Шавилхан бие, хүүхдэрхүү царайтай энэ эмэгтэйг Пүрэв-Ойдовын Оюунчимэг гэдэг. Бие махбодь, оюун ухаан, мэдрэхүйн согогийн улмаас нийгмээс тусгаарлагдсан болон тус дэм хэрэгтэй мянга мянган хүнд тэрбээр урам хайрлаж, тусалсан буянтай нэгэн. Түүнийг сайн мэддэг хүмүүс “Хүний төлөө төрчихсөн хүн” хэмээн тодорхойлов.
Философич, багш мэргэжилтэй П.Оюунчимэг 2005-2008 онд Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллахдаа нийгмийн халамжийн салбарт хэвшсэн буруу тогтолцоо, сөрөг хандлагыг олж харсан нь олны талархал хүлээжээ. Хэн нэгэн эрх мэдэлтний амнаас үг унахыг хүлээн “хэвтсээр” очих ёстой хүндээ хүрэлгүй, агуулахад дэмий хэвтдэг байсан зүйлсийг тэрбээр жинхэнэ эздэд нь хүргэхийн төлөө дуугарч, шаргуу ажилласан гавьяатан. Түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Та нийгмийн халамжийн салбарт цөөн жил ажиллахдаа чамгүй ажил хийсэн юм билээ. Ялангуяа энэ салбарын үйлчилгээг хүртээмжтэй болгохын тулд зоригтой дуугарсан гэж сонссон.
-Зовж үзсэн хүн л бусдын бэрхшээлийг хэнээс ч илүү ойлгож, тусалдаг гэж би боддог. Тусламж хүсэж буй хүний хувьд эцсийн мөч, боломж нь би байж мэдэх учраас аль болох туслахыг хичээдэг. Хүмүүст хандивлаж, тараах хязгааргүй эд баялаг, мөнгө надад байхгүй.
Гэхдээ чадах зүйлээрээ туслан, сэтгэлийн дэм өгч, бэрхшээлээс гарах гарц, боломжийг нь зааж өгөхийг хичээдэг. Мэдлэг, чадвар хүрэхгүй тохиолдолд тухайн асуудалтай холбогдох хууль, тогтоомжийг уншиж судалж байгаад ч болов тусалдаг. Би 2005 онд Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн даргаар томилогдсон. Байр байшин, орчин тойрны асуудлаас эхлээд өөрчлөх, засаж залруулах зүйл их байлаа.
Халамж, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай болон Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулиудтай холбогдох заалт, дүрэм журмыг иргэдэд ойртуулж, хаалттай байсан хаалгыг нээж өгөхөөс ажлаа эхэлсэн дээ. Халамжийн үйлчилгээтэй холбоотой хууль тогтоомжид хэн юу хүртэх, ямар бичиг баримт бүрдүүлэх ёстойг маш тодорхой заачихсан.
Тэгээд л тэдгээрийг авах ёстой хүнд нь хүргэхийн төлөө ажилласан. Би угийн баригдмал, хязгаарлагдмал сэтгэлгээнд дургүй. Хийе, бүтээе, болгоё гэсэн сэтгэл байвал болдог юм гэдгийг харуулахыг хичээж ажилласан.
-Энэ салбарт ажиллаж жаргал, зовлонг нь мэдэрсний хувьд Та Монголын нийгмийн халамжийн өнөөгийн байдлыг хэрхэн харж байна вэ?
-Улс төрийн намууд халамжийн бодлогыг буруугаар ашигладаг нь маш том дутагдал. Хатуугаар хэлэхэд, хүний зовлонгоор даажигнаж байгаа мэт санагддаг. Халамж бол тодорхой бүлэгт чиглэсэн үйлчилгээ. Зайлшгүй хэрэгцээ шаардлагатай хүмүүс үүнд хамрагдаж, хүртэх ёстой. Үүнийг улс төрийн зорилгоор ашигладагт сэтгэл дундуур явдаг.
Сонгуультай холбоотойгоор дөрвөн жил тутамд халамжийн бодлого өөрчлөгддөг. Энэ бол нийгмийн бодлогын алдаа. Халамжийн бодлого хэлбэлзэж, хөлбөрөөд байхаар иргэд халамжийн сэтгэлгээнээс салж, зах зээлийн нийгэмтэй хөл нийлүүлэн, бойжиж чадахгүй байна. Хөдөлбөл хөлс, зогсвол зоос гэдэг шударга зарчмаар ажиллах ёстой. Муу ард түмэнтэй улс гэж байдаггүй, харин хэн удирдан чиглүүлж байгаагаас л их зүйл шалтгаалдаг гэдэг дээ.
-Шударга зан заримдаа тус биш, ус болдог гэдэг. Та энэ зангаасаа болж адлуулж байв уу?
-Аливааг ил цагаан, улаан нүүрэн дээр нь хэлчихдэг зангаасаа болоод сайн, муу олон зүйл сонсож, хүртсэн дээ. Найз нөхөд маань “Чи өөртөө дандаа гай хураах юм” гэж зэмлэдэг. Таалагдахгүй, санаа нийлэхгүй байгаагаа хэлж чадахгүй, аялдан дагалдаж, далдуур муулдаг хүн өнөөгийн нийгэмд олон. Нүд рүү минь харж байгаад шүүмжилдэг хүнд би баярладаг. Үүнээс л ухаарч, хөгжиж, өөрийгөө боловсруулдаг. Хүний төрөлхийн зан булавч бултайдаг юм билээ.
-Буянтай үйл их хийсэн болохоор чин сэтгэлийн талархлын үг цөөнгүй сонсдог байх. Та ер нь хэчнээн хүн баярлуулсан бол?
-Намайг 2008 оны хавар ажлаа хүлээлгэж өгөхөд дүүргийн маань иргэд эсэргүүцэж жагсаал, цуглаан хийх дээрээ тулж байсан шүү (инээв). Зарим нь намайг ажлаа орхилоо, амархан буугаад өгчихлөө гээд зэмлэдэг байлаа. Тухайн үед ээжийн минь бие нэлээд тааруу байсан юм. Хүнд ээж ганцхан л заяана, харин ажил олдоно шүү дээ. Ээжийгээ асарч, энэрэлт бурхныхаа хажууд амьдралын сайхныг, жаргалыг мэдэрч сүүлчийн мөч хүртэл нь байх боломжийг би сонгосон.
Энд тэнд явж байхад огт танихгүй хүн ирээд “Сайн байна уу, дарга аа” гээд мэндлэхэд их сайхан санагддаг. 100 айл орчмоор явахад намайг танихгүй хүн ховор доо. Манай хэлтэс нэг хэсэг орон гэргүй иргэдийг цайны газартаа хооллодог байсан юм. БНСУ-ын нэг байгууллагатай хамтарсан төслийн хүрээнд ийм ажил хийсэн.
Тэр төсөлд хамрагдсан иргэд хүртэл намайг таньдаг. Нэг удаа би СТӨ-нд хуралд оролцохоор явж байтал нэгэн хүн траншейнаас “Дарга аа” гээд орилов. Тэгснээ гүйж ирээд “Таны ачаар орох оронтой болсон” гээд л талархлаа илэрхийлсэн. Халамжийн хэлтсээс гэр авсан иргэдийн нэг юм билээ. Би ажиллах хугацаандаа олон иргэнтэй уулзаж, зовлонг нь хуваалцсан. Янз бүрийн асуудал, зовлон ярьсан хүмүүс өрөөнд орж ирээд уйлаад, амьдралаа ярих бүрт зөвлөөд, сэтгэлийг нь засаад гаргадаг байлаа. Найзууд маань “Чам шиг ийм дарга байдаггүй юм” гээд л шоолдог байв.
-Та аль нутгийн хүн бэ. Ямар мэргэжил эзэмшсэн, одоо ямар алба хашиж байгаа талаараа ярина уу?
-Би Хөвсгөл аймгийн Рашаант суманд төрсөн. Аав минь МАХН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Дамба гэдэг хүний ерөнхий референт, “Үнэн” сонины ахлах редактор, “Энхтайван социализмын асуудал” сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга зэрэг хариуцлагатай алба хашиж явсан. Дөрөв, таван хэлтэй, ном хөрвүүлдэг тухайн үеийн шилдэг сэхээтнүүдийн нэг. 1961 онд Дамба гуай хэлмэгдэхэд аав ч өртөж, “Намын илгээлт” нэрийн дор Хөвсгөл рүү 10 жил цөлөгдсөн юм.
Тэр үед нь би болон ах дүү нар маань мэндэлсэн. 1971 онд Улаанбаатарт ирэх ёстой байтал аав осолд орж, зуурдаар нас барсан. Тэр явдлаас хойш гурван жилийн дараа манайх нийслэлд шилжиж ирсэн. Тийм цаг үеийг туулсан болоод ч тэр үү, манайхан аливаад дайчин, шантардаггүй болсон. Одоо би Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байна. Улс төртэй амьдралаа холбоод 26 жил боллоо. 2000 оноос улс төрийн амьдралд идэвхтэй оролцож байна. Уг нь багш мэргэжил эзэмшсэн, философийн шинжлэх ухааны магистрийн зэрэгтэй.
Х.Нямбуу, Д.Дашжамц, Х.Сампилдэндэв, Х.Дарамбазар нарын алдартай эрдэмтнээс номын дуу сонссон. Итгэлтэй, ирээдүйтэй шавь нь хэмээн үнэлэгдэж явсан азтай нэгэн. Багш нар маань намайг мэргэжлээ орхиод улс төрд ороход их харамсаж байсан. Зарим нэг хэт хуучинсаг үзэлтэй, туйлшрамтгай хүнтэй үзэл бодол таарахгүй, зөрчилддөг байсан болохоор улс төр рүү “урвачихсан” юм.
-Гэр бүл ойр дотнынхон тань эл шийдвэрийг хэрхэн хүлээж авсан бэ?
-Би айлын ганц охин болоод ч тэр үү, ах нар маань их дургүйцсэн. Би гурван ах, гурван дүүтэй. “Улс төр хатуу тоглоом. Өчнөөн жил сурчихаад, зорилгоосоо хазайлаа” гээд ах нартаа зэмлүүлж байсан үе надад өчнөөн бий. Ер нь би их зөрүүд, шазруун, өөрийнхөөрөө. Энэ зан минь зарим үед чихийг минь таглачихдаг байсан.
-Шантрах үе байв уу. Хэрэв тийм бол танд юу хүч өгч, урам зориг хайрладаг байсан бол?
-Монголд нэг муухай тогтолцоо бий болжээ. Аль нэг нам сонгуульд ялахад төрийн бүхий л шатныхныг хөдөлгөж, сольдог. Мөн янз бүрээр дайрч, гүтгэх тохиолдол бишгүй. Тийм тохиолдолд “Би яах гэж хайран сайхан мэргэжлээ орхиж, улс төр гэж зүтгэв” гэж бодсон үе байсан. Гэхдээ гутарч гудайлгүй, өөрийгөө “цэнэглэж” зоригжуулдаг. Улс төртэй нэр холбогдчихоор сайн ч, муу ч зүйл тохиолдсон салдаггүй юм билээ. Ямар нэгэн ажилд орох гээд анкет бөглөхөд ч, хэн нэгэнтэй уулзахад ч “Чи тэр намынх юм байна” л гэдэг. Энэ мэт шалтгаанаас болоод ажил төрөл бүтэхгүй үе байдаг л юм.
-Загасчны морь усгүй гэдэг. Бусдын төлөө явсаар өөрийгөө умартчихдаг хүмүүс байдаг. Таныг яг тийм хүн гэж сонссон юм байна.
-Би өөрийнхөө төлөө гүйхдээ хойрго, хүний төлөө ажил хөөцөлдөхдөө гаргууд хүн дээ. Хөлд нь сууж байгаад ч болов бүтээгээд өгчихдөг хэрнээ өөрийнхийгөө чаддаггүй юм. Нэрэлхүү зан нөлөөлдөг байж мэднэ. Би өөрийнхөө төлөө гүйгээд байдаггүй ч ажил үйлс маань амархан бүтэж, муу муухай зүйлс намайг тойрч өнгөрдөг шиг санагддаг. Олон хүний ерөөл, талархлын хүч юм болов уу.
-Хүн байхын утга учрыг Та хэрхэн ухаж ойлгодог вэ?
-Хүн хүнээрээ байх нь л чухал. Чоно, нохой, үнэг шиг араншин бидэнд хэрэггүй. Эрдэнэт хүний биеийг олж төрсөн болохоор хамаг л сайн сайхан чанарыг өөртөө бий болгох хэрэгтэй. Хаана ч, ямар ч үед өгссөн ч, уруудсан ч түүнийгээ хаяж, гээдэггүй байвал сайхан. Аливааг сайнаар бодож чаддаг тэнхээтэй, хүчирхэг бай. Ер нь төрмөл зүйл орхигдох нь үгүй. Хүнийг зөв таних их чухал. Хүнтэй харилцаж, нөхөрлөж байж л сайн сайхныг нь мэднэ. Зовж байгаа хүнд цагийг нь олж туслах чухал. Хүнд тус хүргэнэ гэдэг ямар нэг зүйл өгөхийн нэр биш. Магадгүй тус хүргэж байна гэж бодож өгсөн мөнгөөр архи авч уучихаад гэрийнхнээ зовоодог байвал яана. Үүнийг сайн бодох хэрэгтэй.
-Хүн бүхэн өнөөгийн нийгмийг шүүмжилж, хараар буддаг болчихож. Та тэгвэл болж бүтэж байгаа зүйлсээс дурдахгүй юу?
-Ер нь монголчуудад сайн сайхан зүйл олон бий. Тийм ч байх ёстой. Хувь хүн, улс орон ч аливаа зүйлийн сайныг нь харж дэмжвэл хөгжинө гэж боддог. Бид ажлаасаа болж уурлаж бухимдчихаад, тэр хар энергиэ гэртээ тээгээд орохыг хүсдэггүй шүү дээ. Улс орон ч гэсэн үүнтэй ижил. Ой тогтоолт, оюуны чадамжаараа дэлхийд тавдугаарт жагсдаг улсын иргэд юуг ч хийж, бүтээж чадна. Хүн бүр олдмол муу зуршлаасаа салаад, сайн сайхан талаа хөгжүүлэх хэрэгтэй. Монголчууд цөөхүүлээ атлаа хүчирхэг байдгийн шалтгааныг дэм дэмэндээ байж, биенээ хөгжүүлж, боловсруулж ирсэнтэй холбоотой гэж боддог.
Бусдад тусалж, дэмжихийг амьдралын гол зорилго, өөрт ногдсон үүрэг гэж боддог түүнтэй уулзах мөчид ч тэрбээр хэн нэгнийг баярлуулахаар хөдөлмөрлөж байсан юм. П.Оюунчимэг өнгөрсөн хавар ерөнхий боловсролын VI сургуульд Үндэсний уламжлал, өв соёлын танхим байгуулж, сурагчдад бэлэг барьжээ.
Өөрөө тэр сургуулийг төгссөн юм билээ. Одоо ч тус танхимаа улам сайхан болгохоор ажиллаж байна. Монгол гэрийн загвар бүхий Үндэсний уламжлалын танхимтай болсон сургуулийн хамт олон, эцэг эх, сурагчид түүнд талархаж явдгаа илэрхийлж байлаа. Түүний энэ санаачилгыг 2015 онд Сүхбаатар дүүргийн удирдлага холбогдох төсөв зардлыг нь дэмжин батлуулжээ. Цаашид тэрбээр дүүргийнхээ бүх сургуулийг ийм танхимтай болгох том зорилготой буйгаа ч ярьсан юм.