Бог малын мялзан өвчний улмаас бөхөн олноор үхэж буй шалтгааныг тодруулахын тулд БОАЖЯ-ныхан олон улсын байгууллагуудад хандаад байсан юм. Тэгвэл НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын удирдамжийн дагуу Их Британийн Хатан хааны их сургуулийн доктор, мал, зэрлэг амьтны их эмч Ричард Кок манай улсад иржээ.
Тэрбээр бөхөн үхсэн шалтгааныг тодруулж, цаашид ямар арга хэмжээ авах талаар зөвлөх бөгөөд өчигдөр Говь-Алтай аймагт очиж, өвчний голомтод ажиллаж эхэлсэн байна. Ричард Кок үхсэн бөхөнгүүдийн сэг зэмээс дээж авч шинжлэн, хэдэн настай, ямар хүйсийн бөхөн голдуу өвчилж буй зэргийг судалж тогтоогоод, энэ сарын 31-нд манай албаны хүмүүс, эрдэмтэн судлаачидтай хуралдаж, зөвлөмж гаргах аж.
Одоогоор өвчилж үхсэн 1600 гаруй бөхөнгийн сэг зэмийг устгалаа гэж БОАЖЯ-наас мэдээлэв. Хөрөнгө төсөвгүй гэдэг шалтгаанаар уг ажил өнгөрсөн долоо хоногт түр зогсоод байсан. Гэхдээ орон нутгийн холбогдох албаныхан, иргэд хүртэл нэгдэж, өөрсдийн хүч, нөөц боломжоор сэг зэм устгах болон Шаргын говийг Хүйсийн говиос тусгаарлах хяналтын цэгүүд байгуулахаар ажиллаж буй гэнэ.
Бөхөнгийн тархац нутгаас халдвар тархаагүй үлдсэн ганц газар нь Шаргын говь. Тус газар руу өвчилсөн бөхөн оруулахгүй байх үүднээс хяналтын цэгүүд байгуулж буй аж. Энэ мэт ажлыг гүйцэтгэхийн тулд зээл авах тохиолдол ч гарч байгааг тэд мэдээллээ. Бог малын мялзан өвчний тархалтыг хязгаарлахын тулд Засгийн газраас арга хэмжээ авч, 447 сая төгрөг гаргахаар шийдвэрлэсэн ч өдий хүртэл тогтоол болгон баталж хэрэгжүүлээгүй байгаа юм.