Бөхөд хорхойтой нэг ах маань “За Монгол бахархлын өдөр хурдан болоосой. Чансаа өндөр 128 бөхийн барилдаан ч чансаатай, өрсөлдөөнтэй болно доо. Энэ жил хэн түрүүлэх бол. Хуанли хаана байна, хэд дэх өдөр тохиох нь вэ. Ажилтай давхцаад үзэж амжихгүй болох вий дээ. Жилд ганц удаа болдог барилдаанаа үзэж, монгол хүн болж төрснөөрөө бахархахаас илүү сайхан юм гэж юу байх вэ” хэмээн бараг л долоон хоногийн өмнөөс догдлов.
Хүсэн хүлээсэн аравнэгдүгээр сарын 19 болж, Чингис хааны мэндэлсэн, Монгол бахархлын өдрийн арга хэмжээ Төрийн есөн хөлт цагаан сүлдээ цэнгүүлж, “Чингис хаан” одонгоор жүдоч Н.Түвшинбаярыг шагнаснаар эхлэв. Уламжлал ёсоор эл баярт зориулсан барилдаан Монгол бөхийн өргөөнд эхлэхэд улсын арслан Э.Оюунболд, улсын гарьд Н.Ганбаатараас өөр том цолтой бөх харагдсангүй. Бүр улсын заан цолтой ганцхан бөх (Б.Батмөнх) иржээ. Би нүдэндээ ч итгэсэнгүй.
Хэд хоногийн өмнөөс энэ барилдааныг хүлээсэн ахын нүүр барайснаа “Монгол бахархлаас илүү мөнгө чухал байдаг юм байна. Наадмаар найраа хийсэн гэж шүүмжлүүлсэн Оюунболд зодоглоогүй бол ганц ч аварга, арслан цолтонгүй барилдаан болох байж” хэмээн санаа алдав. Монголчууд бид улсын наадам, Цагаан сараас дутахгүй хүндлэн дээдэлж, эрхэмлэдэг баяр бол яахын аргагүй Монгол бахархлын өдөр.
Гэтэл их түүх, өндөр өвгөөрөө бахархах өдрийн барилдаанд зарим бөх яагаад зодоглосонгүй вэ. Яагаад тэд Чингис хааныхаа мэндэлсэн өдөрт зориулсан барилдааныг бус Бээжин хотод төвтэй “Эрин зууны ажнай” компанийн ивээн тэтгэдэг “Алтан бүс” хэмээх өндөр шагналтай тэмцээнийг чухалчлав.
МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДРИЙГ ЧАНСАА ӨНДӨР БӨХЧҮҮД ҮЛ ТООВ
“Алтан бүс”-д түрүүлсэн бөхийг 100.000 юань, алтан бүрмэл бүс, үзүүрлэсэн хүчтнийг 40.000, шөвгийн дөрөвт шалгарсныг 20.000 юаниар байлдаг. Энэ барилдаанд гурван жил дараалан түрүүлсэн бөхийн амжилтыг 300.000.000 төгрөгөөр мялаадаг. Дөрөв дэх удаагаа зохион байгуулсан эл барилдаанд өмнө нь Ч.Санжаадамба (2014), П.Бүрэнтөгс (2015), Р.Пүрэвдагва (2016) нар түрүүлжээ.
Энэ жил улсын аварга Ч.Санжаадамба, Г.Эрхэмбаяр нар бэртсэн, С.Мөнхбат ар гэрт нь ажил явдал гарсны улмаас Монгол бахархлын өдөрт зориулсан барилдаанд зодоглоогүйг нь ойлголгүй яах вэ. Харин үндэсний бөхийн өнөө цагийн өнгийг тодорхойлж буй улсын арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва, Н.Батсуурь, улсын гарьд Б.Гончигдамба, Ө.Бат-Орших тэргүүтэй бөхяагаад их түүх, өв соёлоороо бахархах энэ өдрийг үл тоов.
Эсвэл энэ жил Монгол бахархлын өдрийн барилдааныг мартчихсан юм болов уу. Ерөнхийлөгчийн Тамгын газраас улсын аварга, арслан, гарьд, заан цолтой болон өндөр чансаатай 22 бөхөд “Төрт ёс, их хаанаа хүндэтгэн барилдана уу” гэсэн утга бүхий урилга албан ёсоор хүргүүлээд байхад үл тоон, шагнал өндөртэй “Алтан бүс”-ийг зорьсонд олон түмэн таагүй байна. Тэд Ерөнхийлөгчийнхөө бус бэл, бэнчинтэй харийн компанийн урилгыг хүлээн авч, зорьсон нь иргэдийг бухимдуулав.
Жирийн нэгэн барилдааныг өнжсөн бол өөр хэрэг. Мэдээж өнөөгийн нийгэмд хоёр идэхгүй хоосон хонохгүй, хүнээс дутахгүй амьдрахад мөнгө хэрэгтэй. Тогтмол орлогогүй, бэлтгэл, барилдааны хажуугаар ар гэрээ нуруундаа үүрч яваа бөх олон. Омогших түүх, бахархахгүй байхын аргагүй өвөг дээдсээ хүндлэх нь монгол хүн болж төрсний нэг утга учир баймаарсан.
Жилдээ ганцхан болдог Монгол бахархлын өдрөөсөө илүү чухалчлан, төр, түмнийхээ итгэлийг уландаа гишгэн байж “Алтан бүс”-д хүч сорьчихоод түрүүгээ алдав. Түүгээр ч үл барам ядахдаа шөвгийн дөрөвт ч шалгарч чадалгүй ирж, өөрсдийгөө бусдын доог тохуу болголоо. Түрүүлж алтан бүс хүртэн, 100.000 юань өвөртөлж чадсангүй, эсвэл Монгол бахархлын өдрийн барилдаанд зодоглолгүй өнжиж, монголчуудынхаа итгэл, хүндлэлийг хөсөрдүүлчихлээ гэх бодлын аль нь илүү төрж, харамсаж байгаа бол, тэдэнд.
Энэ жил урд хөршийнхөн “Алтан бүс”-ийг Монгол бахархлын өдөртэй яагаад давхцуулан зохион байгуулав. Уг нь өмнөх жилүүдэд давхцуулалгүй зохиож, бөхчүүд ч аль алинд нь зодоглож болоод л байсан. Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ноос “Алтан бүс” барилдааныг зохион байгуулагчдад “Монгол бахархлын өдөртэй давхцаж байгаа тул барилдаанаа зохиох өдрөө хойшлуулаач” хэмээн хүсэлт тавьсан юм билээ.
Энэ талаар МҮБХ-ны дэд тэргүүн Б.Данзангаас тодруулахад “Жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд Чингис хааныхаа мэндэлсэн өдрийг тэмдэглэдэг уламжлалтай, монголчууд бид. Энэ жил “Алтан бүс” барилдаан Монгол бахархлын өдөртэй давхацсан тул түр хойшлуулах хүсэлт тавьсан. Харамсалтай нь, тэд “Нэгэнт өдөр, хоногоо товлон, бөхчүүдээ урьчихсан болохоор хойшлуулах боломжгүй” гэсэн. Үнэнийг хэлэхэд бөхчүүдийг ийм олуулаа “Алтан бүс”-д барилдахаар явна чинээ төсөөлсөнгүй. Ерөнхийлөгчийнхөө урилга, Их хааныхаа мэндэлсэн өдрийг хүндлээд барилдана л гэж бодож байлаа. Хоёр барилдаан давхацсан нь үнэндээ асуудал биш. Харин төр, түмнийхээ хүндлэлийг үл огоорон “Алтан бүс”-д барилдсан бөхчүүдийн л буруу” гэлээ.
Монголчууд бид үндэсний бөхөө хэрхэн хайрлаж, бөхчүүдээ ямар их хүндэлдэг билээ. Гэтэл бөхчүүд маань төр, түмнийхээ хүндлэлийг хариулж байгаа нь энэ үү. Тэднийг Ерөнхийлөгч албан ёсоор урилаа, МҮБХ-ныхон Монгол бахархлын өдрийн барилдааныг зохион байгууллаа, монголчууд бид бөхчүүдийнхээ барилдааныг Монгол бөхийн өргөөнд болон цэнхэр дэлгэцээрээ шимтэн үзлээ. Үүнээс илүү яах вэ дээ. Ерөнхийлөгч урилгаа боодол, боодол мөнгөний хамт өөрийн биеэр гардуулж, Монгол бахархлын өдөрт түрүүлсэн бөхийг “Алтан бүс-ээс дутахгүй шагнах байсан юм уу.
ЧАНСАА ӨНДӨР БӨХЧҮҮИЙГ МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨРТ ЗААВАЛ БАРИЛДУУЛДАГ БОЛЪЁ
Саяхан МҮБХ-ноос улсын цолтой бөхчүүдийн барилдаанд оролцох идэвхийг нэмэх, дэмжих зорилгоор шинэ журам баталж, тэр ч бүү хэл мөнгөн урамшуулал олгохоор болсон. Эл журмын дагуу тус холбооноос баталсан тухайн жилийн барилдаанд 30-34 настай бөх 50, 29-өөс доош настай бөх 70 хувьд нь зодоглосон байх үүрэгтэй. Үүний сацуу дээрх болзлыг хангасан аварга цолтон 330.000, улсын арслангууд 220.000, гарьдууд 110.000 төгрөгийн мөнгөн урамшуулал жилд нэг удаа хүртэнэ.
Тэгэхээр дээрх журамд чансаагаараа эхний 128-д багтсан, өмнөх жилүүдэд Монгол бахархлын өдөрт зориулсан барилдаанд шөвгийн дөрөвт шалгарсан бөхчүүдийг заавал барилдуулдаг болж, журмандаа өөрчлөлт оруулъя. Тэгвэл бөхчүүдийн оролцоо нэмэгдэх болов уу. Журмандаа ийм өөрчлөлт оруулах боломжтой, эсэхийг МҮБХ-ны дэд тэргүүн Данзангаас тодруулахад “Мэдээж бололгүй яах вэ. Энэ талаар журмандаа шинээр тусгах талаар судалмаар юм байна” гэлээ.
Энэ талаар хэн юу хэлэв.
Д.СЭРЭЭТЭР (Ардын багш, улсын харцага):
АРД ТҮМНИЙХЭЭ ХҮНДЛЭЛИЙГ ХӨСӨРДҮҮЛЭХГҮЙ БАЙХЫГ Л ХИЧЭЭХ ХЭРЭГТЭЙ
-Хувийн эрх ашиг, өнгө мөнгө хөөн явсан зарим бөхөд харамсаж байна. Ерөнхийлөгч урилга хүргүүлээд байхад тоолгүй явсан гэсэн. “Алтан бүс”-д хүч сорьсон бөхчүүдийн олонх нь том цолтон байна лээ. Зарим нь Монгол бахархлын өдөрт зориулсан барилдаанд өрсөлдөж болох л байсан. Ядахдаа яагаад хуваагдаад ч болтугай барилдаагүй юм бол. Гэмтлийн улмаас зодоглож чадаагүй бол ойлголгүй яах вэ. Залуу бөхчүүд том цолтнуудаасаа үлгэрлэж, тэдэн шиг бөх болохын төлөө бэлтгэлээ хийдэг. Гэтэл харийг зорьсон бөхчүүдээс юуг нь үлгэрлэх вэ. Эх орон, ард түмнээс нь илүү мөнгө чухал юм байна гэж л үлгэр дуурайл авч таарах нь. Биднийг барилдаж байх үед өнөөгийнх шиг өндөр бай, шагналтай барилдаан болдог байсан биш. Хаана өндөр шагнал өгөх бол гэх бус, аль нь чухал вэ гээд л барилддаг байлаа. Бөхчүүдэд хамгийн чухал зүйл бол төр, ард түмнээ хүндлэх. Тэднийхээ хүндлэлийг хөсөрдүүлэхгүй байхыг хичээх хэрэгтэй.
Г.ЭРДЭНЭБАТ (Бөхийн хорхойтон):
ОЛНЫ ХҮНДЛЭЛ Л ХАМГИЙН ТОМ ШАГНАЛ БАЙМААР САН
-Монгол түмнээрээ тэмдэглэдэг баяраас илүү барилдаан гэж юу байдаг юм бэ. Тэгээд бүр харийн оронд, зүгээр нэг компанийн зохион байгуулсан тэмцээн шүү. Бөхчүүдийг “Алтан бүс”-д түрүүлэхэд бус, Монгол бахархлын өдөрт зориулсан барилдаанд олон түмнээ хүндлээд барилдсан бол илүү баярлана, би. Нэгийн даваанд өвдөг шороодсон ч хамаагүй Оюунболд шиг барилдаж болох л байсан. Ганцхан арслантай барилдаан өрсөлдөөнгүй, чансаагүй болдог юм байна.
Миний бага дүү үндэсний бөхөөр барилддаг. Аймгийн начин цолтой. Одоо дөнгөж үндэсний бөхийн сайхныг мэдэрч эхэлж байгаа хүүхэд. Өчигдөр дүү маань надад “Алтан бүс”-ийг өндөр шагналтай гээд байх юм. Ах аа, дүү нь том цолтой бөх болчихоод энэ барилдаанд очиж барилдана аа. Тэгээд шагналынхаа мөнгөөр танд дээл авч өгнө” гэсэн.
Тэгэхээр нь би “Миний дүү заавал том цол хүртэх гэж зүтгэсний хэрэггүй ээ. Улсын наадам үзэх гээд очихдоо чамайг барилдаж байхыг чинь харан, дээлийнх нь захыг мушгиад суувал л сайхан” гэж хариулсан. Олны хайр хүндлэл л хамгийн том шагнал баймаар сан. Бөхчүүд үүнийг ухаараасай, бүү умартаасай.