Ан амьтдаа хамгаалах талаар үе үе мэдээлэл хийж, хүчтэй дуугардаг, Монголын мэргэжлийн анчдын холбооны тэргүүн Д.Гэрэлийг олон нийт Хурцаа гэдэг нэрээр нь илүү мэднэ.
Айлд өргүүлж Гэрэл болсон, тэр нь албан ёсны баримт бичиг дээр үлдсэн ч багын нэр Хурцаадаа дуртай болохоо тэрбээр цөөнгүй ярьсан байдаг. “Анчин хэрнээ байгаль хамгаалах талаар худал ярьдаг”, “Байгаль орчны төлөө үнэнчээр зүтгэдэг” гэх шүүмжлэл, магтаалын аль алиныг хангалттай хүртсэн түүнтэй анчин хүний үзэл, ёс жудгийн талаар нь ярилцаж, ан амьтнаа хамгаалах талаар бид хэрхэх талаар бодлыг нь цухас хуваалцсан юм.
-Гадаадынхан манай ховор амьтдыг хууль бусаар агнаж байгаа талаар Та саяхан нэлээд ширүүн мэдэгдэл хийлээ. Гэсэн ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байх шиг санагдана.
-Гадаадынхан, ялангуяа арабуудад шонхор барих зөвшөөрөл хууль бусаар өгчихөөд байна. Гэтэл шонхор барихаар, агнахаар ирсэн гадаадынхан бусад ан амьтныг хядчихдаг. Мөрөөрөө шонхроо бариад явчихгүй, нэн ховор жороо тоодог, угалзыг хэд хэдээр нь агнадаг. Ийм байхад гөрөөчин хүний уур хүрч уушги нь сагсайхгүй гэж үү.
Үр дүнд хүрэхгүй байсан ч хамаагүй ярихаа зогсоож болохгүй, гурван үеийн гөрөөчин хүний хувьд би жудгаа бодож байна. Дуугүй байвал хүлээн зөвшөөрсөн болчихно. Ан, ус, ой бүгд төрийн өмч мөн бөгөөд ард түмний мэдэлд байна гэж Үндсэн хуульд заасан.
Хотонд орсон хонийг минь хулгайч авчихлаа гэж сүйд болдог мөртлөө өвөг дээдсээс үлдээсэн ан амьтдад ширүүн хандахад яагаад чимээгүй байгаад байна вэ.
-Таныг ашиг сонирхлын зөрчилтэй, анчин хүн гэх юм.
-Ашиглаж байгаа бол хамгаалах л ёстой учир 2008 онд Мэргэжлийн анчдын холбоог байгуулсан. Удмаараа гөрөөчин, бас байгалиа ч хамгаалдаг жудагтай хүмүүстэй нэгдэж, дундаасаа 130 сая төгрөг гаргасан юм. Ингээд байгаль хамгаалах иргэдийг урамшуулж, цаашид тогтмолжуул гэж ан бүхий 17-18 суманд тус бүр нэг сая төгрөг өгсөн.
Мөн угалзтай дөрвөн аймгийн агнуурын бүх амьтныг тоолсон. Энэ тооллогын дүнд жилд 20 угалз л агнаж болох тооцоо гаргаж байлаа. Юу ч үлдээхгүй агнасан ч яадаг юм, энэ амьтан хэрэггүй гэж шунадаг хүн олширчээ. Бидэнд ч шунал бий. Гэхдээ тэр нь зөв шунал буюу ан амьтдаа устгалгүй, өсгөн үржүүлж, хойч үедээ үлдээх сэтгэл.
“Олзонд нүд аниж сурч байж хөх төмөр хөндлөн үүр” гэсэн гөрөөчдийн захиас бий. Үүний дагуу цөөн тооны, өтөлж, өвгөрснөөс нь, өөрийнхөө хэрэгцээнд тохируулж агнаж болно.
Идэш ууш бэлдэх цаг болоогүй, намрын хүнд үед ганц цагаан зээр гөрөөллөө гэхэд түүнийгээ айл хотлоороо хуваагаад идчихдэг уламжлалтай. Үүнийг гөрөөчид хишиг түгээх гэж ярьдаг. Гөрөөлсөн л бол чи заавал хишиг түгээх ёстой.
-Анчин гэхээр л алж устгадаг гэж олон хүн ойлгодог. Харин монголчууд өвөг дээдсээсээ ангийн өөр соёл, уламжлалтай байжээ?
-Гөрөөчид байгаль, ан амьтнаа хамгаалдаг байсан юм. Нотлох баримт ч бий. Хайсанхүлэг хаан гантай зун “Өвөл зуд болох магадлалтай байна” гээд ард иргэдийг дураар мод түлээгээ бэлдэх, ан гөрөө хийхийг зөвшөөрсөн зарлиг гаргаад гөрөөчдийн ахлагч нарт хүргүүлж байжээ.
Нэг талаас Монгол орон ган, зудтай хэцүүдсэн үедээ байгальдаа ханддаг байсны жишээ. Нөгөө талаас гөрөөчид ан амьтнаа хамгаалдаг байсныг нотолж буй. Тиймээс л зарлигаа гөрөөчдийн ахлагчдад хүргүүлжээ. Гөрөөчид бид эртнээс байгаль, газар орноо хамгаалсан. Ингэхдээ газар нутгаа тасалж хуваагаад “Чи үүнийг хамгаал” гэхгүй, хараа гүйцэх газраа хамгаалдаг байсан.
Гэтэл энэ өв уламжлал тасарчихлаа. Социализмын үед нэг суманд ганцхан ойн цагдаа байсан хэрнээ, нутаг дэвсгэрийнхээ байгаль, ан амьтныг бүхэлд нь харж чаддаг байсан. Гөрөөчид, иргэдтэй хамтардаг байсан учраас тэр юм. Энэ бол бичигдээгүй хууль.
Одоо бол ойн цагдаа гэдэг нэрийг хаяж, нэг суманд багадаа 4-5, зарим газарт 10 орчим байгаль хамгаалагч ажиллуулдаг болжээ. Тэгсэн хэрнээ байгаль орчноо хамгаалж чадахгүй байна. Өнөөх өв уламжлал чинь алдагдаж, иргэн, гөрөөч хүнийг байгаль хамгаалагч гэж үзэхээ больчихсон учраас тэр. Энэ бол бодлогын маш том алдаа.
-Гөрөөчдийн ёс жудагт юу юу хамаардаг вэ?
-Олзонд нүд аниж сурахыг хэлж байгаа юм. Чи тарваганд явж байгаа бол өөр ямар ч амьтан таарсан агнахгүй. Бас нэг зарчим нь амьтан зовоохгүй, дэргэд нь шахуу очиж байж буудах. Одоогийнх шиг автоматаар, олон сумаар галлахгүй. Автомат буу анд биш, дайнд зориулагдсан. Үргээлгээр таван гахай өнгөрөхөд автомат буутай хүн тавууланг нь алах гэж зүтгэнэ, шунал төрнө.
Гэхдээ шуналаасаа болоод онож буудаж чаддаггүй. Тэнгэр чамд хайрлахаа л хайрладаг болохоос шуналын чинь хэмжээгээр өгдөггүй гэдэгт гөрөөчид итгэдэг. Чи гөрөөчин учраас нэгийг идчихээд 10-ыг хамгаалах үүрэгтэй гэдгийг залуус ойлгох учиртай.
Чиний хотод байгаа хонь биш болохоор заавал өсгөж үржүүлэх албагүй л дээ. Харин өсгөж үржүүлэх боломжоор нь хангахын тулд хэрэгцээнээс илүүг агнахгүй, үр төлийг нь хамгаалах үүрэгтэй юм.
“Чи хаана гөрөөлөв” гэхээр одооны залуус би тийш явж, төдөн чоно авлаад ирлээ гэдэг. Хүнээс өрөө аваад ирсэн хүн шиг ярьж байгаа биз. Адаглаад буудлаа, аллаа гэж биш, гох мулталлаа гэж ярина. Ангийн сум онож уу, үгүй юү гэдгийг тээглэх гэнэ.
-Үг яриа нь ч утга учиртай, жудгийн нэг хэлбэр байх нь ээ?
-Гөрөөч хүн муу үг хэлэх ёсгүй. Анчин биш, гөрөөчин гэж ярьдаг номтой. Ан, анчин гэдэг нь сүүлд гарсан үг. Хүн төрөлхтөн зэрлэг амьтныг гаршуулаад мал, байгальдаа үлдсэнийг нь гөрөөс гэж нэрлэжээ. Энэ үгнээс гөрөөлөх, гөрөөч гэдэг үг үүсчээ. Гөрөөлнө гэдэг нь алж агнаад бай гэсэн үг биш.
Чи гөрөөлснөөрөө хаана, ямар амьтан өсөж бойжиж байгааг, дараа жил хаана гөрөөлж болохыг тогтоодог. Муу хүнд газар бүү үзүүл, мухар үхэрт худаг бүү үзүүл гэдэг дээ. Хүн бүрт газар усны нэрийг хэлдэггүй. Ялангуяа одоогийн энэ ороо бусгаа цагт огт хэлж болохгүй. Энэ хууль биш, жудаг юм.
Гөрөөчид ангаа ачих биш, хувцаслана гэж ярина. “Таван тэмээг дан бодонгоор хувцаслачихлаа” гэх нь. Яг хэдэн тонн мах бэлтгэх төлөвлөгөөтэй байна түүнийгээ агнаад л буцна.
-Танаас өмнөх үеийн гөрөөчид жудгаа алдаж, харамссан тухайгаа ярьж, сургаж байв уу?
-Эх орны дайны үед л ганц жудгаа алдсан гэдэг юм. Сайд нарын зөвлөлийн тогтоолын дагуу агнасан. Бүр винтов буу тавьж өгсөн гэсэн. Төлөвлөгөөгөө биелүүлэхийн тулд янз бүрийн арга хэрэглэсэндээ гэмшиж, их муухай зүйл хийсэн дээ гэж харамсдаг.
-Та социализмын үеийн анчин хүн. Улсын төлөвлөгөөг биелүүлэхийн тулд харамсмаар үйлдэл хийв үү?
-Хэдэн залуу дагуулж, хоёр баавгай агнах зөвшөөрөл аваад гөрөөлөхөөр явлаа. Агнаад хаячихдаггүй, бүгдийг нь ашиглахын тулд арьс үс, ашиг шимийг нь бодно, заазлах журмаар өтөлж өвгөрснийг нь харна. Ингээд нэг том баавгай гөрөөлчихлөө.
Үлдсэн нэгийгээ замдаа гөрөөлөхөөр буцаж явтал алсад нэлээд том баавгай харагдсан юм. “Та нар очоод үз, боломжийн бол гөрөөл, үгүй бол буу дуугаргаад хэрэггүй” гээд залуусаа явуулчихаад, араас нь дурандаж суулаа. Гэтэл буун дуунаар шүдлэн нь босоод харайчихсан. Эвш байж. Өнөөх шүдлэнг нь ч бас буудчихаж байгаа юм.
“Болиоч ээ” гээд хашгираад гүйсэн ч нэмэргүй. Үүний дараа өчнөөн баавгай таарч, залуус “Энд том баавгай байна” гээд агнах шинжтэй асуухад нь би “Тийм байна” гэснээс өөр үг унагахгүй явсаар буусан.
Шуналтай бол дахиад буу дуугаргаж болох л байсан. Ойн гүнд хэн ч биднийг харахгүй шүү дээ. Гэхдээ ингэж болохгүй. Шунасан учраас илүү боломжийг алдаж буй юм. Сургамж болгох үүднээс тэдэнтэй дахиад хамт гөрөөнд явахгүй “Шуналаа дар” гэж хэлэх жишээтэй. Харамссан тохиолдол үүнээс өөр үгүй.
-Гөрөөчид байгалиа хамгаалдаг. Нөгөө талаас нь харахад амьтны амь тасалж байна. Энэ үйл таныхаар буян уу, нүгэл үү?
-Малчин хүн сүргээ өсгөж үржүүлээд, биднийг хооллож байна. Мал өсгөх нь буян боловч, төхөөрч буй нь нүгэл шиг харагддагтай агаар нэг юм. Бурхны номонд гөрөөчин хүний буян, нүгэл нь тэнцдэг учраас уншлага байхгүй, шүтэх бурхангүй гэдэг.
Тэнгэр хангайгаа л шүт, тэндээс чамд хувь хишиг нь өгнө гэж номлодог. Өөрийнхөө шуналаар бүгдийг агнаж болдоггүй юм, хангай чамд хайрлах ёстойгоо л өгнө. Гөрөөчин хүний ёсоор буу дуугаргавал сум чинь заавал тээгэлсэн байх ёстой юм.
-Төрийн хууль тогтоомжид жудгаас гадуурх зүйл заалт тусгасан бол та алийг нь дагах вэ?
-Хуульд буруу зүйл байвал гөрөөч хүн жудгаа л дагана. Энэ тохиолдолд гөрөөчийн жудаг хуулийн дээр байх ёстой. Жудгаас чинь үүсэж хууль гардаг юм. Эхлээд чи жудгаа бод. Чамд хэрэг болсон үед хуулийг хар. Зөв зүйтэй хууль бол жудагтай чинь хэзээд нийцэх учиртай.
-Ёс жудгаа баримталдаг гөрөөчин өдгөө хэр олон бэ?
-Бий. Гөрөөний ёс горимыг ойлгож буй олон хүн надад ханддаг. Даанч одоогийн залуус их завгүй болчихсон шүү дээ. Гөрөөлөх үед дагаж явж чадахгүй, ажил ихтэй. Өнөөдрийнхөө талхны мөнгийг яаж олох вэ гэж зүтгэж байна.
-Хүмүүсийн амьдралын хэмнэлийг дагаад гөрөөлөх соёл ч өөрчлөгдөх болов уу?
-Завтай болонгуутаа нэг газар очдог байх ёстой. Тэр нь агнуурын бүс нутаг. Агнуурын бүс нутаг байгуулсан газар ахуйн болон тусгай зориулалтын ан амьтан агнана гэж хуульд ч заасан. Өөр газраас ан хийж болохгүй.
Үүнийг хэрэгжүүлэхийн тулд өөрийгөө гөрөөчин гэж боддог, ангийн буутай хүн болгон аль нэг агнуурын бүс нутагт хандив тусламж өг. Тэндээ очоод ан хий. Гөрөөний соёл цаашид ингэж хөгжих ёстой.
Бид чинь соёлгүй ард түмэн биш. Ялангуяа олзонд нүд аниж сурдаг, тэвчээртэй, шуналаа дарж чаддаг хүмүүс байхгүй юу.
-Чоно агнахаар хийморь сэргэдэг нь үнэн үү?
-Тийм биш. Чоныг адилхан гөрөөч гэж үздэг. Гахайнд явж байхад аргамжны цаана чоно дагаж явдаг ч гөрөөчин хүний морийг иддэггүй. Адилхан гөрөөч учраас тэр. Гахай агначихаад гэдсийг нь гаргаж, дотрыг цэвэрлэдэг юм. Буун дуунаар чоно очиж гахайны гэдэс иддэг. Залуу гөрөөчид мэдэхгүй гэнэдэж “Буудъя” гээд загнуулна.
“Наадах чинь бидэнтэй хамт нэг сар гөрөөлж, гахайн гэдэс идээд хоолтой байна. Буга унагаахгүй, ан амьтанд хэмнэлттэй байгаа биз дээ. Адилхан гөрөөч байж чи юунд ад үзэв” гэж ахмадууд хэлж сургадаг.
Ийм зүйлийг их, дээд сургууль дүүргээд ч сурдаггүй юм. Хичээл болгоод зааж болдоггүй. Отог дээр өвгөчүүлийн сургаалийг сонсож байж сурна. Мэргэжлийн гөрөөчид шавь сургалтаар төрдөг. Гэтэл бид шавь сургалтаар хүн сургаагүйдээ бурууджээ. Яах вэ, хөдөө бол хэдэн хүн бий.
Хотынхон ч гөрөөнд явмаар л байна шүү дээ. Тэднийг хүлээн авч, хөдөөний гөрөөчидтэй холбох газар хэрэгтэй. Тэр нь агнуурын бүс байх юм. Заавал ашиг олох албагүй. Олсон хэдээ тэр газартаа зарцуулаад, ан амьтныг нь өсгөж үржүүл. Ингэж байж л мэргэжлийн гөрөөч төрнө.
-Ухаан муутай амьтан гэж байдаггүй гэдэг. Хүнээс ухаантай гэж зүйрлэх нь ч бий. Амьтдын ухааныг биширсэн тохиолдол танд бий юү?
-Баавгай туранхай, өлссөн үедээ хүнээс айдаггүй. Гэтэл хүн айгаад байдаг. Ирвэстэй газарт нутаглаж байгаа бол яг тэр хайрхан руу малаа бэлчээдэггүй, тэр зүгт ан хийдэггүй. Ирвэс ч гөрөөч учраас анг нь булаацалдахгүй гэсэн санаа юм.
Сард нэг удаа ч юм уу малаа заавал ирвэстэй хайрхан руу бэлчээн, хангайд хишиг хүртээдэг. Дээр үеийнхэн маань ийм гүн ухаантай байжээ. Өчнөөн л мал өсгөлөө, хангайгаас өчнөөнийг гөрөөлж идлээ. Одоо яагаад малнаасаа өгч болохгүй гэж сэтгэдэг. Үүнийг монголчууд л ойлгоно.
Чоно айлын хотонд ороод малыг нь идчихэд монголчууд харамсдаггүй. Хангай хүртчихлээ гэж ярьдаг. Энэ мэтийг нь тэр амьтад мэддэг. Цаашлаад энэ айл буутай юу, эмэгтэй хүн малдаа явж байвал яаж элэг барих вэ гэдгийг ч ойлгоно.
-Агнах ёсгүй амьтан, очих ёсгүй газар зэрэг цээр хэр олон бэ?
-Би бол хөвчийн гөрөөчин. Говьд гөрөөлөх, шувуу агнахыг боддоггүй. Хөвчийнхөө гахайнд л явна. “Чи хөх төмөр хөндлөн үүрч байгаа санаатай юм бол гахайгаа л сайн гөрөөлж идээрэй” гэж өвгөчүүл захидаг байсан юм.
Гахай мялзантах буюу цусан халдварт өвчин хүрвэл ой өмхийрдөг. Сүргээрээ амьдардаг олон амьтан хэвтэр дээрээ бүгд үхчихдэг. Чоно, буга зэрэг өөр амьтны нэр дурдаагүй хэрнээ гахайг агна гэж заадаг.
-Анчид ан хийчихээд юунд баярлаж хөөрдөг вэ?
-Социализмын үед төлөвлөгөө биелүүлсний дараа хамгийн сүүлчийн буудлага буюу хаалт хийдэг байлаа. Сүүлчийн буудлагад 2-3 хоногийн өмнөөс бэлдэнэ. Авлаж явахдаа “Тэнд гахайн өтгөн сүрэг байна. Битгий очоорой. Хаалт хийх юм” гээд газраа ч олчихно. Нэг юм уу, хоёр тэмээ хувцаслах л үлдвэл хаалт хийдэг.
Ангийн үед өвгөчүүд нь сууринд сууж, залуус нь үргээлгэнд явдаг бол хаалтаар өвгөчүүд залуусаа сууринд суулгадаг. Энэ бол хамгийн том баяр. Ахмад нь залуугаа хүндэтгэж буй учраас тэр.
Гөрөөлнө гэдэг чинь зөвхөн агнахын нэр биш. Энд тийм амьтан байхгүй дээ гэж бодож явтал гараад ирвэл баярлана. Энэ мэтээр байгаль дээр байгаа бүхнийг харж баясаж явдаг учраас гөрөөчин хүний сэтгэл бусдынхаа арай ариун байдаг.
-Хүн байгалийн амьтан хэрнээ хөгжөөд ирэнгүүтээ сүйтгэж эхэллээ гэх боллоо. Хөгжил, байгаль хоёрын урвуу хамаарал дунд бид хэрхэх ёстой юм бэ?
-Манай улс нэг их хөгжөөгүйд би баярладаг. 30-40 жилийн өмнө манайх өндөр хөгжчихсөн бол би ингээд ан амьтан гэж ярьж суухгүй байсан биз. Одоогийн янзаараа бол аль хэдийнэ хувааж аваад, эзэн суугаад дуусгачихсан байх биз.
-Арга хэмжээ авсны дүнд ховордсон тахийн тоо толгой өсөж байна. Одоо бид мазаалайгаа хамгаалах талаар олон улсад дуу хоолойгоо хүргэж тусламж авах ёстой юм шиг санагдаж байна.
-Гадаадаас юм гуйхыг дэмждэггүй. Яагаад заавал гадаадаас гуйгаад байгаа юм. Монгол Улсын иргэн бүрээс 1000 төгрөг аваад хамгаал л даа. Хэн ч өгч чадна биз дээ. Гол нь сэтгэлтэй хүн ажиллах хэрэгтэй.
Сэтгэлгүй хүн бол хэчнээн цалин өгөөд ч хамгаалдаггүй л байхгүй юу. Гөрөөчдийг үүнд уруу татах ёстой. Чи ан агнаж байгаа бол үүнд хөрөнгө оруул гэж уриал л даа. Хүмүүс дэмжинэ.
-Одоо Та гөрөөлж байгаа юу?
-Сүүлийн хоёр жил гөрөөлсөнгүй. Нэг жил нь нуруу өвдөөд хэвтэрт байлаа. Мэс засал хийлгээд бас нэг жил гам барилаа. Энэ хугацаанд одоо яриад байгаа заргын чанартай, заваан юмнуудыг нэлээд ухлаа.
-Хүүхдүүддээ зааж сургадаг уу?
-Би зургаан хүүхэдтэй. Хоёр охин, хоёр хүү маань буудлагын спортоор хичээллэсэн. Одоо нэг нь спортын мастер, бусад нь хөндийрсөн. Миний буу гэрт байх ёстой, үүнд хүүхдүүд маань осолдох ёсгүй учраас, буунд дасгаж сургах ёстой.
Хоёрдугаарт, их тэвчээртэй болдог. Сайн буудагч болох албагүй ч тэвчээртэй болох хэрэгтэй.
-Гөрөөний соёл, уламжлалаа Та хэнд үлдээх вэ. Өвлүүлж байж л үлдэнэ, үлдээж байж л байгаль орчноо хайрлаж, хамгаална биз дээ.
-Одоо хэдхэн өвгөн үлдлээ. Гөрөөчийн соёл, уламжлалыг сонирхсон залуусыг тэдэнтэй уулзуулж, ёс жудгийг нь яриулъя. Ингэхгүй л бол түрүүчээсээ тэнгэрт хальсаар дуусах нь. Хэдхэн хоногийн өмнө миний багш Моюу гэдэг мундаг гөрөөч 91 настайдаа өөд боллоо.
Дээр үеийн адал явдал, яриа хөөрөө, баримт сэлтийг нь ядаж дуу хураагчинд бичээд хадгалахгүй яав даа, хэрүүл хийж явахаар гэж өөрийгөө зэмлэж байна. Ийм зүйлийг үргэлж хожуу ухаардаг бололтой.
Цэнд-Аюуш гэдэг мундаг гөрөөч өвгөн өнгөрсөн жил тэнгэр хальсан. Би хэзээ ч халих юм билээ, тааж мэдэхгүй. Тиймээс энэ талаар сайн дуугарах бодолтой байна.