Хавар байл уу, намар ч бил үү, нэг л тийм тавгүй өдөр манай гадаа УАЗ 469 машин ирж, хоёр эмэгтэй бууж ирсэн юм. Мэнд мэдэж, цай идээ болж байтал нэг нь өөрийгөө аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны дарга гэж танилцуулаад, “Энэ хүнийг таньж байна уу” гээд нөгөө эмэгтэй рүүгээ заалаа. Эмээ минь таньдаг хүнээ танихгүй будилж суугаа юм биш байгаа гэсэн байртай лавлаж хараад, “Хэн билээ дээ” гэтэл, асуусан эмэгтэй “Эмэгтэйчүүдийн холбооны даргаа таньдаггүй харанхуй бүдүүлэг” гэх маягийн юм хэлж, сүрхий загнав.
Тэр хүний ярианаас “Их чухал ажлаар яваа том дарга байх нь” гэж ойлгосон нь одоо ч цээжинд хадаастай. Харин нөгөө том дарга нь хачин аядуухнаар “жижиг” даргын яриаг тасалж, хэрэг зоригоо тайлбарлан, эмээтэй энгүүн сайхан яриа өрнүүлж, бид хоёроос үсэг тоо асуун, алган дээр минь “Алтан түлхүүр” ирис хэдийг тавиад гарч билээ. Тэр хүн бол “Гал голомт” үндэсний хөдөлгөөний тэргүүн, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Мөнхөө юм.
Одоо бодоход шинэ Үндсэн хуульд оруулах эмэгтэйчүүдийн саналыг цуглуулж явсан байх. Эмээ, дүү бид гурав л лав тэр хүнийг дараа нь сонин, телевиз хаанаас ч хараад андахгүй таньдаг болсон. Эмээ минь “Эрдэмтэй хүн даруу гэж. Юм үзэж, нүд тайлсан хүний яриа хөөрөө, зан харилцаа цаанаа өөр шүү” гээд л тэр нэг уулзалтаа дурсан ярьдаг байж билээ. Эмэгтэйчүүд, гэр бүлийн төлөө сэтгэлээ чилээж явдаг эгэлгүй энэ эрхэмтэй ярилцлаа.
-Миний мэдэхийн л ямар байсан, яг янзаараа байх юм, та. Биeэ ингэж сайхан авч яваа нууцыг тань хүүхнүүд сонирхож байна уу?
-Нууцсаад байх юу байх вэ. Би багаасаа нийгмийн идэвхтэй, юм юманд оролцож явдаг байлаа. Цанаар гулгаж, шатар тоглож тэмцээнд орно. Үүнийхээ ачаар наймдугаар ангид байхдаа Улаанбаатар хотыг үзэж байлаа шүү дээ. Монгол гэрийн шалыг ширээ болгож тавиад хатуу хавтастай номоор цохиур хийж ширээний тeннис тоглоно.
Сумын дэлгүүрт уран гулгалтын тэшүүр ирчихсэн байсныг нь авч, эсгий гуталд баглаж тогтоогоод цас, мөсөн дээр гулгана. Биeийн тамирыг бүх нийтийн үйлс болгох улсын бодлого бидний амьдралын хэвшилд их нөлөөлсөн. Биднийг спортоор хичээллэхийг уриалж, хүмүүжүүлсний ул мөр надаас өнөө хэр арилаагүй. Өглөө бүр хэдэн минут дасгал хийнэ.
Өвчин хууч багатай, хөнгөн шингэн байгаа минь үүнтэй холбоотой. Биeийн тамирыг бүх нийтийн үйл хэрэг болгох нь хүн амын эрүүл мэндийг хамгаалах чухал арга юм шүү. Монгол Улс олимпын аваргатай боллоо. Энэ сайхан хэрэг. Одоо бүх нийтийг спортлог болгоход анхаарах хэрэгтэй.
-Таныг эмч мэргэжилтэй гэдгийг хүмүүс бараг мэддэггүй байх аа?
-Би овоо сурлагатай байлаа. Аравдугаар ангиа онц дүнтэй төгссөн болохоор гадаадад сургуульд явна гэж бодож байтал аав “Миний охин аавынхаа мэргэжлийг эзэмш” гэхээр нь зөрж чадаагүй. Онц төгссөн хүүхэд орос хэлний шалгалт өгөөд дуртай сургуульдаа элсдэг байв. Намайг аравдугаар анги төгсөх жил Анагаахын дээд сургууль МУИС-аас өрх тусгаарлан, хүүхдийн эмч, шүдний эмч, эм найруулагчийн гэх мэт шинэ ангиуд нээсэн юм.
Би хүүхдийн эмчийн ангид орж, Төрийн шагналт Н.Гэндэнжамц, Хөдөлмөрийн баатар, Ардын эмч Б.Жав, Э.Лувсандагва нарын эх, нялхсын төлөө ухамсарт амьдралаа зориулсан аугаа хүмүүсийн шавь болон, энэ бахархам үйлсэд өөрийгөө зориулах итгэл үнэмшил өөртөө суулгасан. Эх, хүүхдийн эрүүл мэнд бол бүх насаараа сэтгэл зүрхээ зориулсан салбар минь. Одоо ч Хүүхдийн эрүүл мэндийн тухай хуулийн ажлын хэсэгт орчихсон л явж байна.
-Аав тань эмч байсан хэрэг үү?
-Аав минь арваад хүүхэдтэй айлын хүү. Ээж нь төрөхийн хүндрэлээр залуугаараа мөнхөрсөн. Аав нь жасын мал малладаг, эзэндээ зодуулаад хоёр хуруу нь тахир, өрөөсөн нүд нь хараагүй болчихсон хүн байсан. Увс аймагт анх тэнхим байгуулагдахад мал хөрөнгөтэй айлын хүүхдийн оронд ядуу айлын хүүхдийг явуулдаг байж. Аав минь баяны хүүхдийн оронд нутгийнхаа анхны тэнхимд орж, бичиг үсэгтэй болсон. Төр, нийгмийн зүтгэлтэн, Төрийн шагналт Д.Цэвэгмид гуайг Увсад нэг жил багшлахад нь хичээл заалгаж байсан гэж бахархан ярьдаг байв.
1940 онд цэргийн албанд татагдахад нь аавыг бичиг мэддэг учраас бага эмчийн нэг жилийн курст сургасан юм билээ. Ингэж бага эмчийн мэргэжил эзэмшиж, гурван жил дайны талбарт шархадсан цэргүүдийг эмчилсэн гэдэг. Цэргийн албанаас халагдаж ирээд, Увс аймагтаа шинжлэх ухааны эмнэлгийг олон түмэнд хүлээн зөвшөөрүүлэх амаргүй ажилд зүтгэсэн. Олон ч суманд томилогдон ажилласан. Нутгийнхан аавыг “доовтор” Дорж гэдэг байлаа.
Намайг нэгдүгээр ангид орох жил буюу 1951 онд аав Өмнөговь суманд багийн эмчээр ажиллаж байсан тул би тэндхийн бага сургуульд оров. Гэтэл арваннэгдүгээр сард аавыг аймгийн захиргаанд ажиллуулахаар дуудаж, манайх өвлийн хүйтэнд тэмээнд гэрээ ачаалж, идэшний хэдэн хонио туугаад хоёр хоног явж аймагт ирж билээ. Ээжид маань бичиг үсэг сурах боломж олдоогүй ч амьдралын асар их ухаантай, дандаа толгой холбож ярьдаг, цэцэн цэлмэг хүн байлаа.
-Та эмч мэргэжлээрээ ажилласан уу?
-Юу ярина вэ. Бүр сумын эмчээр ажиллаж байлаа шүү дээ. Анагаахын дээд сургуулийг онц төгссөн болохоор сургуульдаа багшаар үлд гэхэд нь “Хөдөө ажиллаж, амьдрал мэддэг хүн болно” гээд явж өгсөн. Би чинь Анагаахын дээд сургуульд курсын дарга, сургуулийн эвлэлийн хорооны товчооны гишүүн гээд олон сэтэртэй, оюутан байхдаа намд элсчихсэн сүрхий “амьтан” байлаа.
Намын гишүүний үүрэг, хариуцлагаа айхтар дээгүүрт тавьчихсан, эх орны социалист бүтээн байгуулалтад оролцож, амьдралын гүнээс ажлаа эхлэх ёстой гэсэн хатуу итгэл үнэмшил надад байсан учраас аав, ээж, авга ах, хүүгээ чирээд Сэлэнгэ аймгийн Орхон суманд их эмчээр очиж байлаа. Би дөрөвдүгээр курсээ төгсөөд том хүүгээ төрүүлсэн юм. Нөхөр болох хүн маань УБИС төгссөн, тоо, физикийн багш байлаа.
-Сумын эмнэлэгт ажилласан хүн их зүйл сурдаг гэдэг?
-Амаргүй байсан. Тэр үeийн тухай ярихад залуус ойлгох ч үгүй. Улаанбурхан өвчин 3-4 жил тутам дэгдэж, хүүхдүүд толгой дараалан өвддөг байлаа. 10 ортой эмнэлгийн жижигхэн байшиндаа 40 хүүхэд зулж хэвтүүлчихээд, гурван шөнө цурам хийлгүй хонож, “адуун” Дэндэвийнх гэдэг айлд дуудлагаар очоод хүүхдийг нь чагнаж чадахгүй үүрэглэж байсан үе бий.
Аав минь олон жил орон нутагт бага эмчээр ажилласан болохоор надад их нөмөр нөөлөг болсон. Би очоод тун удалгүй суманд их нэр хүндтэй эмч болсон. Нэр хүнд өссөн түүх нь их хөгтэй.
-Тэр түүхээ хуваалцаач?
-Суманд очоод хэд хонож байтал Бат-Очир гэдэг айлын дөрвөн настай хүү нохойд уруулаад ирлээ. Яг магнай дээр нь, мах нимгэнтэй газар хазсан болохоор айхтар цус алдаагүй байв. Хуурай пенициллин хийж байгаад гурван оёдол тавьчихлаа. Хүүхэд эмнэлэгт 4-5 хонож, шарх нь овоо эдгээд, гарсан. Суманд байгаа ганц эмч нь би. Дөнгөж сургууль төгссөн надад мэдэхгүй, чадахгүй юм тулгарахад номноос л харахгүй бол асуух хүн байх биш. Орос хэл дээр гарсан Германы том эрдэмтний “Ялган оношлох арга зүй” гэдэг номыг л хардаг байлаа.
Нэг өдөр номоо харж суутал “Нохой буюу зэрлэг амьтанд хазуулсан хүнд галзуугийн эсрэг вакцин хийх ёстой” гэж байна. Түүнийг сургуульд заалгасан ч тэрхэн үeдээ мартчихсан байхгүй юу. Пал хийгээд л явчихлаа. Тэгээд саалийн фирмээс хүн ирэхээр “Бат-Очирын хүү сайн уу, биe нь яаж байна” гэж асуудаг боллоо. Галзуурчих вий гэж айгаад байгаа хэрэг шүү дээ. Гэтэл малчдын дунд “Шинээр ёстой сайн эмч ирж. Эмчилсэн хүндээ санаа тавьж, асууж сураглах гэж жигтэйхэн” гэсэн яриа гарч, миний нэр хүнд өссөн байгаа юм.
Сумын намын хорооны даргын машинд дайгдаад хүнээ үзээд явахад хүмүүс эмч сүү ав л гээд байхаас, дарга сүү ав гэхгүй. Ямар сайндаа сумын намын дарга Чойдаржаа “Чамайг л сүү ав гээд байх юм. Машины ард байгаа саванд сүү хийлгэчихээч” гэж шивнэж байх вэ дээ. Эмчийг ард түмэн ингэж их хайрлаж, хүндэлдэг байсан. Одоо ч юм л бол муулж баалах болж дээ. Уг нь эмч, өвчтөн хоёр нэг талд байж, өвчин гэдэг дайсантай тэмцдэг юм шүү дээ. Өвчин эдгэхийн 60-70 хувь нь сэтгэл зүйн аятай нөхцөл, итгэл байдаг. Бидний үeд эм хангамж тийм ч сайн байсангүй.
Эм тасарч аргагүйдсэн үeд би мал эмнэлгийн тасгаас пенициллин, стрептомицин зээлж, эмчилгээндээ хэрэглэдэг байлаа. Иргэд эмчдээ итгэдэг, эмч үзээд өгсөн эмийг уугаад эдгэнэ гэж итгэдэг байсан болохоор эмчилгээ үр дүнтэй болдог байсан байх. Мэргэжлийн ажлаас гадна ууланд гарч түлш бэлтгэх, байшин засахаас эхлээд олон ажил сурсан. Эмнэлгийн байшингаа өөрөө засна шүү дээ. Эхэндээ таазаа биш, өөрийгөө шохойдчихоод байснаа яваандаа сурсан. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн eрөнхий эмчээр томилогдоод явахад сумынхан маань их дургүй үдсэн дээ.
-Сумын эмчээс шууд аймгийн Нэгдсэн эмнэлгийн eрөнхий эмчээр томилогдсон хэрэг үү. Суга дэвшиж ээ?
-Нэгдсэн эмнэлгийн eрөнхий эмчээр нэг л жил ажилласан. Төр засаг эх, нялхаст асар их анхаарал хандуулж, аймаг бүрт хүүхдийн эмнэлэг байгуулж байсан үe л дээ. Аймгийн Нэгдсэн эмнэлгээс Хүүхдийн эмнэлэг салахад ЭМЯ-ны эх нялхсын хэлтсийн дарга, Гавьяат эмч О.Должинсүрэн “Мэргэжлийн хүнийг Хүүхдийн эмнэлэгт өгсөнгүй” гэж аймгийн намын хороотой зарга хийсээр намайг Хүүхдийн эмнэлгийн eрөнхий эмч болгосон. Тэнд хоёр жил, аймгийн Эрүүл мэндийн газрын даргаар хоёр жил ажилласан. Жинхэнэ шат дамжлагаар нь явсан байгаа биз дээ.
Энд би нэг хүнийг онцлон дурдмаар байна. Хүний зэрэгтэй яваа минь ээж, аав, багш, хамт олны ач. Намайг дэмжиж, өдий зэрэгт хүргэсэн бүх хүнд баярлаж явдаг. Тэр дундаа С.Удвал гуай хөдөөгийн жирийн нэг эмч надад маш том итгэл хүлээлгэж, дэмжсэн. 1972 оны гуравдугаар сарын 8-нд эмэгтэйчүүдийн баярын хуралд С.Удвал гуай илтгэл тавихдаа “Сэлэнгэ аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргаар ажиллаж байгаа ирээдүйтэй залуу эмэгтэй” гэж намайг дурдсан юм билээ. Түүний маргаашаас эхлээд яамнаас “ВОЗ-ын курст явуулна” гэж, намын Төв хорооноос “Боловсон хүчний нөөцөд авлаа, ЗХУ-д Коммунист намын дээд сургуульд явуулна” гэж утасдаад, би чинь төрд хэрэгтэй зайран болов.
-С.Удвал гуай таныг яаж мэддэг байсан юм бэ?
-Тухайн үед улсын хэмжээнд аймгийн Эрүүлийг хамгаалах газрын дарга ганц эмэгтэй байсан нь би. Түүнээс гадна би сум, аймагтаа Монголын эмэгтэйчүүдийн хороо (МЭХ)-ны сонгуульт ажилтай, эх, хүүхэд гэж дандаа ярьдаг байсан болохоор анхаарч судалсан юм байлгүй.
-Тэгээд амласан сургуульд нь явж чадсан уу?
-Түүнээс хойш удаагүй байтал МХЗЭ-ийн XVI их хурал хуралдаж, тэнд төлөөлөгчөөр очсон намайг Эвлэлийн төв хорооны сургууль, оюутан залуучуудын хэлтсийн даргаар томилоод, аваад үлдсэн. Тэгээд аль ч сургуульд нь яваагүй. Эвлэлийн байгууллагад таван жил ажиллахдаа ямар ч их сургууль төгссөнөөс дутахааргүй зохион байгуулах ажлын туршлага олж авсан.
Тэнд үндэсний, олон улсын хэмжээний ажил зохион байгуулах туршлагатай болсон. Оюутны эрдэм шинжилгээний хурлууд удирдаж, олон улсын эрдэм шинжилгээний хуралд анх удаа оюутнуудаа явуулж байлаа. Дунд сургууль төгссөн залуусыг илгээлтээр Эрдэнэтийн бүтээн байгуулалтад явуулах ажлыг зохион байгуулж, илгээлтээр явсан залуусыг урилгаар их, дээд сургуульд сургаж байлаа. Олон сайхан ажил хийсэн.
Дараа нь МУЗН-ийн даргаар ажилласан. Дэлхий хоёр том систeмд хуваагдсан үeд хоёр систeмийн улсуудыг элдэв үзэл суртлаас ангид, нэг ширээний ард суулгаж, гамшгаас хүн ардыг аврах нэг зорилгод нэгтгэж чаддаг ганц байгууллага нь Улаан загалмай байсан. Тэнд таван жил ажиллахдаа дэлхийг танин мэдэж, тэр том цонхоор Монгол Улс, социалист систeм, дэлхий гэдэг юу юм бэ гэдгийг олж харсан.
-Та хоёр сая дахь иргэнийг хүлээж авах бэлтгэлийг хийлцсэн хүний нэг бил үү?
-Би Эрүүл мэндийн яамны Эх, нялхсын асуудал хариуцсан орлогч сайдаар 1985-1990 онд ажилласан. Хоёр сая дахь иргэн, түүний чацуутныг хүлээж авах бэлтгэлийг хангаж, долдугаар сарын 12-нд нойргүй хонож явлаа. Бид бүх аймагт Хүүхдийн эмнэлэг, зөвхөн хүүхдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг 520-иод хүүхдийн хэсэг, 421 ясли, 320-иод эхчүүд амрах байртай, сум бүрт жирэмсэн эхэд хүнсний бүтээгдэхүүнээр үйлчлэх тасагтайгаар хоёр сая дахь иргэнээ хүлээж авч байв шүү дээ.
Бас эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах 1985-2000 он хүртэлх үндэсний хөтөлбөртэй гэж байгаа. Сая гурван сая дахь иргэнээ хүлээж авах гэж байхад намайг тeлeвизийн нэвтрүүлэгт оруулахад нь дээрх тоогоо хэлээд, гурван сая дахь иргэнээ юутай хүлээж авах гэж буйг нь тоглоом, шоглоомоор асууж л суулаа.
-Та миний дурсамжид Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүн гэдгээрээ илүү тод байдаг?
-МЭХ гэдэг чинь төр, олон нийтийн статустай, төрөөс санхүүжүүлдэг, манай хорооны дарга С.Удвал гуай АИХ-ын тэргүүлэгч гишүүн, намын Төв хорооны хэлтсийн даргын эрх мэдэлтэй байлаа. Эмэгтэйчүүдийн асуудал тийм том байр суурь эзэлж байсан хэрэг. Би МЭХ-ны тэргүүлэгч гишүүн байв. Ингээд 1990 онтой золгож, МЭХ-ны VI их хурал буюу өөрчлөн байгуулалтын хурал болж, тэргүүлэгчдийг огцруулж, нэрийг нь Монголын эмэгтэйчүүдийн холбоо болгон өөрчиллөө. Тэгээд намайг буцаагаад даргаар томилчихсон.
-1990 оны Ардчилсан хувьсгал, нийгмийн шилжилтийг сайн мэдэх хүний нэг нь та. Тэр үед юу болж өнгөрснийг олон янзаар ярьдаг?
-Тэр үеийн социалист систем бүхэлдээ хямарч байсан учраас энэ өөрчлөлт болно гэдэг дохио 1990 оноос өмнө ирчихсэн байсан. Тиймээс ч Үндсэн хуулийг өөрчлөн боловсруулах ажлын хэсгийг 1988 онд байгуулчихсан юм шүү дээ. Нийгмийн шилжилтэд зохицох, цус урсгахгүйгээр өөрчлөлт хийх тэвчээрийг тэр үеийн туршлагатай улс төрийн хүчин гаргасныг залуус мэдээсэй гэж боддог юм. Би тэр үед намын Төв хорооны Бүгд хурлын гишүүн байсан. Ямар зовлон, жаргал дундуур явж, ямар тэвчээр гаргасныг нүдээр үзэж, чихээр сонссон хүний хувьд ярих ёстой.
100 хувь манай намын гишүүн байсан АИХ 1990 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийж, Ерөнхийлөгч, Улсын бага хурлыг бий болгож, Улс төрийн товчоо бүх эрх мэдлээсээ татгалзан, огцорч байлаа. 1990 оны сонгуулиар байгуулагдсан АИХ-ын төлөөлөгчдийн 83 хувь нь манай намын гишүүн байсан. Гэхдээ залууст итгэл хүлээлгэж, залуучуудыг дэмжиж байсан гол төлөөлөгч Д.Бямбасүрэн гуайг Ерөнхий сайдаар, Д.Дорлигжав, Д.Ганболд нарыг орлогчоор нь томилж байлаа шүү дээ.
1990 оны өөрчлөлтийн гол ололт нь зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжиж, иргэдэд эдийн засгийн эрх чөлөө олгосон явдал байсан. Энэ өөрчлөлтийг хийхэд гол ачааг үүрсэн нь тухайн үеийн МАХН.
-Та Үндсэн хууль батлалцсан eсөн эмэгтэйн нэг. Та бүхний баталсан Үндсэн хуулийн 25 жилийн ой болох гэж байна. Тэр үеийн тухай дурсах зүйл их бий байх?
-Би 1990 оны Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар тойргоос АИХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. АИХ-д эмэгтэйчүүд бүлэг байгуулж, даргаар нь би ажиллаж байв. 430 хүний дундах eсхөн эмэгтэй хэрнээ тодорхой асуудалд бүлгийн өмнөөс байр суурь илэрхийлдэг, улс төрийн намуудтай адил саналын эрхтэй байлаа.
-Үндсэн хуульд Эмэгтэйчүүдийн бүлэг ямархуу үүрэг оролцоотой байв. Хэр олон санал тусгасан бэ?
-Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “Монгол Улсын төр нийгэмд шаардлагатай халамж, дэмжлэг үзүүлнэ” гэсэн ерөнхий заалт байсныг бид “Хүүхэд төрүүлэх, өндөр наслах, хань ижлээ алдахад нь төр халамж үзүүлнэ” хэмээн тодорхой заах ёстой гэж зүтгэсээр ийм заалт оруулсан. Би Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, АИХ дахь Эмэгтэйчүүдийн бүлгийн даргын хувиар Үндсэн хуулийг хэлэлцэх үед эмэгтэйчүүдээс гарсан мянга гаруй саналыг АИХ-д өргөн барьж байлаа.
-Үндсэн хууль батлахаар хэлэлцэж байсан тэр “халуун” өдрүүдийн тухай дурсаач?
-Үндсэн хууль батлах гэж үнэхээр их юм болсон. Асар олон шинэ зүйлтэй нүүр тулсан. Итгэл үнэмшил, бодож зорьж явсан зүйл гэнэт шал өөрөөр эргэнэ гэдэг хүлээж авахад тийм амар эд биш шүү. Сонин санаа ч олон гарсан. Төрийн сүлд, бэлгэдлийг өөрчлөх талаар бүтэн долоо хоног маргалдаж байлаа.
Төрийн сүлдэнд шонхор шувуу оруулна гэсэн санаа гаргаад, хуучин морины оронд бурхны морь оруулж байж нэг юм сүлдэндээ морьтойгоо үлдсэн. Ширүүн маргаан, мэтгэлцээн ч их өрнөдөг байлаа. Ямар сайндаа Үндсэн хууль хэлэлцэж байхад, яг тэр хурлын танхимд залуухан генерал бурхны оронд явсан гээд бод доо. Сэтгэл зүйн ямар том дайн болж, стресстэж байсны гэрч шүү дээ.
-Та бас 1992-1996 оны асар их ачаалалтай УИХ-д ажилласан байх аа?
-Ажлын гараагаа эхэлсэн Сэлэнгэ нутгаасаа УИХ-д сонгогдсон. Шинэ Үндсэн хуулийн үзэл санаанд Монголын эрх зүйн орчныг нийцүүлэх 137 багц хуулийг тэр парламент баталсан. Ийм олон хууль баталсан их хурал түүнээс өөр байхгүй. Тэр үед УИХ-ын гишүүдэд туслахын орон тоо байсангүй. Улс орны эдийн засаг ч ямар байлаа. Цаасаа хэмнэдэг байсан юм уу, хуулийн төслийг гишүүдэд өгөхдөө үсгийг нь жижигрүүлж, шахаад хэвлэчихнэ. Би “хэнхэг”-лээд орж ирсэн бүх хуулийг нэг бүрчлэн уншиж, бүгдэд нь санал хэлнэ.
Долоо хоногийн ганц өдөр л байнгын хороо, бусад өдөр нь нэгдсэн чуулган хуралдана. 09.00 цагаас эхлээд бараг орой бүр цаг сунгаж, 22.00-23-00 цаг хүргэнэ. УИХ-ын гишүүд хурал таслана, хурлаас хожигдоно гэдэг ойлголт байсангүй. Тэр дөрвөн жилд ойрын хараагүй болоод Саарал ордноос гарсан даа.
-Ерөнхийлөгч гэдэг шинэ институц, шинэ ойлголт байхад Ерөнхийлөгчийн гэргийг тэргүүн хатагтай гэе гэсэн томъёоллыг та анх УИХ-ын танхимд хэлж байсан гэж сонссон?
-Ерөнхийлөгчийн тухай хууль хэлэлцэж байхад “Ерөнхийлөгчийн гэргийг тэргүүн хатагтай гэж хуулиар өргөмжилж, хүлээн зөвшөөрөх ёстой. Аль ч улс оронд ийм байдаг. Бусад орны Ерөнхийлөгчийн гэргий нар нийгмийн сайн сайхны төлөө зүтгэж, нийгэмд нөлөөлөн үлгэр дуурайл болдог” гээд л их олон жишээ татаж, хэлж байсан юм.
-1996 оны сонгуульд өрсөлдөгчдөө найр тавьж, сонгогчидтой хамт уулзаж яваад ялагдсан инээдэмтэй түүх байдаг юм билээ?
-Ерөө голын эрэгт иргэдтэй уулзалт хийх гэж байтал С.Баярцогт бас хажууханд уулзалт зарлачихаж. Ш.Чимэдцэеэг аваад оччихсон, автобус зогсоочихсон хэрнээ С.Баярцогтын уулзалтад арваад хүн л очсон харагдана. Сонгогчидтой хийх уулзалтад янз бүрийн юм бэлдэнэ гэсэн ойлголт надад байсангүй. Юу юу ч үгүй хэрнээ миний уулзалтад овоо олон хүн цуглачихсан байлаа.
Гэтэл С.Баярцогт ирээд “Мөнхөө эгч ээ, хоёулаа хүнээ нийлүүлээд уулзалтаа хамт хийчихье” гэв. С.Баярцогтын, манайхан айл хөрш явсан, ах нь манай том хүүтэй найзалдаг, эртний танилууд л даа. Таньдаг хүүхэд тэгж байхад “Үгүй” гэж хэлж чадсангүй. Тэгээд уулзалтаа нэгтгэж, “Залуугаараа чи эхэл” гэтэл П.Жасрай гуайтай хамт авахуулсан том зургаа, “С.Баярцогт бол ирээдүйтэй хүүхэд” гэж хэлсэн үгтэй нь нүүрэнд нь томоор тавьсан сонин тараалаа.
Тэгснээ “Ерөнхий сайд П.Жасрай хонгилын үзүүрт гэрэл харагдаж байна гэж ард түмнийг хуурсан” гэж яриагаа эхлэв. Шинэ PR, тархи угаалтын талаар ямар ч мэдлэггүй, хоцрогдсон хүн гэдгээ тэгэхэд л ойлгосон. АНУ-д боловсорсон хар PR ямар хүчтэйг ч мэдэрсэн.
Хувийн амьдралынх нь талаар асуухад “Би гурван хүүхдийн эх, таван хүүхдийн хойт эх. Хүний амьдралын бүх зовлон жаргал дундуур л явж өнөөг хүрлээ. Хань маань өнгөрсөн жил бурхны орондоо буцсан болохоор элдэв юм яримааргүй байна” хэмээн учирласан тэрбээр “Би аливаа асуудлыг судалж, мэдэж, өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй болоод, тэр асуудлаар хэн ч, юу ч хэлсэн өөрийнхөө байр суурийг хамгаалдаг. Тиймээс биеэ тоосон, дураараа гэсэн үнэлгээ авч явсан үе бий. Айлын отгон охин болохоор жаахан дураараа, эрх мэдэлтэй байсан шиг байгаа юм. Тэр нь намайг өөртөө итгэлтэй болгож төлөвшүүлсэн юм болов уу даа. Одоо ч гэсэн тэр зан маань цухалзаад л байдаг юм” хэмээн өөрийгөө тодорхойлсон.
Эмэгтэйчүүд, гэр бүлийн төлөөх түүний зүтгэлийг олон улсын байгууллагууд үнэлэн “Эмэгтэйчүүдийн нэр төр, эрүүл мэндийн төлөө”, “Эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн төлөө” хэмээх шагналуудаа олгожээ.