“Хувьсал” продакшнаас уран бүтээлийн гараагаа эхэлж, өдгөө “Найзууд” театраа байгуулан, “Амьдралын амт”, “Амьдралд тавтай морил”, “Валентины захидал”, “360 градус”, “Хуримын сюрприз” зэрэг олон киноны гол дүрийг “амилуулсан”, монголын хамгийн олон үзэгчтэй “Авьяаслаг монголчууд” шоу нэвтрүүлгийг чадварлаг хөтөлж буй жүжигчин Э.Ууганбаярыг өдгөө танихгүй хүн ховор биз ээ.
Урлагийн хүн болсон нь ээжтэй нь холбоотойг харин мэдэх хүн ховор. “Ижий” буландаа жүжигчин, хөтлөгч Э.Ууганбаярын ээж Э.Ичинхорлоог урилаа. Тэрбээр Монголд цөөхөн байдаг кино механикчдын нэг. Залуу насаа “Монгол кино” үйлдвэрт “элээж”, олны танил болсон хүү төрүүлсэн эгэл ээжийн ярилцлагыг хүлээн авна уу.
-Ярилцлагаа таны төрж өссөн нутаг усны тухай асуултаар эхэлье. Та аль нутгийн хүн бэ. Хүүхэд насаа хаана өнгөрүүлэв?
-Би Улаанбаатар хотод төрж, өссөн. Найман хүүхэдтэй айлын хоёрдахь охин.
-Ууган хүүгээ оюутан ахуйдаа төрүүлсэн гэсэн. ЗХУ-д сурч байсан гэв үү?
-Тийм шүү. Би нийслэлийн 14 дүгээр дунд сургуулийг төгсөөд, 1981-1987 онд Ленинград хотод Кино инженерийн дээд сургуульд кино механикч мэргэжил эзэмшсэн юм. Хүүгээ 1984 онд гуравдугаар дамжаанд сурч байхдаа төрүүлсэн. Хүүгийн аав ч тэр үед хойно оюутан байсан үе л дээ.
-Оюутан хүнд хүүхэд өсгөх хэцүү л байсан байх даа. Ядаж хүний нутагт амьдарч байсныг хэлэх үү.
-Хүүгээ Дундговь аймагт, аавынх нь нутагт төрүүлж, арван сартай байхад нь хадмууддаа үлдээгээд сургууль руугаа буцсан юм. Их зориг гаргасан шүү.
-Ид хөөрхөн дээр нь үлдээгээд явж дээ. ЗХУ-д буцаж очоод хүүгээ их санасан байх даа.
-Яг явах өдөр гэрийн хоёр баганын хооронд хүүгээ тэргэн дээр нь суулгаж үлдээгээд л гарсан даа. Их өрөвдмөөр. Бумбайсан, цагаан “амьтан” л үлдсэн. Онгоцны буудал явахдаа, онгоцонд уйлаад л явж билээ. Хөхүүл байсныг ч хэлэх үү. Нэг хэсэг хүүгээ санаад, сүүгээ саагаад л уйлж суудаг байв.
-Хүүгээ хэдтэйд нь буцаж ирсэн бэ. Ээжээсээ бишүүрхэж байв уу?
-Гурван ойтойд нь сургуулиа төгсөөд ирсэн. Эхний хэд хоног намайг гайхаад л хараад байлаа. Ерөөсөө ойртохгүй. Гэхдээ “Хүний хүүхэд хүрэн бөөртэй” гэдэг дээ. Хэд хоноод л салахаа больсон.
-Сургуулиа төгсөж ирээд та ажлын гараагаа хаанаас эхэлсэн бэ?
-Шууд л кино үйлдвэрт орсон. Их сайн санадаг юм. 1987 оны долдугаар сарын 23-нд ажилд орлоо. Эхлээд операторын цехэд дагалдан, дараа нь механик инженер болсон доо. Киног тэнд системтэйгээр, маш чанартайгаар бүтээдэг байжээ. Мундаг хамт олонтой ажилласан даа.
1997 он хүртэл тэндээ ажиллаж, зах зээл, нийгмийн нөлөөгөөр кино үйлдвэр хаалгаа барих үед чөлөөт уран бүтээлч болсон юм. Саяхан кино үйлдвэрийн хаалгаар нэг орлоо. Их эвгүй сэтгэгдэл төрөөд гарсан. Уран бүтээлийн ажил өрнөж, хүмүүс бужигнадаг байсан тэр газар эл хуль, өрөвдмөөр болсон байна лээ.
-Э.Ууганбаяр “Миний хүүхэд нас кино үйлдвэрийн хашаанд л өнгөрсөн” гэж ярьсан удаатай. Ээжийнхээ ажил дээр л өнждөг байж дээ?
-Намайг ажилд орсон жил хүүд маань цэцэрлэг олдоогүй. Тэр үед манайх Долоон буудлын эцэст байлаа. Өглөө аваад л ажилдаа гарна. Өдөржингөө хамт байчихаад, орой хамт явна.
Өдрийг кино үйлдвэрийн хэдэн өрөөгөөр хэсэж, гадаа хашаанд нь тоглож л өнгөрүүлдэг байлаа, миний хүү. Бага ангийн сурагч байхдаа ч ээжийнхээ ажил дээр ирэх дуртай байв.
-Кино үйлдвэрийн орон тооны бус ажилчин байжээ.
-Бараг л тийм. Манай дууны цехийнхэн миний хүүд их сайн. Хүүхэлдэйн, хүүхдийн кинонд дуу оруулахаар бол Ууганааг дуудна. “Хүүгийнхээ кинонд дуу оруулсан мөнгийг аваарай” гээд л надад өгдөг байлаа. Миний хүү багадаа “Сүүн цагаан өргөө”, “Аминд хүрсэн олз” гээд хэд хэдэн кинонд тоглож байсан юм.
-Урлагийн хүн болох замыг нь та тавьчихсан юм байна шүү дээ.
-Тэгж хэлж болох л юм. Яах аргагүй өссөн орчин нь л нөлөөлсөн байх. Хоёрдугаар ангид байхад нь билүү дээ, нэг инээдтэй явдал болсныг Ардын жүжигчин Б.Дамчаа агсан дурсдаг байж билээ. Манай хүү, нэг охинтой кино үйлдвэрийн гадаа юм яриад сууж байна гэнэ.
Нөгөө охин нь “Чи юу хийж байгаа юм бэ” л гэж асуусан бололтой. Гэтэл мань эр өөдөөс нь “Насаараа энд ажиллаж байна даа” гэж хариулсан гэдэг. Мундаг найруулагч, жүжигчид, уран бүтээлчдийг харж өссөн болохоор аргагүй биз дээ.
-Жүжигчин болно гэж шийдэхэд нь та дэмжсэн үү?
-Яг үнэнийг хэлэхэд би хүүгээ жүжигчин болно гэж бодоогүй. Миний хүү сурлага сайтай байсан. Тиймээс хэчнээн урлагт дуртай ч гэлээ өөр мэргэжил сонгох байх гэж боддог байв. Би 2000 онд БНСУ руу ажиллахаар явсан юм. Хүү минь долдугаар ангийн сурагч байлаа. Уг нь “Хүүгээ дунд сургуулиа төгсөнгүүт өөр дээрээ авчихна” гэж боддог байлаа.
Гэтэл төгсөөд СУИС-д шалгуулаад тэнцчихсэн. Ингээд л эндээ үлдэж, жүжигчин болох шийдвэр миний хүү өөрөө гаргасан даа. Би ч хориглоогүй. Ёстой бор зүрхээрээ энэ сургуульд орж, авьяасаараа мэргэжлээ эзэмшсэн юм шүү.
-Хүү тань багадаа хэр сахилгагүй байсан бэ. Таны “чихнээс хонх уядаг” байв уу?
-Хэзээ ч ээжийнхээ “чихийг халууцуулж” байгаагүй. Хөдөлгөөнтэй, гэхдээ их зөв бодолтой хүү байсан. Их тусархуу, цовоо сэргэлэн, аливаа юманд авхаалжтай, үргэлж инээж явдаг хүүхэд.
-Хүүдээ “таван салаа боов” амсуулж байсан л биз дээ?
-Нэг бил үү, хоёрдугаар ангид байхдаа найзтайгаа юм шидэж тоглож байгаад толгойг нь хагалчихсан юм. Тэгэхэд л ганц удаа жавтий хүртээсэн санагддаг. Өөрөөр бол “гар хүрч” байгаагүй. Хүүгээ чангахан ч загнаж үзээгүй хүн шүү дээ, би. Огт уурлаж уцаарладаггүй, аливаад их тайван ханддаг хүүхэд.
Би хүүгээ уурлахыг нь огт харж байгаагүй. Дандаа инээмсэглэж, хүнтэй эелдгээр мэндэлнэ. Ямар сайндаа манай ээжийн таньдаг хөгшид “Танай зээ хүү чинь өдөр бүр, заримдаа өдөрт хэд хэдэн удаа бидэнтэй мэндлэх юмаа” гээд л өхөөрддөг юм.
-Энэ тайван, тусархуу занг хэнээс өвлөсөн юм бол?
-Ааваасаа л байх. Аав нь ч гэсэн тийм дөлгөөхөн, эмээ, өвөө нь их тайван хүмүүс. Харин нүүрэмгий, адтай байдал нь намайг дуурайсан байх. Өөрийгөө магтаж байгаа юм биш шүү. Гэхдээ манай найз нөхөд Ууганааг “Яг л чамайг дуурайсан, юм юманд адтай” гэж ярьдаг юм.
-Хүний амьдралд юу эс тохиолдох билээ. Яагаад хүүгийнхээ ааваас салсан юм бэ. Ганцаараа хүүгээ өсгөх амаргүй л байсан байх даа.
-Салсны дараахан хүү минь надаас нэг л удаа “Яагаад салсан юм бэ” гэж асуусан. Тэр үед “Миний хүү том болоод ойлгоно оо” л гэж хариулж билээ. Хүний амьдралд юу ч тохиолдож болно гэдгийг томроод ойлгосон байх. Дахиж асуугаагүй.
Гэхдээ би хүүгийнхээ аавтай хэрэлдэж, муудалцаж салаагүй. Хүүгээ ч аав, эмээ, өвөөтэйгөө уулзахыг хориглоогүй.
-Э.Ууганбаяр “Би гэр бүл, хүнээр баян. Би хойд эхийгээ “ээж”, хойд эцгээ “папа” гэж дууддаг” гэж хэлж байсан юм. Хүүхэдтэй эх хүн дахиад амьдрал зохиох хэцүү. Дахин гэрлэх тухайгаа хүүдээ хэлэхэд хэрхэн хүлээж авсан бэ?
-Хүүгээ дөрөвдүгээр ангид байхад л бид хоёр тийшээ болсон. Залуу ч байж. Хүүгээ бодоод дахиж хүнтэй сууна гэж боддоггүй байлаа. Их олон жилийн дараа “папа”-тай нь гэрлэсэн. Хүүдээ 20 жилийн дараа дүү төрүүлж өгсөн юм шүү дээ. “Чи дүүтэй болно” гэж хэлтэл итгэдэггүй. “Та битгий худлаа яриад бай. Бага байхад л зөндөө дүүтэй болгоно гэчихээд болгоогүй биз дээ” гээд итгэж өгөхгүй байсан.
Тэгээд 2003 онд би амралтаараа нутагтаа ирсэн юм. Онгоцны буудал дээр тосохдоо хамгийн түрүүнд гэдэс илж, итгэсэн. Уг нь хоёр хүүгийнхээ төрсөн өдрийг нэг өдөр байгаасай гэж их хүссэн юм. Даанч чадаагүй. Ууганаа маань гуравдугаар сарын 26-нд, дүү нь 21-нд төрсөн.
-Хүүгийн тань гэргий Б.Уянга мөн л жүжигчин мэргэжилтэй. Бэртэйгээ анх хэрхэн танилцсан бэ?
-Миний алтан бэр. Урлагийн хүний ар гэрийг авч явах үнэхээр хэцүү. Өөрөө урлагийн мэргэжилтэй бол бүр ч хүнд. Үнэхээр ажилсаг, эелдэг, боловсролтой, сэтгэл сайтай, сайн охин. Миний хүү ёстой хүн таних нүдтэй. Намайг БНСУ-д байхад л “Ээжээ, би найз охинтой болсон шүү” гэсэн. Оюутан байхдаа шүү дээ.
Удалгүй “Ээж ээ, бид хоёр хамт амьдрах гэж байгаа” гэв. Намайг 2003 онд нутагтаа ирэхэд онгоцны буудал дээр хүү минь их хөөрхөн, хундан цагаан охинтой хамт намайг тоссон доо. Тэгж л бэрээ анх харсан. Бэрээ миний охин л гэж боддог. Би хоёр хүүтэй, хоёр ач хүүтэй. Надад байгаа ганц охин минь миний бэр шүү дээ.
-Эмээ гэж дуудуулахад ямар мэдрэмж төрж байв?
-Их сонин санагддаг юм билээ. Гэхдээ их хөөрхөн. Бага хүүгээ төрүүлээд удаагүй байсан болоод ч тэр үү өөрийгөө эмээ болсон гэдэгт итгэж өгөхгүй байгаа юм чинь. Миний ач нар намайг “эмээ” гэж дууддаггүй. “Мама” гэдэг. Одоо харин ач охинтой болмоор санагдаад Ууганаа, Уянга хоёрыг манайд ирэх бүрт л нэхдэг болоод байна.
Би хүүгээ олон хүүхэдтэй болоосой гэж хүсдэг юм. Дор хаяж дөрвөн хүүхэдтэй болоосой гэж хүсдэг. Тэгвэл хүүхдүүд ганцаардахгүй, багаасаа л нийтэч, нөхөрсөг, эв найрамдалтай болж өснө.
-Та хөвгүүддээ юу гэж захидаг вэ?
-Эд хөрөнгөнд биш, хүн чанар, сайхан сэтгэлд л шунаж амьдраарай гэж захидаг даа. Хүнд чин сэтгэлээсээ хандаж, тусла. Хүнийг хайрлаж байж хайрыг хүртэнэ л гэдэг юм.
-Та хүүгийнхээ тоглосон ямар дүрд хамгийн их хайртай вэ?
-Яагаад ч юм “Буруу эргэлт” киноны дүрд нь их хайртай. Анх үзээд л таалагдсан. Ер нь миний хүү ихэнхдээ хөгжилтэй, нөхөрсөг дүрд тоглодог болохоор үзэхэд урамтай байдаг шүү.
-Хүүг тань “Хөнгөн явдалтай залуугийн дүрд тоглодог. Эрэлттэй жүжигчин” гэхчлэн сайн, муугаар хэвлэлд бичдэг. Үүнд та эмзэглэдэг үү. Хүүгээ өмөөрмөөр санагддаг уу?
-Үгүй ээ, тоодоггүй. Урлагийнхан угаас олны анхаарал, хэл аманд өртдөг шүү дээ. Би өөрөө урлагийн тогоонд залуу насаа өнгөрөөсөн болохоор тэр зэргийн зүйлд эмзэглэдэггүй.
-Хүүг тань танихгүй хүн ховор. Энд тэнд явж байхад хүмүүс хүүгийн тань тухай ярилцахыг сонсож байсан уу. “Энэ миний хүү” гээд бахархаж хэлмээр санагддаг байх.
-Тийм тохиолдол байдаг л юм. Хүүгээрээ бахархдаг. Зарим хүн “Энэ миний хүү” гэж хэлэхээр итгэдэггүй.
-Э.Ууганбаяр таны хийдэг ямар хоолонд дуртай вэ. Танайхаар байнга зочилдог биз дээ?
-Сонин шүү. Миний хүү будаатай л бол ямар ч хоолыг дуртай иддэг. Хүүхэд байхаасаа л тийм байсан юм. Амралтын өдрөөр бөөнөөрөө ирдэг. Ирэхээрээ ямар хоол идэхээ урьдчилаад хэлчихдэг.
-Таны хүүгээсээ авсан хамгийн сайхан бэлэг юу вэ?
-Миний хүү болж төрсөн нь л хамгийн том бэлэг. Түүнээс биш эд зүйлс, хувцас хунар гээд надад өгөөгүй бэлэг миний хүүд байхгүй. 2003 онд оюутан байхдаа л хүү минь намайг УДЭТ-т ээжийн тухай жүжгэнд урьж, маш том зүрхэн хэлбэртэй хайрцагтай бэлэг өгч байлаа. Иймэрхүү гэнэтийн бэлэг их өгдөг.
-Хүүгийнхээ ямар зан чанараар та бахархдаг вэ?
-Миний хүү хүнд “үгүй” гэж хэлдэггүй. Хэн ч, ямар ч тусламж гуйсан чадах чинээгээрээ тусална. “Хүний хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ” л гэдэг юм. Би энэ чанараар нь бахархдаг. Одоо цагт хүмүүст ховордсон, сайхан чанар шүү.