Монголын сайхан бүсгүйчүүд, авьяаслаг жүжигчдийн нэг О.Энхтуул уран бүтээлээсээ хөндийрөөд даруй таван жил өнгөрчээ. Тэрбээр энэ зун эх орондоо ирж амрахын зэрэгцээ продюсер, жүжигчин Г.Ундармаагийн урилгаар “Амьдралоги” уран сайхны кинонд тоглож буй юм.
Уран бүтээлийнхээ ид үед ханиа даган, хүүхдүүдээ өсгөхөөр харийн зүг жолоо залсанд нь харамсаж, халаглах хүн олон байсан. Үргэлж л эрч хүчтэй, шувуу шиг эрх чөлөөтэй байдаг түүний амьдрал олны нүдэнд ил юм шиг хэрнээ далд. Тэрбээр буцахынхаа өмнө зөвхөн манай сонинд ярилцлага өгснийг нь хүргэе.
-Та U фильмийн бүтээл “Амьдралоги” кинонд тоглож буй. Хэчнээн жилийн дараа камерын өмнө гарч байна вэ?
-2011 онд SBN телевизийн бүтээл “Гэр” олон ангит кинонд тоглосноос хойш таван жил камерын өмнө гарсангүй.
-Өнгөрсөн таван жилийн хугацаанд кино, жүжигт тоглуулах санал бишгүй л ирсэн байх. Гэтэл яагаад продюсер Г.Ундармаагийн саналыг хүлээж авав?
-Уран бүтээлч бид байнга л холбоотой байдаг шүү дээ. “Шинэ үе” продакшны хэд хэдэн тоглолтод би оролцож байлаа. Г.Ундармааг жүжигчин, чадварлаг найруулагч, продюсер, сайн үйлсийн аян зохион байгуулдгаар нь сайн мэднэ. Тиймээс уг саналыг хүлээн авч, киноныхоо зургийг авахуулахаар нутагтаа ирлээ. Энэ зуныг амарч өнгөрүүлье гэж төлөвлөсөн, завтай байсан юм.
-Илүү онцгой, танд таалагдсан санал болохоор л зөвшөөрсөн байх, тийм үү?
-Ямар ч уран бүтээлч урлагаасаа бүрмөсөн ангид амьдарч чаддаггүй. Сүүлийн жилүүдэд кинонд тоглох хүсэл дүрэлзээд л байлаа. Гэхдээ тохироо нь нэг л бүрдэж өгөхгүй байсан юм. Г.Ундармааг санал тавихад эх орондоо ирнэ, мэргэжлээрээ ажиллана гэхээс сэтгэл ямар их догдолсон гэж санана. Тэр сэтгэл л хамгийн чухал.
-Мэргэжлээсээ төсөөрчихөж үү?
-Жаахан төсөөрчихжээ. Гэхдээ аяндаа сэргэчихнэ. Угаас авьяас, сурсан зүйл гэдэг хэсэг зуур мартагдсан ч эргээд жаахан дасгал, сургуулилалт хийхэд л сэргэчихдэг. Би театрт олон жил ажилласан, тайзны л хүн шүү дээ. Кинонд их цөөн тоглосон. Тиймээс камер хаанаас, хэрхэн авч буйг мэдэрч тоглох, орон зайн баримжаа авах, нүүрний хувирал, харцаа зөв илэрхийлж жүжиглэхэд их анхаарч ажиллаж байна.
-Таван жилийн өмнө “Гэр” олон ангит кинонд тоглох үеийнхээс тань зураг авах технологи өөрчлөгдөж үү?
-Өөрчлөгдсөн байна. Кинонд маш өргөн бүрэлдэхүүнтэй ажилладаг болжээ. Би явахынхаа өмнө солонгос, монголчуудын бүтээсэн кинонд тоглосон юм. Тэр кинонд олон нарийн мэргэжилтэнтэй, маш нүсэр бүрэлдэхүүн ажилласан. Тухайн үед гайхаад л өнгөрч байлаа. Гэтэл өнөөдөр манайхан киног яг тэгж бүтээдэг болж.
-“Амьдралоги” хэмээх эл кинонд жүжигчин О.Энхтуул хэрхэн хувирч буй вэ. Таны өмнө нь бүтээсэн дүрүүдээс ямар онцлогтой вэ?
-Тэс өөр араншинтай О.Энхтуул биш л дээ. Миний төрөлх зан чанар энэ дүрд цухалзана. Эмэгтэй хүн хэдэн настай, ямар ажил мэргэжилтэй байх нь чухал биш. Гол нь гадаад гоо үзэмжээс гадна дотоод сэтгэлийн хүчтэй байх ёстойг эл кино харуулна. Тийм нэг хүчирхэг эмэгтэйн дүрд тоглож буй.
-Та хүчирхэг эмэгтэй мөн үү?
-Би нөхөртэйгөө 23 жил хамт амьдарч, гурван хүүхэд төрүүлж, өсгөлөө. Гэр бүлийнхээ хажуугаар ажил төрлөө ч амжуулсаар ирсэн. Тэгэхээр би өөрийгөө хүчирхэг эмэгтэй гэж хэлнэ.
-Хэсэг завсарласны дараа эргээд мэргэжлээрээ ажиллаж эхэллээ. Дахиад шинэ уран бүтээлд тоглох юм сан гэсэн шунал төрж байна уу?
-Шунал гэхээс илүү дур сонирхол дүрэлзэж байна. Санаагаар болдог бол дахиад кинонд тогломоор л байна. Гэтэл гэр бүл, үр хүүхдүүдээсээ хол байх хэцүү. Энэ кинонд тоглосноор уран бүтээлчидтэй холбоо харилцаагаа сэргээж буй нь л надад чухал. Кино, жүжигт тоглуулах санал ч ирлээ. Тэгэхээр дахиад хэсэг хугацааны дараа өөр дүрээр үзэгчидтэй уулзах байх.
-Тайзан дээр гаралгүй хэр удав?
-Яг найман жил.
-УДЭТ-аа, тайзаа үгүйлж байна уу?
-Үгүйлэлгүй яах вэ. Гэхдээ Германд би хүүхдийн болон нэг хүний жүжиг найруулж, өөрөө дүр бүтээж буй. Тэндхийн монгол хүүхдүүдэд театрын дугуйлан хичээллүүлж, багшилж ч байгаа. Манай хүүхдийн жүжгийг Германы Штутгарт, Франкфурт хотод тоглуулах санал ирсэн. Тэгэхээр бас ч бүрмөсөн холдчихсонгүй. Гэхдээ л УДЭТ-аа санаж байлаа.
-УДЭТ-т ажиллаж байсан үеэ дурсаач. Таны залуу нас, уран бүтээлтэй салшгүй холбоотой газар шүү дээ.
-22 жил тэр “Алтан сүм”-д ажиллажээ. Сайхан газар. Би 1989 онд Улсын багшийн дээд сургуулийн кино драмын анги төгссөн. Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Маамхүү, С.Сугар багшийн шавь. Багш нар минь бурхны оронд оджээ. Улсын багшийн дээд сургуулийн кино драмын ангийн хамгийн сүүлийн төгсөлт, манайх.
Хүүхэд залуучуудын театрт хоёр жил орчим ажиллаад, тэндээсээ УДЭТ-ын босгоор алхаж байлаа. Миний залуу насны бүхий л дурсамж тэнд бий. Хамт олны сайхныг мөн л тэнд мэдэрч байлаа. Хэзээ ч мартагддаггүй юм. Их санаж, зүүдэлдэг дээ. Тайзаа, хамт олноо, тэр ч бүү хэл өрөөгөө ч маш тод зүүдэлдэг. Хүний хамгийн сайхан дурсамж тархинд хадгалагдаад үлддэг болохоор тэр байх л даа.
-Театрын жүжигчдийн хувцас солих өрөөнд та хэн хэнтэй хамт суудаг байв. Нэг үеийн, нас ойролцоо хүмүүс л хамт сууж харагддаг.
-Би театрынхаа 25 тоотод Б.Эрдэнэцэцэг, Ж.Оюундарь, С.Өлзийхүү, У.Уранчимэг, Д.Оюунсүрэн нартай суудаг байлаа. Яг л нэг үеийнхэн. Өдрийн талыг битгий хэл, дийлэнхэд нь тэр хүмүүстэй хамт байдаг болохоор дотно байхаас аргагүй. Амьдралд зовлон, жаргал тохиолдоно. Тэр бүхнээ аминчхан хуваалцдаг байлаа.
-Таныг урлагаас хөндийрсөн хойгуур үеийнхэн тань өөрсдийн хамтлаг, продакшнтай болж, олон ч уран бүтээл туурвижээ. Хэрэв та Монголдоо байсан бол тэднээс давна уу гэхээс дутахгүй л байх байсан. Атаархал төрж, харамсаж байна уу?
-Монголд кино урлаг ид хүчээ авч байна. Олон ч продакшн бий болж, киног ар араас нь үзэгчдэд хүргэж байна. Сайн хэрэг шүү. Ингэж байж сайн уран бүтээл төрж, шүүгдэнэ. Заримдаа “Хэрэв би эндээ байсан бол кино, жүжигт тоглоод л гүйж яваа. Бүхнийг амжуулах л байсан. Тоглосон бүтээлийн жагсаалт чамгүй урт болох байсан даа” гэж боддог л юм.
-УДЭТ-ын босго давсан залуу жүжигчид ахмад уран бүтээлчдэдээ хадаг барьж хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай болсон. Хэрэв таныг театрт орж байх үед энэ уламжлал байсан бол та хэнд хадаг барих байсан бэ?
-Ахмад уран бүтээлчдээ хүндэлж, тэднээс үнэ цэнэтэй сургаал сонсохын тулд энэ уламжлалыг бий болгосон байх. Хэрэв намайг театрт хөл тавих үед энэ уламжлал байсан бол би Г.Доржсамбуу багшдаа л хадаг барих байсан даа.
-Та театрын эмэгтэй жүжигчид дундаа нэлээд өндөр, биерхүү. Таны алтан партнёр хэн байв. Жүжигчдийн царай зүс, нуруу турууг харж л дүр оноодог байж таарна.
-Тийм шүү. Театрын өндөр жүжигчдийн тоонд л ордог байлаа. Тийм болохоор ихэнхдээ тэдэнтэй л хамтран тоглодог байсан. “Хасар” Б.Жаргалсайхан, Ц.Төмөрхуяг, М.Түвшинхүү, О.Гэрэлсүхтэй олон удаа хамтран тоглосон.
-Өнөө жил УДЭТ-ын 85 жилийн ой тохиож буй. Монголдоо ирснийх, театрынхаа тайзан дээр гарах бодол төрөхгүй байна уу?
-Саяхан Соёл урлагийн ажилтны өдрөөр театрынхаа хамт олонтой баяраа тэмдэглэсэн. Манайхан ч “Театрынхаа ойд оролц, уран бүтээлд ор” гэж шавдуулж байна. Хүсэл нь байгаа хойно боломж гарвал оролцохыг хэн байг гэх вэ.
-Оюутны ширээний араас урлагийн замд хөл тавьсан анхны кинондоо тоглохдоо та асар их зориг гаргасан байх. “Бүлээн нурам” кино одоо ч олны дунд яригдсаар байдаг. Дөнгөж сургууль төгссөн бүсгүйд камерын өмнө нүцгэн жүжиглэх хэцүү байсан биз?
-Хэл аманд өртөхөөр барах уу даа. Киноны зохиол нь үнэхээр мундаг. Дөнгөж сургууль төгссөн надад ахадсан бүтээл. Гэхдээ нэгэнт энэ мэргэжлийг сонгосон юм чинь тоглох л ёстой гэж өөрийгөө зоригжуулсан. Мундаг найруулагч, уран бүтээлчид намайг сонгож байхад татгалзах эрх байхгүй шүү дээ. Кино дэлгэцэнд гарсан даруйдаа үзэгчдийг талцуулсан. Нэг хэсэг нь сайн бүтээл, нөгөө тал нь хэзээ ч амьдралд байж болохгүй зүйл гэж хүлээж авсан. Харин би олон сайхан дүрд тоглосон ч “Хэрээ” жүжигтээ их хайртай. “Цагаан дарь эх”, “Тамын дурлал” гэхчлэн намайг үзэгчдэд таниулсан олон жүжиг бий.
-Театрт шинэ жүжиг тавихад нэг дүрд хоёр жүжигчин бэлдэж, өрсөлдүүлж сонгодог. Харин нуруулаг, дээр нь царайлаг болохоор танд өрсөлдөгч байгаагүй юү?
-Уг нь орлон тоглогч их хэрэгтэй. Надад гэнэтийн зүйл тохиолдоход нөгөө жүжигчин орлон тоглох боломжтой гэсэн үг шүү дээ. Тийм өрсөлдөгч байгаагүй ээ. “Хэрээ” жүжигт тоглож байх үед гэнэт цахилгаан тасарч, харанхуйд бүдрээд би хөлийн хуруугаа хугалсан юм. Маргааш нь дахиад л уг жүжгээ тоглох ёстой. Гэтэл өөр жүжигчин байхгүй. Тэгээд нэг хөлдөө 39, нөгөө хөлөө шохойдуулчихаад 45 размерын гутал өмсөөд тоглож л байлаа.
-Та яг одоо ямар бүтээлд тогломоор байна?
-Би өөрийнхөө насны буюу 50 орчим насны эмэгтэйн хайр сэтгэл, туулж өнгөрүүлсэн амьдралын тухай өгүүлэх кино хийж үзмээр байна. Энэ насныхны тухай кино их ховор шүү дээ.
-Таны уран бүтээлийн ид оргил үе хэдийд байсан бэ?
-Найман жилийн өмнөх үе. Би ид үеэ дөнгөж эхэлж байхад урлагаа орхичихсон.
-Оргил үедээ та омголон байсан уу?
-Надад тийм зан байдаггүй. Хувь хүний талаасаа ч, уран бүтээлд ч тэр. Би царай зүсээрээ, тоглосон бүтээлээрээ онгирч явсангүй. Магтуулж, муулуулж байсан ч би шударга байхыг л хичээж ирсэн.
-Олон хүнд магтуулж байсан байх. Таны санаанаас гардаггүй магтаалыг хэн хэлж байв?
-2000 оны эхэн үе юм уу даа. УДЭТ-ынхан “Тамын дурлал” жүжиг тавьсан юм. Тухайн үед жүжигчид нэг нэгээрээ ээлжлэн жижүүрлэдэг байв. Жижүүр нь тэр өдрийн тоглолтыг үзэн, тэмдэглэл хөтөлдөг байлаа. Жүжигчид тэр тэмдэглэлээс алдаа оноогоо дэнслэх боломжтой гэсэн үг. “Тамын дурлал” жүжгээ тоглочихоод жижүүрийн тэмдэглэлийг уншлаа.
Тэнд “Өчигдөр “Тамын дурлал” жүжгийг үзлээ. Үзэгдэл бүрийн дараа үзэгчид алга ташиж байв. О.Энхтуул охины жүжиглэх ур чадвар маш сайн байна” гэж бичсэн байв. Тэр өдрийн жижүүр нь Гавьяат жүжигчин Д.Цээнямбуу эгч байсан юм билээ. Түүний магтаал санаанаас хэзээ ч гардаггүй. Тэр өдрийн тоглолт эхэлж байсныг, дуусгаад ёсолж байснаа л санадаг. Дүрдээ орж, түүгээр амьдарч, сэтгэл зүрх агаарт нисэж явсан нь тэр. Бүтэн гурван цаг тайзан дээр тоглосон хэрнээ хэдхэн минут өнгөрсөн мэт л санагдаж байв.
-Магтуулахын хэрээр таныг шүүмжилж, муулах хүн мөн л мундахгүй олон байсан биз. Та шүүмжлэл хэр даадаг байв?
-Даадаг шүү. Хүмүүс шүүмжлэлийг янз бүрээр хүлээж авдаг байх. Сонсоод дүрсхийтэл уурладаг нэгэн байхад сэтгэл гутралд орчихдог хүн ч бий. Харин би хүн юм хэлж байхад сонсоод л өнгөрдөг. Авахыгаа авч, хаяхыг нь хаяна. Зарим үед “Миний дотор орж үзээгүй, яг над шиг нөхцөл байдалд ороогүй байж юугаа мэдэж шүүмжилж байгаа юм бол” гэж дотроо өөрийгөө өмөөрдөг.
-Та хэр шийдэмгий хүн бэ?
-Шийдвэрээ их түргэн гаргадаг. Нэг их удаан бодож шаналах дургүй. Аливааг хойшлуулах ч тун дургүй.
-Шийдвэр түргэн гаргаснаасаа болж алдаж байв уу?
-Амьдрал дандаа дардан байхгүй шүү дээ. “Тэр үед тэгэх ёстой байж дээ” гэж бодох үе гардаг. Нас жаахан ахихаар аливааг хэт түргэн шийдэж болдоггүй юм байна гэдгийг ойлгох л юм. Гэхдээ хүний төрөлх зан дарагддаггүй юм байна. Эмэгтэйчүүд дэлгүүрээс хувцас сонгох гээд л наашаа цаашаа баахан холхиж, хэд дахин өмсөж үздэг шүү дээ. Гэтэл би таалагдсан л бол өөр юмтай харьцуулж үзэлгүй шууд авчихдаг.
-Нас нэмэх тусам ухаан нэмнэ гэдэг. Бас туулж өнгөрүүлсэн амьдралдаа дүгнэлт хийдэг байх.
-Гарцаагүй тэгдэг юм байна. Залуу байхад ээж, аав “Тэгж болохгүй шүү. Тэгвэл ингэнэ шүү” гээд л анхааруулдаг байлаа. Тухайн үед тэр нь үглэж, яншиж байгаа мэт санагддаг байсан. Гэхдээ тэр хэлсэн үг нь яг оножээ гэдгийг хэзээ хойно ухаарах юм. Хүн амьдрал үзэж, нас нэмэх тусам л ухаан тэлж, туршлага арвиждаг. Нас ахих тусам өөрийн ертөнцтэй, үзэл бодолтой, алдаа оноогоо дэнсэлж чаддаг болдог юм байна.
-Залуугийн гоо үзэсгэлэн нас ахихад гунддаг нь хорвоогийн жам. Залуудаа хөгшрөхөөс айдаг байв уу. Та 50 насны босгонд тулчихжээ. Энэ насны эмэгтэйн чимэг юу юм бэ?
-Сайхан байна. Хүмүүс янз бүрээр л ярьдаг байх. Харин би эмэгтэй хүний 35-50 нас хамгийн сайхан гэж дүгнэнэ. Эмэгтэй хүний мэдрэмж, дотоод сэтгэлээ чагнаж, аливааг дүгнэж цэгнэх чадвар энэ насанд л хамгийн төгс болдог мэт санагддаг. Би 50 нас арай хүрээгүй байна. Хүрсний дараа ямар сэтгэгдэл төрөхийг хараахан мэдэхгүй юм. Би нас ахихаас хэзээ ч айж байгаагүй ээ. Өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа үрчлээ минь ч надад сайхан санагддаг. Туулж өнгөрүүлсэн амьдралын минь зураг шүү дээ.
-Хоёр жилийн өмнө нутагтаа ирсэн гэсэн. Чимээгүйхэн ирээд буцдаг байх нь ээ. Монголдоо ирэхээрээ заавал очдог газар бий юү?
-Хүүхдүүдтэйгээ ирж амарчихаад буцдаг юм. Богино хугацаагаар ирдэг болохоор хүмүүст хэлдэггүй. Дотнын хэдэн найздаа л хэлдэг. Миний аав, ээж Булган аймгийн Могод сумынх. Монголдоо ирэхээрээ аав, ээжийнхээ нутагт заавал очдог.
-Сайн жүжигчин байхаас илүү сайн эзэгтэй байх нь танд үнэтэй байсан учраас Германд амьдрахаар нөхрөө дагаж явсан юм уу?
-Би сайн жүжигчин болохын төлөө чармайж явлаа. Тэр үед ханьтайгаа учирч, хөөрхөн хүүхдүүдтэй болсон. Сайн эзэгтэй гэдэг хоол сайн хийдэг, гэр цэвэрлэдэг байхыг хэлэхгүй. Үнэн сэтгэлээ гэр бүлдээ зориулж, чин зүрхнээсээ нэгэндээ итгэж, итгэл даадаг байж л сайн хань, эзэгтэй болно шүү дээ. Би тийм л байхыг хүссэн. Хичээж ч байна.
-“Баян, гадаад хүнтэй суулаа. Харийн бэр боллоо. Нөхрөө дагаад явчихлаа” гэхчлэн та хүмүүст залхталаа чичлүүлсэн. Тэр үед та нутаг нэгтнүүддээ гомдсон уу?
-Би хэнэггүй, хэр баргийн зүйлд шаналдаггүй шазруун зантай тулдаа л тэр үеийг давж гарсан байх. Хүмүүс миний амьдрал руу хэт их өнгийсөн. Үнэхээр муухай. “Монгол охидыг гадаад хүмүүстэй суухад уруу татсан” гэж хүртэл сонинд бичиж байсан. “Намайг ингээд биччихэж” гээд нөхөртөө сонин харуулаад гомдоллодог байсан үе надад бий. Хүний амьдрал гэдэг нандин шүү дээ. Гэтэл миний тэр нандин зүйлийг хэвлэлийнхэн сийччихдэг л байсан.
-Иргэншлээ сольж, ХБНГУ-ын иргэн болсон гэж хэвлэлээр нэг хэсэг шуугилаа. Та үнэхээр эх орноо солихоор шийдсэн юм уу?
-Тийм мэдээ тарсан байна билээ. Хүмүүс надаас утсаар, цахимаар холбогдож ч асуудаг. Би “Хэзээ ч үгүй” гэж хариулдаг. Надад иргэншлээ солих шаардлага байхгүй. Хүний төрсөн нутаг, эх орон л бол эх орон. Нөхөр маань ч надаас иргэншлээ солиулах тухай асууж л байсан. Би зөвшөөрөөгүй.
Гэвч өнөөдрийг хүртэл миний сонголтыг хүлээн зөвшөөрөөд л хамт амьдарч байна. Харин ч би гадаад хүнтэй суучихаад, иргэншлээ сольдог эмэгтэйчүүдийг гайхдаг. Үүнийг сольсноор юу өөрчлөгдөх юм бэ. Юу ч байхгүй шүү дээ.
-Таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
-Германд дөнгөж очсоны дараахан манай нөхөр “Энэ хүн үсрээд л гурван сар болоод Монгол руугаа буцъя гэж орилно. Би угаасаа хорьж дийлэхгүй. Яана даа” гэж бодож байсан тухайгаа надад саяхан хэлсэн юм. Анх очиход надад тэр улс их сонирхолтой санагдсан.
Очсоныхоо дараа байраа засаж, тохижуулж хэсэг өөрийгөө сатааруулсан. Хажуугаар нь хэлний сургуульд сурч байсан болохоор завгүй. Эхний хоёр жил харвасан сум шиг л өнгөрсөн. Тэгээд л нэг мэдэхэд тэндээ дасчихсан.
Би тэнд хань, хүүхдүүд гээд хайртай хүмүүстэйгээ байна шүү дээ. Тэдэндээ сэтгэлээ зориулах л ёстой. Энд байхдаа би гэрийн үйлчлэгчээр бүхнээ хийлгэчихээд л өглөө гараад, шөнө харьдаг хүн байсан шүү дээ. Гэтэл тэнд очоод тийм байхыг хүсээгүй. Хүүхдүүд маань одоо овоо том болж, миний ажил багасаж байна.
Өглөө хичээлдээ явчихаад, өдөр 13.30-д тардаг юм. Тэр цагт өдрийн хоолыг нь бэлдэж өгнө. Хувцас хунарыг нь угаана, индүүднэ, гэрээ цэвэрлэнэ гээд гэрийн эзэгтэйн ажил ямар барагдах биш. Амралтын өдрүүдэд нөхөртэйгөө хамт театрт жүжиг их үздэг. Сүүлийн хоёр жил хүүхдүүдэд жүжиглэх уран чадварын хичээл зааж, өөрөө жүжиг найруулж буй болохоор цаг зав жаахан хомс болоод байгаа.
-Хүүхдүүдээ урлагийн хүн болгох уу. Авьяастай юу?
-Манай хүүхдүүд жүжигчин болохгүй байх. Уг нь манай дунд охин их царайлаг, бас авьяастай. Жүжигчин болчихмоор харагддаг юм. Гэхдээ өөрөө сонирхдоггүй. Сонирхож дурлахгүй бол хүнийг урлагт хүчээр оруулж хэрэггүй.
-Таныхаар амьдралын үнэ цэнэ юунд оршдог юм бэ?
-Амьдралын үнэ цэнэ үр хүүхэд, хань ижил, гэр бүл л гэж би хэлнэ. Би элэг бүтэн, үр хүүхдүүд минь эрүүл саруул торниж байна. Энэ л үнэ цэнэ.
-Германд тоглосон нэг хүний жүжгээ Монголынхоо үзэгчдэд хүргэхгүй юм уу?
-Болохгүй гэх газаргүй. Өөрөө зохиолоо бичиж, найруулсан. Гэр бүлийнхэн минь намайг дэмждэг болохоор сайхан байна.
-Жүжгийн зохиол биччихсэн юм чинь кино зохиол оролдож байгаа биз дээ?
-Санаа бий. Гэхдээ хэцүү юм билээ. Надаас нэг л хол санагдаад байгаа юм.
-Та эзэмшсэн мэргэжлийнхээ юугаар бахархдаг вэ?
-Нэгдүгээрт, би дуртай ажлаа хийж буй учраас надад сайхан байдаг. Хоёрдугаарт, уран бүтээлчид их сайхан бодол, энергитэй хүмүүс. Нэг уран бүтээлийн ард гарахад ямар сайхан хамт олон бүрддэг гэж санана. Мэдээж олны танил, бахархал болж хүндлэл хүлээх, урмын үгс сонсох нь ч сайхан.
-Олны танил байх хэцүү юү?
-Хэцүү юм байлгүй яах вэ. Үнэхээр чөлөөтэй байж болдоггүй. Гэхдээ би хаана ч, хэзээ ч өөрийнхөөрөө байдаг зантай. “Би олны танил хүн болохоор ингэж болохгүй, тэгж чадахгүй” гэж өөрийгөө “хайрцаглах”-ыг хүсдэггүй.
-Таны амьдралдаа гаргасан хамгийн зөв шийдвэр, сонголт юу байв?
-Юуны түрүүнд энэ мэргэжлийг сонгосон минь гэж хэлнэ. Намайг хүүхэд байхад аав, ээж маань лам хуврагт үзүүлдэг байлаа. Үзүүлсэн хүн бүр намайг “Энэ хүүхэд урлагийн л хүн болно. Жүжигчин, зохиолч, эсвэл тогооч болно” гэж хэлдэг байлаа. Би явах ёстой замаараа явж байгаа.
-Та хэр азтай хүн бэ?
-Би азтай шүү. Хувиар илэрхийлбэл 80 хувьтай юм уу даа.
-Эмэгтэйчүүдийн нөхөрлөл богино настай гэлцдэг. Та хэр олон найзтай вэ. Олонх нь урлагийнхан уу?
-Надад дунд сургуулийн нэгдүгээр ангид орсноосоо хойш нөхөрлөж буй найз ч бий. Урлагийн сургуульд элссэнээсээ хойш “хэлхэлдэж” яваа нөхдүүд ч байна.
-50 нас шүргэж буй эмэгтэйчүүдийн нөхөрлөл 20 гаруйхан настай үеийнхээсээ хэрхэн өөрчлөгдөв?
-Өдөр бүр уулзаж, хэлхэлдэж явдаг үе ард өнгөрчээ. Одоо бидэнд тэгж хэлхэлдэх гэсэн ч боломж алга. Бүгд ажил, гэр бүл нь тэгширч, түүнийхээ төлөө амьдардаг болж. Нэгнээ сэтгэлдээ санаж, үгүйлдэг. Хэдэн сар, жилийн дараа уулзахад ч багынхаа хөөрүү зангаар чин сэтгэлээ уудалдаг юм байна.