Ардын болон Гавьяат эмч П.Шижээ, Гавьяат эмч Д.Шаравнямбуу, Т.Шатарбал нарын амьдралаас сэдэвлэн, Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт зохиолч, сэтгүүлч Т.Баасансүрэн “Сумын эмч” нэртэй баримтат тууж бичсэнийг TV-9 телевизийнхэн, найруулагч О.Соёлт “Бурхны элч” олон ангит кино болгосныг маргаашнаас эхлэн олонд хүргэх юм билээ.
Хөдөө хөхөрч, гадаа гандсаар олон хүний амийг аварсан бурхны элч нар юу туулсныг уншигчдадаа хүргэхээр П.Шижээ, Т.Шатарбал нартай уулзлаа. (Д.Шаравнямбуу эмч Баянхонгорт амьдардаг тул ярилцаж чадаагүй юм) Сумын эмнэлэгт Монголын хамгийн олон буюу 45 жил ажилласан П.Шижээ эмч 3000 хүүхэд эх барьж, давхардсан тоогоор 20 гаруй мянган хүнийг хэвтүүлэн эмчилж, 200 гаруй мянгыг урьдчилсан үзлэгт хамруулж, Монгол Алтайн нурууг 1200 гаруй удаа давсан юм байна.
Харин Т.Шатарбал гуай 46 жил иргэдийн эрүүл мэндийн манаанд зогсохдоо 36 жил сум, сум дундын эмнэлэгт, үлдсэн жилүүдэд Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасагт эрхлэгч, эмчээр ажиллажээ. Орон нутагт яагаад ийм удаан ажилласныг нь тэднээс лавлахад хоёул “Мянган хонь хариулж яваа малчин гэнэтхэн малаа хаячихаад Улаанбаатар руу явдаггүй шүү дээ.
Бид ч 2000, 3000 хүний эрүүл мэндийг хариуцчихаад яваад өгч болохгүй шүү дээ. Тухайн нутагт ажиллаж ард түмэн, зан заншилтай нь танилцаж, хэн хэнийхээ итгэл, сэтгэлийг хүлээн, агаар, усыг нь мэдрээд ирэхээр аяндаа биендээ дасдаг учиртай юм билээ” гэсэн.
-Дээхнэ үед сумын эмнэлгийн багаж хэрэгсэл бүдүүн баараг, түргэн тусламжийн машингүй байсан. Ийм үед өчнөөн бэрхшээл, хүндрэл тулгарна биз?
Т.Шатарбал: -Говь-Алтайн Эрдэнэд томилогдож очиход манай аймгийн 18 сумаас зөвхөн Баян-Уул Даваацэрэн гэх ганц их эмчтэй, бусад нь боловсон хүчин, материаллаг хангамжаар тун дутмаг байлаа. Тухайн үед нэг эмчид зун гурван морь, өвөл тэр тооны тэмээ уналганд хэрэглүүлнэ. Би ганц суманд ажилладаг нэртэй ч их эмчгүй Цогт, Чандмань, зэргэлдээх Баянхонгор аймгийн Баянцагаан, Баян-Өндөрийн дуудлаганд явдаг байлаа.
Мориор явахаар хоёр гуя үрэгдэж, улаан нялга болчихоод алхахад их хүндрэлтэй. Заримдаа тэмээ хэвтчихээд босож өгөхгүй. Цасан шуурганд даарч хөрч, бас төөрнө. Ингэсээр нэг дуудлаганд явж ирэхэд долоо хоног зарцуулна. Тухайн үед нэг тариурыг олон удаа ариутгаж хэрэглэдэг байлаа.
Хагарч цуурвал, тэр хэсгийг нь хөрөөдөж тайраад хар тугалга хайлуулж цутгах маягаар тартагт нь тултал хэрэглэдэг. Зүүг билүүдэж, үзүүрлээд ашиглана. Тийм зүүгээр хатгахад арьс руу пүд гэж ордог юм. Дуслын систем ховор болохоор юунд ч хэрэглэдэг байсан юм бүү мэд, лав л эмнэлгийн зориулалтгүй резинэн гуурсыг чанаж байгаад хэрэглэнэ.
П.Шижээ: -Анх очиход нутгийнхан шинэ эмчээс ширгээсэн ус дээр гэх маягаар их сонжино оо. Юм бүрийг намын даалгавар, өргөсөн тангаргийн дор хийж байсан учир удирдлагууд оч, хий, үз, хар гэж л хандахаас учир явдлыг ухаж ойлгодоггүй байлаа. Уг нь унаа, эм тарианаас эхлээд түмэн бэрхшээл байна.
Тухайлбал, Шатарбал гуайтай лааны гэрэлд хэд, хэдэн удаа мэс засал хийж байлаа. Мотор асаах гэхээр нэгдлийн дарга нар хөрөнгө урсгахгүй, шатахуунаа хэмнэнэ гээд зөвшөөрөхгүй. Шатарбал гуай дэнгийн гэрэлд Гомбо гэдэг залуугийн 120 см орчим гэдсийг тайрж байлаа.
Нэг удаа мэс засал хийж байхад мотор унтарч, гар чийдэнгийн гэрэлд, ёстой л бүргэдийн хурц нүд, эмэгтэй сувилагчийн уран гараар эхэлснээ дуусгасан. Тэр байтугай эмнэлгийн түргэн тусламжийн машины гэрлийг цонхонд тулгаж тусгаад мэс засал хийж байсан туршлагатай эмч нар ч бий.
“...Алтайн өндөр нурууг би
Аргамаг хүлгээр мөн ч олон давсан даа
Хоёр гуя минь хавдсан байсан,
Хойшоо, урагшаа харж чадахгүй хөшсөн байсан
Цантай морь, цастай эмээлэнд
Залуу насаа ханилуулж өглөө
Цал буурал өвгөний дуудлаганд
Сумын эмч давхиж билээ...” гэж бичсэн найраглалаас минь бидний ажлын хүнд хүчир нь тодорхой харагдана. Морин дээр өдөржин шогшуулсан хүний дотоод эрхтэн, сэтгэл санаа ямар байх билээ. Ийм л алжаалтай үед ард түмний эрүүл мэндийн төлөө цаг наргүй зүтгэж явлаа.
Т.Шатарбал: -Бид нэлээд юм туулсан улс. Шижээг төгсөж ирээд жил болж байхад хэвлийн хөндийн идээт үрэвсэлтэй залууд мэс засал хийсэн юм. Яг хэвлийг нь нээж байтал “Би дуулж, үлгэр ярих уу” гээд л “Хүрэн толгойн сүүдэр”-ийг найран дээр байгаа юм шиг чанга дуулж, бид хоёрыг барьж аваад хана мөргүүлж, өнөө багаж хэрэгслийг газраар нэг тараасан.
Өвчтөн маань өвчин намдаах эмнээс харшилж, дэмийрсэн юм билээ. Юун ариун цэвэр сахих манатай, эсгий гутал, үстэй дээлтэй залуучуудыг гаднаас оруулж ирээд хамжиж байж дарж авсан. Түүнийг үзэхээс өмнө миний олгой өвдөж байсан юм. Тэгж пижигнэж байхад олгой ч өвдөж, халуураад, Шижээгийн гарт орж, өнөө өвчтөнтэйгөө хамт хэвтэж билээ.
- “Сумын эмч” кинонд та хоёрт тохиолдсон ямар, ямар явдлыг өгүүлсэн бэ?
П.Шижээ: -Энэ кинонд Шижээгийн амьдралыг гаргахаас илүү Монголын 300 гаруй сумын эмнэлгийн үйл ажиллагааг харуулсан. Одоо өвчтөнөө хөнгөн тэргээр аятай тухтай авчирч байгаа бол дээхнэ үед араг шээзгийнд хийж, данхалзуулаад үүрч дүүрч явах үе ч байлаа.
Нэг удаа Монгол Алтайн нуурууны Тахийн шар нурууны ойролцоох багийн төвийн долоон настай хүүхдэд цахилгаан менингит тархины хэлбэрээр илэрсэн. Нугаснаас нь ус авч, тарих шаардлага гарсан ч зүү олдоогүй. Тэгээд малд хэрэглэдэг том зүүг нарийсган, ариутгаж ашигласан удаатай. Тэр хүү одоо багш хийгээд тун сайн яваа.
Т.Шатарбал: -Киног эвлүүлэхдээ хасаж зассан учир миний амьдралд тохиолдсон явдлуудаас яг юуг нь багтаасныг нарийн мэдэхгүй юм. Би 900 гаруй хүнд мэс засал хийсний 30-аад нь хүндрэлтэй эхчүүдийг хийсвэрээр төрүүлсэн явдал. Энэ хийсвэр хагалгааны есийг нь гэрт хийж байлаа. Мал төллөх үеэр Говь-Алтайн Төгрөг сумын бригадуудаар явж байгаад оройхон нэг айлд буусан юм.
Тэгтэл жирэмсэн эмэгтэй цус алдаж, зургаагаас доош насны гурван хүүхэд нь нусаа гоожуулчихсан, нөхөр нь хониндоо явсан маягтай угтсан. Бүсгүйг аваад эмнэлэг явах гэхээр шоконд орж, зүрх нь зогсчих гээд болдоггүй ээ. Арга буюу жолоочоо сумын төв рүү мэс заслын сувилагчийг багажтай нь авчруулахаар явуулсан. Тэгээд хагалгаа гэрт хийх гэтэл нялх хүүхдүүдийг нь хотон дотор оруулалтай биш.
Бригад сум, аймгийн төлөөлөгчид цуглаж ажил ярьдаг, ойролцоох төлийн штабыг цэвэрлэж, нөгөө ээжид хийсвэр хагалгаа хийсэн юм. Өнөө эхэд жолоочоосоо 20 грамм цус авч хийж байлаа. Тэр бүсгүй эсэн мэнд амьдарч, 90 нас дөхсөн самган болсон хэр нь надад ирж золгодог юм.
-Амиа эрсдэлд оруулж байв уу?
П.Шижээ: -Говь-Алтайд олон удаа аймшигт тарваган тахал гарч, малын гоц халдварт өвчин судлах мэргэжилтнүүд тэр бүрийн тархалтыг зогсоож байсан. 1986 онд уушгины анхдагч хэлбэрийн тарваган тахлаар өвчилсөн гэдгийг нь мэдэлгүй нэг айлд би орж, халдвар аваад 45 хоног эмчлүүлэн, эрүүлийг хамгаалах байгууллагынхан хэчнээн хүчирхэг арми болохыг ойлгож, эрүүл саруул яваадаа баяртай байдаг.
Монгол Алтайн нурууг цас дарчихаар Тахийн шар нурууны ойролцоох бригадад морь, тэмээгээр бараг 100 хонож хүрдэг юм. Тиймээс 1980-аад онд АН-24 гэх онгоцоор долоо хоногт нэг удаа тийш ачаа бараа зөөж, үйлчилдэг байсан.
Тэнд ханиад томуу дэлгэрч, эмчийн хэрэгцээ гарсан тул би эм тариагаа аваад 10 гаруй зорчигчтой Монгол Алтайн нурууг давж байтал гэнэтхэн онгоц салхинд цохиулж, бид 30-40 метр зайтай шидэгдэн, дээш доош эргэлдсэн.
Байдлыг ажиглатал хүмүүс ч хашгиралдаж, бөөлжиж, Монгол Алтайн нурууг насаараа давсан Батаа гэх чадварлаг нисгэгч жолоотойгоо ноцолдсоор, 3000 гаруй метрийн өндрөөс доошилж 600 метрт хүрсэн онгоцыг тогтоож чадсан.
Т.Шатарбал: -1968 онд Төгрөг суманд галзуу чононд 280 гаруй мал, таван хүн ноцуулсан явдал боллоо. Хамт сургууль төгссөн Ядмаа эмчтэй очиж эмчлэхэд хөгшин, залуу хоёр хүн өөд болсон. Тэднийг эмчилж байхад өөрөө өвчилсөн юм шиг мэдрэмж төрж, байн байн толинд очиж харсаар, бараг галзуурах шахаж байлаа.
Цээл, Төгрөг сумын завсрын айлаас нэг шөнө дуудлага ирлээ. “Энэ хүн тун болохгүй болоод дуудлага өгсөн байж таарна. Тэр ч худлаа баашилж магад” гээд аяндаа баримжаатай болдог. Тэр дуудлага өгсөн хүн жаахан бүтэлгүй нөхөр учраас “Цасаар шуурч байна. Одоо хөдөлсөн ч нуруун дээр хонож таарна. Бие чинь гайгүй бол үүр цайлгаад эрт явъя” гэхээр “Хүнд байна” гээд болдоггүй ээ.
Бид ч замдаа гарч үнэхээр нуруун дээр цас ухсаар хоносон. Үүрээр цааш хөдөлж, хазгай газраар явах гэхээр машин уруу гулгаад болдоггүй. Замаасаа гарвал болмоор санагдаж, жолооч хүнд араанд нь хийгээд тоормос гишгэхэд дугуй өнхрөхгүй хэрнээ гулгаад байсан. “Ерөөсөө болохгүй нь, дор нь чулуу ивье” гээд би буусан ч битүү цастай учир олигтой чулуу ололгүй буцаад суулаа.
Гэтэл гулгасаар хадны ирмэг дээр тулаад ирсэн. Би ч “Буугаарай” гэж хэлээд үсэрсэн. Дөрвөн хаалга нь зад үсрээд л, жолооч доогуур нь орчих шиг боллоо. “Хамт буудаг байж” гээд тэрхэн зуурт хачин юм бодогддог юм билээ.
Тэгтэл жолооч машинаа тавиад туучихсан хажууд зогсож байсан. Шуудайнд бидон хийгээд машиныхаа ард тавьсан нь унасныг би жолооч гэж бодсон юм билээ. Машин ч гулгасаар зогсоход нь очтол урд дугуйных нь обуд хага үсрээд жайжийсан байсан.
-Буруу, эсвэл зөвшөөрөгдөхгүй эмчилгээ хийгээд ч юм уу, намын хурлаар орж байсан уу?
П.Шижээ: -Хөдөөний малчин эмэгтэй дунджаар есөн удаа төрдөг. Найм төрөхөд л үс нь унаж, арьс нь хуурайшаад хөгшин хүн шиг харагддаг юм. Малчин айлын гурван хүүхэд сургуульд сурч, гурав нь гэртээ сууж, бие давхар гэргий бас нэгийг хөхүүлж буй дүр зураг элбэг байлаа. 1990 он хүртэл үүнийг зохицуулах аргагүй байсан.
Би эх барих, эмэгтэйчүүдийн эмч учир олон удаа төрөхийн хүндийг даахааргүй ээжийн амийг аврахын тулд аборт хийж, эсвэл дахиж төрөхгүй байх арга хэмжээ авч байсан. Түүнээсээ болоод аймгийн Намын хороонд удаан хугацаагаар “донгодуулж”, хувийн хэрэгтээ хар толботой болсон. Гэхдээ сүүлд нь намайг цагаатгасан.
Т.Шатарбал: -Манай намын үүрийн орлогч дарга Хожгор гуай нурууны мэдрэлийн өвчтэй болж, ууц нь татсан юм. Ховд аймагт дадлага хийж байхдаа мэдрэлийн эмч Равдандорж гуайгаас тийм тохиолдолд витамин B12, өвчин намдаагчтай хамт нуруу, нугасны хөндийд тарьдаг аргыг сурсан.
Намын үүрийн даргаа тэгж эмчлэх гэтэл “Нугасалж алчих юм биш биз” гээд өөрөө ч, гэрийнхэн нь ч дургүйлхэж билээ. Гэхдээ тэгж хоёр удаа тариулаад л өвчин нь нам болсон. Түрүүн би нэгэн бүсгүйг төлийн штабын гэрт эх барьж авсан тухай ярьсан даа.
Тэр үед намын үүрийнхэн Шатарбал эмч эрх мэдлээ хэтрүүлж, дур зоргоороо аашлан, штабынхныг орох оронгүй болгосон энэ тэр гэх яриа гаргасан. Хэрэв миний эх барьсан бүсгүй өөд болсон бол нэлээд хэцүү юм дуулах байсан даа.