Бэлтгэсэн : Г.Оюунгэрэл, Ч.Болортуяа, З.Амгалан
Монголд хамгийн амжилттай яваа бизнес юу гээч. Эм, бэлдмэлийн худалдаа гэж хэлбэл гайхах хүн гарахгүй л болов уу. Эмийн бөөний худалдааны төвүүд өдрөөс өдөрт олширч, байшин, сав нь томорч, сүүлийн хэдэн жил нүдэн дээр л өнгө засан өөрчлөгдөж ирснийг “Бөмбөгөр” худалдааны төв орчмын хэдэн эмийн сангаас харж болно.
Өвчнийг илааршуулах, зовж шаналж буй нэгнийг хөл дээр нь босгох буянтай ажил мэт санагдаж асан эмийн бизнес нидэр дээрээ ядарсан нэгний хэтэвчийг хоослох, зовлон дээр дөрөөлсөн эрээгүй “дээрэм” болж хувираад буй гэхэд болно. Талхны үнэ нэмэгдэхэд, шатахуун тав, арван төгрөгөөр өсөхөд, нийтийн тээврээр зорчих тасалбарын үнэ өөрчлөгдөхөд иргэд яаж бухимддаг билээ. Гэтэл эмийн үнийг тэнгэрт тултал хөөргөдөөд байхад хэн ч юу ч хэлэхгүй байгаа нь гайхмаар. Иргэд ч үүнтэй эвлэрээд сурчихаж.
Хахир өвлийн хүйтэн дөнгөж эхлэв үү, үгүй юү, ханиад томуу ихсэж, улсын эмнэлгүүд сул оргүй болтлоо хатгаатай хүүхдүүдээр дүүрээд буйг эмч нар хэлж байна. Бага насны хүүхэдтэй аав, ээжүүд, даралт нь ихэсдэг хөгшчүүд, өвдсөн зовсон хэн бүхний хамгийн түрүүнд очдог газар нь эмнэлэг, дараа нь эмийн сан.
“Манай бага хүү гурван настай, сая эмчид үзүүлээд хоёр уушгины угт хатгалгатай гээд эмнэлэгт хэвт гэж байна. Хэвтүүлье гэсэн харьяа эмнэлэгт ор алга. Хувийн эмнэлэгт зөвхөн ор нь 200 мянга, эм тариа нь тусдаа үнэтэй гэнэ. Арга барагдаад өөрсдөө гэрээрээ эмчилгээ хийе гээд сая эмийн сангаас баахан эм, тариа авлаа. Өвөл ойртоод, утаа үнэртээд ирэх төдийд л хүүхдүүд маань дуу дуугаа аваад өвдчих юм. Нэг нь гайгүй болоход нөгөө нь өвдөнө.
Өвлийн хэдэн сарын тоотой хэдэн өдөр л эрүүл байх боллоо. Адис хүртээж байгаа юм шиг өвөл заавал хүүхдээ зүүгээр сүлбүүлнэ. Арга барагдаж, өр зээл тавьж, гэртээ агаар шүүгч, утлагын аппарат хүртэл худалдаж авч байна шүү дээ” хэмээн сошиал орчинд нэгэн ээж бухимдлаа илэрхийлжээ. Түүн шиг аргаа барж суугаа ээж олон бий. Хүүхдээ өвчнөөс нь хурдхан шиг салгах сан гэхдээ халаасан дахь хэдийгээ шавхаад ч болов эм тарианд зарцуулна. Эм үнэтэй байх нь чухал биш, үр хүүхдээ эдгээх нь л нэн тэргүүний асуудал байдаг учраас энэ хандлага нь магадгүй эмийн наймаачдыг үнээ нэмэхийг өөгшүүлээд байх шиг.
Өдрөөс өдөрт үнээ нэмээд байхад даварсан энэ эмийн сангуудыг хааж, хянаж болдоггүй юм уу гэж захын хүн асуух байх. Эмийн үнэд шууд хяналт тавих боломжгүй гэж албаны нөхөр хэлэв. Шударга өрсөлдөөний зарчим, Зөрчлийн тухай хууль энд үйлчлэх ёстой гэнэ. Иймд эмийн үнийг автоматаар тогтоож, хатуу барих аргагүй тул манай улс даатгалын тогтолцоогоороо дамжуулан үүнийг зохицуулдаг аж.
Өөрөөр хэлбэл, Эрүүл мэндийн сайдын 2014 оны 215 дугаар тушаалын хавсралтаар баталсан, зайлшгүй шаардлагатай эмийн VII жагсаалтыг одоо мөрдөж буй бөгөөд энэхүү жагсаалтыг үндэслэж, ЭМД-ын сангаас жороор хөнгөлөлттэй олгох эмийг сонгон, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргын тушаалаар үнийн дээд хязгаарыг тогтоож буй. Нөгөө талаас эм, бэлдмэл импортлогчдыг шууд буруутгаж болохгүйг энэ салбарынхан хэлж байна. Хэрэгцээт эмийнхээ 80 хувийг гадаадын 50 гаруй улсаас импортолдог манай улсын хувьд валютын ханш савлахаас эхлээд эмийн үнэд нөлөөлөх хүчин зүйл мундахгүй их гэнэ.
Эм үйлдвэрлэх, тээвэрлэх, хадгалах, нөөцлөх, олгох зэрэг олон үйл ажиллагааны нийлбэр зардлаар үнэ нь тодорхойлогддог юм байна. Эм ханган нийлүүлэгч хувийн хэвшлийнхэнд зайлшгүй шаардлагатай эмийг хямд үнээр борлуулах хөшүүрэг байхгүй нь хамгийн том асуудал гэж эм хангамжийн компанийн удирдлага ярьж байна. Өөрөөр хэлбэл, эмийн үйлдвэрлэл, импортыг татварын бодлогоор дэмжвэл үнэ нь буурах боломжтой гэнэ. Эмийн үнийг хүчээр тогтоох бус, хууль эрх зүйн орчныг ч үүнтэй уялдуулах нь чухал гэж онцолно лээ. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өдгөө боловсруулж буй бөгөөд эмийн үнийг зохицуулах талаар нэлээд өөрчлөлт оруулж буй нь “хазаарлах”-гүй бол болохоо байсан энэ ханшийг тогтворжуулахад багагүй дөхөм болно гэж найдъя.
ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА
Улирлаас шалтгаалж үнэ нь өөрчлөгддөг
Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд “Монос”-ын салбараас авахуулаад 5-6 эмийн сан үйл ажиллагаа явуулж байна. Иргэдийн хамгийн түгээмэл хэрэглэдэг эмийг сонгож, үнийг нь лавлатал 150-500 төгрөгийн зөрүүтэй, бидний сайн мэдэх витамин С-гийн уусмалаас авахуулаад “Ампицилин” зэрэг ихэнх эм харилцан адилгүй үнэтэй байсан юм. Хотын төвийн эмийн сангуудаар орлоо.
Илүү үнэтэй буюу 400-800 төгрөгийн зөрүүтэй аж. Эмийн үнэ яагаад улирал солигдох тутам өсдөг, харилцан адилгүй үнээр худалдаалдаг талаар Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд эмийн сан ажиллуулдаг эмийн санчаас тодруулахад “Ихэнх эм ханган нийлүүлэх төв эмээ голдуу БНХАУ, ОХУ, Энэтхэг, ХБНГУ-аас оруулж ирдэг. Хятадаас оруулж ирдэг эмийн үнэ харьцангуй тогтвортой. Харин Германаас авчирдаг нь валютын ханш, болон шатахууны үнийн өсөлтийг даган байнга нэмэгддэг.
Энэ оны эхний гурван сард гэхэд л антибиотикуудын үнэ нэмэгдсэн. Одоо харьцангуй тогтворжоод байна” гэв. Баянгол дүүргийн XIV хорооний иргэн О.Анхбаяр “Яаралтай үед эмийн бөөний төв, эм ханган нийлүүлэх төв рүү явах боломж байдаггүй учраас гэртэйгээ хамгийн ойр байрлах эмийн сан руу л ордог. Хүүхдийн дархлаа дэмжих “Пиковит” аминдэм гэхэд л өнгөрсөн жил 8500 төгрөг байсан бол өнөөдөр “Монос”-т 11 мянга болсон байна лээ” гэв.
Бидний сайн мэдэх өвчин намдаах “Диклоденк” эм 2015 онд 3500 төгрөг байсан бол өнөөдөр “Монос”-т 19.500 төгрөгөөр зарж байна. Энэ талаар албаны хүнээс тодруулахад, “Эмийн сангуудаар худалдаалж байгаа эмийн үнэд хяналт тавьж, эмийн сангуудад төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус гүйцэтгэлийн хяналт, шалгалт хийдэг. Үнийн зөрүү байдаг нь үнэн. Гэхдээ танайх тэр эмийг тэдээр зар гэж хэлэх эрх бидэнд байдаггүй” гэсэн юм.
Өнгөрсөн 2015 онд ДЭМБ-аас хүн амд зайлшгүй шаардлагатай эм болон эмийн бүтээгдэхүүний үнэ хэт өндөр байдаг орнуудыг судалж, жагсаахад манай улс эхний 10-т багтжээ. Учир нь, Монгол Улс эмийн хэрэглээнийхээ дийлэнх хувийг гаднаас импортолдог тул эмийн сангуудад худалдаалах үнэ хэт өндөр байдаг аж. Эм, бэлдмэлийн үнийг зохицуулах хууль тогтоомж, журам байдаг ч мөрддөггүй нь үнэ нэмэгдэх нэг шалтгаан болжээ. Нэг ёсондоо эм оруулж ирж буй аж ахуйн нэгж, байгууллага хүссэн үнээ тогтоодог гэсэн үг.
Түүнчлэн манайд улирлаас хамааран өөр өөр төрлийн эмийн үнэ нэмэгддэг байна. Тухайлбал, өвлийн улиралд ханиад томуу, амьсгалын замын өвчний дэгдэлт нэмэгдэж, энэ төрлийн өвчний эсрэг уудаг “Ампицилин”, “Амоксицилин” зэрэг эмийн үнэ өсдөг байна. Харин зуны улиралд “Ливомецин” зэрэг хордлого, ходоод гэдэсний эмийн үнэ өсөх хандлагатай байдаг аж. Түүнчлэн хавар, намрын улиралд астма, харшлын эсрэг эмийн үнэ өөрчлөгддөг гэнэ.
Манай улс нийт эмийнхээ бараг 70-80 хувийг импортоор авдаг. Харин дотоодын эмийн 34 үйлдвэр үлдсэн хувийг нь үйлдвэрлэж байна. Уг нь импорт орлох эмийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжвэл манай улсад хэрэглэж байгаа нийт эмийн 50-60 хүртэлх хувийг дотооддоо үйлдвэрлэх боломжтой.
Улсын эмийн бүртгэлд 2016 оны байдлаар 4722 нэрийн эм, 241 нэрийн эмийн түүхий эд, 1432 нэрийн биологийн идэвхт бүтээгдэхүүн бүртгэлтэй байна. Эдгээрээс ерөнхий 400 гаруй төрлийн эмийг манай улсын эмийн үйлдвэрүүдэд тоног төхөөрөмжийн тодорхой шинэчлэл хийсний дараа үйлдвэрлэх боломжтой. Ингэснээр эмийн үнэ тогтворжих боломжтой гэж мэргэжилтнүүд үздэг аж.
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
П.ЦЭЦГЭЭ: Үнийн ил тод байдлыг сайжруулахаар хэлэлцэж байна
ЭМЯ-ны Эм, эмнэлгийн хэрэгсэл, үйлдвэрлэлийн хэлтсийн мэргэжилтэн П.Цэцгээтэй ярилцлаа.
-Ханиад, томууны улиралд халуун бууруулах, өвчин намдаах зэрэг эм, тарианы үнэ нэмэгддэг талаар иргэд шүүмжилдэг. Ер нь эмийн үнийг тогтвортой байлгахад ЭМЯ бодлогын түвшинд ямар ажил хийдэг вэ?
-Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй олгож байгаа эмийн жагсаалтад өвчин намдаах, халуун бууруулах эмүүд орсон. Эдгээр эмийн үнийн дээд хязгаарыг Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор баталдаг. Иймд энэ жагсаалтад орсон эмийн үнэ шинэ жагсаалт гартал өөрчлөгдөхгүй.
Түүнчлэн 2017 онд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн Томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн тав хүртэлх насны хүүхдийн ууж хэрэглэх эмийн үнэд хөнгөлөлт үзүүлэх тухай тогтоолоор 10 нэрийн эмэнд нэг тэрбум орчим төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн.
-Манай эм, бэлдмэлийн хэрэглээний 80 орчим хувь нь гаднаас хамааралтай. Импортын эмийн үнэ хэт өндөр байхаас хэрхэн сэргийлж ажилладаг бол?
-Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй олгож байгаа эмийн үнийн дээд хязгаарыг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс тогтоодог бол бусад эмийн үнийг зах зээлийн өрсөлдөөний зарчмаар тодорхойлдог юм. Төрийн өмчийн эмнэлгүүд өөрийн хэрэгцээний эм, эмнэлгийн хэрэгслийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах хуулийн дагуу тендер зарлан худалдаж авдаг.
-Улсын хэмжээнд гаргасан эмийн үнийн судалгаа мэдээлэл бий юү?
-Эмийн үнийн эрх зүйн орчин болон хүртээмжийн талаарх судалгааг хамгийн сүүлд 2012 онд хийсэн. Энэ онд бид судлаачид сонгон шалгаруулж олон улсын аргачлалаар эмийн үнийн судалгаа хийлгэж эхэлсэн. Ондоо багтаад дүн нь гарна.
-Цаашид эмийн үнийг өсгөхгүй байхад хэрхэн анхаарч, ямар ажил хийхээр төлөвлөөд байгаа вэ?
-Манай яамнаас Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулах ажлын хэсэг гараад ажиллаж байна. Энэ хуулийн төсөлд эмийн үнийг зохицуулах талаар зарчмын цөөнгүй өөрчлөлт оруулахаар болсон. Тухайлбал, эмийн үнийн ил тод байдлыг сайжруулах, зайлшгүй шаардлагатай эмийн үнэд нэмэгдэх ашгийн хувийг зохицуулах зэрэг өөрчлөлт оруулах юм.
Тухайлбал, 1000 төгрөгийн өртөгтэй эмнээс эм үйлдвэрлэгчид 10, эм импортлогч 20, эмийн сан 30 хүртэлх хувийн ашиг олж болно гэх мэтээр хязгаарлана. Ижил нэршилтэй ч өөр өөр улс, үйлдвэрийн олон эм оруулж ирэх нь зах зээлийн өрсөлдөөнийг дэмжиж, эмийн үнийг бууруулах нэг арга болдог.
ИНФОГРАФИК
ДЭЛХИЙН ЖИШИГ
Европт эмийн ханшийг төрөөс зохицуулдаг
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын үзэл баримтлалаас үзвэл нарийн судалсны үндсэн дээр гол нэр төрлийн эмийн жагсаалт гаргах нь эмчилгээний үр дүнг сайжруулж, үнийг бууруулахад чиглэдэг байна.
Хөнгөлөлттэй эмчилгээний эмийг сонгохдоо урьдчилан сэргийлэх, нэн түрүүнд эмчлэх шаардлагатай өвчнийх, үр нөлөөтэй бөгөөд аюулгүй болох нь нотлогдсон, үнэ болоод үр дүнгийн харьцааг тооцсон байх шалгуур тавьдаг аж. Ийм жагсаалтад орсон эм нь үндэстний эрүүл мэндийн салбарт, улс орон даяар хүртээмжтэй байх ёстой гэнэ.
АНУ болон Европт эмийн үнийг улсаас зохицуулдаг жишиг бий. Гэхдээ Европын холбооноос ялгаатай нь АНУ-д үнийн бодлогод хөндлөнгөөс шууд оролцдоггүй. Үүний улмаас тус улсад худалдаж буй эмийн үнэ дэлхийн олонх орон, тухайлбал, хөрш Канад, Мексикийнхээс 50-100 хувиар өндөр байдаг.
Хяналт тавих үүрэгтэй байгууллагууд нь үйлдвэрлэлийн зардлыг тооцоод, үнийг илэрхий хөөрөгдсөн бол торгодог жишиг Европт тогтсон аж. Саяхан Европын комисс амин дэмийн үнийг өндөр байлгахаар үгсэн хуйвалдсан найман компанийг 855.2 сая еврогоор торгожээ.
Энэтхэгийн эмийн аж үйлдвэр цэцэглэн хөгжиж байна. Дотооддоо хөрөнгө оруулах бодлого нь тус улсын энэ салбарын зах зээлд ашигтайгаар нөлөөлжээ. Хилийн чанадаас худалдан авдаг улсын хувьд импортлогчдын зардлын улмаас эмийн үнэ өсдөг аж. ОХУ-ын Гаалийн албаны мэдээллээс үзвэл энэ оны эхний хагас жилд импортын эмийн зардал өнгөрсөн оны мөн үеийнхээс 11 хувиар нэмэгджээ. Уг нь эл үзүүлэлт ердөө дөрвөн хувьтай байх ёстой гэнэ.
Эм борлуулж байгаа нь ашгийн төлөөх арилжаа учир нийлүүлэлт нь эрэлтээ дагана. Хэн ч алдагдалтай ажиллахыг хүсэхгүй. Улирал дагасан өвчин, жишээ нь, томуу дэгдэхээр энэ чиглэлийн эмийн эрэлт, нийлүүлэлт, үнэ нэмэгддэгийг зах зээлийн мэргэжилтнүүд аль хэдийнэ судалж тогтоожээ. Гэхдээ тухайн улсын холбогдох байгууллага нь үнэ бодитой, эсэхийг шалгаж, дахин авах эрхгүйгээр зөвшөөрлийг нь цуцалж байна.
Тухайлбал, Украины Татварын улсын газар, Эм бэлдмэлийн үнийн хяналт, шалгалтын газар ийм шийдвэр гаргажээ. Эмийн сангуудын борлуулалтыг өсгөхдөө зар сурталчилгаа идэвхтэй явуулахыг зөвлөсөн байдаг. Мөн эмийн эрэлт буураагүй тохиолдолд яаралгүй, худалдан авах чадварыг ажиглаж байгаад үнээ нэмдэг гэнэ.
“ӨНӨӨДӨР”-ИЙН АСУУЛТ
-Эмийн үнийн өсөлт танд хэрхэн нөлөөлж байна вэ?
Э.БАТ-ЭРДЭНЭ (Хөвсгөл аймгийн Галт сумын V багийн малчин):
-Эмгүйгээр эдгэрдэг өвчин алга. Ялангуяа өндөр настай над шиг хүмүүс эмийг талх шиг хэрэглэж байна. Даралтныхаа эмийг уулгүй нэг л өдөр өнжвөл нүд аньчих гээд байна шүү дээ. Тийм учраас эмийн үнэ өндөр байгаа нь хүнд тусдаг. Өвчтэй хүн өндөр үнэтэй байсан ч эм худалдаж авахгүй яадаг юм гэж боддог, явуургүй хүмүүс үнийг хөөрөгддөг байх. Хэдхэн алхмын зайтай байрлах эмийн сангуудад нэр нь адил боловч баглаа боодол, үнэ ханш нь өөр өөр эм зардаг.
Аль нь найдвартай, баталгаатайг мэдэхэд хэцүү. Түүнчлэн хөнгөлөлттэй эм авахад хэцүү, байнга л дууссан гэдэг. Танилтай хүн л хэдэн сар, жилээр нь бичүүлээд авчихдаг юм шиг санагддаг. Би “Инаф 10” гэдэг нэртэй даралтны эм байнга уудаг юм. Сумынхаа эмийн сангаас 2000 төгрөгөөр худалдан авдаг. Хөнгөлөлттэй үнээр бичүүлж авбал 1000 төгрөг болдог гэж сонссон.
Б.ДУЛАМЖАВ (Сонгинохайрхан дүүргийн XII хорооны иргэн):
-Хөнгөлөлттэй эм олгодог эмийн сан цөөхөн. Байнга л “Хөнгөлөлт дууссан” гэж хэлдэг. Өдөр тутам уудаг эмийн үнэ өсөөд байна. Дээр нь эмийн сангууд нэг эмийг өөр өөр үнээр зардаг. Хэдэн төгрөг хэмнэхээ бодоод аль хямд зарж буй газраас авахыг л хичээдэг.
Н.ДУЛАМРАГЧАА (Чингэлтэй дүүргийн I хорооны иргэн):
-Хөнгөлөлттэй худалдах эмийн жагсаалт байдаг гэж сонссоноос биш авч үзээгүй. Би саяхан хагалгаанд орсон юм. Эм, тарианы өртөгт ойролцоогоор 400 гаруй мянган төгрөг зарцууллаа. Өдөр бүр эм хэрэглэхээс өөр гарцгүй болсон олон иргэн бий. Тиймээс эмийн үнийг тогтворжуулж, хөнгөлөлттэй эм зорилтот хүмүүстээ хүрч буй, эсэхийг хянах шаардлагатай. Үнэ өсөж байгаа нь үнэн. Энэ талаар эмийн санчаас асуухаар “Эм ханган нийлүүлдэг байгууллагаас ирсэн үнээр л зарж байна” гэж хариулдаг.
Х. ҮҮРИЙНТУЯА (Баянзүрх дүүргийн XIV хорооны иргэн):
-Эм, бэлдмэл хэрэглэдэггүй хүн гэж ер байхгүй. Тиймээс эмийн үнийг тогтвортой байлгах хэрэгтэй. Байнга эм уух шаардлагагүй хүмүүст үнэ өссөн нь төдийлөн мэдрэгдэхгүй байх. Хүү минь чихрийн шижин өвчтэй. 14 хоног тутам 90 гаруй мянган төгрөгөөр эм авдаг.
Хэдхэн хоногийн өмнө эмийг нь авахад үнэ нь нэмэгдсэн байна лээ. Учрыг нь лавлахад “Валютын ханш өсөөд импортын бүх бараа, бүтээгдэхүүний үнэ өндөр байна” гэсэн. Хоёр удаа хөнгөлөлтөөр эм авч байсан. Чирэгдэл ихтэй, нэлээд түвэгтэй юм билээ.