Монгол, Оросын хилийн “Ташаант” боомтоор их хэмжээний хуурамч шатахуун нэвтрүүлэх гэж байсан хэргийг ОХУ-ын хилчид илрүүлжээ. Нефть боловсруулан, экспортлох эрх бүхий нэгэн компанийн ачаанд үзлэг хийхэд Монголд нийлүүлэх 36 тонн АИ-80 бензин ачсан байжээ.
Бичиг баримт нь бүрэн байсан ч хилчид бензинд чанарын шалгалт давхар хийснээр зальдагч компанийн мэх илэрсэн аж. Тус компанийн манайд оруулах гэж байсан бензин нь АИ-80 маркийн бензин биш байсан гэнэ. ОХУ-ын стандартад тохироогүй бүтээгдэхүүнийг хууль бусаар хил гаргах гэж байсан хэргээр тус компанид эрүү үүсгэн шалгаж байгаа бөгөөд ачааг дахин шинжилгээнд оруулсны дараа шүүхийн шийдвэр гарах юм байна.
“АИ-80 бензин нь дэлхийд ОХУ, Монголоос өөр газар хэрэглэгддэггүй. Удахгүй ашиглалтаас гарах хуучирч, элэгдсэн машинд л хэрэглэдэг” хэмээн ОХУ-ын Хилийн газрын мэдэгдэлд дурджээ.
М.Сугараа