Өөдлөх айл үүднээсээ гэдэг. Улаанбаатар хотыг нэгэн их айл гэж үзвэл түүний өнгө төрх, имиджийг тодорхойлох нэгэн хүчин зүйл нь тэнгэр баганадсан өндөр барилга, хотыг “амь оруулдаг” реклам, чимэглэл юм.
Албан байгууллага, үйлчилгээний газар, барилгууд хаяггүй, хотын гудамж гэрэлтүүлэг, чимэглэлгүй байсан бол ямар харагдах бол.
Дэлхийн хөгжингүй орнууд ч хотынхоо нүүр царайг энэ үзүүлэлтээр тодорхойлдог жишиг нэгэнт тогтжээ. Харин манай улсад реклам, чимэглэлийн салбар хэр хэмжээнд хөгжиж байгаа бол. Энэ асуултад хариулт авах зорилгоор “Сити дизайн” компанийн захирал, Монголын реклам чимэглэлийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Д.Энхтүвшинтэй ярилцлаа.
-Та реклам чимэглэл, зар сурталчилгаа гэж юу болох талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Орчин үед реклам, зар сурталчилгаа нь бизнес, урлагаас эхлээд бүхий л салбарт ач холбогдлоо өгч, техник технологийн өндөр түвшинд хүрч хөгжсөн. Реклам, зар сурталчилгаагүйгээр эхэлдэг бизнес нэгээхэн ч үгүй. Шинэ бүтээгдэхүүн зах зээлд гаргах, барилга барьж буй хэн бүхэнд реклам чимэглэл нэн түрүүнд тавигдах хамгийн чухал зүйл болжээ.
Тийм ч учраас чанартай, бусдаас өвөрмөц, онцлог реклам, чимэглэл бий болгох шаардлага тулгараад байна. Реклам чимэглэл гэдэг хүний нүдэнд юун түрүүнд өртдөг, аливаа барилга байгууламж, компанийн өнгө төрхийг илтгэдгээс гадна хамгийн чухал нь улс, хотын өнгө төрх, нэр хүндтэй шууд холбоотой учраас энэ талаар онцгойлон ярьж, хөндөх ёстой чухал асуудлын нэг болсон гэдэгтэй энэ салбарт ажилладаг хүмүүс болоод хотоо сайхан болгох хүсэлтэй хүн бүр санал нийлэх болов уу.
-Монголд реклам, чимэглэл хэдийнээс хөгжиж эхэлсэн талаар яриагаа эхэлье. Энэ салбарт тууштай ажиллаж, жаргал зовлонг нь мэдэрсний хувьд Та Монголын рекламны өнөөгийн хөгжил ямар түвшинд байна гэж боддог вэ?
Монголын реклам, чимэглэлийн үүсэл хөгжил ардын хувьсгал ялсан түүхэн цаг үеэс үүдэлтэй. Тухайн үеийн албан байгууллага, жижиг мухлагуудын хаягийг монгол бичгээр бичиж, үндэсний хээгээр сийлж чимэглэдэг байсан. Мод, будаг зэрэг материал түгээмэл ашиглаж байсан нь түүхэн зургуудаас харагддаг. 1920-иод оноос байшин барилга барьж эхэлсэн нь бүгд өөрийн гэсэн таних тэмдэг бүхий хаягтай байжээ.
Уг ажлыг гар урчууд “нугалдаг” байсан. Энэ цаг үеэс хойш нийслэл хот маань улам өргөжиж, бүтээн байгуулалт эрчимжихэд бүх байгууллага албан ёсны хаягтай болох шаардлага бий болсон. 1960-аад оны үед хотын гэрэлтүүлэг, чимэглэлийг хариуцдаг улсын байгууллага байсан. 1970 оноос неон гэрлэн чимэглэл хийж эхэлсэн уг компани Орос болон бусад Социалист орноос авчирсан тоног төхөөрөмж, гадаадад тусгайлан сургасан мэргэжилтнүүдтэй байснаас гадна реклам, чимэглэлийн зураг, бүтэц, констукцийг нь гаргадаг зураач, инженерүүд мэргэжилтнүүдтэй, мэргэжлийн баг хамт олонтой томоохон салбар байсан. Реклам хийх, байрлуулах ажил хэд хэдэн шат дамжлагатай байсан.
Тухайлбал, рекламныхаа зургийг гаргаж, шалгаруулаад, дараагаар нь улсаас төсвийг нь гаргаад холбогдох байгууллагаар нь батлуулдаг байж. Энэ нь тухайн үеийн реклам, чимэглэл чанартай болоход нөлөөлдөг гол шалтгаан. Социализмыг хүмүүс муушааж, шүүмжилдэг ч сайн сайхан зүйл байсан. Түүний нэг нь реклам, чимэглэл. Хот гэлтгүй аймгийн төвд хүртэл стандартын дагуу хийсэн гэрлэн чимэглэл хийж байсныг тэртээ 1970, 1980-аад онд хүүхэд ахуй насандаа харж байлаа. Тухайн үеийн реклам, чимэглэлүүд барилгын архитектурын шийдэлтэйгээ уялдаад нэгэн цогц бүтээл болдог байсан.
Одоо нийслэлд буй хуучны зарим барилгад тэр үеийн рекламнууд бий. Гэвч тэдгээр гэрлэн чимэглэлүүдийн наана нь өндөр өндөр барилга барин хааж, заримыг нь буулгаад байна. Зарим нэг хуучны барилгууд дээр бий. Бас нэг онцлог нь, 1970, 1980-аад оны рекламууд бусдыг сайн сайханд уриалсан, өөдрөг агуулгатай байсан.
Жишээлбэл, “Цэвэр усаа хайрлая, цахилгаанаа гамная”, “Монгол орноо мандуулъя” гэх зэрэгуриалга бичсэн байдаг. Мөн дизайн хийцийн хувьд маш чанартай, төмөр неон гэрлийн эффектүүдийг ашиглан хөдөлгөөнтэйгөөр хийж байсан нь хүний анхаарал татахуйц, өвөрмөц шийдэл байсан. Одоо үед энгийн, хөдөлгөөнгүй, уйтгартай рекламууд хотоор дүүрэн байна.
1990-ээд оны зах зээлийн шилжилтийн цаг үе хүндхэн байсан ч реклам чимэглэлийн хэрэгцээ байсаар байсан. Энэ “шуурганд” гэрэлтүүлэг, чимэглэлийн улсын компани өртөж, захиалагч, хөрөнгө оруулагчгүй болсны улмаас үйл ажиллагаа нь зогссон. Улмаар 1990 оноос хойш нэг хэсэг реклам, чимэглэлийн ажлыг гарын ур дүйтэй зураач, урчууд захиалагчидтай харилцан тохиролцож хийдэг байж.
Монголд дэвшилтэт, орчин үеийн технологи, материал ашиглан, шинэ технологиор реклам, чимэглэл хийх суурь тавигдаад 20 шахуу жил болж байна. 1990-ээд оны сүүлчээс орчин үеийн рекламны компаниуд бий болж эхэлсэн.Түүний нэг нь хотын өнгө төрхөд хувь нэмрээ оруулж ирсэн, бидний үүсгэн байгуулсан “Сити дизайн” компани юм .
-Улаанбаатар хотын гудамжинд байрлах реклам, чимэглэлүүдийг Та мэргэжлийн хүний нүдээр хэрхэн хардаг вэ?
-Нийслэлийн өнгө төрх нь орчин үеийн рекламны хийц, гүйцэтгэлтэй мөн гүйцэтгэгч компаниудтай салшгүй холбоотой. Энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг компани манай улсад цөөнгүй. Зарим нь олон жил үйл ажиллагаа явуулж буй туршлагатай компани байхад нөгөө хэсэг нь дөнгөж байгуулагдсан шинэ компани байх жишээтэй. Монгол компаниудын реклам хийдэг технологи, материал, мэргэжилтний ур чадвар боломжийн хэмжээнд байгаа ч дэлхийн түвшинтэй харьцуулбал тийм ч хангалттай биш. Мөн дадлага туршлага, ур хийц муу рекламууд хийгдсээр байна.
Мөн захиалагчдын санхүүгийн чадвараас хамаарч, чанартай, стандартад нийцсэн материалаар хийсэн зүйлийг хүлээж авдаггүйтэй холбоотой. Бас нэг шүүмжлүүштэй зүйл нь өөрийн гэсэн үндэсний онцлогийг тусгаж, шинэ технологи, материал ашиглан реклам, чимэглэлийг шинэ шатанд гаргах нь захиалагч, гүйцэтгэгч нарын сэтгэх уp чадвар, мэдрэмжтэй холбоотой. Мөн гадаад хэв маягийг хэтэрхий их даган дуурайж байна. Ялангуяа гадаад хүний зураг ашиглах нь түгээмэл. Рекламыг урлагийн бүтээл болгох уран сэтгэмж, бүтээлч байдал ч дутдаг шиг санагддаг.
Хамгийн наад зах нь гадны зочид, жуулчид ирэхэд “Энэ бол Монгол Улсын нийслэл шүү” гэж харагдуулах онцлог, хэв маягтай реклам, чимэглэлтэй байх ёстой шүү дээ. 1980-аад оноос өмнөх үед байшин барилгын гэрэлтүүлэг, чимэглэлийг цогцоор нь шийддэг байсан бол өдгөө энэ асуудал орхигдчихсон. Үүнд анхаарч, хянадаг байгууллага байдаггүй. Гэрэлтүүлэг, чимэглэлийг эхнээс нь зөв төлөвлөж хийгээд, холбогдох байгууллага санаа тавьж, хянадаг болчихвол хотын өнгө үзэмж сайжирна. Хотын гудамжууд гэрэлтүүлэг, явган хүний замтай болчихсон. Одоо харин гэрэлтүүлэг, чимэглэлд шат шатны хүмүүс анхаарч ажиллавал хотын өнгө төрх сайжирч эхэлнэ.
-Энэ салбарт үйл ажиллагаа эрхэлдэг компаниудыг төр, засгаас бодлогоор дэмждэг үү. Ямар асуудал, бэрхшээл тулгардаг вэ?
-Энэ салбарыг хариуцдаг нэгж, холбогдох хууль тогтоомж бий. Уг хуульд реклам, чимэглэлд дагаж мөрдөх стандарт, мөрдөх ёстой журам бий. Нэлээд олон заалт, бүтэгтэй. Гэсэн ч энэ нь амьдрал дээр хэрэгждэггүй, бодит байдалтай уялддаггүй. Бид энэ салбарт хөл тавиад олон жил болсон учир ямар байх ёстой, юу нь болохгүй байна вэ гэдгийг ярилцаж, шийдэх тодорхой санал гаргаж ажилладаг ч нийслэлээс энэ тал дээр анхаарч, ач холбогдол өгдөггүй. Нийслэлээс гаргасан стандарт хуулийг мөрдөж, хэрэгжүүлэх талаар хувийн хэвшлийнхэн, захиалагч, хяналтынхан уялдаа холбоогүй ажилладаг.
Үүнээс үүдээд рекламыг хэн дуртай нь хүссэн газартаа аваачаад тавьчихдаг. Тэдгээр нь хотын өнгө үзэмжид нөлөөлөхийн зэрэгцээ нурж хүний дээрээс унах магадлалтай, хэврэг байдаг. Тухайлбал, өндөр байшин барилгад гэрэлтүүлэг хийж, зар сурталчилгаа байрлуулах нь хэцүү, эрсдэлтэй ажил. Үүнд хяналт тавьж, зөвшөөрөл олгодог байгууллага, мөрддөг стандарт байх хэрэгтэй.
Магадгүй хэн нэгэн хүн, албан байгууллагын дур мэдэн, зөвшөөрөлгүй байрлуулсан рекламны самбар унаж, бусдыг гэмтээж болзошгүй шүү дээ. Гүйцэтгэсэн компанийн хувьд тухайн рекламыг хоёр жил хариуцдаг ч түүнээс хойш захиалагч нар мартчихдаг.Үүнээс болоод нөгөөх нь урагдаж, салбайгаад үзэмжгүй харагдуулдаг. Уг нь рекламны самбар бүр эзэнтэй байх ёстой.
Бас нэг санал бол реклам гүйцэтгэгч компаниудад тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагааг нь явуулах эрх улсаас өгч, хянадаггүйгээс болоод хэн дуртай нь реклам хийхийг оролдож, “Би чадна” гэх хүн олширсон. Мөнгөтэй, жирийн нэгэн хятад иргэн дур мэдэн үйл ажиллагаа явуулж, чанаргүй, уран сэтгэмжгүй рекламууд хийж байгаа нь үнэхээр харамсалтай. Энэ салбарын хэдэн компани 2007 онд нэгдэж Монголын реклам, чимэглэлийн холбоог байгуулж өдийг хүртэл үйл ажиллагаа явуулж ирсэн. Гэвч хотын захиргаа өөрсдийн хүрээнд асуудлаа шийддэгээс биш, мэргэжлийн байгууллагатай хамтрах хүсэлгүй байдаг юм шиг байгаа юм. Т
ийм бодлого ч баримталдаггүй юм шиг санагддаг. Хотоо хөгжүүлье, өнгө төрхийг нь сайжруулъя гэвэл үр дүн маш ойрхон. Ойрын 2-4 жилдээ нийслэлээс гарч буй бодлогууд нь зөв байгаад төр, хувийн хэвшлүүдийн уялдаа холбоо сайжраад ирвэл энэ асуудал шийдэгдэж, улсаас төсөв мөнгө шаардахгүйгээр нийслэл болоод аймгийн төвүүдийнхээ өнгө зүсийг нь сэргээх боломжтой.
-Энэ салбарт ажилладаг мэргэжилтнүүдийн ур чадвар хэр хэмжээнд байна вэ?
-Тухайн компаниуд ажилтан мэргэжилтнүүдээ дадлагажуулан бэлдэж байна. Учир нь манайд энэ чиглэлийн боловсон хүчин бэлтгэдэг их, дээд сургууль байхгүй. Тэгээд ч энэ ажил уран сэтгэмж, бүтээлч байдал шаарддаг болохоор хэр баргийн хүн хийж чаддаггүй. Хамгийн багадаа нэг жил ажиллаж байж бүх зүйлээ сурдаг. Манай компанид л гэхэд гүйцэтгэлийн 15 орчим ажилтантай.
Компани байгуулагдахад л ажиллаж эхэлсэн хоёр ажилтан байгаа бол үлдсэн нь сүүлд нэмэгдэж орсон байдаг. Тэгэхээр ийм мэргэжилтнүүдийг бэлтгэдэг сургалт явуулах хэрэгтэй. Мөн дөрвөн жилд нэг удаа ч болов хуваарьтай тусгай анги нээж эхлүүлмээр байгаа юм.
-Сайн реклам хотын өнгө үзэмжид нөлөөлөөд зогсохгүй хүний сэтгэл зүйд нөлөөлж, эерэг өөрчлөлт авчирдаг гэдэг. Энэ талаар ярихгүй юү?
-Социализмын үед энэ салбарыг улсаас бодлогоор дэмждэг байсан юм. Одоо ердөө л аль нэг дэлгүүр, албан байгууллагыг сурталчилах зорилгоор л ашиглаж байна. Ингэхдээ мөн л янз бүрийн гадаад үгээр нэрлэдэг. Яагаад монголын уул ус, өв уламжлал, түүхэн хүмүүстэй холбоотой нэр өгч болохгүй гэж. Тухайлбал, “Хүннү молл” худалдааны төв хаанаас нь ч харсан монгол “үнэртэй”, хүн бүрийн нүдэнд өртөхөөр байгууламж. Яг л үүн шиг монгол “үнэр”, донж шингээх хэрэгтэй. Реклам, чимэглэлээр дамжуулан иргэдэд хэлж, ухамсарлуулах гэж буй зүйл даацтай байх ёстой. Үүнийг улс бодлогоор зохицуулах хэрэгтэй.
Одоо цаг үеэ дагаад реклам чимэглэл зөвхөн барилга, бараа бүтээгдэхүүний үйлчилгээ, кино, тоглолт зэрэгт зориулагдаж байгаа бол нийгэмдээ чиглэсэн, өөдрөг сэтгэгдэл төрүүлэх хүүхдийн хүмүүжил гээд олон зүйлд чиглэж, санал санаачилга гаргах нь улсын бодлогоос хамаардаг. Гэтэл энэ тал дээр нэг ч алхам хийдэггүй. Жишээ нь, манай урд хөршид дээр хэлсэн шиг нийгмийн сайн сайханд чиглэсэн реклам сурталчилгаа байнга хийдэг. Ахмадаа хүндэлье, ядарсан нэгэндээ тусалъя гэх зэрэг агуулгатай рекламыг гудамж болоод зурагтад бодлогын чанартайгаар нэвтрүүлж байдаг.
-Дэлхийн хөгжингүй орнууд реклам, чимэглэлд хэр их ач холбогдол өгч, анхаардаг юм бол?
Дэлхийн бүх оронд тухайн салбараа үр ашигтай, зөв голдрилоор явуулахын тулд салбарын хууль тогтоомжууд хэрэгжээд явдаг. Манай оронд ч мөн адил тэр хэмжээнд байх ёстой. Тухайн орны хөгжил, технологийн дэвшил, материаллаг бааз хэр байгаагаас энэ салбарын хөгжил хамаардаг. Иргэдийн амьдралын түвшин, эдийн засгийн чадамжтай ч холбоотой.
Тэд хаяг рекламд онцгой анхаардаг. Ямар материалаар хийх ёстойг хүртэл нарийн заачихсан, стандарттай байдаг. Бид тэдэнтэй дүйхгүй ч өөрсдийнхөө хэмжээнд хийсээр л байгаа. Манай компани 2003 онд хулдаасан хэвлэлийн машиныг Монголд анх оруулж ирж байлаа. Үүнээс өмнө хулдаасыг Орос, Хятад руу захиж авчруулдаг байсан. Одоо харин бүх төрлийн тоног төхөөрөмжүүд мөн материалууд орж ирсэн байгаа.
Бид гадаадад болж буй реклам, чимэглэлийн үзэсгэлэнд тогтмол оролцдог. Тодорхой стандартын дагуу хийсэн гэрэлтүүлэг, рекламуудыг харж, туршлага судалдаг. Тэдний түвшинд хүрч, хотоо гоё болгох юм сан гэсэн хүсэл энэ чиглэлийн бүх л компаниудад байгаа.