“Охин маань над шиг харааны бэрхшээлтэй болоод төрчихөөгүйд л хамгийн их баярладаг. Эрүүл саруул, хөөрхөн охиныхоо ирээдүйн төлөө аав нь бүхнийг хийнэ. Тэмцээн уралдаанд оролцох, бэлтгэл сургуулилалт, цугларалт гээд гэрээсээ хол байх үе надад бишгүй. Тиймээс намайг эзгүйд хань, охин хоёр маань тав тухтай, дулаан газар байг гээд энэ байрыг гурав дахь жилдээ түрээсэлж байна” хэмээн паралимпын хүрэл медальт, жүдоч Болормаагийн Ууганхүү ярилаа.
Бразилын тэнгэрт Монгол Улсынхаа төрийн далбааг мандуулаад ирсэн 25 настай энэ залуу үнэхээр даруухан нэгэн ажээ. Хүрэл медалийн төлөөх барилдаанд паралимпын алт, хүрэл медальт, дэлхийн хошой аварга, Азербайжаны Р.Ибрахимовыг дөрөвхөн секундэд цэвэр ялсан адтай, одтой, гал цогтой тэр Б.Ууганхүү өмнө минь сууж байгаа гэхэд итгэмээргүй намуухан дуугаар ярих юм.
Харин нэг хүн бидний яриан дундуур үе үе “орж”, өөр хэмнэл хөг нэмж байсан нь түүний охин У.Ичинхорлоо. Ой таван сартай, адтай охин энэ тэрүүгээр тавхайгаа гялалзуулан гүйж, “Би юмнаас хоцорчих вий” гэсэн шиг хэрэгт дурлан, хаа сайгүй инээд баясал бэлэглэх аж.
-“Рио-2016” паралимпын наадамд амжилттай оролцож, пара жүдочдын түүхэнд анхны медалийг эх орондоо авчирсанд тань халуун баяр хүргэе. Гэртээ ирээд сайхан амарч чадав уу, эсвэл хүн үймээд амжихгүй байна уу?
-Тамирчин болсныхоо хэргийг гаргаж, паралимпын наадмаас хүрэл медаль хүртсэндээ их баяртай байна. Би болоод миний эргэн тойрны олон хүн энэ мөчийг их хүлээсэн. Тэднийгээ баярлуулсандаа сэтгэл хангалуун, сайхан байна. Чийглэг, бүгчим халуун газарт олон хонохдоо хурдхан шиг Монголдоо очих юмсан гэж хүссэн.
Сүүлийн өдрүүдэд бол шөнө нойр ч хүрэхгүй, нэлээд ядарсан. Одоо гэртээ ирээд мэдээж сайхан л байна. Харин цагийн зөрүүнээс болоод сайн амарч чадахгүй л юм. Бас манайхыг зорин ирж, баяр хүргэх гэсэн олны хөл тасарсангүй. Гэхдээ удахгүй сайхан амрах байлгүй дээ.
-Таны тэмцээн эхний өдөр болоод өндөрлөчихсөн. Паралимп дуустал тэр олон хоног юу хийв. Пара тамирчид гадаадад очихоороо бусад шиг гадуур явж, дэлгүүр хоршоо хэсдэг үү?
-Бусад баг тамирчдынхаа тэмцээнийг үзэж, дэмжинэ. Байт харвааныхандаа нумыг нь зөөж өгнө. Хажуугаар нь өөрийнхөө сонирхдог төрлүүдийн тэмцээнийг зорьж очиж үзнэ. Энэ мэтээр өдөр хоногууд завгүй өнгөрсөн дөө. Мэдээж тэмцээн уралдаанаа дуусахаар бусад тамирчинтай адилхан гадуур гарч, дэлгүүр хэсэлгүй яах вэ.
-Паралимпын тамирчдыг харахаар хүний нөөц боломж гэдэг ямар хязгааргүй зүйл байдаг юм бэ гэж эрхгүй бодогддог. Тэсвэр, тэвчээр хатуужлын туйл болсон энэ наадмыг жирийн үзэгчид хэр сонирхон үздэг бол?
-Сая паралимпын наадмын үеэр аль ч тэмцээн танхим дүүрэн үзэгчтэй байлаа. Бразил улс өнгөрсөн жилээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ илүү сайн дэмжсэн хуультай болсон юм билээ. Хамгийн гол нь бразилчууд гал цогтой хөгжөөн дэмжигчид ямар байдаг билээ, тэр утгаараа тэмцээн уралдааны уур амьсгал маш сайхан байсан. Ер нь пара спорт сонирхолтой, үзэгчдэд ямар нэг зүйл бодогдуулдаг онцлогтой л доо.
Тэр дундаа тухайн тамирчнаас нарийн мэдрэмж шаардсан, хүнд төрлүүд байна. Дөрвөн мөчгүй хүн усанд сэлдэг, хоёр төмөр хөлөн дээрээ хурдтай гүйж ирээд, үсэрч харайгаад, өнөөх хөл дээрээ буудаг, тэргэнцэртэй сагсан бөмбөгийн тэмцээнийг би өөрөө үзэх дуртай.
-Таныг угтаж авахаар Дорноговь аймгийнхан “Чингис хаан” олон улсын нисэх буудалд ирсэн байсан. Нутгийн зон олон нь их баяртай байгааг хараад, монголчууд улсын наадмаасаа хальж сэтгэдэг болоо юу даа гэж бодсон шүү. Нутгийнхан нь хүлээж авна гэж байна уу?
-Би Дорноговь аймгийн Сайншандад төрж, өссөн. Сая нутгийнхан маань онгоцны буудал дээр ирж тосоход их сайхан санагдлаа. Анхны олимпын медальтнаа өлгийдөж авсандаа манайхан их баяртай байгаа. Риогоос ирсэн орой манай нутгийн удирдлагууд нам харгалзахгүй, тал талаасаа цуглаж, сайхан хүлээн авалт зохион байгуулсан. Спорт гэдэг тийм хүчтэй байдаг юм билээ.
Одоо аравдугаар сарын 2-нд нутгийнхан маань намайг Сайншандад хүлээж авна гэсэн. Энэ дашрамд, намайг үргэлж тусалж дэмжиж ирсэн Дорноговь аймгийнхаа ЗДТГ-ын хамт олонд болоод Монголын жүдо бөхийн холбоо, Монголын пара жүдо бөхийн холбооны удирдлагууд, багш, дасгалжуулагч, бэлтгэл хангагч дүү нартаа, үндэсний шигшээ багийнхандаа, мөн Биеийн тамир, спортын хөгжлийн төв, Спортын анагаах ухааны алба, “Флекс жим” фитнес клубийнхэндээ маш их баярлаж явдгаа илэрхийлье. Манай жүдогийнхон пара, энгийн гэж хуваагдалгүй, “Хамтын хүч амжилт” гэсэн уриатайгаар өвөл, зунгүй хээрийн бэлтгэлээ хамт хийдэг.
-Та аль нэг пүүс компанийн нэр дээр харьяалагддаг уу, зөвхөн шигшээ багийн цалингаараа амьдралаа болгож байна уу?
-Одоогоор би ямар нэгэн пүүс компанид харьяалагддаггүй. Шигшээ багийн цалингаараа амьдарч байна. Хажуугаар нь ажил хийвэл амьдралд нэмэртэй ч бэлтгэл сургуулилалт завсардах гээд байдаг гэмтэй. Тиймээс одоохондоо спортын карьераа нэгдүгээрт тавьж байгаа.
-Шигшээ багийн цалин хэдэн төгрөг байдаг вэ. Цалингаараа байрныхаа түрээсийг төлж хүрдэг үү?
-Цалингаасаа татвар, шимтгэлээ төлөөд гар дээр 380 мянган төгрөг ирдэг. Цалин маань байрны түрээсний мөнгөний хаана ч хүрэхгүй л дээ. Уг нь группийн мөнгө авдаг байхад арай нэмэртэй байсан юм. Ядаж тэндээсээ татвар, шимтгэлээ төлчихдөг учраас цалин маань гар дээр бүтнээрээ ирдэг байсан. Гэвч өнгөрсөн жил намайг группээс хассан.
-Яагаад тэр вэ. Та чинь харин ч халамжийн мөнгө авах ёстой юм биш үү?
-Харин хүмүүс тэгж асуугаад байдаг юм. Миний харааны онош өөр юм шиг байна лээ. “Таны харааны үзүүлэлт халамжийн мөнгөнд хамрагдах заалтад нийцэхгүй байна” гээд өнгөрсөн жил намайг хассан. Гэхдээ яах вэ, болж л байна. Байрны түрээсээ төлж амжихгүй бүр болохоо байвал ээж, эгч, ах нараасаа тусламж хүсээд болгодог доо.
Энд нэг зүйлийг онцлоход, олимп, дэлхийн аваргаас медаль хүртсэн тамирчдад Ерөнхийлөгчийн нэрэмжит мөнгөн урамшуулал сар бүр олгодог болсон нь бидэнд ихээхэн урам зориг, итгэл найдвар өгсөн. Тиймээс энэ хуулийг санаачилсан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон анх санаачилгыг нь гаргасан Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, Э.Бадар-Ууган болон гавьяат тамирчин Б.Наранбаатар ах нартаа олон залуу тамирчны нэрийн өмнөөс талархал илэрхийлмээр байна.
-Пара жүдочдыг барилдах гээд гарч ирэхэд хоёр дасгалжуулагч нь хөтөлж авчраад, шүүгч дохио өгөөд барьцыг нь авахуулангуут шууд дайрдаг юм шиг байсан. Нөгөө бөхөөсөө өрсөж мэх хийхгүй л бол хожимдох учраас мэдрэмж их чухал уу?
-Тийм ээ. Хоёр бөхийн анхаарал дээд цэгтээ хүртэл төвлөрчихсөн байдаг учраас нөгөө хүнээсээ өрсөж, зөв мэх хийхгүй л бол хэцүү. Гэхдээ бас яараад буруу хөдөлгөөн хийвэл өрсөлдөгчдөө цэвэр ялагдах магадлал пара жүдод их. Хандгайтад бэлтгэл хангагч дүү нартайгаа барьцтай барилдааны сургуулилалт хийж байхад “Нээрээ энэ чинь ямар эвгүй байдаг юм бэ” гэдэг байсан.
Гэхдээ барилдааны эхлэлийг сайн хийх тал дээр би бас л дутагдалтай хүн шүү дээ. Барилдаан дундаа орчихвол тайвшраад, санаачилгыг гартаа авдаг.
-Гэхдээ сая паралимпын болон дэлхийн аварга Ибрахимовыг дөрөвхөн секундэд цэвэр ялсан шүү дээ. Түүнтэй таарвал ингэнэ гэсэн төлөвлөгөө мэдээж байсан байх?
-Ибрахимовтой хоёр дахиа таарч барилдлаа. Барилдааныг нь мэдэх учраас түүнтэй таарвал ийм мэх хийнэ гэдэг тактикаа бодож очсон. Манай пара жүдогийн 66 кг-ын жингийн Мөнхбат ах маань ч “Наадах чинь тэгдэг шүү” гэж зөвлөж байсан. Боловсруулсан тактикийнхаа дагуу барилдаж, хүрэл медаль хүртсэндээ их баяртай байгаа.
Манай жинд барилдаж байгаа бөхчүүдийн чансааг хараад “Би энэ жил эх орныхоо Төрийн далбааг мандуулах боломжтой юм байна” гэсэн итгэл бол надад байсан. Японы Хирошигээс бусадтай нь барилдаж үзсэн болохоор багцаа байлаа л даа. Хэсгийн аваргын төлөө Хирошитой барилдахдаа тактикийн алдаа гаргаснаа бодохоор жаахан харамсалтай санагддаг.
-Тэр барилдааныг таны мөр гэмтэлтэй байгаатай холбон тайлбарлаж байсан. Хэзээ мөрөө гэмтээсэн юм бэ?
-Бэртэл гэдэг тамирчин хүний хамгийн гол дайсан юм. Хирошитой барилдаж байхад мөрний бэртэл сэдрээд, барилдаанаа хурдан дуусгахын тулд яарсандаа түүний мэхэнд унасан л даа. Риогийн олимпын өмнө хоёр мөр хоёулаа бэртэлтэй байсан. Зүүн мөрний гэмтэл бол 5-6 жил болж байгаа. Яван явсаар сая олимпын өмнө эрчимтэй бэлтгэл хийхэд нэлээд сэдэрсэн.
Риог зорихоос өмнө MRI шинжилгээ өгтөл мөрний урд хэсгийн шөрмөс нь ханзарсан байна гэсэн. Мэс засал хийхээс нааш бүрэн эдгэхгүй гэхээр нь олимпын дараа болъё гээд орхисон. Зун Азербайжаны бөхчүүд манайд ирэхэд бэлтгэл хийж байгаад баруун мөрөө бас гэмтээчихсэн юм. Монголд MRI шинжилгээ хийлгэхэд өндөр үнэтэй учраас сая Риод үнэгүй оношилгоонд хамрагдлаа.
Одоо эмчдээ MRI шинжилгээний хариугаа уншуулна даа. Дараагийн тэмцээнээс өмнө бэртлээ хурдан эмчлүүлж, гамаа сайн барихгүй бол цаг хугацаа намайг хүлээхгүй. Манай пара жүдо чинь дөрвөн жилийн хугацаанд паралимпын эрх олгох дөрөвхөн тэмцээн болдог. Риогийн эрх олгох дөрвөн тэмцээний гуравт нь л би оролцсон шүү дээ.
-Жүдогоор хэдэн жил хичээллэж байгаа билээ. Анх яагаад энэ спортод татагдсан юм бэ?
-Би аймгийнхаа III арваннэгэн жилийн дунд сургуулийг 2008 онд төгссөн. Сургуулиа төгсөх жил манай хэдэн найз жүдо, боксын дугуйланд явж эхэлсэн юм. Тэр үед жүдогийн дугуйланд орох гэж буй найзууд маань “Чи хамт яваад багшид биднийг хэлээд өг” гэх ухааны юм хэлээд намайг дагуулж явж билээ.
Тэгж л анх Я.Дорж багштайгаа нүүр тулж, тэнд бэлтгэл хийж байгаа тамирчдыг хараад, жүдо бөхийн дэг жаяг, зарчим, шударга байдал нь их таалагдаж, энэ спортод татагдсан даа. Тэр цагаас хойш одоо ес дэх жилдээ хичээллэж байна. Пара жүдогоор бол 2009 онд “Шонхор олимп” дээд сургуульд орсноосоо хойш Болд-Эрдэнэ, Энхболд багшийнхаа удирдлагад хичээллэж эхэлсэн.
-Найзууд тань дагуулж яваагүй бол жүдогийн спорттой амьдралаа холбох байсан болов уу. Дунд сургуулиа төгсөх гэж байсан хүү ямар нэг мэргэжил эзэмшихээр сонгосон байсан уу?
-Спортоор явна гэж үнэндээ бодож байгаагүй ээ. Гэхдээ бас ийм тийм мэргэжилтэй болъё гэж яг шийдээгүй байсан үе. 2008 онд хөдөөгийн сурагч миний хувьд жүдогийн тухай бараг мэддэггүй байлаа. Харин Түвшинбаяр ахыг олимпын аварга болоход “Ийм спорт байдаг юм байна. Ийм оноо өгдөг юм байна” гэдгийг мэдэж авсан.
-Ганц хүү нь гэнэт л жүдогийн тамирчин болно гээд спортын сургууль сонгоход ээж тань хэрхэн хүлээж авсан бэ?
-Ээж миний хүсэл зорилгыг дагасан л даа. Намайг дунд сургуулиа төгсөхөд Я.Дорж багш маань “За хүү минь “Шонхор олимп” дээд сургуульд оч. Тэнд Болд-Эрдэнэ гээд миний шавь багшилж байгаа” гэсний дагуу энэ сургуулийг сонгож билээ.
-Бага насныхаа тухай ярина уу. Ээж, хүү хоёрын амьдрал хэрхэн өнгөрсөн бол. Ээжийнхээ “чихийг халууцуулдаг” сахилгагүй хүү байв уу, эсвэл гайгүй томоотой байсан уу?
-Сахилгагүй, хөдөлгөөнтэй хүүхэд байсан шүү. Би ер нь багадаа өвөө, эмээ дээрээ өссөн дөө. Миний эмээ одоо 83 настай, ануухан хөгшин бий. Ээж маань төмөр замд ажилладаг байсан учраас цаг наргүй ажилтай. Ийш тийшээ томилолтоор их явна.
Хааяа намайг дагуулаад шугам замд гарахаар ажлаа хийж байх хооронд нь би гэдэг хүн гол горхи руу уначих гээд, эсвэл танихгүй хүн дагаж явчих гээд ээжийгээ багагүй зовоодог байсан юм билээ. Хүүхдээсээ болж дарга нартаа загнуулах энүүхэнд.
-Тэгвэл спортоор хичээллэсэн энэ хугацаанд ээж, эмээ хоёроо хамгийн их баярлуулсан үе нь сая паралимпоос хүрэл медаль хүртсэн өдөр нь байх.
-Тэгэлгүй яах вэ. Миний ээж, эмээ хоёр амьдралын хатуу хөтүүг багагүй амссан. Тэр тусмаа эмээ минь бишгүй зовлон үзсэн дээ. Амьдралынх нь гол утга учир болж, амь шигээ хайрлаж өсгөсөн ганц хүү нь би. Тиймээс сая энэ амжилтыг гаргаж, эмээ, ээж хоёрынхоо сэтгэлийг дэвтээн, магнайг тэнийлгэсэндээ л хамгийн их баяртай байна.
-Гэр бүлийнхээ хүнийг танилцуулна уу. Та хоёр хэрхэн танилцаж байв. Ямар зан нь таныг хамгийн их татсан бэ?
-Миний ханийг Уянга гэдэг. Манай багын найзтай их сургуулийн нэг ангид сурч байсан юм. Найзтайгаа уулзахаар ангид нь очиж байгаад л танилцсан даа. Ханийн маань аливаад их уужуу, хүлээцтэй ханддаг зан нь намайг эрхгүй татсан. Спортын хүний ар талыг дааж явна гэдэг амаргүй. Энэ ачааг сэтгэлийн тэнхээгээрээ үүрч яваа ханиараа бахархдаг.