Чингисийн монголчууд, дээд тэнгэрээс заяатай” хэмээн цээжээ дэлддэг XXI зууны монголчуудын бахархал, үнэт зүйл яг юу юм бэ. Ардчилсан, эрх чөлөөт нийгэмд хөл тавиад 27 жил болж буй бид чухам юу хүсэж мөрөөддөг, үүнийхээ төлөө хэрхэн тэмцэж чаддаг ард түмэн юм бол. Монголчуудад нэгдмэл зорилго, алсын хараа байна уу. “National identity” буюу (үндэстнийг ижилсүүлдэг, бусдаас ялгаатай хэл, соёл, уламжлал зэрэг зүйлсийг хэлнэ) монгол хүний бусдаас ялгарах онцлог юу вэ.
Эдгээр асуултад тодорхой хариулт олдохгүй байна уу. Учир нь өнгөрсөн 27 жилийн турш бид яг хэн юм бэ гэдгээ мартан хүнээ байж, ойд төөрсөн сармагчин лугаа адил ийш тийш харайсаар өөрийгөө гээчихэж.
Бид өөр үндэстэн, бусдын тухай ам уралдан ярьдаг атлаа өөрсдийнхөө сэтгэл зүрх, оюун тархин доторх сүйрэл, үгүйрэл хоосролыг анзаарахаа больжээ. Эцэстээ ёс суртахууны доройтол хаа сайгүй газар авч, Монгол Улсын хөгжилд хамгийн том тээг садаа болж буйг эрдэмтэн мэргэд сануулсаар байна. Тиймээс цаг хугацаа өнгөрөх тусам биднээс улам бүр алсарч байгаа үндэсний ижилсэл, онцлог хэмээх үнэт зүйлийн эрэлд “Өнөөдөр” сонин гарч, “Бид хэн бэ” цуврал нийтлэл эхлүүлээд буй.
Энэ удаа бид “Үндэстний ижилслийг хэрхэн бий болгох вэ” гэсэн сэдвийн хүрээнд аливаа үндэстнийг үндэстэн болгодог гурван гол хүчин зүйл буюу хэл, соёл, шашны асуудлыг хөндлөө.
“Глобалчлалыг дагасан үүсмэл соёлын нөлөө ямар ч хяналтгүйгээр хүчтэй газар авсны улмаас өдгөө олон орны язгуур соёлууд уусаж, устах аюул дэлхий нийтийн өмнө нүүрлэлээ. Улс орнууд бусдаас ялгарах үнэт зүйл, язгуур соёлоо авч үлдэхэд анхаарахгүй, бүгд оюун, сэтгэлгээгээрээ ижилсээд эхэлбэл “Абсолют анархизм” хөгжих магадлал их” хэмээн соёл судлалын доктор (Ph.D) Д.Мэндсайхан ярилаа.
Өөрөөр хэлбэл, үндэстний дархлаагүй “роботууд”-ын эринд хэт анархи үзэлтэй нэг хүний эрхэнд дэлхий даяараа орох эрсдэл дөтөлж буйг тэрбээр сануулсан хэрэг. Тэр тусмаа Монгол шиг өнгөрсөн баатарлаг түүхтэй, хайрлаж, харамлах язгуур өв соёлтой ард түмний хувьд энэ бол зайлшгүй хурцаар тавигдах асуудал мөн билээ.
Өнөөгийн монголчуудыг засаглалын хямралын ороо бусгаа шийдвэр болгоны аясаар хорхогны чулуу шиг олон дахин ашиглуулсаар яахаа ч мэдэхээ байгаад, бүр алмайрч гүйцсэн тухай доктор, профессор, Гавьяат багш Ж.Баянсан егөөдөв. Шар нар, бор хоногийг аргацаан өнгөрүүлж, зүгээр л урсгалаараа амьдарч буй учраас тэр. Арай жаахан ухаан сийрэг нэг хэсэг нь тааламжтай цагийг хүлээн, амиа хоохойлоод “нуувчинд” орчихсон бол хаана, яах гэж яваагаа ч мэдэхгүй, хэт задгайрсан нөгөө хэсэг нь одоо төр, засгийн ажлыг “самарсаар” буйг тэрбээр шулуухан хэлсэн. Д.Нацагдоржийн зохиолд гардаг шиг олныг хэсэн олгой дүүргэж, гүрнийг хэсэн гүзээ дүүргэж явдаг ийм хүмүүсээс юу ч хүлээгээд нэмэргүй тул юмаа мэддэг, чаддаг хүмүүсийг нь “нуувчнаас” гаргаж ирэх цаг хэдийнэ болсон гэлээ.
Мэдээлэл технологийн эрин зууны хил хязгааргүй нэгдэл бөөгнөрөл дунд шинэ цагийн монгол хүн монголоороо үлдэхийн тулд бусдаас ялгарах үндэстний ижилслээ хэрхэн бий болгох вэ? 27 жил алмайрч явсан ард түмэн одоо “нойр”-ноосоо сэрээд, “Бид хэн бэ” гэдгээ тодорхойлъё хэмээн эрслэн хөдөлбөл бидэнд байгаа нь юу билээ?
Зохиолч Г.Аюурзана саяхан болсон “Бөөгийн домог” номынхоо хэлэлцүүлгийн үеэр “Үндэстэн гэдэг бол хэл, соёл, сэтгэлгээний ижилсэл. Энэ бол дэлхий нийтээр нэгэнт тогтсон ойлголт. “Хэлний ижилсэл” гэдэг нь нэг хэлээр ярьдаг, “Соёлын ижилсэл” гэдэг нь нэгдмэл соёлтой, “Сэтгэлгээний ижилсэл” гэдэг нь тухайн гишүүн өөрийгөө тэр ард түмэнд л хамааралтай, түүний төлөө зүтгэх үүрэгтэй гэж ухамсарладаг гэсэн үг” хэмээн ярьсан юм.
Үүн дээр шашин нэмэгддэг бөгөөд Буддизмын итгэл үнэмшил сэтгэл зүрхэнд нь мянга гаруй жилийн өмнөөс оршиж ирсэн тул манай ард түмний хувьд энэ нь харин ч сайхан хэрэг бус уу. Тэгэхээр үндэстний ижилсэл хэмээх “өргөө гэр”-ээ барихад бидэнд хамгийн сайн чанарын яс модоор хийсэн унь, тооно, багана, хаалга, хана нь бэлэн байна аа гэсэн үг. Аль 1990 онд нүүж ирсэн “шинэ буурин” дээрээ өдий хүртэл ундуй сундуй хэвтэж буй эдгээр зүйлийг одоо эзний ёсоор цуглуулж, ханат цагаан гэрээ барих л дутуу байна.
ХЭЛНИЙ ДАРХЛАА БА “БАЙ”-ГАА ОНООГҮЙ АЖИЛ
Хоёрхон хоногийн зөрүүтэй, тоолбол нас, төөлбөл бие чацуу сайн найзтайгаа ойлголцох гэж хүү минь “үйлээ үздэг” болсон. Адилхан л монгол аав, ээжтэй, нэг хотод, нэг дүүрэгт, бүр зэргэлдээ байранд амьдардаг, хар багаасаа хамт тоглож өссөн хоёр хүүгийн сэтгэлгээ, дотоод ертөнц өдөр ирэх тусам биенээсээ холдож буй нь бидэнд ч анзаарагддаг.
Хоёр настайдаа нэг нь монгол, нөгөө нь англи хэлний сургалттай цэцэрлэгт орж, сургуульд мөн л тэр замналаараа “салсан” тавхан жилийн хугацаанд хүүхдүүдийн минь харилцаанд аав, ээжүүд бидний төсөөлөөгүй олон өөрчлөлт ар араасаа гарч эхлэв. “Эх хэлээрээ сайн уншиж, бичиж, ойлгодог болсных нь дараа буюу тавдугаар ангиас нь хүүгээ англи хэлний сургуульд оруулна” гэсэн шийдвэртээ нөхөр, бид хоёр одоо бүр ч илүү итгэлтэй болсон.
“Аав нь, өвөө нь цэвэр монгол байлаа ч өөрөө монгол хэлээр ярьдаггүй л бол тэр хүн монгол биш. Тиймээс бид хэл гэдэг зүйлдээ маш болгоомжтой, анхааралтай хандах ёстой. Хэрэв бид хэлээ алдвал соёлоо алдана. Соёлоо алдвал үүх түүх гэж хэчнээн яриад ч нэмэргүй” хэмээн энэ цагийн оюунлаг залуусын хамгийн их үлгэрлэх дуртай Г.Аюурзана зохиолч хэлснийг сануулъя.
Даяаршлыг хүн, малын ундаалах худаг, гол гэж үзвэл түүнийг бараадан нутаглаж буй олон айл өрх бусадтай малаа нийлүүлэхгүйн тулд гэрийн эзний хариулга чухал, хариуцлага ч нэмэгдэнэ. Үүн шиг хэл, соёлын дархлаагаа хэрхэн авч үлдэх вэ гэдгийг төрийн бодлогоор залж чиглүүлэх хэрэгтэйг эрдэмтэн мэргэд анхааруулсаар буй. Жишээ нь, бага, дунд боловсролын хөтөлбөрт гадаадын аль аль хэлийг, хэддүгээр ангиас нь, ямар шат дараатайгаар үзүүлэх вэ гэдгийг төрийн бодлогоор анхаарч, зохицуулах ёстой гэж тэд үздэг.
“Хүний эрх гээд хэн дуртай нь хүссэн газартаа гадаад хэлний сургууль, цэцэрлэг, курс дамжаа байгуулаад байж болохгүй. Монгол Улсад төр, засаг гэж байдаг бол боловсролын салбарыг бодлогоор залж чиглүүлэх ёстой. Хоёрдугаарт, монгол хэлээрээ зөв найруулж бичих чадварыг дээшлүүлэх нь чухал байна. Яаж илэрхийлснийг нь жинхэнэ монгол хэлээр бичсэн найруулга, ямрыг нь орчуулгын “модон хэл”-ний найруулга гэж үзэх вэ гэдгийг ялгаж салгах хэрэгтэй. Төрөлх хэлний найруулгаа цэгцлээгүй байж гадаад хэл рүү хошуураад байхаар буруу хэвшил л тогтоно. Өөрөөр хэлбэл, бид нэг мэдэхгүй юмаар нөгөө мэдэхгүй зүйлээ түлхүүрдэх гээд байна гэсэн үг” хэмээн Ж.Баянсан багш ярилаа.
Төрийн хэлний зөвлөлийнхөн байсхийгээд л “Эдгээр үгийг ингэж бичнэ” хэмээн урт жагсаалт гаргадаг нь арга ядсан хэрэг болохоос монгол хэлний дархлааг хадгалахад энэ нь ямар ч тус нэмэргүй ажил гэнэ. “Цээж”, “чээж” гэж бичихийн аль нь зөв бэ гэдгийг толь бичгээс хараад ч тогтоочихож болдог байхад хэлний дархлаа бол хүний оюун тархинд цаанаасаа байдаг зүйл аж. Тэгэхээр манайхан аливаа гажуудлын шалтгааныг уг сууриар нь бус, хэт өнгөцхөн зүйлээс хайж, цаг үрдэг байх нь.
Угтаа сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага олширсныг харааж зүхэхийн оронд тэднийг бэлтгэдэг тогтолцоо ямар байгаад, монгол хэл, уран зохиолын багш нар хүүхдүүдэд чухам юу зааж буйд анхаарах ёстой баймаар. Харин саяхнаас үндэстний хэлний илэрхийлэлд анализ хийх зорилгоор СУИС-ийн Соёлын сургуулийн дэргэд байгуулагдсан Хэлний соёл судлалын профессорын багийнхан Төрийн хэлний зөвлөлтэй хамтран, телевизийн урсдаг зарын хэл, найруулгыг цэгцлэхээр ажилдаа орсон гэнэ.
СОЁЛЫН ДАРХЛАА БА ХУУЧИРДАГГҮЙ СЭДЭВ
Саяхан болж өндөрлөсөн Соёл, урлагийн ажилтны улсын II чуулганд оролцогчдод Ерөнхийлөгч Х.Баттулга илгээлт ирүүлэхдээ “Монгол хүний ертөнцийг үзэх үзэл өөрчлөгдөж, олон зууны түүхээр шалгаран өвлөгдсөн оюуны болон сэтгэл, сэтгэлгээний үнэт зүйлс тогтворгүй, тодорхойгүй болж, үндэсний бахархал, нэгдмэл байдал сул байгааг хөндлөнгөөс хүлцэнгүй харж суух цаг биш ээ.
Соёлын ажилтан болгон Монгол Улсынхаа соёлын өв тээгч, соёлын дархлааг бүтээн бий болгогч, соёл урлагийн нэгж байгууллага бүр ард иргэдийнхээ үндэсний ухамсрыг сэргээн хөгжүүлэгч, эх орныхоо язгуур эрх ашгийг сахин хамгаалагч байх ёстой. Аливаа урлаг соёлын бүтээлийг зүрх, тархины шүүлтүүргүйгээр хүртдэг монгол үзэгчийг бус, гүн ухаанч хандлага, гоо зүй болон ёс суртахууны өндөр шалгуураар хүлээж авдаг монгол хүнийг бэлтгэхэд уран бүтээлчид, соёл урлагийн менежерүүд та бүхэнтэйгээ нягт хамтран ажиллахыг Төрийн тэргүүний зүгээс хүсэж байна” хэмээн онцолсон. Биелүүлж чаддаг сан бол мөн ч сайхан үг ээ.
Соёл гэдэг нийгмийн хамгийн чухал үнэт зүйл хүнээсээ улам бүр холдож буйг анхааруулан, үүнд хаана хаанаа анхаарах цаг болсныг одоогоос 10 жилийн тэртээ Соёл, урлагийн ажилтны улсын I чуулганаар мөн л хөндөж байв. Гэтэл өдгөө өөрчлөгдсөн зүйл хэр их вэ гэдэгт тодорхой хариулт алга. Наад зах нь хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй нийгмийн шаардлагаар соёлын тухай хууль эрх зүйн орчноо шинэчлэх шаардлагатай гэж олон жил ярьж буй ч амьдралд хэрэгжүүлсэн нь ховор.
Энэ удаагийн Ерөнхийлөгчийн илгээлтэд ч, Ерөнхий сайд, БСШУС-ын сайдын үгэнд ч чихэнд чимэгтэй, сэтгэлд цучил нэмсэн олон сайхан санаа байна билээ. Өнөөгийн Монголын нийгэмд соёлын эзлэх байр суурь хаахна байна вэ, хүн болгоны ухамсарт үүнийг суулгахын тулд яах ёстой юм бэ гэдэг асуултыг дараагийн 10 жилд дахиад л өөрсдөдөө тавиад сууж байх юм биш биз дээ.
Соёл гэхээр манайхан зөвхөн ардын язгуур урлаг, эсвэл гар урлал төдийхнөөр ойлгодог. Гэхдээ “Дундад Азид сонгодог хагас нүүдлийн соёлыг бий болгосон үндэстэн” хэмээн дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн монголчууд бидний бүтээсэн соёл асар өргөн утга агуулгатай байх нь дамжиггүй.
“Энэ хорвоо ертөнцөд монгол хүн монголоороо оршиж үлдье гэвэл өвөг дээдсийнхээ бидний ухамсарт кодолж үлдээсэн уламжлалт мэдлэг, арга ухааны нууцад одоо нэвтрэх нь чухал. Манжийн дарлалд 200, Өрнийн үзэл сурталжсан соёлын нөлөөнд 80 шахам жил болоход усталгүй, дамжуулагдаж ирсэн тэрхүү “код”-ыг тайлахын тулд чадварлаг, сайтар мэргэшсэн соёл судлаачид хэрэгтэй. Монгол хүний ертөнцийг үзэх үзэл, амьдралын арга ухааны илэрхийлэл болсон соёл-мэдлэгийг музейд хадгалах бус, хэрэглээнд оруулж, ашиглахын тулд төр, засаг шинжлэх ухаан, эрдэмтэн судлаачдадаа хөрөнгө оруулмаар байна. Үндэстэн болгонд бусдаас ялгарах өөрийн гэсэн ижилсэл хэрэгтэй байгаа тул өдгөө олон орон энэ чиглэлд маш их анхаарч эхэлсэн” хэмээн Соёл урлагийн газрын Соёлын биет бус болон баримтат өвийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Д.Мэндсайхан ярилаа.
2003 оны ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах конвенцод “Соёлын биет бус өвийг эх хэл болон аман уламжлал, гар урлал, байгалийн болон сав ертөнцийн тухай мэдлэг арга ухаан, уламжлалт зан үйл, баяр наадам, язгуур урлаг гэсэн таван ай савд хуваан, бүгдийг нь жигд авч үзэж, адил түвшинд хөгжүүлнэ” гэсэн байдаг.
Манай улс энэхүү конвенцыг хүлээн зөвшөөрч нэгдэн орсон хэрнээ эх хэл, аман уламжлал, байгалийн болон сав ертөнцийн тухай мэдлэг арга ухаан, уламжлалт зан үйл, баяр наадам гэсэн гурван том ай савыг орхигдуулсаар иржээ. Одоо харин “гарын таван хуруу”-г алагчлалгүй жигд хөгжүүлэхийн тулд Соёлын биет бус өвийг хамгаалах нэгдсэн хөтөлбөр батлуулахаар төсөлд нь ард нийтээс санал авч байгаа аж.
“БУДДЫН ЁС СУРТАХУУНЫ НОМЛОЛЫГ ХҮҮХДҮҮДЭД ЗААМААР БАЙНА”
Үндэстнийг үндэстэн болгодог гурван гол зүйлийн нэг нь шашин гэдэг ч яг өнөөгийн нөхцөлд монголчуудын “National identity”-г бүтээхэд Бурхны шашин ийм чухал үүрэгтэй гэдэгт эргэлзэх залуус бишгүй. Тиймээс “Бурхны шашин үүнд ямар үүрэгтэй гэдгийг, яагаад холбогдох учиртай вэ” хэмээн Жавзандамба хутагт төвийн багш, гавж Д.Нямсамбуугаас асуухад “Шашныг аливаа ард түмний хоорондоо нэгдэн нягтрах хэрэгсэл болгон ашиглаж ирсэн, ашиглаж буй тохиолдол дэлхийд өчнөөн. Бид Английн church of England, Оросын үнэн алдартан, Японы Зэн, Шинтог мэднэ. Манайхны тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн нэг даль жигүүр нь ч шашин шүтлэг минь байсан. Үндэстний ижилсэл гэдэгт олон зүйлийг хамаатуулж болох ч оюуны бүрдэл байвал тун хүчтэй. Тэр тусмаа худгийн мэлхийн хийрхэл бус, хүний амьдралын үнэт зүйлс, утга учирт тулах, нягт нямбай бодсон, дэлхийн өнөөдрийн танин мэдэхүйгээр үл няцаагдах, бүр дэмжигдэх итгэл үнэмшлийн тогтолцоо байвал хүчтэй. Тийм зүйл бидэнд юу бий билээ” хэмээн өөдөөс сөргүүлэн асуулт тавилаа.
Бурхны шашнаас улбаатай янз бүрийн зан үйл хүссэн, хүсээгүй монголчууд бидний оюун санаа, ахуй амьдралд ямар нэг хэмжээгээр нэвчсэнийг бодоход тэрхүү итгэл үнэмшлийн тогтолцоог энэ зүгээс хайхад буруудахгүй болов уу. Узбек, казах, кыргызүүд тусгаар тогтнолоо олсны дараа удирдагчид нь исламын шашны өвүүдийг дахин сэргээж, шашны үзэл сургаалд дөрөөлөн засаглалаа баталгаажуулсныг бодоход ч энэ бол оюун санааны асар их хүч байдгийг илтгэх мэт. Тэгээд ч Монголын урлаг соёлыг Бурхны шашнаас салгахад бэрх гэдгийг маргахын аргагүй олон жишээгээр эрдэмтэй хүмүүс батлан ярьдаг.
“Хотын утаа хэцүү байна. Гэхдээ утаанаас ч дутахгүй улс Монголын минь орших, эс оршиход заналхийлж буй зүйл бол өнөөгийн бидний ёс суртахуун. Шалтгаан нь нийгэмд энэрэл хүндлэл, зөв итгэл үнэмшлийг нийлүүлэх ёстой “эрхтэн”-ийг нь 60 жил ажиллуулаагүйнх гэж би боддог. Оронд нь хүмүүний үнэт зүйлстэй өчүүхэн ч холбоогүй хоосон итгэл, сэжиг газар авлаа. Дийлэнх шашин ёс суртахууны тухай номлодог. Гэхдээ Христийн сургаал монголчуудын хэдэн хувьд нь хүрэх вэ. Бурхны шашин хэдэн хувьд нь хүрэх вэ. Бурхны сургаалыг бид үр хүүхдэдээ зааж болох уу. Ийм л асуулт гол нь юм. Одоо бид заахгүй байна шүү дээ” хэмээн Д.Нямсамбуу гавж хэлсэн.
Эртний Ром, Грекийн түүхийг сургуульд хүүхдүүддээ заадаг хэрнээ хүн төрөлхтний 2500 жилийн түүхийг бүтээлцсэн Буддын гүн ухааны үзэл номлол, ойлголтыг зөв талаас нь түгээхэд анхаардаггүйг шүүмжилдэг түүний үгнээс нэгийг бодууштай. Бид ирээдүй хойчоо зөв хүмүүжүүлэхэд, тэдэнд ёс суртахууны талаар наад захын ойлголт, мэдлэг өгөхөд яаж анхаардаг улс билээ. Ёс суртахууны үлгэр болох хүмүүс эхнээсээ сургуулиа дүүргээд ирцгээж байгаа тул ямартай ч тэрбээр ирээдүйг өөдрөгөөр харахыг хичээдэг гэсэн.