Монголын багш нарын баяр энэ өдрүүдэд тохиож байна. Нийслэлийн IX сургуулийн сургалтын менежер Г.Болормааг амралтын дугаарынхаа зочноор урилаа.
-Монголын багш нарын өдрийг хэд дэх жилдээ тэмдэглэж байна вэ?
-34 дэх жилдээ тэмдэглэж байна. Нийт сурган хүмүүжүүлэгч, багш, боловсролын байгууллагын ажилтанд баярын мэнд хүргэе.
-Та бага ангийн багш. Боловсролын байгууллагад ажилласантай холбоотой бяцхан статистик хэлбэл?
-Нэгдүгээр ангийг арван удаа дааж авсан байна. Анх хүлээж авсан нэгдүгээр ангиа гуравдугаар анги төгсгөж, цаашлаад дөрөв, тавдугаар ангиар төгсгөдөг болсон доо. Зургаан настны нэгдүгээр ангийг хоёр удаа дааж авч байсан. Та бүхнийг асуусан болохоор өнөөдөр л тоолж үзлээ.
-Таны хэлснээс манай боловсролын салбарын өөрчлөлт, шинэчлэлт харагдаж байх шиг.
-Тийм ээ. Өмнө нь бид хүүхдүүдийг эрдэмтэй л хүн болгоно гэж ажилладаг байсан бол одоо хүнээр хүн хийх зорилготой ажиллаж байна. Хүүхдийг яавал зөв зан, үйлтэй хүн болгох вэ гэсэн зорилгоор сургалтын агуулга өөрчлөгдсөн. Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын хэмжээнд хамгийн их өөрчлөгдсөн нь боловсролын салбар байх.
Сонгууль болж, сайд солигдох бүрт хамгийн түрүүнд боловсролын салбарыг өөрчилдөг. Энэ нь боловсролын салбарын тогтвортой хөгжилд маш их садаа болж буй. Ямар ч бэлтгэлгүйгээр системээр нь өөрчилчихөөр төдийлөн үр дүнд хүрдэггүй. Харин зургаан настнуудыг сургаж эхлэхдээ маш их бэлдсэн.
Гэхдээ эцэг эх, нийгмийн сэтгэлгээ, хандлагыг өөрчлөх нь хоцроод байх шиг. Тоглонгоо сурах ёстой хүнийг тэнхимийн аргаар шил шилийг нь харуулж суулгачихаад багш нь шохойтой зууралддаг явдал байж л байна. Ер нь хүнийг хувь хүн болгох нь агуу өөрчлөлт.
Тэгж чадвал ямар ч хүн өөрт шаардлагатай зүйлийг хаанаас ч авч, гээх чадвартай болно гэсэн үг. Харин нэгдүгээр ангийг дараалан дагнаж авах нь зүгээр юм болов уу гэж боддог. Өөрөөр хэлбэл, нэг багш ганцхан нэг, нөгөө багш нь хоёр, гурав гэхчилэн ангиар нь дагнаж ажиллавал чанарын хувьд өөрчлөгдөнө. Үндсэндээ багш нь мэргэшиж байна шүү дээ.
-Зургаа болон найман настнуудын ялгааг та хэрхэн тодорхойлох вэ?
-Зургаан настай хүүхдүүдийн биеийн хөгжил бага боловч сэтгэхүйн хөгжил багадахгүй. Гагцхүү сургуулийг маш сайн хангах хэрэгтэй. Гэтэл сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн хүрэлцээ манайд ямар байгаа билээ. Санаагаар болдог бол бүх хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулбал зургаан настнуудад ямар ч асуудал үүсэхгүй.
Найман настнууд болно, болохгүй гэдгээ мэддэг болчихсон, нээлттэй бус байдаг. Харин зургаан настнууд бүх зүйлд нээлттэй, чөлөөтэй, айж, ичихгүй ханддаг. Мөн боловсролын байгууллагын орчин нөхцөл, хүртээмж муу байгаа нь бас хүндрэл болдог.
-Таны эзэмшсэн мэргэжил бага ангийн багш уу?
-1982 онд Улаанбаатар хотын Багш бэлтгэх сургуулийг бага ангийн багш мэргэжлээр дүүргэсэн. Багш бэлтгэх сургуульд зөвхөн бага ангийн болон дуу хөгжмийн багш, номын санч, соёлын төвийн эрхлэгч бэлтгэдэг байсан. Одоо Багшийн коллеж болоод МУИС-ийн харьяанд очсон.
-Багшийн хөдөлмөр хүнд гэдэг. Шантрах үе байв уу. Багш хүн ямар үед хамгийн их баярлаж, бас хэцүү байдаг вэ?
-Зургаан настнуудыг хүлээж авахын өмнө би Үйлдвэрчний хорооны гишүүн байсан юм. Багшийн хөдөлмөрийн үнэлгээ, цалингийн сүлжээг ахиулах, нэмэгдлүүдийг эргэн олгуулах талаар судалгаа хийж байхдаа нэг багшийн өдөрт хийдэг үйлийг тооцож гаргасан юм. Тэгэхэд бага ангийн багш өдөрт давхардахгүйгээр 267 үйлдэл хийдэг болж таарсан. Үүнээс үзэхэд ямар хөдөлмөр болох нь мэдэгдэнэ.
Дөнгөж багш болчихоод хүүхэд бүрийг уншуулж, бодуулан сайн сургаад байна гэтэл манай ангийн 30 гаруй хүүхдээс 4-5 нь огт уншдаггүй юм байна. Ахмад багш нараас зөвлөгөө автал тэдгээр хүүхдийг авч үлдээд, давтуул гэлээ. Тэр дагуу нь ажиллаж байтал Гансүх гэж хүүхэд нэг дээр нэгийг нэмж чаддаггүй. Тэгэхэд би уйлсан. Гэтэл би түүнд аргыг нь заагаагүй байсан хэрэг.
Нөгөө хүү наймдугаар анги төгсөөд алга болсон. 1990 оны эхээр ганзагын наймаа цэцэглэж байлаа. Нэг өдөр багш нар “Танай хулгана Гансүх ирчихсэн, таныг сураглаад байна” гэлээ. Нөгөөх маань багш нарын өрөөнд том хар цүнх дэлгэчихсэн сууж байдаг байгаа. Намайг харчихаад цүнхэн дээгүүрээ харайж ирээд надад үнсүүлж билээ. Муу сурдаг гээд надад тоншуулж л явсан байх даа.
Тэгээд бид хоёр тэрүүхэндээ бараагаа хэрхэн авдаг, тооцоогоо хийж чадаж байгаа юу гэхчилэн ярьж суутал шавь маань “Чадаж байгаа” гэсэн юм. Тэгэхэд нь би уйлаад “Чи тэгээд яах гэж нэг дээр нэгийг нэмж чадахгүй намайг зовоож байсан юм” гэж билээ. Багш хүн шавиа чадахгүй байна гэж нэг, чадаж байна гэж бас нулимс унагадаг. Ангийнхнаасаа тэрийг л хэцүүхэн амьдарч байгаа гэж бодож явсан.
Харин сайн сайхан явааг нь хараад баярласан гэж жигтэйхэн. Нөгөөх маань цүнхэнд байсан бараануудаасаа надад өмсүүлж үзээд, багш нараас аль нь зохиж байна вэ гэж асуугаад л. Тэгээд хамгийн үнэтэй, 40 мянган төгрөгийн үнэтэй цагаан цэнхэр өнгийн пиджак өгч байсан юм. Тэрийг нь би одоо болтол хадгалдаг. Ийм сайхан үе багшид олон тохиолдоно доо.
Хүүхдүүд маань уншаад, уншсан зүйлийнхээ талаар яриад суух нь бахархмаар шүү. Үдийн цайг нь тараагаад өгөхөөр хамрынх нь хөлс бурзайгаад, өөр хоорондоо яриад суухыг харах шиг жаргал үгүй. Тэр үед тэднийхээ ээж нь болчихсон юм шиг санагддаг.
-Та орон нутагт ажиллаж байсан уу?
-Сэлэнгэд 19 жил ажилласан. 2000 онд том охин маань их сургуульд орж, нөхөр маань бөөрний дутагдал гэж өвчтэй болоод хотод орж ирсэн. Энэ сургуульдаа 16 жил ажиллаж байна. Сүүлийн хоёр жилд нь сургалтын менежерээр ажиллалаа.
-Дунд нь өөр чиглэлийн багш болж урвах бодол төрж байсангүй юү?
-Энэ сургуульдаа ирээд хоёр жил монгол хэлний багш хийсэн. Багшийн коллежид монгол хэлний багш, анхан шатны арга зүйч гэсэн мэргэжил эзэмшсэн ч удаан ажиллаагүй ээ.
-Та Сэлэнгэ нутгийн хүн үү?
-Би Сэлэнгийн Орхоных. Үндэс угсаа хөөвөл Хөвсгөлийнх. Эхээс зургуулаа. Намайг гурван настай байхад ээж удаах дүүг маань тээж байсан. Гэтэл аав маань өөд болсон юм билээ. Өнөө маргаашгүй төрөх гэж байсан ээжээсээ аавыгаа нэхээд зовоодог байсан гэсэн.
Тэгээд яах учраа олохгүй байтал ээжийн маань төрлийн хүн, Монгол Улсын ууган механикч Гомбо гэж насаараа авгай аваагүй, ээжтэйгээ амьдарч байсан хүн намайг өргөж авъя гэсэн юм гэнэ лээ. Ээжээсээ зайтай өссөн ч өргөж авсан аав маань улирлын амралт бүрээр ээжтэй уулзуулдаг байсан.
-Багш мэргэжлийг сонгосон нь тохиолдол байсан уу?
-Наймдугаар ангиа төгсөөд сургуульд явна гэж зүтгэсээр байгаад аймгийн төв орж шалгалт өгсөн. Тэгэхдээ Багшийн сургуулийг зорьж яваагүй юм. Геологич болно гэж бодож байсан. Аав маань эмэгтэй хүн уулаар тэнээд явна гэхээр ой тоонд буухгүй байна гээд Багшийн сургуульд ор гэсэн.
Багшийн сургуулийн монгол хэлний Осор гэж мундаг багш элсэлтийн шалгалт авахаар аймагт ирсэн байсан. Тэр хүнтэй аав уулзаад, намайг шалгуулсан. Осор багш “Танай хүүхдээс нэг л өө харлаа. Үзгээ буруу барьдаг юм байна” гэсэн юм. Үзэг зөв бариулах шаардлагыг одоо ч багш нартаа байнга тавьдаг.
Дараа нь Багшийн сургуульд орохдоо хөгжмийн ангид орно гэж зөрүүдэлсэн. Гэвч аав зөвшөөрөөгүй. Очсон хойноо бас өөр ангид орох гэтэл аав маань сургуулийн захиргаанд яаралтай цахилгаан бичиж зөвшөөрөөгүй юм. Хүний эцэг эх үр хүүхдийнхээ замыг зөв заадаг юм билээ.
-Хүүхдүүд тань багш болсон уу?
-Би гурван хүүхэдтэй. Том охин маань математикийн багш. 123 дугаар сургуульд багшилдаг. Нөхөр нь түүх, газар зүйн багш мэргэжилтэй. Бэр маань бас цэцэрлэгийн багш. Бага охин маань банк, санхүүгийн мэргэжилтэй ч өдөр өнжүүлэх төвд ажилладаг. Өргөж авсан аав маань Шаамарын ТМС-д 15 жил багшилсан.
-Багшийн хүүхэд нэг талын сайхан, нөгөө талаас хэцүү юм шиг ээ. Загасчны морь усгүй гэх нь ч бий.
-Өдөржин хүүхдүүдтэй харилцдаг учраас гэртээ очоод өөрийнхөө хүүхдээс залхдаг тал бий. Би багш нараараа өдрийн найм буюу долоо хоногийн 40 цагийн төлөвлөлт байнга хийлгэдэг.
Ажил дээр төлөвлөснөө хийчихвэл гэртээ очоод гэр бүлдээ цаг зав гаргах ёстой. Өдөржин ажил дээрээ байчихаад орой хүүхдүүдийн дэвтэр чирээд очихоор яаж гэр бүлдээ цаг зориулах билээ.