Өтгөн хөмсөг, урт үстэй, биерхүү энэ залууг анх хараад ширүүн зантай байх гэж төсөөлсөн. Өнгөрсөн жил “Зангараг” кинонд тоглож байх үед нь танилцахад тэр төсөөлөл минь огт үгүй болчихсон.
Хөгжим сонсоод, зохиол уншаад уяраад суучихдаг хүнийг уяхан гэхээс өөр юу гэх билээ. Хөгжмийн зохиолч аавын уяхан хүү, УДЭТ-ын залуу жүжигчин Г.Алтангэрэлийг зочноор урьж, амьдрал, уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.
-УДЭТ-ын 85, их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойд зориулан “Жаргаагүй нар” түүхэн жүжгийг ирэх сараас үзэгчдэд хүргэх гэж буй. Та эл жүжигт ямар дүр бүтээх вэ?
-Манай театрын уран бүтээлчид 85 жилийнхээ ойн хүрээнд олон ажил, шинэ уран бүтээл үзэгчдэд хүргэхээр төлөвлөн ажиллаж байна. Энэ сард “Түүхэн жүжгийн өдрүүд” үргэлжилж байна. Мөн театрын түүхийг өгүүлсэн баримтат кино бүтээж буй.
Залуу жүжигчид хамтран “Театр арт шоу”-нд бэлтгэж байна. Мөн ирэх сард “Жаргаагүй нар” жүжгийг Ч.Түвшингийн найруулгаар тоглоно. Би тус жүжигт байцаагчийн дүрд тоглоно.
-Дэлгэцийн уран бүтээлд тоглуулах санал хэр авч байгаа вэ. “Зангараг” кинонд тоглосноос хойш дэлгэцэнд харагдсангүй.
-Хэд хэдэн киноны санал ирсэн. Харамсалтай нь театрын уран бүтээлийнхээ хажуугаар кинонд тоглож тэр бүр амжихгүй юм. Би тийм ч олон кинонд тоглоогүй шүү дээ. “Ану хатан”, “Аав”, “Зангараг” гээд гарын таван хуруунд багтахаар цөөхөн.
-Найруулагч нар гаднах төрхөөс тань болоод ихэнхдээ адал явдалт юм уу, тулаант киноны санал тавьдаг уу?
-Тийм хандлагатай шүү. Урт үстэй, дээр нь өтгөн хөмсөгтэй болохоор их ширүүн төрхтэй харагддаг юм шиг байна. Гэхдээ киноны зохиолоо уншиж байж л шийддэг юм. Өмнө нь тоглож үзээгүй төрлийн кино, ажиллаж үзээгүй дүрд л тоглохыг хүснэ шүү дээ.
Боломж гарвал дахиад түүхэн кинонд тогломоор л байна. Уг нь саяхан надад мюзикл кинонд тоглуулъя гэсэн санал тавьсан. Гэвч “Жаргаагүй нар” түүхэн жүжгийн бэлтгэлтэй байгаа болохоор яах аргагүй татгалзлаа.
-Уг нь мэргэжлийн дуучдаас дутахгүй дуулдгаа үзэгчдэд гайхуулах боломж байж шүү дээ.
-Багаасаа дуулах сонирхолтой, хөгжимд дуртай байсан болохоор тэр ч юм уу, үндсэн мэргэжлээсээ гадна дуулах авьяасаа илүү хөгжүүлэхийг хүсдэг.
-Та оюутан ахуйдаа “Movie” гэж хамтлагтай байсан шүү дээ. Нэлээд олон уралдаанд амжилттай оролцсон санагдана. Харин одоо бүгд жүжигчин болж, мэргэжлээрээ ажиллаж яваа. Хамтлагийнхантайгаа холбоотой байдаг уу?
-Холбоотой байлгүй яах вэ. Нэг хамтлагт байсан Г.Дөлгөөн-Аюуштайгаа одоо УДЭТ-т хамт ажиллаж байна. Л.Гантулга маань “Тэртээх ертөнцийн хөгжимчин”, “Тютю” зэрэг дэлгэцийн бүтээлд тоглон, амжилттай явна. Б.Одбаяр маань гадаадад амьдарч байгаад саяхан эх орондоо ирсэн.
-СУИС-д элсэхдээ хэнээс давтлага авч, бэлдүүлэв. СУИС-ийнхан сойж бэлдсэнийг нь “уяач”, өөрийгөө сорих гэж бэлтгэж буйг нь “морь” гэж хочилдог шүү дээ.
-Манай Баянхонгорт “Тэмүүжин” театр гэж бий. Эл театрын уран бүтээл хариуцсан даргаар Б.Ганчимэг гэж багш ажилладаг юм. Би тэр хүнээр бэлдүүлсэн.
-Яагаад энэ мэргэжлийг сонгосон юм бэ. Уг нь дуучин болохоор зорьж байсан тухай тань сонссон юм байна.
-Дуучин болох бодлыг аав маань эргүүлчихсэн. Манай аав хөгжмийн зохиолч хүн л дээ. Дунд сургууль төгсөх үед аав надтай их нухацтай ярилцсан юм. “Амьдралын чинь шийдвэрлэх үе ирээд байна. Миний хүү ямар мэргэжил сонгосон бэ” гэхээр шууд л “Би дуучин болно” гээд хариулчихсан.
Гэтэл аав “Уг нь миний хүүд жүжигчин болох бүх л нөөц байгаа даа. Дуулахыг дагалдах авьяас болгоод хөгжүүлчихэж болно. Жүжигчин хүн угаас дуулах, бүжиглэх гээд бүхий л авьяасаа хөгжүүлэх шаардлагатай болдог юм. Энэ талаар бодоод үзээрэй” гэсэн.
Би ч хэсэг бодлоо, бас судаллаа. Тэгээд л өөрийгөө СУИС-д шалгуулахад болохгүй зүйлгүй юм гэж бодсон. Ингэж 2007 онд Ардын жүжигчин Б.Мөнхдорж багшийнхаа шавь болж байлаа.
-Оюутан байхдаа Б.Мөнхдорж багшийнхаа санаачилсан “Гацуурхан” театрт ажиллаж байсан гэл үү?
-Тийм. 10 хүний бүрэлдэхүүнтэй жижиг театр байлаа. Тэр үед “Анхны хайр хүрэх галт тэрэгний тасалбар”, “Алтан түлхүүрийн эрэлд”, “Чоно ба долоон ишиг” гэх мэтчилэн нэлээд хэдэн жүжигт тоглосон.
-УДЭТ-ын өндөр босгыг хэрхэн давав?
-СУИС-ийг төгсөх жил УДЭТ-ын 80 жилийн ой тохиож таарсан. Тэр үед театрын уран бүтээлчид “Тэнгэрийн хүү” жүжгийг найруулан тавьж, би аравтын баатруудын нэгэнд сонгогдсон юм.
Удалгүй театрынхан дагалдан жүжигчин авах тухай сонсож, шалгуулсан. Хоёр жил дагалдан жүжигчнээр ажиллаж байж жинхлэх шалгалт өгсөн. Ганцхан удаагийн шалгалтаар тэнцчихдэг юм биш шүү дээ.
Явцын шалгалт, дүрийн үнэлгээ гэх зэргээр үнэлүүлж байж жинхлэх шалгалтад орох, эсэхийг шийддэг. Би жинхлэх шалгалтаа “Солиотой” гэж жүжгээр өгч байлаа.
-Эл хамт олны нэг болох нь таны мөрөөдөл байв уу?
-Яг үнэндээ тийм. Жүжигчин мэргэжлийг сонгосон өдрөөсөө л УДЭТ-ын босгыг давахыг мөрөөдсөн. Б.Мөнхдорж багш маань театрын найруулагчаар 33 жил ажилласан. Ийм хүний шавь нь театрыг л мөрөөднө шүү дээ.
-Залуу насаа дэлгэцийн бүтээлд мөнхлөх нь нас ахисан хойно дурсах сайхан дурсамж юм даа. Гэтэл театрын жүжигчдэд тийм боломж хомс юм шиг. Ажлынхаа хажуугаар бусад студи, продакшны бүтээж буй кинонд тоглохыг театрын удирдлагууд хориглодог уу?
-Хүний хувийн зохион байгуулалтаас л шалтгаална шүү дээ. Ажлаа цалгардуулалгүй, амжуулж чадаж байвал яагаад болохгүй гэж. Театрын удирдлагууд ч үндсэн ажлаа орхигдуулахгүй байж чадна гэвэл зөвшөөрдөг.
-Тайзан дээр алдаа гаргаж үзээгүй жүжигчин үгүй байх. Гэхдээ тэр нь хожим дурсамж болоод үлддэг. Танд тийм хөгжилтэй дурсамж бий биз дээ?
-“Тэнгэрийн хүү” жүжигт аравтын баатрууд нэгэн зэрэг “Хүн, хүн, хүн” гэж ухайлдаг хэсэг байдаг. Яг л гурван удаа энэ үгийг хэлдэг. Олуулаа хэлэхээр их сүрлэг сонсогдоно. Гэтэл нэг тоглолт дээр би ганцаархнаа нөгөө хэдээсээ зөрөөд орилчихсон.
Ганцаараа хэлэхээр ямар л олигтой сонсогдох вэ дээ. Тайзан дээр байсан жүжигчид шоолж инээж буй нь мэдэгдээд, би их эвгүй байдалд орсон шүү.
-Та хаана төрж, өссөн бэ?
-Би хотод төрж өссөн. III хороололд өссөн дөө. 77 дугаар дунд сургуулийг төгссөн.
-Аав, ээж тань аль нутгийнх вэ. Та айлын хэд дэх хүүхэд вэ?
-Хоёулаа Баянхонгорынх. Би айлын бага хүү. Дээрээ ах, эгчтэй. Миний аав Т.Ганболд гэж хөгжмийн зохиолч хүн бий. Цэргийн ансамбльд ажиллаж байлаа. Одоо Хил хамгаалах ерөнхий газарт ажилладаг. Ээжийг минь А.Амарбаясгалан гэдэг. ОХУ-д ажиллаж, амьдардаг.
-Айлын бага гэхээр танхи гэдэг үг эрхгүй санагддаг. Та хэр эрхэлж өсөв?
-Үгүй ээ, их хэрсүү хүүхэд байсан.
-Таны хань Г.Номуун мөн л жүжигчин. Өдгөө УДЭТ-т ажиллаж буй. Анх хэрхэн танилцсан бэ?
-СУИС-д сурч байхдаа л танилцсан. Намайг төгсөх дамжаанд байхад манай хүн хоёрдугаар дамжаа байсан юм. Анх оюутан болоод манай сургуульд орж ирэхэд нь л дурласан. Гэтэл өнөөдөр тэр сайхан бүсгүй миний гэргий, хүүгийн минь ээж болчихсон байна.
-Өдөр нь ажил дээрээ, орой нь гэртээ хамт байдаг гэхээр атаархмаар юм. Нэг гэр бүлийнхэн ижил мэргэжилтэй байх нь ямар давуу талтай вэ?
-Яг үнэндээ амаргүй. Хоёул хоёулаа уран бүтээл, ажил гээд явчихаар ар гэр орхигдох нь энүүхэнд. Гэхдээ хоёр талын аав, ээжүүд бидний ажлыг маш сайн ойлгодог учраас бид сэтгэл амар ажлаа хийж явна. Нэгнээ ойлгох, мэргэжлийн зөвлөгөө өгөх гээд давуу талууд ч бий.
-Эхнэртэйгээ кинонд тоглосон уу. Жүжгийн гол дүрүүдэд хамт тогловол гоё, тийм ээ?
-Сүүлийн жилүүдэд нэг хүний жүжигт өөрсдийгөө сорьж үзлээ. Хань минь Нина Мазурын “Хатагтай Капулетти” жүжгээр энэ жил “Гэгээн Муза” наадмын нэг хүний жүжгийн төрөлд шилдэг эмэгтэй жүжигчнээр шалгарсан. Одоохондоо хамт кинонд тоглоогүй.
Манай театрт дээхнэ үед Б.Мөнхдорж багш “Мануухай” гэж жүжиг найруулсан юм билээ. Гурван гэр бүлийн тухай өгүүлдэг жүжиг. Уг жүжигт Ардын жүжигчин П.Цэрэндагва, А.Мэндбаяр, С.Сарантуяа, Гавьяат жүжигчин О.Бат-Өлзий, Б.Жаргалсайхан, Г.Урнаа зэрэг манай театрын хосууд тоглосон юм билээ. Хэзээ нэгэн цагт эл жүжигт эхнэртэйгээ хамт тоглохыг хүсдэг.
-Нээрэн, та олон жил урт үстэй явлаа. Энэ нь ч бүр стиль имиж болчихож. Түүхэн дүрд тоглохоор хорхойсоод л ургуулаад байгаа юм уу?
-Оюутан байхаасаа л урт үстэй байлаа. Кинонд тоглохдоо бага зэрэг тайруулаад аргалчихдаг юм. Одоо өөрийгөө халимаг үстэйгээр төсөөлж ч чадахаа больж. Гэзгээ авахуулна гэхээр санаанд багтахгүй байгаа.
-Жүжгийн бэлтгэл, сургуулилалт, тоглолтынхоо хажуугаар өөртөө чөлөөт цаг хэр гаргадаг вэ. Тэр үедээ юу хийх дуртай вэ?
-Чөлөөт цаг их хомс. Амарсан үедээ аль болох гэр бүлийнхэнтэйгээ байх дуртай. Бас аялах дуртай. Зун болгон эхнэр, хүүхдээ аваад Баянхонгорт очиж амардаг.
-Спортоор хичээллэдэг үү. Сүүлийн үед залуус фитнес, бодибилдингээр их хичээллэдэг болж.
-Эрүүл мэнддээ анхаарах үүднээс л фитнесээр хичээллэдэг. Бас сагс тоглох дуртай. Спортод эвсэлтэй гэж боддог шүү.
-Та хэр мөрөөдөмтгий хүн бэ?
-Мөрөөддөг шүү. Би их азтай. Миний мөрөөдлүүд дандаа биелдэг.
-Ямар ямар мөрөөдөл тань биелсэн гэж?
-Би дурласан бүсгүйгээ эхнэрээ болгохыг мөрөөдсөн, биелсэн. Дараа нь яаж ийж байгаад УДЭТ-д орох юм сан гэж мөрөөдсөн. Бас л биелсэн. Анхны хүүхдээ хүү байгаасай гэж мөрөөддөг байлаа. Мөн л биелж, хань минь надад хүү төрүүлж өгсөн.
УДЭТ-д орчихоод гоё жүжигт тоглохыг мөрөөдсөн. Гэтэл би “Ромео, Жульетта” жүжгийн Тибальтийн дүрд тоглолоо. Азтай гэхээс аргагүй байгаа биз.
-Тэгвэл та яг одоо юу мөрөөдөж байна вэ?
-Би мөрөөдлөө хүнд хэлэх дургүй. Хэлчихээр биелэхгүй юм шиг санагддаг.
-Та хэр олон найзтай вэ. Танил, найз, анд ямар ялгаатай юм бол?
-Дунд сургуулийн, оюутан цагийн, ажлын гээд олон найзтай. Анд байх гэдэг тийм амар биш. Цаг хугацаа, зовлон бэрхшээлийн шалгуур давж итгэлцэж байж л миний анд болно доо.
-“Зуун төгрөгтэй явснаас зуун найзтай яв” гэж үг бий. Гэтэл орчин үед найз чанартай цөөхөн байсан нь дээр ч гэдэг болчихож. Та алинтай нь санал нийлдэг вэ?
-Би олон танилтай ч, чанартай цөөхөн найзтай, тэднийгээ итгэл даах анд байгаасай гэж хүсдэг.
-Та найзууддаа тийм анд нь байж чаддаг уу?
-Хичээдэг. Дотнын найзууд маань намайг ямар хүн бэ гэдгийг хэлэх байх.
-Жүжигчин мэргэжилтэй юм чинь кино үзэж, жүжигчдийн ур чадвараас суралцахыг хичээдэг байх. Та ямар төрлийн кинонд дуртай вэ?
-Би Монголынхоо хуучны, алтан үеийн уран бүтээлчдийн бүтээлүүдийг үзэх дуртай. Хэд ч үзээд уйдамгүй бүтээлүүд бий шүү. Хуучны кинонуудыг үзэхээр цаг хугацаагаар аялж буй мэт мэдрэмж төрдөг.
-Хэрэв танд цаг хугацаагаар аялж, алтан үеийн хүссэн киноныхоо ямар ч дүрд тоглох боломж олдлоо гэж бодъё. Тэгвэл та энэ боломжийг хэрхэн ашиглах вэ?
-Үнэхээр тийм боломж гарвал ашиглалгүй яах вэ дээ. Тэгвэл би Ч.Лодойдамбын “Тунгалаг Тамир” киноны цахиур Төмөрийн дүрд тоглоно. Ер нь нэг тиймэрхүү шилийн сайн эрийн дүрд тоглохыг мөрөөддөг.
Эсвэл “Мандухай сэцэн хатан” киноны Батмөнх даян хааны дүрд тоглоно. Нээрэн, би заримдаа их сонин сонин юм төсөөлдөг. Нэг удаа би өөр хүний биед орвол яах бол гээд бодсон. Хэний биед орох вэ, тэгвэл юу хийх вэ гээд л.
Хэрэв тийм боломж гарвал ээжийнхээ биед шингэж үзэхийг их хүссэн. Бидний төлөө өөрийгөө элгээ эмтэлж, санаа зовнидог ээжийнхээ дотор орж үзвэл их сонин байх.
-Багаасаа дуулах сонирхолтой, хөгжимд дуртай байсан гэсэн. Танд дуу сонсоод уйлж байсан тохиолдол бий юү?
-Байлгүй яах вэ. Би ер нь их өр зөөлөнтэй хүн шүү дээ. Сайхан кино үзээд, хөгжим сонсоод уярна. Заримдаа жүжгийн эмгэнэлт хэсэгт тоглох үед дүрдээ ороод уйлах үе ч бий.
-Өөрийгөө дуутай зүйрлээч гэвэл та ямар дуу нэрлэх вэ?
-“Долоон бурхан харвадаггүй” киноны “Би Монгол хүн” гэж дууг Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар дуулсан байдаг шүү дээ. Тэр дуутай л зүйрлэнэ дээ.
-Та хэр түргэн ууртай вэ. Уурлахаараа ямар араншин гаргадаг вэ?
-Их түргэн уурлаад, дорхноо тайвширчихдаг. Уурлахаараа дуугаа хураачихдаг. Бүр тэсэртлээ уурласан үедээ уйлчихдаг. Тэгээд л тайвширдаг.
-Уурласан үедээ хүнтэй нударга зөрүүлж байв уу. Хамгийн сүүлд хэзээ зодолдсоноо санаж байна уу?
-Оюутан байхдаа л хүнтэй муудалцаж, ганц нэг цохилцсон санагдаж байна. Тэрнээс хойш тэгтлээ хүнтэй муудалцаагүй. Нээрэн, хамгийн сүүлд хэдхэн хоногийн өмнө тайзан дээр зодолдсон юм байна.
“Ромео, Жульетта” жүжигт Тибальтийн Ромео, Меркуцио нартай тулалддаг хэсэг байдаг даа. Энэ чинь мөн л нударга зөрүүлэх биз дээ.
-Бусдаас бэлэг авах дуртай юу. Таны амьдралдаа авсан хамгийн үнэтэй, сайхан бэлэг юу вэ?
-Бэлэг авах дургүй хүн гэж байх уу. Хүн сэтгэл гаргаад өгч байхад баярлаад л авна шүү дээ. Миний авсан хамгийн том бэлэг хүү минь.
-Та хэдэн настайдаа аав болсон бэ. Аав болоход ямар мэдрэмж төрдөг бол?
-Би 25 настайдаа аав болсон. Нэг л сонин мэдрэмж төрдөг юм билээ. Зарим аавууд төрөх эмнэлгийн гадаа найзууд, гэр бүлийнхэнтэйгээ догдлоод л хүлээдэг шүү дээ. Би тэгээгүй. Эхнэрээ өвдөж эхлэхээс хүүгээ төрүүлэх хүртэл хамт байсан.
Өвдөж эхлэхэд нь баавгайн савраар гэдсийг нь илээд л, тусалж чадах бүх зүйлээрээ дэм болохыг хүссэн. Хүүгээ анх харахад их сонин мэдрэмж төрсөн. Нөгөө тэр гэхийн тэмдэггүй гэдэг шиг үгээр илэрхийлэх аргагүй сайхан мэдрэмж.
-Хэзээ бүл нэмэх вэ. Хэдэн хүүхэдтэй болохыг хүсдэг вэ?
-Өнөр өтгөн айл болохыг л хүсдэг. Санаагаар болдог бол хоёр хүү, хоёр охинтой болчихмоор л байна.
-Жүжигчин хүнд бодит амьдрал дээр жүжиглэх шаардлага гардаг уу?
-Би үүнд ёстой дургүй. Хүнд худал хэлж, баг зүүж, жүжиглэж яах юм бэ. Би хэлье гэснээ, бодсон санаснаа шууд хэлчихдэг зантай. Энэ зангаасаа болж буруудах үе ч бий. Гэхдээ тоодоггүй. Үнэн юм үнэнээрээ сайхан гэдэг дээ.
-Та сугалаа сугалж үзсэн үү. Хэр одтой бол?
-Үзсэн. Гэхдээ хонжвор таарч байгаагүй.
-Сугалаанаас асар их мөнгө хожвол юунд зарцуулах вэ?
-Үр хүүхдүүдээ харуулдаж суугаа ахмадын асрамжийн газрын настнуудыг харахаар сэтгэл шимшрээд байдаг юм. Бас хорвоод хайрлуулах гэж ирчихээд эцэг эхдээ гологдсон хүүхдүүд. Тэгэхээр тийм их мөнгөтэй болбол тэдэнд дэм болохуйц л буяны ажил хийнэ дээ. Мөнгө үлдвэл аялна.