Цаг уур, орчны шинжилгээний газар дэлхийн жишигт нийцсэн мэдээ, мэдээллийн үйлчилгээг иргэдэд хүргэх зорилгоор энэ онд томоохон есөн ажил хийхээр төлөвлөжээ. Ногоон шилжилтийг дэмжих хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны санаачилгаар энэ жил 21 өртөө, 110 харуулын байрыг эрчим хүчний хэмнэлттэй эко байгууламжийн шийдлээр шинэчилж барих гэнэ. Мөн Архангай, Өвөрхангай аймагт аэрологийн өртөө байгуулах аж. Ус судлалын автомат хэмжигч бүхий 17 харуулыг ашиглалтад оруулж, өндөр хүчин чадал бүхий супер компьютерыг хэрэглээнд нэвтрүүлэх нь. Мөн Цаг уур, орчны шинжилгээний газрын үйл ажиллагаанд ISO 9001 стандарт нэвтрүүлж, ус, цаг агаарын аюулт үзэгдлийг урьдчилан тооцоолох, хэт богино хугацааны прогнозын системийг боловсруулж, нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Түүнчлэн 1997 онд баталсан Ус, цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барихаар холбогдох салбарын хүмүүс ажиллаж байгааг мэдээлэв.
Н.Ган