Монголын сонгодог урлагийн тэнгэрт дүүлэн нисэж байгаа цөөхөн ханхүүгийн нэг нь О.Ганцоож. Түүний хичээл зүтгэл, гаргасан амжилт багадаагүй. Харамсалтай нь үнэлэгдэхгүй, шударга бус шалгууртай нүүр тулгарсаар тэр бүр залхсан бололтой. Энэ жил тэрбээр ОХУ, БНХАУ, БНСУ-д гурван ч том тэмцээнд оролцсон.
Ганзага хоосон биш ч буурай орны бүжигчин болохоор бусдад гоочлогдож, хүртэх ёстойгоо авч чадаагүй нь харамсмаар. Гэргий нь балетчин, өөрөө театрын тэргүүн гоцлооч хэдий ч хүүхдүүдээ энэ “харгис” урлагт хөл тавиулахыг хүсдэггүй. Тайзан дээр амьдарч, бүх зүрх сэтгэлээ уран бүтээлдээ зориулдаг хэдий ч хааяа бас гуньдаг, сэтгэлийн үгээ хэлмээр санагддаг болов уу.
Яг л тийм үед нь түүнтэй таараад ярилцчихлаа гэж би бодож сууна. Хэрэв түүнийг хамгийн хайртай “Жизель” балетынхаа Альбертад бүжиглэснийх нь дараа уулзсан бол огт өөрийг ярьж ч мэднэ. Урлагийнхан ийм л байдаг. Харгис хатууг нь мэдсээр байж, мэргэжилдээ шунан дурлаж, үзэгчдийн сэтгэл ханамж, өөрийнхөө хүртсэн мэдрэмжээр хөглөгдөн тэд амьдардаг юм.
-Энэ жил төлөвлөсөн уралдаан, наадмууддаа бүгдэд нь орж чадав уу?
-Тэглээ. ОХУ-ын Пермьд болсон уралдаанд илүү олуулаа оролцох ёстой байсан ч зарим нь зардал мөнгө болон бусад шалтгаанаар яваагүй.
-Энэ уралдаануудад оролцсон хамгийн том олз нь “Монголын бүжигчид чадварлаг юм аа” гэсэн ойлголт төрүүлсэн явдал байсан болов уу?
-Хамгийн чухал нь л тэр. Эдгээр уралдаанд дараа нь монгол бүжигчин оролцоход “Та нар балет мэддэг юм уу” гэж асуухгүй байх. Дэлхийн бүжигчидтэй мөр зэрэгцэн өрсөлдөж юу чадахаа үзүүлсэн болов уу. Магадгүй бид хоёр хүлээн зөвшөөрөгдсөн өөр орны өмнөөс бүжиглэсэн бол шагнал авчих л байсан. Англи, Америк, Солонгос бүжигчин надтай ижилхэн байсан ч шагнал авчихдаг юм билээ.
-Энэ жил О.Анужин та хоёр хамтдаа уралдаануудад оролцсон. Ганцаарчилсан төрлөөр бас оролцож болох байсан уу?
-Ганцаараа оролцож болох ч өөрийгөө харуулах хугацаа багатай. Ганцаараа нэг минут л тайзан дээр байна. Хосоороо бол 10 минут.
-Таныг агаарт гурав эргэсэн трюкээ маш сайн гүйцэтгэснээс гадна хэдэнтээ давтахдаа тэр чанараа алдаагүйг мэргэжлийнхэн онцлон магтаж байна лээ.
-Уралдаанд оролцож байгаа хүн зөвхөн трюк бодохгүй л дээ. Тайзан дээр хэрхэн алхаж гишгэхээс эхлээд үс засалт, хувцаслалт гээд бүх зүйлдээ анхаардаг. Энэ эргэлтийг хийж болох балет гэж бий. “Хунт нуур”-т бол цэвэрхэн хоёр эргэлт л хийх ёстой.
-Тийм хэцүү зүйлийг юу ч болоогүй мэт, маш гоё сайхан харагдахаар үзүүлдэг болохоор л балет гайхалтай шүү.
-Хамгийн гол нь тэр.
-Эдүгээ дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн хамгийн нэр хүндтэй уралдаан аль улсад болж байна вэ?
-АНУ-д дөрвөн жилд нэг удаа болдог “Жексон” хамгийн нэр хүндтэй нь. Шанхай болон Сөүлийн уралдаан хоёр жилд нэг удаа болж байгаа учраас ДАШТ-тэй дүйнэ.
-Дараагийн “Жексон” хэзээ билээ?
-2018 онд болно.
-Мэргэжлийн балетын жүжигчин болчихоод өөрийнхөө ирээдүйг хэрхэн төсөөлж байсан бэ?
-Анх юугаа ч мэдэхгүй, бүжигчин боллоо гэж бодоод л явсан. Тэгж байгаад сайжрах хэрэгтэй юм байна, гоцлооч болох ёстой, тэмцээн, уралдаанд оролцъё гэх мэтээр дараа дараагийн зорилгоо бий болгосон. Дэлхийн хэмжээний тайзан дээр гарах, амьдрал ахуйгаа авч явах гээд л зорилго, тэмүүллээ тодорхойлоод л урагшилж байна.
-Тийм зорилгоо хурдан тодорхойлж, шуурхай шийдвэр гаргаж урагшлахгүй бол бүжиглэх жил цөөн болохоор амжуулах амаргүй байх даа.
-Хувь хүний өсөлттэй л ижилхэн. Хэн ч гэсэн дараагийн шатан дээрээ хурдан хөл тавьж, ахих хэрэгтэй шүү дээ. Төлөвлөснөөр болохгүй бол яах ёстой вэ гэдгээ ч бодно. Хүн болгон гоцлооч болчихдоггүй, хэн дуртай нь олон улсын наадамд оролцчихгүй шүү дээ. Тухайн хүний мөн чанар, сэтгэлзүйгээс л шалтгаална.
-Та ХБК-ийн төгсөгч, Д.Дашлхагва багшийн шавь байх аа?
-ХБК төгсөөд театртаа ажилласан. Английн үндэсний балетын сургуульд нэг жил сурсан. Тухайн үед АНУ-д тэмцээнд оролцож, гурван тэтгэлэг авсны нэг нь тэр сургууль байсан юм. Авьяас, чадвартай гэж үзсэн залуу бүжигчдийг төгсөх курсээс нь шилжүүлэн авч, сургуулийнхаа бүтээгдэхүүн, нэрийн хуудас болгон гаргадаг гэх юм уу даа.
-АНУ-д хэдэн онд тэмцээнд оролцож байсан бэ. Цаашлаад гадаадын тайзнаа бүжиглэх боломж байгаагүй юү?
-2008 онд АНУ-д тэмцээнд оролцож шилдэг арван бүжигчний нэг болж, гурван тэтгэлэг авсан. Ажлын гэрээ хийх санал ирсэн ч 18 нас хүрээгүй учраас хууль, дүрмээ ягштал мөрддөг улсад ямар ч боломж байгаагүй. Хэдхэн сар дутуу байсан ч болдоггүй юм билээ.
-Гадаадад ажилласан бол илүү амжилт, боломжийг өөртөө нээх байсан байх даа.
-Дэлхийн урлаг учраас хамаагүй илүү боломж олдох байсан болов уу. Гэхдээ гадаадад байгаа бүжигчид ч бас эх орондоо бүжиглэж, элэг бүтэн сайхан амьдрахыг хүсдэг. Харамсалтай нь энд цалин нь ямар билээ. Гэтэл балет залуу насны урлаг. Ид бүжиглэх 10 жил л байна шүү дээ.
-Таны ид бүжиглэх арван жил болчихсон гэж үзэж байна уу. Гэхдээ Монголын бүжигчид 20 жил ажиллаж байж тэтгэвэртээ гардаг шүү дээ.
-Арван жил ажиллаад өнгөрсөн жил “Жизель”-ээр тайлангаа хийсэн.
-ДБЭТ-аас өөр ямар театрын тайзнаа гоцлон бүжиглэж байсан бэ?
-Германд оддын гала тоглолтод оролцож, АНУ, Японд бүжиглэж байсан.
-Энэ ягаан театрын тайзны нүх, өө сэв болгоныг нь та мэддэг болохоор илүү дотно байдаг уу. Өөр тайзан дээр гарах нь харин шинэ мэдрэмж төрүүлдэг болов уу?
-Тийм ээ. Нүх болгоныг нь мэддэг болохоор танил дотно байдаг. Харин гадаадад бол би нэр хүндээ хамгаалах учиртай. “Wow энэ бол монгол бүжигчин” гэж хэлэх, хүлээн зөвшөөрөгдсөн, дэлхийд алдартай бүжигчин одоохондоо Монголд байхгүй. Тиймдээ ч “Өө танай улсад балетчид байдаг юм уу” гэсэн асуулт, тийм ойлголтыг халахын төлөө хичээх нь зүй.
-Монголдоо мэргэжил эзэмшсэн уран бүтээлчид эдүгээ театрт ажиллаж байгаа. Гадаадын уралдаануудад оролцохоор өөрсдийнхөө дутагдлыг анзаарах юм уу. Юу гэж шүүмжилмээр санагдаж байна вэ?
-Бид өөрсдийгөө хөгжүүлэх ёстой. Сургалтын дэгийг бид оросуудаас авч үлдсэн, тэдний нэг хэлтэрхий. Гэхдээ хийдэг байсан зүйлээ л давтаад байх биш хөгжүүлэх хэрэгтэй юм байна.
Энэ зууны бүжигчид ямар техник ашиглаж, хэрхэн жүжиглэж байгааг анзаарах хэрэгтэй. Хэт хуучны өөрчлөгддөггүй арга барилаасаа салах ёстой.
-Хоёулаа балетын жүжигчин, нэг байгууллагад хамт ажилладаг болохоор ар гэрийн амьдралаа хэрхэн зохицуулж, авч явж байна вэ?
-Биднийг ойлгож, тусалдаг ар гэрийнхэн маань байгаа болохоор л болгож байна даа.
-Гэргийтэйгээ хэрхэн танилцаж байсан бэ?
-Бид нэг ангийн хүүхдүүд.
-Хамтдаа ажиллаж, хамтдаа тэтгэвэрт гарч, бүхий л амьдралынхаа турш мөр зэрэгцэн алхах хувьтай хүмүүс юм аа.
-Тийм ээ. Гоцлооч гэдэг утгаараа илүү ачаалалтай ажилладаг болохоор би арай эрт тэтгэвэрт гарах ёстой л байх. Гэхдээ Монголын хууль ийм.
-Танд ирээдүйд багшлах төлөвлөгөө бий юү?
-Байна аа. Эхлээд хувийн амьдралдаа анхаарал тавьж, төлөвлөсөн зүйлээ амжуулчихаад юу сурч мэдсэнээ хүмүүст заах болно.
-Балетчин ээж, аав хоёрын хүүхдүүд авьяастай л байгаа. Хэрэв хүүхдүүд нь бүжигчин болно гэвэл та зөвшөөрөх үү?
-Хүүхдүүд маань өөрсдөө дурлаж сонговол өөр хэрэг. Гэхдээ л балетчин болгомооргүй байна. Харгис урлаг шүү дээ. Бүхэл бүтэн долоон жил сурчихаад тодорч чадвал гоцолно, үгүй бол олны хэсэгт зогсоно.
-Бүжигчин болох гэж сурч байхдаа О.Ганцоож хэр их уйлсан бол?
-Уйлаад л гэртээ ордог байсан шүү дээ. Би чадахгүй нь, болохгүй нь гэж зөндөө л шантарсан.
-Анхнаасаа балетын жүжигчин болно гэж мөрөөддөг эрэгтэй хүүхэд ховор байх. Яагаад энэ мэргэжлийг сонгосон юм бол?
-Аав минь дээр үед ОХУ руу хүүхэд сонгон шалгаруулж, сургадаг байхад тэнцэж байсан гэсэн. Олон дүү нараа орхиод явж чадаагүй болохоор биелүүлж амжаагүй хүсэл мөрөөдлийнхөө зүгт хүүгээ чиглүүлсэн байх даа.
-Ийм их ачаалалтай хэрнээ бага цалинтай ажлыг мөрөөдөл, тэмүүллийнхээ хүчээр л хийдэг байх гэж та нарыг хайрлах юм. Цалингаас гадуурх орлого олох боломж хомс. Тэгээд уралдаанд оролцохдоо өөрсдөө өр зээл тавьж зардлын мөнгөө олно. Хэцүү гэж халширмаар зүйл даанч олон юм.
-Яах аргагүй хүнийг татах агуу увдистай урлаг юм аа. Анх театраас таван жилийн хугацаатай гэрээ хийж, хоёр өрөө байр амлаж байлаа. Түүнд нь болоод би үлдсэн. Гэтэл одоо алга. Хоёр хүүхэдтэй, амьдрал зохиосон эр хүний хувьд яах аргагүй гэр бүлийнхээ төлөө явах цаг нь иржээ. Хэдий болтол өрнөөс өрний хооронд амьдрах билээ гэж бодож байна.
35 жил тасарсан медалийг зүүгээд ирсэн балетчин бүсгүйгээ салбарын яам, сайд дарга нар нь анзаарсангүй. Тэр энэ амжилтыг зөвхөн өөрийнхөө төлөө гаргаагүй байлтай. О.Ганцоож, О.Анужин гэсэн хос энэ жил олон улсын гурван тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, амжилтын буухиаг таслаагүй. Монголчууд чаддаг юм байна, мэддэг юм байна гэдэг ойлголтыг тэд бий болгоод л ирсэн.
Урмаар тэтгэж, уран бүтээлээсээ өөр юунд ч санаа зовохгүй амьдралыг тэдэнд бэлэглэж чаддаг бол олон олон хун жигүүр хумихгүй дүүлэн нисэж, үлгэрийн хан хөвгүүд тайзнаа мөнх амьдрах байсан биз ээ.