Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтийн Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын судалгааны секторын эрхлэгч Н.Жаргалсайхантай ярилцлаа. Тэрбээр ажиллах хүчний хомсдол жил ирэх тусам нэмэгдэж байхад хөдөлмөрийн насныхан гадаад руу шилжин суурьших нь их байгааг онцолсон юм. Тиймээс үүнд бодлогын түвшинд анхаарах цаг болсон гэдгийг дурдлаа.
-Хөдөлмөрийн зах зээлийн өнөөдрийн байдлыг тодорхойлох гурван судалгааны дүнг өнгөрсөн долоо хоногт танилцуулсан шүү дээ. Тэгэхээр манай улс хөдөлмөрийн зах зээлд нэлээд нарийвчилсан дүн тавьчихав уу гэж харж байна. Эдгээр судалгаа нь агуулгын хувьд ямар ялгаатай байв?
-Ирэх жилийн ажиллах хүчний эрэлт, өнгөрсөн жилийн хомсдолыг салбар, бүс нутаг, ажил мэргэжил зэргээр нь тодорхойлсны үндсэн дээр хөдөлмөрийн зах зээлийн барометрийн судалгааг гаргадаг. Үүнийг бид 2010 оноос жил бүр тогтмол хийж байгаа. Хөдөлмөрийн зах зээлд үүсэж буй эрэлт, нийлүүлэлтийн үл нийцэл, хөдөлмөр эрхлэлтийн түвшин, бодит цалин, стратегийн тэргүүлэх салбаруудад чадварлаг ажиллах хүч бэлтгэх зэрэг асуудлыг нарийвчлан тодорхойлох шаардлагатай болдог. Ингэснээр хөдөлмөрийн зах зээлд тулгарч буй сорилт бэрхшээлүүдийг бодлогын түвшинд шийдвэрлэх боломжтой. Үүний тулд хөдөлмөрийн зах зээлийн хэтийн тооцооллыг хийхээр “Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн дунд хугацааны эрэлт, нийлүүлэлтийн таамаглал”-ыг боловсруулдаг юм.
Улсын хэмжээнд цалин хөлсний бүтцийн судалгааны үр дүнгээр шинэчлэгдэн гарсан мэдээллийг дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) инфляц зэрэг үзүүлэлттэй харьцуулдаг. Мөн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, хөдөлмөр эрхлэлт, тэдгээрт зарцуулж буй зардлын мэдээллийг шинжилсэн судалгаа нь “Цалин хөлсний бүтцийн шинжилгээний ажлын үр дүн” юм. Энэ нь үндсэн болон нийт цалин, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал зэргийн өөрчлөлт, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг холбогдох бусад үзүүлэлттэй уялдуулан үр дүнг тооцсон шинжилгээний ажил.
-Сүүлийн 10 жилийн дунджаас үзэхэд ажиллах хүчний эрэлт 52-95 мянгын хэлбэлзэлтэй байдаг гэж сонссон. Харин энэ жил ямар байв?
-Судалгааны үр дүнгээр улсын хэмжээнд энэ онд 83.7 мянган ажиллах хүчний эрэлт, хэрэгцээ бий болохоор байгаа. Түүнчлэн өнгөрсөн жилийн ажиллах хүчний эрэлтээс 12.1 хувиар буурах төлөвтэй байна. Ажиллах хүчний эрэлтийн 79.2 хувь нь оны эхэнд, үлдсэн 20.8 хувь нь сүүлийн хагас жилд бий болох төлөвтэй.
-Голчлон ямар мэргэжил, ур чадвартай хүмүүсийн эрэлт хэрэгцээ их байна вэ. Аль салбарт хүний нөөцийн хомсдол их байгааг тодруулсан болов уу?
-Үйлдвэрлэл, аж ахуйн туслах ажилтан, худалдааны төвийн менежер, оператор, төмрийн хүдрийн уурхайн машинч зэрэг мэргэжлийнхэн эрэлттэй байна. Ажиллах хүчний нийт эрэлтийн 19.7 хувийг мэргэжилтэн бүлгийн, 15 хувийг менежер, 14.2 хувийг суурин төхөөрөмж, машин механизмын оператор, угсрагч эзэлж буй. Харин 9.3 хувьд үйлдвэрлэл, барилга, гар урлал, холбогдох ажил, үйлчилгээнийхэн, 11.6 хувьд худалдаа, үйлчилгээний ажилтны бүлэгт хамаарах ажил мэргэжлийнхэн багтаж байгаа юм.
Ажиллах хүчний хомсдолд өртсөн нийт аж ахуйн нэгж, байгууллагын 38.1 хувь нь бөөний болон жижиглэн худалдааны салбарт үйл ажиллагаа эрхлэгчид. Түүнчлэн ажиллах хүчний нийт хомсдолын 25.7 хувийг тухайн салбарынхан эзэлж байна. Үүнээс гадна боловсруулах үйлдвэрлэл, барилгын салбарын ажил олгогчид ажиллах хүчний хомсдолд өртсөн аж ахуйн нэгжүүдийн 21.4 хувийг эзэлж байгаа. Энэ нь ажиллах хүчний нийт хомсдолын 44.3 хувь. Эндээс харахад өнгөрсөн жил зөвхөн дээрх гурван салбарын хүрээнд ажиллах хүчний хомсдолоос үүдэлтэй 11.4 мянган ажлын байр сул байсан гэсэн үг. Харин уул уурхай, олборлолт, тээвэр, санхүүгийн болон даатгалын үйл ажиллагаа, урлаг, үзвэр, тоглоом наадам, үйлчилгээний бусад салбарын ажил олгогчид ажиллах хүчний хомсдолд өртөх нь бага.
-Хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй байгаа ажлын байрны орон тоог тухайн мэргэжлээр суралцагчид нөхөх боломжтой юу?
-Мэдээж их, дээд сургуульд уг мэргэжлээр төгссөн оюутнууд хөдөлмөрийн зах зээлд тодорхой хэмжээний ажлын байрны эрэлтийг хангана. Гэсэн ч дээд боловсрол шаардахгүй ажлын байр байгааг анхаарах хэрэгтэй. Жишээ нь, ажиллах хүчний нийт эрэлтийн 11 хувьд үйлдвэрлэл, аж ахуйн туслах ажилтан шаардлагатай байгаа нь судалгаагаар гарсан. Иймд богино хугацааны сургалтаар шаардлагатай ажилчдыг бэлдэж, эрэлтийг хангах боломжтой.
-Ажиллах хүчний эрэлтийг ажилгүй иргэдийн тоотой харьцуулж үзсэн үү?
-Үндэсний статистикийн хорооны дүнгээр Монгол Улсын хэмжээнд 2023 онд 72 573, өнгөрсөн жилийн гуравдугаар улиралд гэхэд 88 064 иргэн ажилгүй байна гэсэн тоон мэдээ гарсан. Бид судалгаагаараа энэ онд 83.7 мянган ажиллах хүчний эрэлт, хэрэгцээ бий гээд тооцчихлоо шүү дээ. Эдгээр дүнг харьцуулж харахаар ажилгүй иргэдийн тоог багасгах боломжтой мэт харагдаж байна. Гэтэл ажлын байртай болоогүйн шалтгааныг нь тодруулахгүй л бол энэ зөрүү өөрчлөгдөхгүй, хэвээрээ үргэлжилнэ гэж үзэж байна.
-Оны эхэнд ажлын байрны эрэлт нэлээд нэмэгддэг талаар судалгааны дүгнэлтэд дурдсан байсан. Үүний шалтгаан нь юу вэ?
-Ажиллах хүчний эрэлтийн 79.2 хувь нь оны эхний хагаст, үлдсэн 20.8 хувь нь оны сүүлийн хагас жилд бий болох төлөвтэй байна. Судалгаанд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн 68.6 хувь нь байнгын үйл ажиллагаатай. Үлдсэн 12.3 хувь нь улирлын, 19.1 хувь нь тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэггүй юм байна. Тэгэхээр улирлын болон тогтмол биш үйл ажиллагаатай байгууллагууд оны эхний хагас жил шаардлагатай ажиллах хүчээ бэлдэх сонирхолтой байгаагаас эрэлт нэмэгддэг.
-Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн дунд хугацааны эрэлт, нийлүүлэлтийн таамаглалын үр дүнгээс хуваалцахгүй юу?
-Энэхүү шинжилгээний ажилд хөдөлмөрийн зах зээлийн таамаглал боловсруулах эдийн засгийн загвар, хүн ам зүйн, ажил мэргэжил, салбарын чиг хандлагын шинжилгээ зэргийг ашигласан. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг таамаглахын тулд эрэлтийг бий болгох үйлдвэрлэл буюу ДНБ-ий таамаглалыг хийсний үндсэн дээр хэр хэмжээний үйлдвэрлэлд хэдэн ажилтан шаардлагатай болохыг тооцож гаргасан. Энэ хамаарлын коэффицентийг гаргахын тулд дэлхийн 229 улс, бүс нутгийн сүүлийн 30 жилийн нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн, хүн амын ачаалал, дундаж нас зэрэг тоон мэдээллийг ашиглалаа. Мөн хүн амын суварга (пирамид)-ын динамик нөлөөг харгалзан үзэж ДНБ-ий зорилтод хүрэхэд шаардлагатай хөдөлмөр эрхлэлтийн коэффицентийг үнэлсэн.
ДНБ-ий өсөлтөд шаардлагатай ажиллагчдын тоог хоёр хувилбараар боловсруулсан. Тухайлбал, эдийн засаг жилд дунджаар 4.5 хувиар харьцангуй удаан өсөх бол дараа нь хурдан нэмэгдэх буюу жилийн 7.2 хувийн дундаж өсөлт үзүүлэх үед гэж тооцоолсон. Эхний хувилбараар эдийн засаг өсөхөд хөдөлмөр эрхлэлтийн түвшин 2025 онд 58.8, 2030 онд 59.4, 2035 онд 60 хувьтай байна. Харин хоёрдугаар хувилбараар өсөхөд 2025 онд 59.2, 2030 онд 61.1, 2035 онд 62.1 хувь болно гэж таамагласан.
-Цалин хөлсний бүтцийн шинжилгээний ажлын үр дүнг хэрхэн судлав?
-Цалин хөлсний талаар үндэсний хэмжээнд баримтлах бодлогыг Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороо баталсан. Цалин хөлсний талаар баримтлах бодлогын хүрээнд цалин хөлсний бүтцийн судалгааг хоёр жил тутамд хийж байна. Мөн салбарын болон ажиллагчдын шинж байдлаарх бодлогын шинжилгээг гурван жил тутамд хийх зохицуулалттай. Тиймээс бид цалин хөлсний бүтцийн судалгааг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Үндэсний статистикийн хороотой хамтран 2009-2010 оноос эхэлж хийсэн. Шинжилгээний ажилд цалин хөлсний бүтцийн судалгааны дата санг ашигласан юм.
-Уг шинжилгээний дүнд ямар дүгнэлтэд хүрсэн бол?
-Шинжилгээний дүнгээр хамгийн өндөр цалин авдаг ажилчдын хүн ам зүйн бусад шинж чанарыг дурдвал дээд боловсролтой, төрийн өмчит аж үйлдвэрийн салбарт ажилладаг, туршлагатай эрэгтэй ажиллагчид байна. Бодит цалинд гарсан өөрчлөлтийг шинжихэд 2021 оны өсөлтөд цалингийн өгөөж (урамшуулал) нэмэгдсэн нь нөлөөлжээ. Тухайлбал, энэ нь нийт цалингийн өсөлтийн 70 орчим хувьд нь нөлөөлсөн байгаа юм. Үлдсэн 20 хувьд нь ажиллагсдын нөхцөл байдал нөлөөлсөн байна. Харин 2023 оныход бүтцийн өсөлт нь голлон нөлөө үзүүлжээ. Хөдөлмөрийн эрхлэлтийн зардлын өсөлт 2021-2023 онд газар зүйн байршлаар аймаг бүрд харилцан адилгүй байсан. Улсын дунджаар бодит хөдөлмөрийн зардал 45.8 хувийн өсөлттэй байна. Ховд, Булган, Дундговь аймагт 2019 оны бодит зардалтай харьцуулахад хоёр дахин өсжээ.
Хөдөлмөрийн бүтээмжийн хувьд 2019-2023 онд уул уурхайн салбарынхан өндөр өсөлттэй буюу 3.4 хувьтай байсан. Харин орлогын өсөлт нь 4.8 хувьтай, ажиллагчдын тооны өсөлт 0.3 хувь байна. Хөдөө аж ахуйн салбарт хөдөлмөрийн бүтээмж 0.7 хувиар буурсан ч борлуулалтын орлого 1.6, ажиллагчдын тоо 7.2 хувиар нэмэгджээ.
-Хэдийгээр Монголд ажиллах хүчний эрэлт их байгаа ч гэсэн гадаадад ажиллахаар зоригсдын тоо өндөр хэвээр. Үүний шалтгааныг хэрхэн дүгнэсэн бэ?
-Хүн ам, орон сууцын 2020 оны тооллогоор гадаадад оршин сууж буй монгол иргэдийн тоо 122 301 гэж гарсан. Энэ нь 2010 оныхтой харьцуулахад 14.2 хувиар өссөн үзүүлэлт юм. Гадаадад амьдарч буй иргэдийн нийт хүн амд эзлэх хувь 3.7-3.9 хувь байгаа. Дэлхийн дундаж ойролцоогоор 3.6 хувь. Гадаадад оршин суугаа 10 хүн тутмын ес нь хөдөлмөрийн насных. Гадаад руу шилжих хөдөлгөөний цаашдын чиг хандлага одоогоор тодорхойгүй. Гэсэн хэдий ч эдийн засгийн хүндрэлтэй жилүүдэд гадаад руу шилжих хөдөлгөөн нэмэгддэг зүй тогтолтой. Харин эдийн засаг тогтворжиход шилжих хөдөлгөөн буурах магадлал өндөр.
Шилжих хөдөлгөөний оролцогч хамгийн идэвхтэй насныхан нь 25-34. Хөдөлмөрийн бүтээмж өндөртэй залуус шилжих хөдөлгөөнд олноор оролцож байна гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, эдгээр иргэн Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн нийлүүлэлтэд оролцдоггүй. Олон улсын судалгаагаар шилжих хөдөлгөөнд оролцогчдын дийлэнх brain drain буюу хүн амын боловсролтой хэсэг нь бусад улс руу явах хандлагатай байна гэдэг. Хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх боломжтой хэсэг нь гадаад улсад суурьшиж байна шүү дээ. 2023 онд хийсэн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн таамаглалаас харвал гадаад руу шилжих хөдөлгөөнийг бууруулах, буцах хөдөлгөөнийг өдөөх буюу нэмэгдүүлэх арга хэмжээ авахгүй бол 2035 онд гадаад шилжих хөдөлгөөн 206.6 мянгад хүрэхээр байгаа. Үүнийг 2020 онтой харьцуулбал 68.9 хувиар өссөн үзүүлэлт юм.
А.Тэмүүлэн