“Ухааны, мэлмийн, мутрын ур тэгш заяасан хүн л сийлбэрч болдог юм” гэж өвөө минь ярьдаг байж билээ. Багаасаа өвөөгөө мод хөрөөдөж, харуулдаж, зорж, сийлж суухыг харж, нойтон үртэсний, зорсон модны үнэрт тоглож өссөн болохоор ч тэр үү, зураач, барималчдынхаас илүү сийлбэрчдийн бүтээл нэг л дотно, цаанаа л чамин санагддаг юм.
Энэ удаа Монголын урчуудын эвлэлийн хорооны гишүүн, сийлбэрч С.Баасандоржийн урлангаар бид зочиллоо. 40-өөд жил сийлбэр хийсэн уран гартан атлаа нэг ч удаа үзэсгэлэн гаргаж, бүтээлээ олонд дэлгэж байгаагүй ч, түүний бүтээсэн, урласан нь эх орондоо төдийгүй хилийн чанадад монгол сийлбэрчийн урын гайхуулсаар байдаг юм билээ.
-Та сийлбэрч мэргэжлээ хаана эзэмшив?
-Би Дүрслэх урлагийн дунд сургуулийн сийлбэрийн ангийг 1980 онд төгссөн. Жамбал гэдэг багшийн гарын шавь. 1980 онд цэргийн албанд татагдаж, 1983 онд халагдсанаасаа хойш Монголын урчуудыг эвлэлийн хорооны харьяа Гар урлалын үйлдвэрт сийлбэрчээр ажиллаж эхэлсэн юм. Тэр цагаас хойш энэ ажлаасаа хөндийрөөгүй ээ.
-Багаасаа гарын уртай хүү байв уу?
-Уг нь хүүхэд байхдаа зураач болно гэж мөрөөддөг байлаа. Хувь тавилан намайг сийлбэрч болгосон байх.
-Сийлбэрчид ихэнхдээ захиалгаар бүтээл урладаг, тэр нь өөрт үлддэггүй болохоор жаахан харамсмаар юм аа.
-Тэр ч тийм шүү. Ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнүүд дээр бүтээлээ сийлдэг. Сийлбэрийн урлагийн онцлог энэ. Тийм болохоор өөрсдөд үлдэх нь бага. Дан уран бүтээл сийлж, үзэсгэлэнд оролцдог сийлбэрч мэр сэр бий.
-Өмнө нь Үндэсний соёл амралтын хүрээлэн таны бүтээлүүдээр гоёдог байлаа. Харамсалтай нь, засвар хийж шинэчилснийхээ дараа үлдээгээгүй байсан. Таны хамгийн том бүтээл одоо хаана бий вэ?
-Хүүхдийн паркад байсан “Үлгэрийн хотхон” дахь бүтээлүүдийг минь хааш нь зөөснөө хэлэхгүй юм. Уг нь хэлчихвэл өөртөө авч, урландаа тавьчихмаар л байна. Өнгөрсөн жил ӨМӨЗО-ы Хөлөнбуйр аймагт монгол гэрийн бүтэн цогцолбор бүтээлээ. Гэр, тавилга гээд бүгдийг маш онцгой байхаар урласан. Төрийн ордны УИХ-ын чуулганы танхим, Ерөнхийлөгчийн ёслол хүндэтгэлийн өргөөний гүйцэтгэл, чимэглэлийг хийлээ. Энэ мэтчилэн бүтээлүүдээ дурдвал овоо урт жагсаалт гарна.
-Монголын Урчуудын эвлэлийн хорооноос зураач, барималчдын үзэсгэлэнг гаргаж, бүтээлийг нь олон улсын биеналь, уралдаанд сойж дэмждэг. Гэхдээ сийлбэрчдийг орхигдуулаад байх шиг санагддаг.
-Харж үзсэнгүй гэж гомдоллох нь ч хаашаа юм. Гэхдээ зураач, барималчдаас бага нь үнэн. Бид чинь сонгодог гэдгээс илүү ардын урлагаа хөгжүүлэхээр, түүнийг уран бүтээлдээ түлхүү тусгадаг хүмүүс. Ардын урлаг хэчнээн хүчтэй байна, үндэстний хөгжил төдий чинээ. Ардын урлагаа хөгжүүлэхгүйгээр сонгодог, дэлхийн урлагтай хөл нийлүүлэх боломжгүй.
-Сийлбэрийг үндэсний хээ, угалзгүйгээр төсөөлөх аргагүй. Та хээ узалз их судалдаг биз?
-Сийлбэрчид л угалзны хамгийн том мастер. Манайд ар, өвөрхангай, өндөр гэгээний маягийн угалзууд их хэвшмэл. Угалз ч их олон төрөл шүү дээ. Түүнийг мэргэжлийн сийлбэрчид л харж ялгана, мэднэ.
-Та бүтээлүүддээ ямар хээ ашиглах дуртай вэ. Хээ бүрийн бэлгэдэл ондоо шүү дээ.
-Ямар хээ гэхээсээ илүү юу урлаж байгаа вэ гэдгээсээ л болдог юм. Бэлгэдлээс гадна бүтээлийнхээ зохиомжид тохируулж хээ сонгодог. Эсвэл миний арга барил ийм ч байж болох. Хээ, угалзыг зүгээр л эрээн авдар дээр зурдаг зүйл гэж бодож болохгүй. Түүгээр уйтгар гуниг, баяр баяслыг ч илэрхийлж болно.
-Амьдарч буй газар зүйн байрлал, хэрэглэж буй түүхий эдээсээ хамаараад сийлбэрчдийн арга барил өөр өөр байдаг байх?
-Дарьгангын урчууд гэхэд л нутагтаа урлах дэгийг бий болгосон. “Энэ л Дарьганга хийц” гэж бусдаас ялгарч чадаж байгаа юм. Өмнөговийн Ноёнсэврээ хийц ч гайхалтай, нарийн жаягтай. Гэтэл энэ хоёр хийцийн бүтээлийг зэрэгцүүлээд харахад маш их ялгаатай. Өвөрхангайн Уянгын хийц ч гэдэг. Монгол гэрийн эдлэл, хэрэглэлийг ямар сайхан, гайхамшигтай урладаг байлаа. Батноров хийц ямар их чамин билээ.
Энэ чинь л урчуудын ур чадвар, ялгаа байхгүй юү. Газар нутгийн болоод нүүдэлчин сэтгэлгээний онцлог бүтээлд шингэж байсны нотолгоо л доо. Гэтэл эдгээр дэг алдагдаад байна. Яг тэр хийцийг дэг жаягаар нь урлаж чадахгүй, дөхүүлсэн болчихоод түүгээр нэрлэх нь зохимжгүй. Тэгж нэр хөөдөж буй хүн олширчээ. Яах вэ, нэг талаасаа орчин үеийн сургалт багш нарын арга барил ч дээрх дэг алдагдахад нөлөөлж байж болзошгүй.
Манай багш нарын олонх нь өрнөдийн урлагаар дагнасан, тэр чиглэлийн бүтээлүүд түлхүү туурвидаг хүмүүс.
-Сийлбэр ч гэсэн ийм олон дэгтэй юу?
-Хавтгай, бүтэн, чимэглэлийн сийлбэрээсээ шалтгаалаад ажиллах арга техник нь өөр л дөө. Биднийг модоор юм хийдэг болохоор сийлбэрч гэдэг байх. Гэтэл надад өөр санагддаг. Надад бидний ажил барималчдынхтай адил санагдах үе ч бий.
Ахуйн хэрэглээний, эд өлгийн зүйлс сийлэхээс гадна бид модон хөрөг ч бүтээдэг. Нөгөө талаар чимэглэлийн урлаг гэмээр. Орчин цагийн барилгад төдийгүй бүхий л зүйлсэд сийлбэрийн нарийн хийцийг шигтгэж болно.
-Та аль нутгийн хүн бэ. Танай нутагт гарын уртай хүн олон байдаг уу?
-Би Өмнөговиос гаралтай хүн. Манай нутгаас гаралтай гарын уртай хүн олон бий. Хэзээнээсээ л хүүхнүүд нь уран, эрчүүд нь дархан гэдгээрээ зартай нутаг шүү дээ.
-Залуус сийлбэр хэр сонирхдог вэ. Та гарын шавь бэлдэж байна уу?
-Сийлбэр мэдрэмжийн урлаг. Мод бол зөөлөн материал. Тэр эмзэг, зөөлөн зүйлийг сийлэхэд хамгийн их ур хэрэгтэй. Эрт үед уран дархчууд эхлээд модон эдлэл сийлж сурчихаад дараа нь алт, мөнгө зэрэг хатуу эдлэл урладаг байсан түүх ч бий. Би 1995 оноос Үйлдвэр урлалын сургуульд багшилсан. Тэнд яг таван жил багшлахдаа 10 гаруй гарын шавьтай болсон. Эдгээр шавьтайгаа 2000 оноос хойш хамтран ажиллаж буй.
Хүүхдүүд маань ч ажиллах, амьдрах дөрөө овоо олчихлоо. Нэг зүйлд л их харамсдаг юм. Гарын дүйтэй хүмүүс сийлбэрч нарын мэргэжлийн үнэмлэмжийг унагаж буйд. Зүгээр л гарын уртайдаа хүний бүтээлийг хуулбарлачихаад бидэнтэй ижил түвшинд үнэлэгдэж байгаад харамсдаг. Уран бүтээлчдийн бүтээл, гарын дүй, эвсэлтэй хүмүүсийн хийснийг ялгах, өөрөөр үнэлэх хэрэгтэй.
Бүтээл туурвихын тулд уран бүтээлчид сэтгэж, зохиож, хөдөлмөрлөдөг. Харин зүгээр л гарын дүйтэй хүмүүс бусдын бүтээлийг хуулбарлаж байна. Ийм хүмүүс маш их байгаа нь аймшигтай.
-Монголын сийлбэрийн урлаг өрнөдийнхөөс арга техникийн хувьд ялгаатай юу?
-Мод боловсруулах арга нь улс бүрийнх өөр. Түүнээс биш сийлэхэд онцгой ялгаа байхгүй. Бидний гол онцлог нь сэтгэлгээ, зохиомж, ур чадвар.
-Мод бүрийн хатуу зөөлөн чанар, бүтэц өөр. Та ямар модоор сийлбэр хийх дуртай вэ?
-Сийлж болохгүй мод үгүй гэж би боддог. Харин би ихэвчлэн хушийг сонгодог. 13 занданы нэг шүү дээ. Маш хатуу, тэгсэн атлаа хөнгөн. Бас их гоё үнэртэй. Мод бүр өөр үнэртэй.
-Модоо хөрөөдөж, сийлж, сийлбэр хийхэд бэлтгэдэг болохоор та мужааны ажилд ч гаргууд байх даа.
-Тийм шүү. Гэнэт сэтгэл хөдлөөд л юм сийлмээр санагдана. Тэр үед модоо бэлтгэх гэж цавчиж, харуулдаж ухнатсаар байтал нөгөө сэтгэл хөдлөл нь алга болчихдог үе бий. Сийлэх явцдаа нэг л алдаа гаргахад хайран модны гарз болно. Засна гэсэн ойлголт байхгүй. Анхнаасаа сийлбэрийнхээ зохиомжийг сайн гаргаж, түүнийхээ дагуу сийлэхгүй бол болохгүй.
-Нас ахиж, нүдний хараа муудахад сийлэх ур чадварт нөлөөлж байна уу?
-Айх л юм. Үхэн үхэтлээ л сийлбэрээ хиймээр байна. Хараа муудах вий гэж айдаг. Гэхдээ манай сийлбэрч нар их урт насалдаг шүү. Одоо 90 гаруй настай ч сийлбэрээ хийсээр буй хүн ч байна шүү дээ. Модны сайхан үнэрт, ухаан санаагаа төвлөрүүлж сийлдэг болохоор урт насалдаг ч байж мэднэ.
-Та сийлбэр хийлгүй, модонд гар хүрэлгүй удаж байв уу?
-Долоогоос дээш хонож байгаагүй. Өөрийн эрхгүй гар загатнаад, мод бариад авмаар л санагддаг.
-Сүүлийн үед таныг гадаадынхан нутагтаа урьж, бүтээл хийлгэх санал их тавьж буй юм билээ. Гадаадынхан сийлбэрийг арай илүү үнэлж байна уу даа?
-Манай дүрслэх урлагийн бүх л төрлүүдийг европчууд илүү үнэлж буй. Сийлбэрийг ч тэр. Тэд өөрийгөө сайн боловсруулж, ур чадвараа ахиулсан хэний ч бүтээлийг өндөр үнэлж чадаж байна. Манай ардын урлагийг БНХАУ, ӨМӨЗО-д ч их сонирхож, хуулбарлаж байгаа нь нууц биш.
Сийлбэрчдэдээ сургалт зохион байгуулж, арга барилаа зааж өгөөч ч гэж ханддаг. Багшлуулах санал ч ирсэн. Нас жаахан ахисан болохоор нутагтаа л уран бүтээлээ хийх нь надад илүү санагдаж байна. Даяаршиж байна гээд ардын урлагаа гээж, үгүйсгэж болохгүй. Харин ч улам л хөгжүүлэх ёстой.