Ховд аймгийн онцгой байдлын газар, Ховд их сургуультай хамтран энэ сарын 4-ны өдөр сургуулийн оюутны байранд галын аюулаас урьдчилан сэргийлэх үзүүлэх сургалт явуулах үеэр аврагчдын хариуцлаггүй үйлдлээс болж дөрвөн давхарын цонхоор аврах ажиллагаанд оролцож байсан оюутан Г.Батхуяг унаж бэртжээ.
Түүнийг өнгөрсөн бямба гаригт Ховд хотоос “Гэмтэл согог судлалын үндэсний төвд” онгоцоор авчирчээ. Болсон явдлын талаар ГССҮТ дээр очиж Г.Батхуяг-аас тодруулахад:
“Ховд их сургуулийн оюутны хоёрдугаар байранд зургаан сарын 4-ны 15:00 цагаас 17:00 цагийн хооронд Онцгой байдлын газраас галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулсан юм. Тэнд надаас гадна таван хүүхэд галд өртсөн болж тоглох ёстой байсан. Нэг цагийн хугацаанд бэлтгэл ажлаа хангаад дөрвөн давхарын 413 тоот өрөөний цонхоор доош буулгасан аврах хонгилоор намайг буулгах ёстой байсан. Тэгээд аврах албаны нэг ах аврах хонгилоор намайг бариад намайг доош буулгахдаа сайн бариагүйгээс алдаж унагасан. Би хоёр хөл дээрээ газардсан ч хөл жирс гээд л явж чадахаа байсан. Уул нь аврах хонгилыг найдвартай газраас бэхэлсэн тохиолдолд аврах ажиллагааг эхлэх ёстой юм билээ. ” гэв.
Энд ирэхдээ зүүн хөлний өсгийний яс няцралттай, нарийн шилбэ хугарсан, баруун хөлний өсгийний яс бэртсэн нуруу гэмтэлтэй гэсэн оноштой иржээ. Тэрээр Ховд их сургуулийн Байгалийн ухааны тэнхимийн физикийн нэгдүгээр курст сурдаг аж. Ажилдаа хариуцлаггүй хандсан аврагчын алдаанаас болж амь насаа алдаж болох байсныг хүүгийн аав М.Ганхуяг учирлаж байсан юм. Ховд аймгийн онцгой байдлын дарга Буянтөрөөс энэ талаар утсаар холбогдож асуухад “ Сургалт явагдаж байх үед манай ажилтны хариуцлагагүй алдаанаас болж хүүхэд унаж бэртсэн. Хэргийг шалгаж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.
Э.Ганаа Өнөөдөр сонин