Хамгийн олон золбин нохойтой гэгддэг Чингэлтэй дүүргийн XI, XII хорооны нутаг, “Хүчит шонхор” захаас хойших гэр хороолол дундуур сүлжин, манай сурвалжлах баг нэлээд явлаа. Энд тэнд асгасан хог, муу усны нүх бараадан, эсвэл хэд хэдээрээ бөөгнөрч, үүгээр түүгээр газар шиншлэн гүйх ноход ер үзэгдсэнгүй. Биднийг очих сургаар бүгд “үгсэн тохиролцож”, нуугдчихаа юу гэлтэй. Гэвч тийм биш аж. Ерөөс тэнэмэл, эзэнгүй гэж ад үзэгддэг ноход өдрийн од шиг ховордсон гэдгийг тэр хавийн оршин суугчид хэлж байв.
Зарим нь бүр “Нээрэн харагдахаа байсан, хаачсан юм бол” хэмээн биднээс хариу эрэх. Тус дүүргийн XI хорооны иргэн Д.Угтахжаргал “Томчууд ч яах вэ, сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд өглөө, үдэш явахад нохойд бариулчих гээд хэцүү. Тэр бүрт нь хорооны даргад гомдол мэдүүлж, арга хэмжээ аваач гэж шаарддаг байлаа. Золбин ноход ор тас алга болчихоогүй. Ганц нэгээрээ явж л харагддаг. Гэхдээ өмнөхөө бодвол цөөрсөн” гэсэн юм.
Хичээлээсээ хоцорчихоод яаран таваргаж буй, VI ангийн сурагч Н.Чинхүсэлтэй цөөн хором ярилцахад “Давтлага, урлагийн үзлэг, тэмцээнтэй үед оройтохоороо гэрийнхнээрээ байнга тосуулдаг. Зах, хогийн цэгтэй ойрхон болохоор согтуу, тэнэмэл хүн айлгачих вий, нохойд хазуулчихна гээд ээж минь дүү, бид хоёрт санаа нь их зовдог юм шиг байна лээ. Манай гэрийн ойролцоо золбин нохой нэг их байдаггүй. Харин Улаан худаг (хашаанаас нь хоёр буудал хэртэй)-ийн тэр хавиар зөндөө” гэсэн юм.
Бидний очсон дараагийн газар бол Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Дарь-Эхийн Дунд буудал орчим. Хотын төвтэй залгаа, хамгийн ойр гэж хэлж болохоор энэ хорооллыг золбин нохдын гол “тархац нутаг” гэдэг. Гэвч бид ганц ч нохой олж харсангүй. Тус хорооны Засаг дарга Л.Цогтсайхан “Манайх өнгөрсөн хавраас хойш нохой устгах ажлыг идэвхтэй зохион байгуулсан. Нохой устгалын “Базаалт нэгдэл” компанийнхан сүүлийн хоёр сарын хугацаанд 100 гаруйг хороолоо.
Голдуу иргэдийн гомдол, мэдээллийн мөрөөр гүйцэтгэж байна” хэмээн ярив. Ноход үзэгдэхээ байсан шалтгааныг цаг агаартай холбож тайлбарлах хүмүүс ч байлаа. Иргэдийн хэлж буйгаар тэд өглөө, оройн жавраас халгаж, ичдэг бололтой. Эсвэл нийслэлийн гэр хорооллыг бүчсэн золбин ноход үнэхээр багассан уу.
Бага насны хүүхэд нохойд хазуулж, гэмтсэн, тэр ч бүү хэл, амиа алдах тохиолдол сүүлийн жилүүдэд олширч буй. Иргэд “Нохойд хазуулчих вий” гэж болгоомжлохоос биш, бусад эрсдэлийг ер тооцдоггүй. Золбин, эзэнгүй муур, нохойноос үүдэлтэй хамгийн том аюул нь тэдгээрийн шүлс, салс, ялгадас нь олон төрлийн халдварт өвчний эх үүсвэр болдог гэнэ. Өөрөөр хэлбэл, шууд болон шууд бус (хөрс, усаар дамжин)-аар хүнд халдвар тараадаг аж.
Тиймээс манай улс сүүлийн жилүүдэд энэ төрлийн амьтадтай тууштай тэмцэж, устгахыг оролдож буй. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн мэргэжилтнүүдийн хэлж буйгаар нийслэлд жилд дунджаар 50-60 мянган нохой устгадаг юм байна. Харин өнөө жил энэ тоог 80 мянга болгож өсгөсөн бөгөөд өдгөө 90 хувийн биелэлттэй байгаа гэнэ. Магадгүй энэ ажлын үр дүнд гэр хорооллын золбин ноход цөөрсөн байж болзошгүй.
Тус хэлтсийн мэргэжилтэн С.Аригуун “Хот тохижилтын газрынхан Сонгинохайрхан, Хан-Уул, “Базаалт нэгдэл”-ийнхэн Сүхбаатар, Баянзүрх, “Мөнхбуян оргил” компани Чингэлтэй, Баянгол дүүрэгт нохой устгах ажлыг хариуцан, гүйцэтгэдэг. Харин захын буюу алслагдсан гурван дүүрэг нохой устгалын бригадуудтай хувиараа гэрээ байгуулж, хамтардаг. Золбин нохой, муур олширсон шалтгааныг судлахад гэр хорооллынхны хяналтгүй, хайнга байдал гол нөлөөтэй нь тогтоогдсон.
Нохойгоо уядаггүй, дандаа сул тавьдаг айл өчнөөн. Үүнээс болоод ноход үржилд замбараагүй орж, тоо толгой нь өсөж буй юм. Үүнийг таслан зогсоох үүднээс нийслэлээс энэ жил нэгэн чухал ажил хийсэн нь нохой, муур тэжээхтэй холбоотой эрх зүйн орчныг сайжруулсан явдал. Үүнтэй холбоотой, 2002 онд батлагдсан журмыг шинэчиллээ. Энэ журмын хэрэгжилтийг хангах үүднээс Мал эмнэлэг, үржлийн газартай хамтраад, эзэнтэй нохдыг бүртгэж эхэлсэн. Өдгөө Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн гэр хорооллын 15 мянган нохойг бүртгэлээ. Ирэх онд бусад дүүргийг хамруулна” гэв.
Золбин нохдыг устгах тэмцэл нийслэлд эрчимжиж, үүнтэй холбоотой зөрчил тэр хэрээр багасаж буйг мэргэжилтнүүд хэлж буй ч орон нутагт хүчрэгдэхээ байжээ. Эзэнгүй ноход хөдөө рүү “дайжсан” юм биш биз.
Баримт-1 Мөрөн суманд энэ оны эхний арван сард 156 хүн золбин нохойд хазуулсан гэдгийг Хөвсгөл аймгийн Хот тохижилтын газрынхан онцоллоо. Үүний 76 нь бага насны хүүхэд байжээ. Хамгийн сүүлд тус аймгийн VIII багт долоон настай охин нохойд хазуулж, гэмтсэн хэрэг гарсан аж. Үүнтэй холбоотойгоор Хот тохижилтын газрынхан долоо хоног бүрийн амралтын өдөр нохой авлаж байна.
Баримт-2 Дархан-Уул аймагт эзэнгүй нохдоо устгуулахын тулд нийслэлээс мэргэжлийн анчин аваачин, өнгөрсөн есдүгээр сарын 28-наас арваннэгдүгээр сарын 5-нд ажиллуулжээ. Тэд 220 гаруй нохойг цааш нь харуулсан гэнэ. Он гарснаас хойш тэнд 54 хүүхэд, 75 том хүн нохойд хазуулж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Тус аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын мэргэжилтэн Б.Нурлан “Жил бүр нохой устгадаг ч үр дүнд хүрэхгүй байна. Нохой гөлөглөхдөө хамгийн багадаа 2-3-ыг гаргадаг нь энэ ажлыг үнэгүйдүүлдэг” хэмээв.
Баримт-3 Орхон аймгийнхан эзэнгүй нохдыг цөөрүүлэх хамгийн үр дүнтэй шийдэл гэж үзэн, үржлийг нь мэс заслын аргаар зогсоох аргыг хоёр жилийн өмнө туршсан ч ахиц төдийлөн гараагүй байна. Харин өнгөрсөн жилээс нохой, муурыг тодорхой үнээр худалдан авч, устгах төсөл хэрэгжүүлжээ. Энэ аргыг Дорнод, Сүхбаатар аймагт өмнө нь туршиж байж. Хот тохижилтын газрынхан жингэрийг 8000, муурыг 5000, гөлгийг 2000 төгрөгөөр худалдан авдаг аж. Төслийн хүрээнд 380 гаруй нохой устгажээ. Хот тохижуулах газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Халтар “Зөвхөн буудах биш, өөр аргуудыг ч хослуулан устгахгүй бол үр дүн гарахгүй” хэмээн ярьсан юм.
Баримт-4 Булган аймгийн ИТХ-аас 2013 онд Золбин нохдыг зохицуулах журам гаргасан бөгөөд уржнангаас нохдод хүзүүвч, пайз зүүж эхэлсэн байна. Нохой устгах чиглэлээр аймгуудаас хамгийн санаачилгатай, идэвхтэй ажиллаж байгаа нь эднийх гэж мэргэжилтнүүд тодотгосон ч үүнтэй холбоотой зөрчил буураагүй аж. Он гарснаас хойш 132 хүн нохойд хазуулсан нь өмнөх оноос 21-ээр өссөн үзүүлэлт гэнэ.
Нохой устгалыг орон нутагт аймаг, сум, багийн Засаг дарга нь хариуцаж, мэргэжлийн хүмүүстэй гэрээ байгуулдаг. Орон нутгийн удирдлагууд энэ дагуу арга хэмжээ авч буй ч золбин ноходтой холбоотой зөрчил буурахгүй байгааг дээрх баримтууд нотолж байна. Тиймээс хот, хөдөө гэж ялгалгүй, нэгдсэн бодлогоор золбин ноходтой тэмцэх шаардлага тулгарлаа.