Морин хуурын чуулгын удирдаач Д.Түвшинсайхан, дуучин Д.Жавхаасайхан нарын ээж Ж.Мягмарсүрэнтэй ярилцлаа.
-Таныг холбоочин гэж дуулсан. Мэргэжлийн тань сайхан хийгээд хамгийн хэцүү нь юу вэ. Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Би Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн. Дунд сургуулиа дүүргээд Төмөр замын техникумд элсэж, 1970 онд холбоочин мэргэжлээр төгссөн. Дундговь аймагт хуваарилагдаж ажиллахдаа нутгийнхаа залуутай танилцаж, гэр бүл болсон юм. Өвөрхангайдаа мэргэжлээрээ ажилласаар тэтгэвэртээ гарлаа.
Холыг ойртуулж, хоёрыг уулзуулдаг их сайхан мэргэжил. 24 цаг ажилладаг ээлжийн техникч учир зарим шөнө нойрмоглож, цахилгаанд цохиулах тохиолдол ч байлаа. Одооны холбоочдын ажил биднийхийг бодвол их хөнгөн, жаргалтай харагддаг. Кабелын шугам татах гэж нүх ухах л их хэцүү санагддаг байсан даа.
Би дөрвөн хүү, нэг охинтой. Том хүү Д.Гурвансайхан лам, Д.Түвшинсайхан Морин хуурын чуулгын удирдаач, Д.Жавхаасайхан уртын дуучин, Д.Цогжавхлан гагнуурчин, охин Д.Золзаяа “Гоё” тарагны үйлдвэрт менежерээр ажилладаг. Том хүү аравдугаар ангиа төгсөөд МУИС-ийн төвд хэлний ангид шалгалт өгөөд алтан медальтай хүүхдэд нэг оноогоор ялагдсан.
Тэгээд лам болно гэж Өвөрхангайн хийдэд хэдэн жил суугаад “Бурхан шашны дээд сургууль”-д сурсан. Тэндээ багшилж байгаад Энэтхэг яваад 10 гаруй жил боллоо. Бага хүү Цогжавхлан Хөгжим бүжгийн коллежид суралцсан ч зах зээлийн үед янз бүрийн ажил эрхэлж, БНСУ-д хэдэн жил ажиллаад өдгөө гагнуурчин болсон.
Ардын жүжигчин, Морин хуурын чуулгын удирдаач асан Ц.Батчулуун уг нь түүнийг их тоож, чуулгадаа авъя гэдэг байсан юм. “Тийм сайхан газар ажиллахгүй зовлогоо зовоож явах юм даа” гэж хааяа би үглэдэг. Охин минь одоо нярайлах гэж байгаа.
-Д.Түвшинсайхан гэрээсээ хол гээд Хөгжим бүжгийн коллежид орох дургүй байсан гэдэг.
-Хань минь ойр зуурын хөгжим тоглодог, урлаг, уран сайханд дуртай хүн байсан. Аймгийн Хөгжимт драмын театрын найрал дууны багш Жаргалсайхантай нэг ангийн найзууд. Тэр л Хөгжим бүжгийн коллежийнхон хүүхэд шалгаж байгаа тухай хэлсэн бололтой, Түвшинсайханыг аав нь аваачиж шалгуулсан.
Анхандаа гэрээсээ хол байх нь хэцүү байгаа бололтой, утсаар ярихаар дуугаа хураачихдаг сан. Миний хүү юу захих вэ гэтэл “Хуушуур” гэсэн. Тэгээд нэг удаа онгоцоор хуушуур явуулж байлаа.
-Ах нь морин хуурч болсон нь Д.Жавхаасайханыг уртын дуучин болоход нөлөөлсөн үү?
-Ээжийнхээ гар хөлийн үзүүрт заруулахаар хөвгүүдийнхээ нэгийг мал дээр гаргах болсон. Манай аймгийн дуучин Сумъяа Жавхаагийн анхны багш. Дунд сургуульд байхдаа Жавхаа уртын дууны уралдаанд байр эзэлж, “Найрамдал” зусланд амарч байсан. Түүнээс хойш л дуулах дуртай болсон.
Сумъяа багш “Энэ хүүхдийг та нар ер тоохгүй юм. Наад хүүхдэд чинь нэг л юм байна даа” гэж талийгаачид хэлсэн байна лээ. Нэгэнт хөдөө гарсан хүүхдийн сэтгэл санааг үймүүлж яах вэ гээд бид тоолгүй өнгөрсөн. Гэтэл айлын найранд их л сайхан дуулдаг сураг дуулдсан.
Д.Түвшинсайханаар дамжуулж нөхөр маань Ц.Батчулуунтай нөхөрлөсөн юм. Түүнд “Манай нутагт хуурын дуу сонсгооч” гэж хэлж байсан удаатай. Ханийг минь өнгөрөхөд тэрбээр Японд байж таарсан. Хожим нөхрийнхөө гэрээслэлийг биелүүлнэ гээд чуулгынхантайгаа манай нутагт очсон.
Тэр үед Жавхаасайханы дуулахыг сонсоод “Зөв хоолойтой хүү байна. Норовбанзад, Хайдав багшид шалгуулж үзье” гэсэн. Эцгээ өнгөрснөөс хойш морь малын наймаа хийн танхайдуу байсан түүнийг ах нартай нь ярилцаад хот явуулсан юм.
-Тэднийг хүмүүжүүлэхдээ ямар арга хэрэглэдэг байв?
-Хамгийн бага нь эмэгтэй учир хөвгүүд маань гэрийн ажилд их сайн. Ажлаа тараад очиход гэрээ цэвэрлэж, хоолоо хийчихсэн угтаад “Жавхаа ахлагчтай хоолны бригад хэр ажиллаж вэ” гээд л шалгаана. Аав нь цагдаа болохоор ингэж, тэгж болохгүй гэж командалж, хөвгүүдээ даруулгатай өсгөсөн.
Ямар сайндаа Жавхаа нэг удаа аавдаа хичээлээ шалгуулаад аашлуулж байтал Түвшээ “Зод, зод. Бид зодохоор сайн сурдаг шүү дээ” гэж билээ. Ааваасаа их айж, зарим хэлэх юмаа хүртэл надаар дамжуулж байж ойлгуулдаг байлаа. Эцгээсээ хойш намайг зовоосонгүй. Миний эдэнд хүргэсэн тус ч гэж юу байх вэ дээ.
Зун амрахад нь ээж гэж зорьж очих, утаа гаргаад хүлээж суух хүн нь л байх юм даа. Ноднин бие минь жаахан муудсанаас хойш аймагт өвөлжүүлэхгүй гээд эд хотод авчирсан. Би 98 настай ижийтэйгээ амьдардаг юм. Хотод жаргалтай сайхан ч илжиг модон хударгандаа гэгчээр хавар болохоор гэр рүүгээ явна даа.
-Мөрдөн байцаагчийн гэргий байх хэцүү юү?
-Заримдаа хамаг хувцсаа цус нөж болгож ирнэ. Цаг наргүй ажилладаг тул би энэ таван хүүхдээ чирээд л ажил руугаа явдаг сан. Шөнө ээлжтэй үед ажлынхаа шалан дээр хонуулаад л өглөө цэцэрлэгт нь хүргэж өгнө. Хүүхэд гаргаснаас 45 хоногийн дараа ажилдаа ордог байлаа.
Хүүхдүүд маань хоорондоо хоёр насны зөрүүтэй тул их гэдэстэй болоход түрүүч нь хөлд ордог байлаа. Тэднийгээ өвдөхгүй л бол ажлаасаа чөлөө авна гэж ер байхгүй.
Одооны хүүхдүүд яасан ч гараас гардаггүй, өсгөхөд хэцүү болчихсон юм бэ дээ гэж ач зээгээ хараад боддог. Гэхдээ живх хийгээд л, халуун устай газар амар ч юм аа даа. Бидний үеийнхэн шөнө хүүхдээ хуурайлах даавуугаа бүлээн байлгах гэж дэвсгэр дороо хийж унтдаг байлаа.
-Хүүхдүүдийнхээ багын хөгтэй явдлаас хуваалцахгүй юү?
-Жавхааг хоёр настайд нь өвөртөлж унтаж байтал хамар нь битүүрсэн бололтой, нэг л биш ээ. Хамар руу нь гэрэл тусгаад хартал бүр цаана чулуу цухуйж байсан. Ингэж шөнө дунд түргэн дуудаж, намайг нэг сандаргаж билээ, тэр золиг.
Цагаан сараар хөдөөний айлууд хар чавгаар бараашиг их исгэнэ ээ. Д.Гурвансайхан, Д.Түвшинсайхан хоёр хадам аавынд очиж хоносон юм. Аав “Унт” гэж чанга дуугарч л дээ. Буурай аав нь зэмлэнэ гэж айгаад тэд ширээн дээр байсан бараашгийг ууж чадалгүй орондоо орсон гэнэ.
Тэрийг л уух сан гэж хорхой нь хүрээд нойр нь хүрээгүй юм байх. Түвшээ шөнө дунд мөлхөж бараашгаа хүд хүд хийтэл залгиад Ува (Гурвансайхан) уух уу гэж шивнэхэд өнөөх нь ааваас айгаад “Үгүй, үгүй” гэсэн байна. Тэгснээ ууж дуусгаад “Ува чавга авах уу” гэхэд өнөөх нь идмээр байсан ч “Үгүй, үгүй” гэсэн тухай их ярьдаг. Түвшээ бараашганд их дуртай. Одоо ч “Ээж бараашиг исгэхгүй юм уу” гэдэг.
-Д.Жавхаасайхан багаасаа л хурдан морь сонирхдог байсан уу?
-Зун морь уяад л хөдөөгүүр давхичихна. Даага уяж, тэр нь наадамд дээгүүрт давхисан гээд онгироод л байсан. Бусдын хүүхдийг гуйж морь унуулж янз бүрийн эрсдэлд оруулах вий гэж лам ах нь болгоомжилдог юм. Ахаасаа нуугаад л “Увад битгий хэлээрэй” гэнэ.
-Бурхны сургаальд нэвтэрсэн болохоор том ах нь дүү нартаа номлоно биз?
-Дүү нараасаа ч илүү даруухан. Тэгсэн хэрнээ эд нар ахыгаа үзэхээр ухаан алдчихна. Ямар сайндаа нэг удаа том ах нь намайг Энэтхэгт аваачиж, Жавхаасайхан гэрт хүргэхээр араас ирсэн. Бид Дармсалад Далай багшид мөргөхдөө Ловон Бадамжунай бурхны төрсөн нутгийн нуурыг үзэхээр явсан.
Шатаар явах болж, Жавхаа намайг үүрч өгссөн юм. Тэгтэл нүднээс нь гал бутарч, амьсгаа нь давхцаад жигтэйхэн болохоор нь би “Тамхины чинь мэнгэр” гэсэн. Жавхаа “Үүрээд гарахад баярлалаа гэлгүй, харин ч ахад матлаа” гэж байна. Тамхи татдагаа хүртэл ахаасаа нуудаг.
-Д.Гурвансайхан даяанчилж байсан юм билээ. Тэгэхэд таны санаа их зовсон уу?
-Бурхны номонд тийм шалгуур давах ёс байдаг юм гэнэ лээ. Анх хоёр найзтайгаа Өвөрхангайгаас Улаанбаатар хүртэл даяанчилсан. Гурвуулаа явбал гутамшиг, ганцаараа бол гайхамшиг байдаг гээд хойтон хавар нь дахин даяанчилсан.
Нутгаасаа Улаанбаатар хүртэл явган явахдаа үхээрийн газрын янз бүрийн юмыг уншлага тарниараа дарж, 108 булаг, шанд тахисан юм билээ. Газраас нэг тохой өндрөөс илүү хөндийрч болдоггүй тул морь унахгүй, айлд ч орохгүй. Цасан шуурга тавихаар “Муу хүү минь яасан бол” гэж санаа зовдог байсан.
Өглөө сэрэхэд дах нь цан болчихсон байдаг гэсэн. Тэгэхээр нь жодгор майхнаа тойрч гүйгээд дулаацдаг. “Хот ороход үүргэвчний ар, дээлний мөр цоорч, хөлнөөс гутлын ул шиг зузаан арьс гуужсан” гэж байсан.
-Нэг нь морин хуурдаж нөгөө нь уртын дуу дуулах мөч танайд хэр олон тохиолддог вэ?
-Манайд зочид ирж шуугилдахад аав нь энэ хоёрыг “Дуул, хуурд” гэдэг сэн. “Их хурд” уралдаан манай нутагт болоход хашаагаар дүүрэн майхан савтай улс бууж хэд хоносон. Тэгэхэд Түвшинсайханы морин хуурын дөрвөл очсон юм. “Тэгээд л хөгжимд, хөгжимд гэх юм. Баарны хөгжим биш дээ” гээд л Түвшээ аавдаа хэлж чадахгүйгээ надад ярина.
Өнгөрсөн зун ээжийн минь талынхны ургийн баяр болж, Түвшээ хуурдаж, Жавхаа дуулсан. Хүүхдүүдээ дуулж, хуурдахыг эцэг нь харсан бол яаж онгирч байгаа бол доо гэж боддог. Өнгөрсөн жил “Аргагүй амраг” тоглолтын үеэр хөтлөгч “Удирдаач Д.Түвшинсайхан, дуучин Жавхаасайхан” гэж зарлахад огшиж л суулаа.
-“Амьдрал ямар хэцүү юм бэ” гэж хэзээ хамгийн их бодож байв. Та хүүхдүүдийнхээ аавыг хорвоог орхиход юунаас хүч авсан бэ?
-Хэдэн хүүхдийнхээ төлөө ажиллаж, тэднийг сэтгэл амар байлгасан минь л сэтгэлийн тэнхээ өгсөн дөө. Аавыг нь өөд болоход том хүү “Шашны дээд сургууль”-д, охин аравдугаар ангид байсан. Нэг хэсэг манайх гурван оюутантай болоход мөнгө хураагаагүй надад нэлээд хүнд байсан.
Урд хормойгоороо хойтохоо нөхөж явсаар нэг юм хоолонд нь хүргэсэн. Гутаж, гуних зүйл тохиолдоход “Өвчингүй л бол боллоо” гэж боддог.
-Та хүүхдүүддээ юу гэж зөвлөдөг вэ?
-Залуу байхад цөөн хүүхэдтэй нь жаргалтай сайхан харагдаж байгаа боловч өтлөхийн цагт үр шиг хэрэгтэй хүн байхгүй гэж захидаг. Би ямар баян цатгалан явсан биш. Цалингаас цалингийн хооронд амьдарсан болохоор “Боломж байвал эртхэн хүүхдүүдийнхээ нэр дээр тав, арван цаас цааш нь хийж байгаарай даа” гэдэг. Одооны гэр бүлүүд үнэтэй орон сууцны араас хөөцөлдөж, мөнгийг нь арайхийж төлж дуусаж байтал мажийх болох юм байна шүү дээ.